| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 318 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Хохирогч Б.Гантулга,
Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.У холбогдох эрүүгийн 1806 08464 0094 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ө.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 3 дугаар байр 1 тоотод иргэн Б.Гантулгатай үл ялих зүйлээр маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.У мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би Ө.У гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний учруулсан гэмтлийн улмаас Б.Гантулга хагалгаа хийлгэх шаардлагагүй байсан гэж үзэж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гантулга мэдүүлэхдээ: “...Намайг Ө.У гэмтээсэн нь үнэн. Хамар гэмтсэн болоод тийм их цус алдсан байх. Өглөө нь хувцас болон тэр өрөөний шал нил цус болсон байсан. Энийг ямарч хүн харсан ойлгомжтой гэж бодож байна. Би өнөөдрийг болтол хууль хяналтын байгууллага, мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу явж ирсэн. Анх Ганзориг эмч хэлэхдээ “томографийн зургаа авахуул, тэгж байж дүгнэлтээ гаргана” гэж байсан. Ер нь хагалгаанд орохгүй бол болохгүй юм байна гэж зөвлөмж өгсөн. Тэгээд тэр зөвлөмжийн дагуу би эмнэлэгт хандсан. Тэгээд би арга буюу хагалгаанд орсон. Тэрнээс би хуучин хугарлаа засуулах ч юм уу өөр ямар нэгэн сонирхол байгаагүй. Миний хамар хуучин бага зэргийн хугаралтай байсан. Гэхдээ би арга буюу хагалгаанд орсон. Зүүн тал нь битүүрээд байхаар толгой эргээд шөнө нойр хүрдэггүй юм байна лээ. Одоо хүртэл хяналтанд явж байгаа. Намайг хохироосон Ө.У эмчилгээний зардал 2.931.528 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12044 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31-32/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-40-41/, Ө.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-62-63/, Ө.У урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-38/, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-46-59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 3 дугаар байр 1 тоотод иргэн Б.Гантулгатай үл ялих зүйлээр маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гантулга мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ө.У нэг эмэгтэйтэй хамт явж байсан бөгөөд тэр эмэгтэйгээ манай эхнэрийн хамаатан юм битгий яриарай гэж хэлж байсан. Нэрийг нь хэлж байсан боловч санахгүй байна. Тэгээд бид гурав манай урлан дээр очоод Ө.У авч явсан 0.5 литрийн Экс архи гаргаж ирээд бид гурав ууцгаасан. Тэр архи нь талаас доогуур үлдсэн байхад хамт явсан эмэгтэй нь Ө.У бид хоёрын дундуур орж ирээд суусан чинь Ө.У гэнэт босож ирээд гараараа миний зүүн шанаа руу хоёр гурван удаа цохиод нэг цохилт нь миний хамранд оноод хамраас цус гарсан чинь Ө.У нөгөө хүүхнээ дагуулан яваад өгсөн. Тэр эмэгтэй нь намайг өмөөрч Ө.У хорьсон боловч дийлээгүй би ч “болиоч” гэж олон удаа гуйсан боловч ерөөсөө үгзнд орохгүй байсан. Би Ө.У гар ч хүрээгүй. Намайг бодоход биеэр ч том учир надад дийлдэхээр хүн бол биш. Эдгээр гэмтлийг Ө.У гараараа миний нүүрэн тус газарт гурав дөрвөн удаа цохих үед учирсан гэмтлүүд байгаа юм. Намайг эмч “хамрын хагалгаанд ор” гэж хэлсэн. Тэгээд хагалгааны төлбөр 1.250.000 төгрөг гэж байсан бөгөөд энэ мөнгийг надад өгчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй. Би томографикийн зураг 120.000 төгрөг, 8000 төгрөг шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ө.У надад 310.000 төгрөг өгсөн байгаа. Би хохирлоо авч чадаагүй байгаа учир гомдолтой байна.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12044 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Гантулгын биед баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх-23/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1264 дугаартай дүгнэлтэд:
1. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12044 дугаартай шинжээч эмч Б.Ганзоригийн дүгнэлт нь: А/-Хэсэг газрын үзлэгт: “...Хамар ясны баруун болон хажуу хана зөрүүтэй шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан.” Б/- Харин дүгнэлт хэсэгт: “Хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт нь үндэслэл муутай байна.
2. Б.Гантулгын биед баруун тал бөмбөлөгийн эд доторхи бага хэмжээний цус хуралт нь Ө.У нь Б.Гантулгыг цохих үед үүссэн шинэ гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл хуучин гэмтэл байна. /хх-32/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “...Б.Гантулгын биед баруун тал бөмбөлөгийн эд доторх бага хэмжээний цус хуралт бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэ гэмтэл нь Ө.У цохих үед үүссэн гэмтэл. Харин хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь тухайн хэрэг гарсан өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байсан. Б.Гантулгын биед өөр учирсан гэмтэл шарх байхгүй байсан.” /хх-42-43/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Ууганбаярын яллагдагчаар өгсөн: “...Б.Гантулга хувцсаа тайлаад “чи намайг алаад өг” гээд амнаас нь хөөс сахраад над руу дайраад байхаар нь би “чи яагаад байгаа юм” гэж хэлээд баруун гараараа зүүн талын нүдний хавьцаа нэг удаа алгадсан чинь хамраас нь цус гарахаар нь би нөгөө эмэгтэйгээ дагуулан гараад явчихсан юм. Б.Гантулга тохойгоороо миний духанд нэг удаа цохисон. Миний хүзүү улайгаад гөврүүтсэн байсан. Өөр надад учирсан гэмтэл байгаагүй. Б.Гантулгын хамраас нь цус гарахаар нь би гараад явчихсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-46-59/,
Ө.У урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-38/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.У нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 3 дугаар байр 1 тоотод иргэн Б.Гантулгатай үл ялих зүйлээр маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.У гаргасан: “...Би Ө.У гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний учруулсан гэмтлийн улмаас Б.Гантулга хагалгаа хийлгэх шаардлагагүй байсан гэж үзэж байна.” гэх тайлбар гарган мэтгэлцэх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1264 дугаартай дүгнэлтэд: “..Б.Гантулгын биед баруун тал бөмбөлөгийн эд доторхи бага хэмжээний цус хуралт нь Ө.У нь Б.Гантулгыг цохих үед үүссэн шинэ гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...Б.Гантулгын биед баруун тал бөмбөлөгийн эд доторх бага хэмжээний цус хуралт бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэ гэмтэл нь Ө.У цохих үед үүссэн гэмтэл. Харин хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь тухайн хэрэг гарсан өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байсан.” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүхээс хохирогч Б.Гантулгын нэхэмжилсэн 2.621.528 төгрөгийг шүүгдэгч Ө.У гаргуулж олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ө.У нь хохирогчид 310.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс Ө.У хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Ө.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ө.Ууганбаярыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.У нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ө.У 2.621.528 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулгад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС