Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/0061

 

“ИГЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

СД-ийн ТХ-ийн ТУБ нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                           Ц.Цогт

            Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                             М.Батсуурь                                  

                                                                            Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                                  П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                 А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 280 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ж.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: СД-ийн ТХ-ийн ТУБ  нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар актыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “ИГЦ” ХХК-ийн хувьцааны 51%-ийг О.Сарантуяа, 49%-ийг Ч Кюү Чон нар эзэмшиж байсан бөгөөд 2013 онд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх хувьцааг Т.Батжаргалд шилжүүлж, 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Т.Батжаргал болж, тус гэрээний төлбөр болох 1,800,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ  “Амт билдинг” ХХК-иас О.С-д шилжүүлсэн байна. Улсын байцаагчаас “эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч, төсөвт шилжүүлээгүй” гэх үндэслэлээр 972,000,000 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

3.Нэхэмжлэгчээс “... эрх шилжүүлэх гэрээний дагуу ашиг олж байгаа этгээд нь “ИГЦ” ХХК биш, харин иргэн О.Сарантуяа байх бөгөөд иргэн өөрөө татвар төлөгч тул хувьцаа борлуулж олсон орлогоосоо ногдох татвараа төрд тайлагнаж, төлөх үүрэг нь О.Сарантуяа, Ч Кью Чон нарт байгаа, орлого олсон хүмүүс нь татвар төлөхгүй хирнээ орлогоо олоогүй нь хариуцлагыг хүлээж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, компанийн дансанд мөнгө ороогүй” гэж, хариуцагчаас “...нягтлан бодох бүртгэлийг аккаруэль сууриар бүртгэх буюу мөнгө хүлээж авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг орсон үед, зарлагыг гарсан үед хүлээн зөвшөөрч бүртгэдэг. Өөрөөр хэлбэл мөнгө хаанаас гарсан, аль банкнаас зээл авсан хамаагүй, “ИГЦ” ХХК дээр эрх шилжиж ирсэн, энэ компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёстой, иргэн О.Сарантуяа, Ч Кью Чон нар татварын албанд бүртгэлгүй, татвар төлөөгүй байсан, “ИГЦ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл зарагдсан, эрх борлуулсан талаар яригдаж байгаа болохоос мөнгө хаанаас шилжиж ямар компани “ИГЦ” ХХК-ийн өмнөөс мөнгө шилжүүлсэн талаар огт яригдаагүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “... Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу худалдсан орлогоос албан татвар ногдуулан суутгаж улсын төсөвт шилжүүлэх үүргээ “ИГЦ” ХХК нь биелүүлээгүй, энэ зөрчил нь тухайн компанийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу хүргүүлсэн тайлангаар чөлөөлөгдсөн татварт хамааралгүй, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан ... нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ... тайланг шинээр гаргаж... гэх нөхцөлийг хангахгүй, түүнчлэн тус компанийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнасан орлогод хамаарахгүй орлого байх тул уг хуульд хамруулан чөлөөлөгдөх үндэслэлгүй байна, алданги тогтоохдоо зөрчил үйлдэгдэх үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... хувьцааг шилжүүлэх замаар тусгай зөвшөөрлийг худалдаж авахдаа эрх борлуулсны орлогоос албан татвар ногдуулан суутган авч улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй, татварын улсын байцаагч хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх зарчмыг зөрчсөн, алдангийг 20%-иар тооцох” гэсэн үндэслэлээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 4 дүгээр зүйлийн 4.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1 (2015 оны 12 дугаар сарын 4-ний өөрчлөлт), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ИГЦ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, СД-ийн ТХ-ийн ТУБ  М.Бямбажав, Р.Бадамсүрэн нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар актаар ногдуулсан төлбөрийг багасгаж, “282,214,375,10 төгрөгийн алданги, нийт 1,032,784,834,52 төгрөгийн” гэснийг “120,214,375.10 төгрөгийн алданги, нийт 870,784,834,52 төгрөгийн төлбөрийг” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч “ИГЦ” ХХК-ийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.“ИГЦ” ХХК нь бодитоор орлого олсон үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд тус компанийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох О.Сарантуяа, Ч Кюү Чон нар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсны орлого болох хувьцаа, үнэт цаас борлуулж олсон орлогоосоо албан татвар төлөх үүрэгтэй.

6.2.Татварын улсын байцаагч нар акт тогтоохдоо нэхэмжлэгч компанид сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй.

6.3.Нэхэмжлэгч компани нь 2013 онд гаргасан аж ахуй нэгжийн орлогын албан татварын зөрчлөө 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлангаа гаргаж тайлагнасан тул уг зөрчлийг үйлдсэнийхээ төлөө нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөх буюу хуулиар олгогдсон нэг удаагийн боломжийг эдлэх хууль зүйн бүрэн боломжтой байсан гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэлээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

7.1.Хяналт шалгалт хийхээр олгогдсон томилолтын хугацаанд хэрэгжиж байсан хуулийг хэрэглэсэн татварын улсын байцаагчдын үйлдлийг үгүйсгэж, хүлээлгэсэн хариуцлага буюу алдангиас 162,000,000 төгрөгийг хасч, өөрчлөлт оруулан дүнг бууруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.2.Аливаа хууль тогтоомж зөрчсөн зөрчил үйлдэгдсэн хугацаагаараа тооцогдож, хариуцлага хүлээлгэдэг зарчимтай, энэ шударга ёсонд нийцнэ гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 280 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Хариуцагч, гуравдагч этгээд нарт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, татвар суутган төлөх харилцааны оролцогч талууд болон татвар суутган төлөх үүрэгтэй этгээдийг буруу тодорхойлсон байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч “ИГЦ” ХХК нь “суутгагч” биш, харин худалдах худалдан авах гэрээний зүйл болсон байна.

12.Тодруулбал, “ИГЦ” ХХК нь бусдад орлого шилжүүлээгүй, харин гэрээний төлбөр болох 1,800,000,000 төгрөгийг “Амт билдинг” ХХК-иас О.Сарантуяад шилжүүлсэн учир хуулийн дээрх заалтад заасан “бусдад орлого шилжүүлсэн этгээд” биш, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэжээ.

13.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” гэж заасан, энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч хуулийн этгээд нь бусдад орлого шилжүүлээгүй тул суутган тооцох үүрэг үүсэхгүй.

14.Нөгөө талаар Татварын ерөнхий хуулийн (2008 он) 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий эсхүл ажил үйлчилгээ эрхэлж ... татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 5 дугаар зүйлийн 5.1-д “тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуй нэгж нь албан татвар төлөгч байна” гэж тус тус зааснаар орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэг үүсэх ба энэ тохиолдолд орлого олсон этгээд нь тодорхой байхад тухайн иргэнд орлогын албан татвар оногдуулаагүй атлаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш “ИГЦ” ХХК-д хариуцлага тооцсон татварын улсын байцаагчийн акт хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн “... орлого олоогүй этгээдэд хариуцлага үүрүүлсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

15.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 13 дугаар зүйлийн 13.8-д “татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах, үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагчийн “О.Сарантуяа нь татвар төлөгчөөр бүртгүүлээгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, татвар төлөгчөөр бүртгүүлсэн эсэхээс үл шалтгаалан орлого олсон этгээд татвар төлөх үүрэгтэй болохоос татварын хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх зорилгоор татвар оногдуулах учиргүй.

16.Татварын улсын байцаагчийн ““ИГЦ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл зарагдсан, эрх борлуулсан талаар яригдаж байгаа болохоос мөнгө хаанаас шилжсэн асуудал хамааралгүй” гэх тайлбар нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, бодит байдалд “ИГЦ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг  худалдах, худалдан авах гэрээнд “ИГЦ” ХХК оролцоогүй, гэрээ Т.Батжаргал, О.Сарантуяа нарын хооронд байгуулагдсан, нэхэмжлэгч компанийн санхүүгийн үйл ажиллагаатай шууд холбоогүй байна.

17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, тухайн тохиолдолд маргаан бүхий акт хууль зөрчсөн нь тогтоогдсон буюу орлого олсон этгээдэд татвар оногдуулаагүй атлаа суутгагчийн үүрэггүй этгээдэд татвар оногдуулж, татвар төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоогоогүй, шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

18.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,800,000,000 төгрөгөөр үнэлэгдэж худалдагдсан, татвар төлөх үүрэг үүссэн харилцаа нэгэнт бий болсон, цаашид нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай буюу маргаан бүхий гүйлгээнд Хувь хүний орлогын албан татварын хууль, эсхүл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн аль нь хэрэглэгдэхийг тодорхой болгох, орлого олсон этгээдийг татварын хяналт шалгалтын ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, татварыг давхардуулахгүйгээр, олсон орлогод нэг удаа татвар төлөх зарчмыг хэрэгжүүлж, актыг дахин үйлдэх шаардлагатай.

19.Түүнчлэн маргаан бүхий үйл явдал болсон цаг хугацаа буюу 2013 оны хувьцаа худалдах, худалдан авах гэрээг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан, уг зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж, “хуульд заасны нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус зохицуулсны дотор суутгагчийн үүрэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй байна.

20.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэж зааснаас үзэхэд суутгагчаас зөвхөн төсөвт төлөөгүй татварыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан байхад улсын байцаагчаас зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд хамаарах хуулийг зөв хэрэглээгүй учраас тогтоосон төлбөрт дахин тооцоолол хийх шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 4 дүгээр зүйлийн 4.1.6, Татварын ерөнхий хуулийн (2008 он) 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг баримтлан СД-ийн ТХ-ийн ТУБ  нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар актыг татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж; “2” дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч “ИГЦ” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                             М.БАТСУУРЬ

                                                                         Х.БАТСҮРЭН

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ