Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2023/00122

 

 

 

                                  

 

 

 

Х.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00562 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух Ш овогт Х-ийн М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг (эрхлэгч Х.Г-)-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай Х.М-г ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.М-г Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа билээ.

1.2. Х.М- миний бие 2022 оноос эхлэн Эрүүл мэндийн шалтгааны улмаас удаа дараа өвдөж, өвчний улмаас мэс ажилбар хийлгэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Тухайлбал, 2022 оны 9 дүгээр сарын 30-аас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 20-оос 2022 оны 12 дугаар сарын 04-ний хүрэл, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 23-ны хүртэл, 2023 оны 3 дугаар сарын 04-ээс 2023 оны 3 дугаар сарын 13-ны хүртэл тус тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, албаны ажлыг эрүүл мэндийн байдлаас болж эрхэлж чадаагүй юм.

1.3. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Х.М- намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Төрийн аудитын ажилтан утсаар дуудсан юм. Би эмнэлэгт хэвтэж байгаа тул очоогүй ба 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсны дараа Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгчийн эрхлэгч Х.Г- бид хоёр очтол аудитор надад Аудитын албан шаардлага гарган ирж, гарын үсэг зур гэхээр би гараад явсан.

1.4. Төрийн аудитын аудитор нь урьд нь надтай ямар нэгэн байдлаар харьцаагүй, миний гаргасан санхүүгийн тайланд дүгнэлт хийгээгүй байж албан шаардлага бичиж, бэлтгэж тавьсан нь хуульд нийцэхгүй гэж үзсэн юм.

1.5. Гэтэл Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Х.М-г ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсгийг үндэслэн Х.М- надад Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна.

1.6. Х.М- миний бие тус цэцэрлэгт нягтлан бодогчийн ажлын байранд ажиллаж байхад эрүүл мэндийн шалтгааны улмаас удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар Улаанбаатар хотод 1 дүгээр зэрэглэлийн мэс ажилбар хийлгэх, эмчлүүлэх, улмаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Б сумын Эрүүл мэндийн төвд тус тус үргэлжлүүлэн эмчлүүлж удаан хугацаанд ажлыг тогтвортой гүйцэтгэж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиож байсан билээ. Тухайн сахилгын зөрчил гаргасан гэх хугацаанд бие эмнэлэгт эмчлүүлж байсан.

1.7. Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Х.М-г ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогч холбогдох хууль хэрэглээний алдаа гаргасан, ажилтан миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн хэм хэмжээнд тохироогүй гэж гомдож байна.

1.8. Ажил олгогч 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Х.М-г ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахад мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө урьдчилан мэдэгдэх, тайлбар авах Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх журмыг ноцтой зөрчсөн болно.

1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан Сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг үл хайхран Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хамгийн хүнд шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж, үр дагавар миний өвчтэй байгаа хүндэтгэл үзэн шалтгаан зэрэгт тохироогүй болно.

1.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөлд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэснийг ажил олгогч эрхийн акт гаргахад давхар зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

1.11. Намайг Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхад албаны чиг үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, ажлын байранд согтуурсан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/08 дугаартай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дугаартай тушаал зэрэг эрхий актуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.2, 123.2.3 дах хэсгүүдэд зааснаар нээлттэй сануулах, цалинг 1, 2-р сарын хугацаагаар 20%-аар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар ажил олгогчийн шийдвэр гарсан байсныг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс хэргийн материалтай танилцах мөчид анх удаа харсан.

1.12. Миний бие Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхад Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд надад 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэж байгаагүй бөгөөд ажил олгогч уг тушаалуудыг нөхөн гаргасан гэж үзэж байна. Эдгээр тушаалуудыг надад өгөөгүй, хуульд зааснаар сонсох ажиллагаа огт хийж байгаагүй болно.

1.13. Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол зөрчил тус бүрийг тогтоож, шалгасан материал, зөрчил тус бүрийг нотлох баримт, тушаалыг гардуулсан баримт, цалин хөлснөөс суутгал хийж, сахилгын шийтгэл биелүүлсэн баримт зэргээр нотлох ёстой. Гэхдээ хариуцагчид ямар ч нотлох баримт байхгүй байна.

1.14. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай Х.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Х.М-г ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.М- намайг Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Х.М- нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой аливаа тайлан, мэдээ, цаг үеийн судалгааг хугацаандаа өгдөггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөрийнхөө ажлыг байнга өөр бусад байгууллагын нягтлангаар хийлгэдэг, шахаж шаардуулж байж нэг юм хагас дутуу хийдэг. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байв.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу албан үүргээ биелүүлээгүй, шалтгаангүй ажил тасалсан, аливаа тайлан мэдээ, цаг үеийн судалгааг хугацаандаа өгдөггүй ажлын байранд байнга архи ууж согтуу байдаг зэрэг үндэслэлээр удаа дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээнд орж байсан. Тухайлбал, Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар тус тус хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хүнд шийтгэл шууд ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй.

2.3. Нэхэмжлэгч Х.М- нь 2022 оны 10 дугаар сард л 11 хоног ажиллаагүй чөлөөтэй байсан ба хүүхэд нь өвдөөд эмчилгээ хийлгэн гэсэн өргөдлийн дагуу чөлөө авсан. Энэ хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний хүртэл нэг сарын цалингүй чөлөө өгсөн хэдий ч 10 дугаар сарын 17-ны өдөр буюу хугацаанаас нь өмнө ажилд эргэж орсон.

2.4. Нэхэмжлэгч Х.М- нь 2022 оны 9 дүгээр сарын 30-аас 2022 оны 10 дугаар сарын 04-ний хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 20-оос 2022 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 23-ны хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, худлаа. 2022 оны 9, 11, 12 дугаар сарын, 2023 оны 02 дугаар сарын цалингаа бүтнээр авсан нь тухайн саруудын цагийн бүртгэлээр нотлогдож байгаа.

2.5. 2023 оны 3 дугаар сард архи ууж хүргэн дүүтэй зодолдож гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай Х.М-н эхнэр болох Х.Лена надад мессенжерээр мэдэгдэж, зургийг нь явуулж байсан. Иймд Х.М- нь албан үүргээ хийж гүйцэтгэх цаг хугацаа боломж байсан хэрээ архи ууж, өөрийн буруутай үйлдлээс болж архидан согтуурч албан үүргээ биелүүлээгүй болно.

2.6. 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хамт олны хурал хийж Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас ирсэн албан бичиг, албан шаардлагыг танилцуулан урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан. Тухайн хурал дээр Х.М- албан үүргээ яагаад биелүүлээгүй шалтгааны талаар ямар ч тайлбар хэлэлгүй надтай хэрэлдэж, мэдэгдэх хуудаст гарын үсгээ зуралгүй гараад явсан. Хурлын тэмдэглэл хөтлөгдөж бусад хүмүүс гарын үсэг зурсан болно.

2.7. Мөн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хамт олны хурал хийж сонсох ажиллагаа явуулахад үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудас өгсөн болно. Уншиж танилцаад өөрөө нэг хувийг авч явсан ба мэдэгдэх хуудаст гарын үсгээ зурахаас татгалзсан. Миний бие мэдэгдэх хуудас дээр тэмдэглэл хөтлөн, хөндлөнгийн гэрч нараар гарын үсэг зуруулсан болно.

2.8. Нэхэмжлэгч Х.М-н хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан байна.

2.9. Тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.М- нь байгууллагын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд ирүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүйн улмаас Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 121/БӨА-2023/219/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлагад Х.М-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны дотор ирүүл гэсэн бичиг ирсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.10. Нэхэмжлэгч Х.М-н буруутай үйлдлээс болж Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар цэцэрлэгийн 2022 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан. Төрийн аудитын тухай хуулийн 42.2-т Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн.

2.11. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар цэцэрлэгийн эрхлэгчийн Х.М-г ажлаас нь чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаал нь хуульд нийцэж байна гэж шийдвэрлэсэн болно.

2.12. Нэхэмжлэгч Х.М- нь сахилгын шийтгэл ногдуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргасан, тус хорооны хуралдаан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болсон бөгөөд миний биз Х.М-г урьд өмнө 2 удаа сахилгын шийтгэл хүлээж байсныг, мөн он гараад 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан тухай буюу Х.М-д удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан тухай хэлж тайлбарлаж байсан.

2.13. Тус цэцэрлэгийн 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны багш ажилчдын цалингийн тооцоог нягтлан бодогч асан Х.М- гаргаж байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолтоор давхар нотлогдоно.

2.14. Иймд нэхэмжлэгч Х.М-н нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00562 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2-д дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай Х.М-г ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.М-г Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш овогт Х-ийн М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ажил олгогчийн “Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалаар  “ня-бо Х.М- нь 2021 оны санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж ирүүлээгүй, түүний улмаас сумын нэгдсэн тайланг гаргах боломжгүй болж, ажлын хариуцлага алдсан гэжээ. Гэтэл Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн тайлан хуулийн хугацаанд зохих байгууллагад хянагдсан, тайланг түүврийн аргаар гаргаж, Төрийн аудитад тушаасан ба сумын Санхүүгийн нэгдсэн тайлан гарсан байдаг. Хэрэв Б сумын 2 дугаар цэцэрлэгийн тайлан хуулийн хугацаанд гараагүй, түүнээс болж сумын нэгдсэн тайлан мэдээ гараагүй гэвэл энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж ирэх шаардлагатай байна.

4.2. Х.М- намайг Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар 2 сарын цалинг 10 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч уг тушаалын нэг хувийг гардуулж өгөөгүй болох нь нотлох баримтаар батлагдсан. Сахилгын шийтгэлийг тухайн үед биелүүлээгүй болох нь 2022 оны 1 дүгээр улирлын цалингийн хүснэгтээр нотлогдож байна.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гардуулж өгч, баталгаажуулах зэрэг хуульд заасан шаардлагыг хангах арга хэмжээг ажил олгогч аваагүй болох нь нотлох баримтын хүрээнд нотлогдсон.  Энэ нь хариуцагч Х.Г- тухайн тушаалыг нөхөж гаргасан болохыг илтгэж байна.

4.4. Хариуцагч Х.Г- нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг гардуулж өгөөгүй, сахилгын шийтгэл ногдуулсан талаар надад мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл биш байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй талаас үнэлсэн, хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.5. Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 2021 оны жилийн эцсийн тайлан мэдээ хугацаанд холбогдох газарт тушаагдаагүй, эсвэл төрийн аудитын байгууллагаас энэ талаар албан шаардлага, эрх зүйн акт гарч байгаагүй, зөрчил нотлогдон тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлсэн болно.

4.7. Миний бие хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг гардаж авсан, түүнийг тухайн үед мэдсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх буруу дүгнэлт гаргаж, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй.

4.8. Эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар намайг ажлын байранд архи ууж согтуурсан, санхүүгийн тайланг цаг хугацаанд өгөөгүй, хариуцлага алдсан гэж ерөнхий шалтаг тоочиж цалинг 1 сарын хугацаанд 20 хувь буруулж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Гэтэл уг асуудлыг шалгаж тогтоосон зүйл алга, сонсох ажиллагаа хийгээгүй, тушаалын нэг хувийг гардуулж өгөөгүй зэргээр Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Цагийн бүртгэлээр миний ажил тасалсан байдал тогтоогдоогүй, архи ууж согтуурсныг тогтоосон нотлох баримт байхгүй гэдгийг шүүх өөрөө нотлох баримтын хүрээнд зөв үнэлсэн байна.

4.9. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдолд 90 хоногийн хугацаа хэтрээгүй тул шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

4.10. Миний бие 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Гэтэл намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн аудитын байгууллага Сонсох ажиллагаа явуулсан тухай 02 дугаартай тэмдэглэл үйлдсэн, сонсох ажиллагаанд би оролцоогүй, мөн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай” 273 дугаартай дүгнэлт гаргасныг тус тус  2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Х.М- надад болон эрхлэгч Х.Г- бид хоёрт анх танилцуулсан юм. Энэ нь Төрийн аудитын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг илтгэж байна.

4.11. Намайг Төрийн аудитын байгууллагаас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр утсаар дуудсан боловч тухайн үед би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Харин эмнэлгээс гараад 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр очиход төрийн аудитор нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай” 273 дугаар албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сонсох ажиллагаа хийсэн тухай” тэмдэглэл зэргийг танилцуулсан юм. Энэ нь урьдчилан бэлтгэсэн хуурамч баримт бичиг байсан учир гарын үсэг зурахаас татгалзсан болно. Эдгээр нотлох баримтууд нь зохиомол байдлаар урьдчилан зохион байгуулж үйлдсэн хууль бус эрхийн актууд болох нь нотлогдсон тул  гарын үсэг зурахаас татгалзсан болно.

4.12. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00562 дугаар шийдвэрийг хянаж үзээд, гомдлын шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж шаалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.М- ажиллаж байх хугацаанд маш их зөрчил дутагдалтай ажилласан. Нэхэмжлэгч Х.М- нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой аливаа тайлан, мэдээ, цаг үеийн судалгааг хугацаандаа өгдөггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй. Ажлын байранд байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хүүхэд нь өвдөх үед цалинтай, цалингүй чөлөө олгож байсан. Нэхэмжлэгчид хангалттай боломж олгож байсан. 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд ирүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүйн улмаас Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлагад Х.М-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны дотор ирүүл гэсэн бичиг ирсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

5.2. Нэхэмжлэгч тухайн үед Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагын хүлээн зөвшөөрөөгүй бол Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. 2021-2022 оны санхүүгийн тайлангийн баримтыг архивлаж үдээгүй, жилийн эцэст хуучин ажиллаж байсан нягтлан бодогч Х.М- нь санхүүгийн тайлан гаргаагүй, санхүүгийн тайлангийн баталгаажуулалт хийгээгүй учраас хяналт шалгалт хийхэд саад учруулж байгаа. Нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлаас болж 2023 оны 10 дугаар сарын 9-ны өдөр дотоод аудитаас албан шаардлага ирсэн.

5.3. Хавтаст хэрэгт авагдсан зургуудаас үзэхэд нэхэмжлэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүүхдүүдийн хажууд унтаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагын дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.М-н Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай Х.М-г ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.М-г Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.    

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

8. Хэргийн баримтаар Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.М- нь 2021 оны санхүүгийн тайлан хуулийн хугацаанд гаргаж ирүүлээгүйн улмаас сумын нэгдсэн тайланг гаргах боломжгүй болж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр 2 сарын үндсэн цалинг 10%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 

-тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 5 хоног шалтгаангүй ажил тасалсан нягтлан бодогч Х.М-д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан,

-тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал-аар нягтлан бодогч Х.М- нь ажлын байранд байнга архи уусан, согтуу байдалтай байдаг, санхүүгийн аливаа мэдээ, тайланг цаг тухайд нь өгдөггүй зэрэг ажлын хариуцлага алдсан тул 1 сарын үндсэн цалинг 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан,

-тус цэцэрлэгийн эрхлэгчийн мөн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай Х.М-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42., 42.4 дэх заалтуудыг үндэслэн ...тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.М- цэцэрлэгийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд хүргүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр Х.М-г 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

 

9. Ажилтан Х.М- нь ажил олгогчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар 2 сарын үндсэн цалинг 10%-иар бууруулах, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар нээлттэй сануулах, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалинг 20%-иар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан талаар мэдээгүй, тушаалуудыг ажил олгогч гардуулж өгөөгүй, сахилгын шийтгэл ногдуулсан талаар надад мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргадаг боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад заасныг тайлбарлан хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгчийн “...Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдолд 90 хоногийн хугацаа хэтрээгүй тул шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 2022 оны 8 дугаар сарын 2 дугаар хагасын Цалин олгох хүснэгт болон 2022 оны 8 сарын Цалин олгох хүснэгтээр тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай тушаалын дагуу Х.М-н 2022 оны 8 дугаар сарын цалингаас сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр  20 хувийн суутгал хийгдсэн болох нь тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч цалингийн хэмжээ нь буурч өөртөө сахилгын шийтгэл авагдсан  болохыг мэдээж байжээ. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн хууль зүйн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг, 154.2.2 дахь заалтын урьдчилсан нөхцөлүүдийг бүрэн хангажээ. 

 

11. Нэхэмжлэгч Х.М- ажил олгогчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай “Х.М-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Ажил олгогч 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Х.М-г ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахад мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө урьдчилан мэдэгдэх, тайлбар авах Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх журмыг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан Сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг үл хайхран Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хамгийн хүнд шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж, үр дагавар, миний өвчтэй байгаа хүндэтгэл үзэн шалтгаан зэрэгт тохироогүй” гэж тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь ажилтан Х.М- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд ажил олгогчоос тухайн асуудлаар түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

Ажил олгогч 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаараа ажилтан Х.М-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “...сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ ...” гэж заасанд нийцсэн, мөн зүйл, хэсэгт заасан формаль шаардлагыг ажил олгогч бүрэн биелүүлсэн, энэ нь нотлох баримтад тулгуурлагдсан болох нь хэргийн баримтаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн “...Миний бие 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Гэтэл намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн аудитын байгууллага Сонсох ажиллагаа явуулсан тухай 02 дугаартай тэмдэглэл үйлдсэн, сонсох ажиллагаанд би оролцоогүй, мөн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай” 273 дугаартай дүгнэлт гаргасныг тус тус  2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Х.М- надад болон эрхлэгч Х.Г- бид хоёрт анх танилцуулсан юм. Энэ нь Төрийн аудитын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг илтгэж байна. Намайг Төрийн аудитын байгууллагаас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр утсаар дуудсан боловч тухайн үед би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Харин эмнэлгээс гараад 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр очиход төрийн аудитор нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай” 273 дугаар албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сонсох ажиллагаа хийсэн тухай” тэмдэглэл зэргийг танилцуулсан юм. Энэ нь урьдчилан бэлтгэсэн хуурамч баримт бичиг байсан учир гарын үсэг зурахаас татгалзсан болно. Эдгээр нотлох баримтууд нь зохиомол байдлаар урьдчилан зохион байгуулж үйлдсэн хууль бус эрхийн актууд болох нь нотлогдсон тул  гарын үсэг зурахаас татгалзсан...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

              

   12. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажилтан Х.М-н үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ