Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00170/И/ |
Дугаар | 252 |
Огноо | 2016-05-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, хувиaраа хөдөлмөр эрхлэдэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг 10-р байрны 1 тоотод оршин суух, Бээс овогт Отгонбаярын Алтанчимэгийн /РД:ИЭ83040526/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 18-15 тоотод оршин суух Итгэл овгийн Баян-Очирын Цэрэндуламд /РД:АЭ87100469/ холбогдох
3.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Алтанчимэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цэрэндулам нь 2015 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаагаар 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутам 0,3 хувийн алдангитай 1.500.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээлэн авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Зээлсэн мөнгөө буцаан төлөх хугацаа хэтэрснээс хойш мөнгөө төлөлгүй удаа дараа нэхүүлэн явсаар 6-р сар 20 хоног буюу 200 хоногийн хугацаа өнгөрсөн. Иймд хариуцагч Б.Цэрэндуламаас үндсэн зээл болох 1.500.000 төгрөг, хүү 1.050.000 төгрөг, алданги 850.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /хх-1х/
Хариуцагч Б.Цэрэндулам шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Цэрэндулам нь О.Алтанчимэгээс 1.500.000 төгрөг зээлсэн нь үнэн. Зохих ёсны мөнгө төлөх нь үнэн хэдий ч 3.400.000 төгрөг төлөх үндэслэлгүй гэжээ /хх-15х/
Нэхэмжлэгч О.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэрэндулам нь надаас 2015 оны 8 сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр иргэний зээлийн гэрээ байгуулан авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 60.000 төгрөг л өгсөн. 1.500.000 төгрөгийн сарын 10 хувийн хүү 150.000 төгрөг болж байгаа. Энэ 150.000 төгрөгийн хүүнээс 7 хоногт ноогдох хүүг төлөх ёстой байсан. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн үндсэн журамд зээлсэн мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлж болно, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги хоног тутамд тооцно гэж заасан байгаа. Гэрээ байгуулснаас хойш гэрээний хугацааг сунгаагүй. Б.Цэрэндулам нь 1 сарын хүүнээс таллаад 60.000 төгрөг өгч байгаа юм гэж хэлээд өгсөн. Би ойлгохдоо нэг сарын хүүний талыг өгсөн гэж ойлгосон. Алданги, хүү зэргийг оролцуулан тооцоход 3.400.000 төгрөг болж байгаа юм. Энэ зээлийн гэрээ нь барьцааны гэрээтэй хамт хүчин төгөлдөр гэж явж байгаа. Одоо 3.400.000 төгрөгийг Б.Цэрэндуламаас гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Б.Цэрэндулам нь О.Алтанчимэгээс 1.500.000 төгрөг зээлсэн үнэн мөн одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа нь бас үнэн. Б.Цэрэндулам, О.Алтанчимэг нар нь 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулсан байдаг. Зээлийн ерөнхий хугацааг сарын 10 хувийн хүүтэй гэж тохирсон байдаг. Гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулсан учир 1.500.000 төгрөгөнд 7 хоногийн хүү л тооцогдоно гэж үзэж байна. Гэрээ нь 7 хоногоос цаашаа сунгалт байхгүй учраас өнөөдрийг хүртэл хүү тооцох үндэслэлгүй юм. 1.500.000 төгрөгнөөс 60.000 төгрөгийг Б.Цэрэндулам нь О.Алтанчимэгт төлсөн байдаг. Үүнийг хүү эсвэл үндсэн мөнгөнөөсөө хасах байх. Миний бодлоор үндсэн мөнгө болох 1.500.000 төгрөгөөс 60.000 төгрөгийг хасч үлдсэн мөнгөнөөс нь 7 хоногийн хүүг тооцох болов уу гэж үзэж байна. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бодоод дээр нь хүүг нэмж тооцоход 1.285.000 төгрөг болж байгаа. Миний бодлоор 1.500.000 төгрөгөөс 60.000 төгрөгөө хасаад 1.440.000 төгрөг болно. Тэгээд хүү, алдангийг нь бодохоор нийт 2.212.500 төгрөг төлөхөөр харагдаж байгаа. Би яагаад 2.500.000 төгрөг төлье гэж эвлэрэх санал тавьсан бэ? гэхээр энэ хүний шүүхэд хандсан хугацаа болон цаашдаа Б.Цэрэндуламын зээлсэн мөнгөө төлөх хугацаа зэргийг нь бодолцоод ийм болзол тавьсан боловч зөвшөөрөөгүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэхээр 750.000 төгрөг болж байгаа, үүн дээр 7 хоногийн хүү 35.000 төгрөгийн хүү байна гэж тооцоод 2.212.500 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Алтанчимэг нь хариуцагч Б.Цэрэндуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Алтанчимэг, Б.Цэрэндулам нар нь 2015 оны 08-р сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь зээлийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогддог.
Талуудын байгуулсан 2015 оны 08 сарын 13-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч О.Алтанчимэг нь хариуцагч Б.Цэрэндуламд 1.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлсэн байх бөгөөд хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан болон гэрээний нөхцлийн талаар, мөн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэдэгтэй маргаагүй, харин нэхэмжилсэн хүү, алдангийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зээлийн гэрээний 2-т зээлийг буцааж төлөх хугацааг 2015 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдөр гэж тогтоосон, мөн гэрээний 3-т 1.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ.
Талууд 2015 оны 08 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүү тогтоож сунгаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог. Талууд хүү төлөхөөр тохиролцсон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулах, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан.
Нэхэмжлэгч О.Алтанчимэг 2015 оны 08 сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны 1.500.000 төгрөгт хүү тооцож 1.050.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тэрээр Б.Цэрэндуламтай 2015 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулсан, харин 2015 оны 08 сарын 20-ны өдрөөс хойш хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир 2015 оны 08 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү авах эрхээ алдана.
Нэхэмжлэгч О.Алтанчимэг “1.500.000 төгрөгийн сарын 10 хувийн хүү 150.000 төгрөг болж байгаа. Энэ 150.000 төгрөгийн хүүнээс 7 хоногт ноогдох хүүг төлөх ёстой байсан” гэж тайлбарлаж байх тул хариуцагч Б.Цэрэндулам нь гэрээнд зааснаар 2015 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл 35.000 төгрөгийг хүү /5000₮х7 хоног/ төлөх үүрэгтэй байжээ.
Хариуцагч Б.Цэрэндулам нь 60.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Алтанчимэгт төлсөн талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг уг 60.000 төгрөгийг хүүнд тооцож өгсөн гэж тайлбарладаг тул хариуцагчийг 2015 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны хүү 35.000 төгийг төлсөн гэж үзлээ.
Хариуцагч Б.Цэрэндуламын төлсөн 25.000 төгрөгийг /60.000₮-35.000₮=25.000₮/ түүний нэхэмжлэгчид төлөх ёстой үүрэг 1.500.000 төгрөгөөс хасаж тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргээс 1.475.000 төгрөг төлөөгүй байна.
2015 оны 08 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 6-д зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч О.Алтанчимэг хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч О.Алтанчимэг хариуцагчаас үүргээ биелүүлээгүй 6 сар 20 хоногийн хугацааны алданги 850.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагчаас алданги 737.500 төгрөг /1.475.000х50%=737500/ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.Цэрэндуламаас зээлийн гэрээгээр төлөх үндсэн үүрэг 1.475.000 төгрөг, алданги 737.500 төгрөг, нийт 2.212.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Алтанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.187.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.Цэрэндуламаас 2.212.500 /хоёр сая хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Алтанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.187.500 /нэг сая нэг зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэрэндуламаас 50.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Алтанчимэгт олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА