| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1835001730167 |
| Дугаар | 134 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 134
Н.Х, Г.Ш нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалтай, Х.Х, Г.Ш нарт холбогдох 1835001730167 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Ш,
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, **** аймгийн **** сумын **** ажилтай, урьд ял шийтгэлгүй, Н.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Г.Ш, Н.Х нарт Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.
Н.Х, Г.Ш нарт холбогдох хэрэгт урьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоолоор цагаатгасан бөгөөд хяналтын шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцээд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан.
Улсын Дээд шүүх цагаатгах тогтоол болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахдаа “...Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Х, тус сумын цагдаагаар ажиллаж байсан Г.Ш нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амь хохирогч О.Б-ыг цагдаагийн хэлтэс дээр авч ирж, түр саатуулах болсноо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрчээр оролцуулах мөрдөгчийн даалгаврыг биелүүлэхээр, эсхүл согтуугаар зөрчил үйлдсэн гэх зэргээр өөр өөр шалтгаан зааж тайлбарлаж байгаа бөгөөд тэдгээр нь хүнийг түр саатуулах хууль ёсны үндэслэлд хамаарч байгаа эсэх, түр саатуулах нь зайлшгүй шаардлагатай арга хэмжээ мөн байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Түүнчлэн түр саатуулах шалтгаанаар хүний биед үзлэг хийхдээ хүний амь нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг илрүүлэн хурааж авбал зохих үзлэгийн зорилгыг бүрэн гүйцэт хангаж ажилласан эсэх, мөн түр саатуулсан хүнийг хараа хяналтгүйгээр орхигдуулсан нь дээрх нэр бүхий хууль сахиулагч нарыг албан чиг үүрэгтээ хайнга хандсан шинжид хамаарах эсэх талаарх ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүний зэрэгцээ Увс аймгийн Өндөрхангай суманд байрлах цагдаагийн хэсгийн байр түр саатуулах болон эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан, түүнчлэн ахуйн нөхцөл хангагдаагүй байсантай холбоотой зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулах асуудлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэвэл зохино. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Ш, Н.Х нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв ...” гэжээ.
Хяналтын шатны шүүх Г.Ш, Н.Х нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасныг дурдаж, хэргийг бүхэлд нь хянаж түр саатуулах хууль ёсны үндэслэл байгаа эсэх, түр саатуулах зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байгаа эсэх, үзлэгийн зорилгыг бүрэн гүйцэт хангаж ажилласан эсэх, хүнийг хараа хяналтгүйгээр орхигдуулсан нь дээрх нэр бүхий хууль сахиулагч нарыг албан чиг үүрэгтээ хайнга хандсан шинжид хамаарах эсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчийг татаж оролцуулах, асуудлыг шийдвэрлүүлэхээр буцаасан болно. Нэмэлт мөрдөн байцаалтаар хяналтын шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дугаартай тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд хэргийг дахин хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа нь хяналтын шатны шүүх энэ хэрэг дээр гаргасан эцсийн шийдвэрийг анхан шатны шүүх үгүйсгэж байна.
Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “прокуророос шүүгдэгч нарыг яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн үндсэн шинж нь албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байхыг тодорхойлсон бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2-т “Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албан ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад хохирол, хор уршиг учирсан байхыг тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1-т заасан албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, цаг хугацаа алдаж биелүүлсэн нь хохирол, хор уршиг хүргэсэн болгоомжгүй үйлдэл байдаг тул энэ зүйлийн 2-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь дээрх үүргээ огт биелүүлээгүй эс үйлдэхүйгээр илэрнэ. Прокурорын яллах үндэслэл болгосон хэргийн газарт үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, гэрч Г.М, Т.Ө, н.Л, Д.Б, Д.Т, О.Э, Л.Э, Д.О, Б.М нарын мэдүүлэг, яллагдагч Н.Х, Г.Ш нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, албаны шалгалт хийсэн материал, Цагдаагийн газрын хариу хүргүүлэх тухай 48/815 дугаар албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 13/827 дугаар албан бичиг, шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 17 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх-химийн шинжилгээний 18 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Х, Г.Ш нарын албан үүрэгтээ хайнга хандсан буюу хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогчийн амь нас хохирсон болохыг нотолж чадаагүй байна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Н.Х, Г.Ш нар нь талийгаач О.Б-ыг зөрчилд холбогдуулан хэсгийн байранд авч ирж удаан хугацаагаар гавлаж эрх чөлөөнд хууль бусаар халдсан, биед нь үзлэг хийхдээ журамд заасны дагуу бүрэн гүйцэт хийж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг хурааж аваагүйн улмаас өөрийгөө боомилох нөхцөл бүрдэж, төмөр сараалжинд оруулан гавлаж, хараа хяналтгүй орхисон нь үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл бөгөөд дээрх үйлдэл нь хохирогч О.Б-ыг өөрийгөө боомилоход хүргэж буй шалтгаант холбоо бий болсон гэж үзэхээр байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хэдийгээр хохирогч О.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бусдаас архи нэхэх, агсам тавих зэргээр нийтийн хэв журам зөрчсөн, энэ талаар Т.Ө цагдаагийн байгууллагад мэдээлэл гаргасан, мэдээллийн дагуу *** сумын *** Н.Х хохирогчийг цагдаагийн хэсгийн байр луу авч явсан, мөн хохирогч О.Б-ыг Цагдаагийн байгууллагаас буюу **** Б.М нь гэрчийн мэдүүлэг авахаар хайж байсан нь хэрэгт авагдсан боловч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэрээр О.Б-ыг хууль бусаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цагаас хойш амиа хорлох хүртэл хэдий хугацаагаар саатуулж байгаа нь тодорхойгүй, хэсгийн байрны хажууд шонгийн модноос гавласан, хэсгийн байранд оруулж сараалжин төмрөөс гавласан үйлдлийг зөвтгөж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхээс тухайн үед шүүгдэгч нар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хүнийг түр хугацаагаар саатуулах нөхцөл бололцоог ажил олгогч буюу төрийн байгууллага бүрдүүлж өгөөгүй байсан болох нь гэрч Н.М, Ж.Д, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хүнийг түр хугацаагаар саатуулах нөхцөл бололцоог ажил олгогч буюу төрийн байгууллага бүрдүүлж өгөөгүй байхад хүнийг стандартын бус байранд хууль бусаар түр саатуулснаас болж хүний амь нас хохирсон байхад хууль, журамд заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй албан хаагч нар нь хариуцлагаас зайлсхийх үндэслэлгүй юм. **** хаагч буюу **** Н.Х, цагдаа Г.Ш нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хүний “амьд явах” эрхэд ноцтой аюул заналхийлэл учруулж хохирогч О.Б-ыг хууль бусаар саатуулж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б- нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Энэ гэмт хэргийн албан үүргээ биелүүлээгүй гэдэгт өөрийн хийх ёстой ажил үүргийг цаг хугацаанд хийхгүй орхих, залхуурах зэрэг хайнга хандсан бусад эс үйлдэхүйг хэлнэ. Мөн албан үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй гэдэгт албан тушаалтанд хуулиар болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон үүргээ биелүүлэхдээ хагас дутуу биелүүлэх, оромдох, дүр исгэх, чанаргүй гүйцэтгэх зэрэг хайнга хандсан эс үйдэхүйг хамааруулан ойлгодог. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Шнар нь талийгаач О.Б-од хийх үзлэгийг хангалттай хийгээгүй, хийсэн үзлэг нь оромдох, дүр эсгэсэн, үзлэгийг чанартай хийсэн бол цагдаагийн хэсгийн байранд О.Б нь өөрийгөө боомилж, амь насаа хохироох нөхцөл бүрдэхгүй байсан. Гэтэл цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...*** сумын ****д хүнийг саатуулах, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй учир шүүгдэгч нараас тухайн харилцаатай холбоотой саатуулах байрны дэглэм журмыг хэрэгжүүлж ажиллах журмыг шаардах боломжгүй юм. Мөн тус сумын цагдаагийн хэсгийн байр саатуулах, эрүүлжүүлэх байрны зөвшөөрөлгүй, ахуй нөхцөл хангагдаагүй байгаа нь шүүгдэгч нарын үйлдлээс үл хамаарах хүчин зүйл бөгөөд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шийдвэрлэгдэх асуудал тул саатуулах байрны ахуй хангагдаагүй байранд хүн саатуулсан гэж тэдгээрийг буруутгах боломжгүй юм...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд хууль тогтоомжид зааснаар зөвшөөрөл олгогдоогүй саатуулах байранд хүнийг саатуулж, түүнээс үүсэх хохирол, гэм хорын асуудалд тухайн албан тушаалтан хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэх, буруутгаж болохгүй гэдэг нөхцөл байдлыг гаргаж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Талийгаач О.Б нь өөрийнхөө амь насыг өөр газарт хохироож байгаа асуудал биш бөгөөд харуул хамгаалалт, хяналт шалгалтын дор байдаг цагдаагийн хэсгийн байранд өөрийнхөө амь насыг хохироож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс болон шүүгчийн зүгээс саатуулах байрны зөвшөөрөлгүй газар хүнийг саатуулсан тохиолдол тухайн албан тушаалтныг буруутгаж болохгүй. Зөвхөн саатуулах байрны зөвшөөрөлтэй газарт хүнийг саатуулсны улмаас хүний эрх эрх, чөлөө, эрүүл мэнд, амь насанд хохирсон тохиолдол тухайн албан тушаалтныг буруутгаж болох юм гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь нэг талаас хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт ял завшуулсан байна. Хэргийн 1-р хавтасны 33-34, 65-66, 39-40, 41-42, 43, 44-45, 48, 49, 52, 53, 55 дахь талуудад авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, Г.М, Т.Ө, Ц.Б, М.Л, О.Э, О.Э, М.Ц, М.Г, Х.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь хохирогч О.Б 2013 онд авто осолд өртөн, тархиндаа гэмтэл авсан, үүнээс шалтгаалан архи, согтууруулах ундааны хамааралтай болсон, улмаар гэр бүлийн гишүүдийнхээ эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдлүүд гаргаж, гэр бүлийн хувьд зөрчилтэй байсан талаарх хохирогчийн хувийн байдлыг тодруулсан нотлох баримт байна гэж үзсэн байх боловч энэ нь хохирогч О.Б-ыг урьд гэр бүлийн гишүүний эрх чөлөөнд халдаж байсан асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж шийтгэх тогтоол гарсан байхад үүнийг хамаатуулан цагаатгах тогтоолд дурдсан, мөн хохирогч О.Б-ыг архи согтууруулах ундааны хамааралтай гэж шүүх гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч О.Б-ыг архины хамааралтай, байнга архи уудаг гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хохирогчийн хувийн байдлыг харгалзан үзэж дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, шүүгдэгч нарын гаргасан хууль бус үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэрүүцлийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг бүхэлд нь хянаж прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, шүүгдэгч нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдлийг няцаах үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна гэх дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл хэлсэн саналдаа: “Өмнө нь уг хэрэг дээр хяналтын шатны шүүх дүгнэлт өгч, шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн байхад анхан шатны шүүхийн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар прокурор эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т хүндрүүлэх бүрэлдэхүүн нь албан үүргээ огт биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан. Шүүгдэгч нар нь тухайн үед албан үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй. Гэтэл прокурорын байгууллагаас албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Прокуророос хэргийг хүндрүүлж зүйлчилж байгаа нь, ял сонсгож байгаа нь миний үйлчлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өмгөөлөгчийн хувьд тайлбараа бичгээр дэлгэрэнгүй өгсөн. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ш, Н.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд бичсэн Увс аймгийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот эсэргүүцлийг дэмжихгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн О.Б нь согтуугаар зөрчил гаргасан гэх иргэнээс Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу иргэнийг зөрчил гаргасан гэх үндэслэлээр саатуулсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудал яригдах ёстой ба суманд байрлах хэсгийн төлөөлөгчийн ажлын байр нь түр саатуулах байр биш тул түр саатуулах байрны журам зөрчигдсөн гэх асуудлаар шалгасан нь буруу байна. Прокурор хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн, шүүх тухайн үйл баримтад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд хүнийг саатуулах эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.2-т... цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар... саатуулах тухай заасан байна. Дээрх зөрчилд холбогдогчийг саатуулах тохиолдолд хэрэв саатуулах байр байхгүй бол хэрхэн ажиллах талаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу кодлосон журамд маш тодорхой заасан байхад түр саатуулах байрны журам зөрчсөн гэж үзсэн нь буруу байна. Хэдийгээр шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэх боловч Цагдаагийн байгууллагын алба хаагч нар хэрхэн ямар хууль зөрчсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх байжээ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор А.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х.Х, Г.Ш нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Х, тус суманд цагдаагаар ажиллаж байсан Г.Ш нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хууль, зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд иргэн О.Б-ыг “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-т заасан “...*** өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын тэлээ, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно”, 4.6.7-д заасан “Саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэснийг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хайнга хандах гэмт хэрэгт хамгаалагдаж буй харилцааны агуулга нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлвэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл хамаарах бөгөөд түүнээс учирсан хохиролтой шалтгаант холбоотой байдаг билээ.
Иймээс шүүхээс албан тушаалтан чухам ямар үүргийг биелүүлээгүй, тухайн үйлдлийг хийх нь уг албан тушаалтны үүрэг мөн болох, уг үүргийг хийж гүйцэтгэх бололцоотой байсан эсэхэд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хууль зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх шаардлагатай юм.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, амь хохирогч О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр **** аймгийн *** сумын **** байранд өөрийнхөө өмсөж явсан цамцны малгайн уяагаар өөрийгөө боомилж нас барсанд шүүгдэгч Х.Х, Г.Ш нарын албаны үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэл тогтоогдоогүйгээс гадна хохирогчийг саатуулсан үйлдэл өөрийгөө боомилж нас барсан үйл явдалтай шууд шалтгаант холбоогүй гэж үзэж, тэдгээрт холбогдох хэргийг хоёр шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.
Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ууганбаатарын хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлтийг хангах боломжгүй байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/148 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН