Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 176

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар С.Л-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрчим хүчний сайдад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: С.Л, 

Хариуцагч: Монгол Улсын Эрчим хүчний сайд,

Гуравдагч этгээд: “У” ХХК, “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” , 

Гуравдагч этгээд “У” ХХК-ийн бие даасан шаардлага: “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Монгол Улсын Эрчим хүчний сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд “У” ХХК, “Б” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

“Миний бие С.Л Увс аймаг Улаангом сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, шугам сүлжээг хувьчлан авч 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тогтмол төлж эд хөрөнгийн өмчлөгчийн үүргээ биелүүлсээр ирсэн юм.

Гэтэл Монгол Улсын Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгээр миний өмчид халдаж Увс аймагт баригдаж байгаа шинэ дулааны станцад авах ажлыг зохион байгуулж эхэлснийг 2015 оны 10 дугаар сарын 19-

ний өдөр олж мэдлээ. Уг захиргааны актын улмаас миний улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж өмчилсөн эд хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр өөр байгууллагад шилжүүлэн холбож байгаад гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад "Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх |бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд “хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу С.Л миний бие шударгаар олж өмчилж авсан үл хөдлөх эд хөрөнгө Монгол Улсын Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгийн улмаас бусдад алдахад хүрээд байна.

Иймд Монгол Улсын Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв. 

Хариуцагч Монгол Улсын Эрчим хүчний сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

,  Ц.Б, Л.М, Л.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Увс аймагт дулааны шинэ эх үүсвэр барих болсон үндэслэл, шаардлагын талаар: 

Увс аймгийн төв Улаангом сумын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах зориулалтаар 1986 онд цагт 25 тонн уур гаргах чадалтай КЕ-25-14 маркийн 3 зуухтай дулааны станц, дулааны шугам сүлжээний хамт ашиглалтад оруулсан. Дулааны станц, шугам сүлжээ нь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний системийн харьяанд ажиллаж байгаад 1996 оноос бие даасан Улсын үйлдвэрийн газар болгосон байна. 2003 оноос одоог хүртэл станц, шугам сүлжээний үйл ажиллагааг “У” ХХК-д хариуцан ажиллуулж байна.

Станцын тоног төхөөрөмж, шугам сүлжээ хуучирч муудсан, шугам хоолойн нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болсон бөгөөд хөрөнгө мөнгөний боломжоороо их засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн боловч зарим тоноглолын засварын ажлуудыг орхигдуулснаар эвдрэл, гэмтэл гарч өвлийн их ачаалалд дулаан хангамжийг доголдуулж, айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудыг хөлдөөж иргэд болон байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байсан асуудал өнгөрсөн онуудад гарч байсан. 

Аймгийн төвийн дулаан хангамж муудсан, 2006, 2007 онуудад ихэнхи хэрэглэгчдийг хөлдөөж байсан, өвөл бүхэн онцгой байдлын хэмжээнд ажилладаг, хэрэглэгчдийг бухимдуулах нь хэрээс хэтэрч байгаа талаар орон нутгийн удирдлагуудаас төр захиргааны төв байгууллагад хандаж, шинэ эх үүсвэр барих асуудлыг шийдвэрлүүлсэн болно. 

Мөн 2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар дулаан дамжуулах төвд ялтсан дулаан солилцуур суурилуулах, орон сууцны хорооллын шугам сүлжээг хэсэгчлэн шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2009 онд дулааны станц, щугам сүлжээний засварын шинэчлэлийн ажилд шаардлагатай 300 сая төгрөгийг төсвийн зээлээр “У” ХХК-д өгч байсан болно.

2011 оны 1, 2 дугаар сард станцын 2 зуух, шугам сүлжээнд гэмтэл гарч, өвлийн оргил хүйтний үед аймгийн төвийг хөлдөөсөн. Дулаан хангамжийн хүндрэл, хөлдөлтийн улмаас үүссэн хохиролыг барагдуулах, станц шугам сүлжээг сэргээн засварлахад шаардлагатай  хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 28 дугаар тогтоолоор 40 сая төгрөг, 2011 оны 45 дугаар тогтоолоор 370 сая төгрөг, нийтдээ 410 сая төгрөгийг шийдвэрлэн, Засгийн газрын нөөц сангаас гаргаж байсан. 

Увс аймгийн төвийн дулаан хангамжийн асуудал Төрийн захиргааны төв байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын түвшинд хурцаар яригдан, дулаан хангамжийн доголдол, хөлдөлтийг дахин давтагдуулахгүйн тулд, ард иргэдийн эрх ашгийн төлөө Эрчим хүчний газар /хуучин нэрээр/ “У” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2011-2012 оны өвлийн бэлтгэлийг хангуулан, засвар шинэчлэлийн ажлыг хийж, өвлийн ачаапалд ашиглаптын үйл ажиллагааг Улаанбаатар хотоос мэргэжлийн ажилчдыг томилон, хариуцан зохион байгуулж байсан. 

Мөн засвар шинэчлэлийн ажилд шаардлагатай материал сэлбэг, тоног төхөөрөмжийг салбарын үйлдвэр компаниудаас авч байсан. Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Увс аймгийн төвийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ард иргэдийн аятай тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дулааны шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээг яараптай барьж, ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай болсон. 

Увс аймгийн төв Улаангом хотод Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,2 тэрбум төгрөгөөр Дулааны станц, 4,9 тэрбум төгрөгөөр дулааны төв шугам, дулаан дамжуулах төвүүдийн хамт 2014 онд барьж дуусган ашиглалтад оруулсан. 2014-2015 оны халаалтын улиралд шинэ болон хуучин дулааны станц нь зэрэгцээ ажиллах шаардлагатай байсан тул дулаан хангамжийн гидравлик тооцоог боловсруулсан. 

Уг гидравлик тооцоог боловсруулахдаа дараах хүчин зүйлсийг судалж үзсэний үндсэн дээр тооцсон болно. Үүнд:

• Хуучин дулааны станцын зуух, туслах тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын байдал. 

• Шинэ, хуучин дулааны станцын хамааралтай болон хамааралгүй схемийн ажиллагаа. 

• Хуучин станцаас гарч байгаа дулааны төв шугам, зарим салаа шугамуудын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж төгсгөлийн хэрэглэгч дээрх сүлжээний усны даралт, температурын горим алдагдан, хэрэглэгчдийг доголдуулж байгаа зэрэг нөхцөл байдал.

Уг судалгаа, гидравлик тооцоог үндэслэн аймгийн төвийн хэрэглэгчдийг хуваарилан, 2 станц зэрэгцээ ажиллахыг Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 тоот албан бичгээр аймгийн удирдлага, “У” ХХК-д мэдэгдсэн.

Иймд иргэн С.Л нь энэхүү албан тоотоор хувийн өмчид халдан, өөрийн дулааны станцаас хангагддаг байсан аж ахуй нэгжийг өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, улмаар орлого олох боломжийг боогдуулсан, дулааны станц, шугам сүлжээний өмчлөгч байх эрхээ эдлэх шаарлагатай байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсаныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд:

а/ “У” ХХК нь аймгийн төвд дулааны эрчим хүчээр хангагддаг өрх, албан байгууллага, аж ахуй нэгж, орон сууцнууд, зэрэг дулааны эрчим хүч хэрэглэгчдийг хувийн өмч болгон өмчлөх эрх байхгүй. Хэрэглэгчид шинэ дулааны станцаас чанартай дулааны эрчим хүчээр хангагдах ёстой.

б/ Аймгийн төвийн дулааны станц, шугам сүлжээг 2003 онд “У” ХХК хувьчилж авсан гэх боловч дулааны шугам сүлжээг хувьчилсан талаарх албан ёсны шийдвэр байхгүй. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 1999 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Эрчим хүчний салбарын хувьчлалын тухай 05 дугаар зөвлөмжийн 2.1-т “Эрчим хүчний дамжуулах үндсэн сүлжээг төрийн өмчид үлдээх, 2.3-т “Хувьчлалыг хуульд заасан аргаар явуулах, ...хөрөнгө оруулагчийг оролцуулах, гэхдээ аль нэгэн эрчим хүчний үйлдвэрлэгч тухайн салбарт дангаар ноёрхох боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн заалтуудыг үндэслэн шугам сүлжээ нь орон нутгийн өмчлөлд байх ёстой. 

в/ Тус станцаас хангагдаж байсан дулаан дамжуулах төв №2-ийн хэрэглэгчид  48, 56 айлын орон сууцны чиглэлийн одоо шинэ дулааны станцаас хангагдаж байгаа салаа шугамыг 2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу шинэ дулааны станцын шугам сүлжээ нь тухайн орон нутгийн өмчид хамаарч байгаа болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гарсан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж заасан.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичиг нь хуулийн дээрх заалтын дагуу захиргааны актад хамаарахгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Энэ зүйлийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна” гэсэнтэй буюу захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх хэрэг маргаан биш гэж үзэж байна. 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т захиргааны акт гаргах эрх бүхий албан тушаалтан буюу захиргааны акт гаргах субьектыг “Монгол Улсын Засгийн газрын гишүүн Ерөнхий сайд, сайд”-аас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Монгол Улсын Эрчим хүчний яам нь эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд салбарын үйлдвэр компаниудад чиглэл өгч ажиллах үүргийнхээ дагуу өгсөн албан тоотыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актад хамааруулж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, дээрх албан бичиг нь захиргааны актад хамааралгүй тул түүнийг хүчингүй болгох нь эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй", 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж тус тус гэж хуульчилсан.

Гэтэл дээрх захиргааны хууль бус акт хэмээн үзэж байгаа иргэн С.Л-ийн хүчингүй болгох гэж зорьж нэхэмжлэл гаргасан Монгол Улсын Эрчим хүчний сайдын албан бичгийг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албажуулж зохих журмын дагуу шуудангаар “У” ХХК-д хүргүүлсэн бөгөөд үүний дараа Эрчим хүчний яаманд энэ талаар удаа дараа хуралдаж байсан. Өөрөөр хэлбэл, 2014-2015 оны өвөл дээрх албан бичгийн дагуу дулааны станц ажилласан. Иргэн С.Лхамсүрэн тухайн үед энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Иргэн С.Л-ийн нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлийг хангахгүй байх төдийгүй мөн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж хуульчилсан.  Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд  гомдлоо  гаргана  гэж заасныг зөрчсөн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Түүнчлэн дээрх албан бичгийн улмаас Иргэн С.Л-ийн ямар эрх ашиг хохирч байгаа болон нэхэмжлэлд дурьдсан “....шугам сүлжээг хувьчлан авч” гэдэг нь ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Увс аймгийн иргэд найдвартай дулааны эрчим хүчээр хангуулах, шинэ дулааны станцаас чанартай дулааны эрчим хүчээр хангагдах ёстой.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу Монгол Улсын Эрчим хүчний сайдад холбогдуулан иргэн С.Л-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “У” ХХК-ийн захирал Д.С шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

“...Манай “У” ХХК нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолын дагуу хувьчлагдаж өнөөдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагааг эрхэлж байна.

 Увс дулааны станцыг хувьчлах, хүлээлгэн өгөх ажлын хэсэг манай компанид Станцын зуух, гадна болон салбар, төв шугам зэрэг 18 төрлийн барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж, 23 машин техник, 48 төрлийн эд хогшил зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч акт үйлдсэн байдаг билээ.

Уг актын дагуу Барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөгчөөр У ХХК болон Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол К-107 дугаар байрны 47 тоотод оршин суух С.Л хамтран бүртгүүлж хууль ёсны өмчлөгчид нь болсон юм. 

Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тогтмол төлж эд хөрөнгийн өмчлөгчийн үүргээ манай “У” ХХК болон иргэн С.Л нар биелүүлсээр ирсэн юм. Гэтэл Увс аймгийн Улаангом сумын нутагт байршилтай иргэн С.Л болон манай “У"” ХХК-ийн өмчлөлийн шугам сүлжээг таслан өөр өмчлөгчид шилжүүлж, Дулааны станцын барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан үнэгүйдүүлсэн шийдвэрийг Монгол Улсын Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичиг хавсралтаар нь гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн С.Лхамсүрэнгээс олж мэдлээ.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгийн дагуу С.Л, “У” ХХК-ийн өмчлөлийн шугамнаас халаалт авч байсан 21 аж ахуйн нэгж, байгууллагын халаалт, дулааныг таслан өөр хэрэглэгчид холбон өгч нэг жилд 500 000 000 гаруй төгрөг /Таван зуу гаруй сая/-ний бодит орлого олох боломжийг хязгаарлаж, миний өмчилж байсан шугам сүлжээ, барилга байгууламжийг дахин ашиглах боломжгүй болгон орхигдууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заажээ. 

Монгол Улсын Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгээр гидравлик тооцоолол хийж миний өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч С.Л болон манай компаниас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхэд халдан өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэнд гомдолтой байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтад “Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заажээ. “У” ХХК нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу олж авсан Увс аймгийн Улаангом суман дахь Дулааны станцын барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөгч байх эрхээ цаашид эдлэх шаардлагатай байх тул Монгол улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргаж байна” гэв. 

“Б” ХХК-уудын захирал Д.С түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Дулааны станц гэдэг бол Увс аймгийн хувьд 09 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 15-ныг хүртэл 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэр. Энэ тасралтгүй ажилладаг зүйл маань хүндрэхгүй, тасалдахгүй байна гэж байхгүй. Үүнийг Эрчим хүчний газрын дарга өөрөө амьдралаараа туулж үзэж байсан байх. Сайдын энэ бичигтэй хамааралтай 7, 8 хүндрэл манайд учирч байна. 

Нэгдүгээрт, бид өмчөө алдаж байна. 2 миллиард орчим төгрөгийн шугам сүлжээгээ алдчихлаа. Манай өмчийг намайг гадаадад эмчилгээнд явсан хооронд зөвшөөрөлгүй авсан байсан. Аймагт, яаманд хандаад 05 дугаар сарын 07-ноос 09 дүгээр сарын 15-ныг хүртэл гадаадад эмчилгээнд явсан. Дараа нь гэхэд Тайваньд 3 удаа зүрхний мэс засалд орсон. Миний хийсэн зүйлийг энд тэнд нь хэдхэн труба сольчихоод 5.5 миллиард төгрөгөөр бүртгээд авчихлаа. Энэ одоо мөнгө угааж байгаа юм уу эсхүл миний хөрөнгө тийм их үнэтэй байсан юм уу? Би тийм бага үнэлж байсан юм уу? ойлгомжгүй байна. Үүний цаана асар их ашиг сонирхлын зөрчил байна гэж ойлгож байгаа. Энэ асуудлаар би энэ насаа дуустал хөөцөлдөж үр дүнг нь үзнэ. Эсвэл энэ яамнаас чиглэл өгөөд тийм үнэтэй болчихсон юм уу? Увс аймгийн хэсэг нөхдүүд сайдын бичгийг ашиглаж ийм аргаар төрийн мөнгийг угааж байна уу. 5 сая төгрөгийн шугам сүлжээ солигдох ёстой. 5 сая төгрөгийн ажил хийгдээгүй.

Хоёрдугаарт, бид дулаан нийлүүлэх гэрээтэй аж ахуйн нэгжүүдээ энэ актын хүчээр шинэ дулааны станцуудтай холбоод жил бүр 552 сая төгрөгийн орлого олдог байсан орлогоо алдчихаад байна. Одоогийн байдлаар 2014, 2015, 2016 онд олох орлого 1 миллиард 600 сая төгрөгийн орлого олох хэрэглэгчдээ алдчихлаа. Эдгээрийг яагаад хэлж байна гэхээр энэ хэрэглэгч нартай гэрээтэй ажилладаг байсан. 2015 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл дулаанаар хангах гэрээтэй байсан. Ц.Б дарга мэдэхгүй сайхан ярих юм. Таны 2015 онд орсон гэх шинэ станц чинь 2014 оны 10 дугаар сарын 01-нд ашиглалтад орсон. Шүүх бүрэлдэхүүнийг энэ талын мэдлэг байхгүйгээр далимдуулаад буруу зүйл яриад байна. 

Жинхэнэ горимын тооцоо гэдэг нь зөвхөн дулааны гидравлик тооцоо хийдэг инженер газар дээр нь очиж багажаар судлаад, багажаар хэмжээд тэр шугамын насжилт тогтоолгоод хийдэг юм. Хийх хийхдээ бидний хэлээд байдаг даралт биш. Тэр шугамын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг тооцоолоод үүгээр ямар хэмжээний даралттай ус хэдий хэр хоолойгоор яваад даралт нь тэнцэх үү?, багасах уу? гэдгийг тооцоолдог. Сайдын хавсаргасан зүйлийг горимын тооцоо гэж хэлээд байна. Энэ бол гар ноорог шиг зүйл байна. Үүнээс хамаагүй илүү нарийн тооцоо, судалгаа гаргах ёстой. Энэ 2011 онд батлагдсан гэж хэллээ 2013, 2014 оны зүйлийн горимын тооцоог 2010, 2011 онд яаж хийж байна вэ? Буруугаар тайлбарлаж яриад байна. 2003 оноос хувьчлаад Төрийн өмчийн хорооноос өмчилсөн гэж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайх өмчөө хувьчлаагүй гэж яриад байна. Би уг нь мэргэжлийн маргаан болно гэж бодож орж иртэл худлаа зүйл зохиогоод яриад байна. Би сайдын А/3353 актаас нэг зүйлийг олж мэдлээ үүнийг нотолгоотой хэлье. Шинэ дулааны станцаа нь намайг дампууруулах гэж баригдсан юм байна. Яагаад гэвэл би 2008-2012 онд аймгийн иргэдийн хуралд яг дэд бүтэц хариуцсан комиссын дарга нь байсан. Ямар ч ийм шинээр дулааны станц барих асуудал орж ирээгүй, нэг ч ийм зүйл яригдаагүй. 

Зөвхөн Улаангом хотыг энэ хэвээр нь утаатай байлгахгүй гэдэг үүднээс жижиг зуухнуудыг нэгтгэх шинэ дулааны станц барих шаардлагатай гэсэн юм ярьсан. Ямар нэгэн мөнгө төгрөг тусгасан, аймаг орон нутгаас авсан санал байхгүй. Зөвхөн манайх Увс аймгийн 80 хувийг хангаж байсан. Одоо 25 хүрэхгүй хувьтай үлдэж байна. Зөвхөн Увс дулааны шугамаас дахиад 70%-ийн хэрэглэгчдийг шинэ станцад хамааруулах тооцоо байгаа. Тэнд өөр станц бариагүй бол би энэ станцаа худалдаад явах боломжтой. Гэтэл хажууд нь төрөөс дэмжсэн ийм станц байхад хэн надаас худалдаж авах вэ дээ. Би олон жилийн турш хөрөнгө мөнгө, цагаа зарцуулаад одоо л сайхан ажиллуулъя гэж байхад хажуугаас орж ирээд төрөөс дээрэмдээд авч байна. Увс аймагт өвөл 50 градусаас дээш хүйтэн болдог. Манай нэг зуух 95 градус дулаан гаргаж байгаа, 2 зуух нийлээд 152 градус дулаан болдог. Шинэ станц нь 3-н зуухаа галлаад дээд тал нь 90 градус гаргаж байгаа. Эргэдэг ширэмтэй манай станцыг эргэдэггүй ширэмтэй хуучин технологийн станцаар сольж барьсан байгаа. Манай станц бол өндөр температурын хөргөх тавцантай, буцламтгай давхарга гэдэг технологитой. Гэтэл шинэ дулааны станц нам температурын зуух байгаа. Температурын хязгааргүй дулааны станцыг хязгаартай дулааны станцаар сольж байна. Миний олон жил хүч хөдөлмөрөө зарж байж босгосон энэ бүтээн байгуулалтыг маань яамны сайд ганц хуудас бичгээр нураагаад хаячихлаа. Ганцхан Д.С-т биш Увс, Ховд аймгийнх нийлээд 40 гаруй мянган айлын өрхийн хэрэглэгчид, тэнд ажиллаж байгаа 200 гаруй ажилчны эрх ашигт халгаатай зүйл хийсэн байна. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэсэн захиргааны шийдвэрийг хүчингүй болгож өгөөч ээ гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.” гэв.

Нэхэмжлэгч С.Л болон гуравдагч этгээд “У” ХХК, “Б” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт шүүхэд гаргасан тайлбартаа:

“...2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 акт гаргасан. Захиргааны актаар Ховд аймгийн Жаргалант сумын “Б” ХХК, Увс аймгийн Улаангом хотод үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн эзэмшиж ашиглаж байгаа С.Л-ийн өмчлөлийн шугам сүлжээг тасалж өөр этгээдэд шилжүүлсэн байгаа. Ингэж шилжүүлснээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдсөн. 

1. “У” ХХК 3 зуухтай, 30 гаруй байгууллага, 450-600 өрх, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу өмчилж авсан шугам сүлжээг тасалж өөр хүнд өгсөн байгаа. Хуулийн дагуу өмчилж авсан зүйлийг асуулгүй шууд авсан байна. Иргэний хуулийн өмчлөх эрхэд халдаж шаардах эрх үүссэн байна. А/3353 захиргааны актаар нийтдээ 3000м шугам сүлжээг тасалж авсан. Энэ шугам сүлжээний хохирол өнөөдрийн байдлаар 2-3 тэрбумын хохирол учруулж байна. 

2. Тухайн дулааны станцыг өөрийн зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон байгаа. 3 зуух ид ачааллын үед бүрэн ажиллаад олсон орлогоороо барилга байгууламжаа сэргээгээд явдаг байсан. Жилдээ 500 гаруй сая төгрөгийн ашиг олж барилга байгууламжаа сэргээж явдаг байсан энэ үйл ажиллагааг алдагдуулсан. Одоогоор жилд 312-319 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар хуулийн дагуу шударгаар өмчилж байсан эд хөрөнгө, эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байна. Үүнийг анхан шатны шүүхэд шийдсэн. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан байгаа. Нэгэнт Давж заалдах шатны шүүхээс иргэн С.Л-ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шийдвэр гаргасан учир дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 тоот захиргааны актыг гаргахдаа: Нэгдүгээрт, хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Хоёрдугаарт, урьдчилсан ямар нэгэн нотлох баримт, хяналт шалгалтын дүн ямар нэгэн тооцоолол дээр үндэслэлгүйгээр захиргааны актыг хийсвэрээр гаргаж “У” ХХК болон миний үйлчлүүлэгч С.Л-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Цаашлаад хэрэглэгчдийг шууд зааглаж чөлөөт сонголтын үндсэн дээр гэрээ байгуулан дулаанаар хангуулах сонгох эрхийг нь зөрчсөн. 

“У” ХХКын тухайд бол 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө үйлчилгээний төвд өөрийн дулааны станцаас дулаанаар хангаад явдаг байсан шууд зааглаж өгснөөр хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэглэгчид танайхаас дулаанаа авмаар байна гэж удаа дараа хүсэлт тавьж байгаа. Жишээ нь танайд би шатахуун нийлүүлдэг тийм учраас танай дулааныг авч байя гэсэн бартераар тооцоо хийгээд хоорондоо зохицоод явж байсан олон байгууллага байдаг. Гэтэл шинээр станц бариад хэрэглэгчдийг шууд зааж хуваарилснаас болоод олон бизнес уналтад ороод байна. Төмөр матдаг үйлдвэр дулаанаа аваад зуухны хоолой матаж өгөөд дулааныхаа оронд төлбөр хийгээд явдаг ийм л нөхцөл байдал байсныг байхгүй болгосон. Одоо тэдний зарим нь дампууралд ороод өнөөдрийн байдлаар 40 орчим нь өргөдөл, хүсэлтээ өгөөд танайхаас дулаан авмаар байна гэж хүссэн байгаа.

Эдгээр гэрээт байгууллагадаа дулаан өгье гэхээр шинэ дулааны станцын гидравлик тооцоогоор манай шугамыг нь шууд таслаад авчихсан учраас манайх дулаан түгээх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл чөлөөт өрсөлдөх зарчмыг Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 тоот захиргааны актаар хязгаарлаж өгсөн. Шинэ дулааны станц төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт давамгай байдал зохиомлоор олгосон. Өндөр хэрэглээтэй, төлбөрийн чадвартай гэсэн хэрэглэгч нарыг санал асуулгүй шууд авч шинэ дулааны станцад өгөөд манай компанийг дампууруулах нөхцөл байдлыг бий болгосон. Хэрэглэгч нь тухайн дулаан хангагчтай чөлөөтэй харьцах, гэрээ байгуулах энэ нөхцөл байдлыг байхгүй болгосон. 

Эрчим хүчний тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч болон дулаан түгээгч хоёрын хоорондын маргаантай асуудал гарвал зохицуулах эрх нь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд байгаа. Үнэхээр эрчим хүчээр хангаж чадахгүй байна гэж хэрэглэгч гомдол гаргасан, тооцоолол хийх шаардлага гарвал үүнийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, түүний дээд байгууллага Эрчим хүчний зохицуулах хороо шалгах, өөрчлөн зохион байгуулах эрхтэй байгууллага байгаа. Гэтэл Монгол Улсын Эрчим хүчний сайд өөрийн санаачилгаар Ц.Б даргаар ахлуулсан 1 баг очоод Л.М гэдэг мэргэжилтэн үүнийг компьютер дээр зурж хийгээд энэ шийдвэрийг гаргасан. Гарсан шийдвэр бичгээ явуулахдаа захиргааны актаар гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан өмчлөгчийн шударгаар эд хөрөнгө олж түүнийгээ зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн. 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ч, аймгийн Засаг дарга н.Цэндсүрэн нарт эрүүгийн хэрэг үүсээд Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган шалгасан. Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил гэдэг хүнээс ийм шийдвэр гарсантай холбогдуулаад уг шийдвэрийг биелүүлсэн байна гэдэг үндэслэлээр уг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Хэрэгсэхгүй болсон тогтоол дээр маргаан үүсээд өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокурор хэвээр үлдээсэн. Тэр шийдвэр нь байгаа. Энэ акт нь захиргааны акт мөн байна. Учир нь эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг шийдвэрлэхдээ энэ актыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь үүнийг нотолж байна. Хяналтын прокурор шийдвэр гаргахдаа захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байна гэсэн тогтоол гаргасан. Үүнийг 2, 3 жил чимээгүй яваад гомдол гаргаагүй гэж ярьж байгаа нь учир дутагдалтай байна. 

А/3353 захиргааны актыг гаргахдаа 1 дүгээрт миний үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг мараалын элэгдэлд орсон байна. Тийм учраас цааш хэрэглэгчдийг хангаж чадахгүй гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Гидравлик тооцоо гаргаж олон хэрэглэгч булааж авсан. Энэ станц ажиллахгүй аймаг хөлдөөгөөд байна гэж тайлбарладаг. Энэ чинь Улаангом сум, Жаргалант сум гээд хоёрхон суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүхэл бүтэн бусад 16 сумыг хамруулаад аймаг хөлдөөсөн гээд дүгнэлт хийгээд байдаг. Аймгийн удирдлагууд нь ийм дүгнэлт хийгээд шалгаад тогтоосон мэт захиргааны акт гаргаад хэрэглэгчдийг сонголтгүйгээр булаан авч байгаа энэ үйлдэл нь иргэний өмчид халдаж байна.  

Хариуцагчаас 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгийн хариу байдаг. Ингээд Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 тоот албан бичгээс харахад энэ албан бичигт хариу өгөөгүй байна. Маргаан бүхий захиргааны актад хариу өгөөгүй байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Төрийн албан хэрэг хөтлөлт нь хуульд заасан журмын дагуу тодорхой дэгтэй явагдах ёстой. Гэтэл үнэхээр хариу өгч байсан бол танай тэдэн оны тэдэн сарын тэд дугаар хүсэлтэд хариу хүргүүлж байна гээд явуулах ёстой. Гэтэл ямар нэгэн хоосон байдлаар захиргааны акт гаргаад тодорхой хэмжээний дүгнэлт хийгээд хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд, хэсэг хэрэглэгчийг салгаж авсан. Энэ үйлдлээ хийхдээ хэрэглэгчдээс хүртэл санал асуулгүй сонгох эрхийг нь зөрчөөд, хооронд нь байгуулсан, хугацаа нь дуусаагүй гэрээг нь үл тоомсорлож заавал эднийхээс авах ёстой гэдэг нөхцөл байдлаар асуудалд хандаж байгаа нь өөрөө хууль бус байна. 

Шинэ дулааны станц нь зохицуулалтгүйгээр хангадаг учраас төр үүнийг нь тогтоож өгдөггүй, хэрэглэгчдийг алагчилж үзэж байгаа юм. ...Үнэхээр шинэ дулааны станц барьсан л юм бол горимын тохиргоо хийгээд явахдаа манай шугамын хажуугаар зэрэгцээ шугам татаад явах хэрэгтэй. Тэгсэн бол бид өнөөдөр ингэж маргахгүй үйл ажиллагааг сайн явуулж хэрэглэгчээ татахын тулд шударга өрсөлдөөн, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явах л байсан. Гэтэл тэгээгүй шууд шугам сүлжээг таслаад заавал эндээс авах ёстой гэсэн тулган шаардалт хийж авсан. 

Энэ үйлдлээ Эрчим хүчний хууль гэсэн ерөнхий томьёоллоор зөвтгөж тайлбарладаг. Ингээд харахаар энэ харилцааг зохицуулсан ямар нэгэн хуулийн заалт байдаггүй. Монгол Улсын Эрчим хүчний сайд ийм гидравлик тооцоо хийгээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчийн эрхэд халдаад өмчийнх нь тодорхой хэмжээг төрд хүчээр шилжүүлсэн. Тухайн байгууллага бусад байгууллагатай Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулаад Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу төлбөрөөр тооцсон гэрээ байгуулаад үйл ажиллагаа хэвийн явж байхад нь тэдгээр хэрэглэгчдийг хэн нэгний хүсэл сонирхлыг асуулгүй үл тоомсорлон төрийн зохицуулалтад авсан. Энэ гаргасан захиргааны акт нь ямар нэгэн судалгаа дүгнэлтгүй, бодит нөхцөл байдлаас хол хөндий гарсан учир бид гомдоод үнэн зөвийг олох гээд шүүхэд хандаж байгаа. 

Эрчим хүчний хуулийн 35 дугаар зүйлд заасан аймгийн хэрэглэгч, хангагч хоёрын хоорондох харилцааны асуудал, шугам сүлжээ хэрэглэгчдийг халаах халаахгүйтэй холбоотой асуудал нь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороонд хамаарна. Эрчим хүчний яамны сайд өөрийн санаачилгаар дураар шийдэх эрх байхгүй. 

Иймд Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 тоот шийдвэр хуулийн дагуу гараагүй шийдвэр байна. Хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүд олон байна. 

Дараагийн үндэслэл нь 2014 оны 12 сард уг нэхэмжлэлийг гаргаад Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпилд очиж яагаад ийм үндэслэлгүй бидний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан юм бэ? гэж асуухад энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд уг шийдвэрийг би гаргаагүй гээд гарын үсгийг үзүүлтэл өөрийнх нь гарын үсэг биш байсан. Захиргааны хэргийн шүүхэд хандахад шүүх хуралдаанд хариуцагчаас сайдын гарын үсэг мөн гэж тайлбарлаж байсан. Энэ талаар маргаж яваад давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байхад гарын үсэг мөн эсэх дээр шинжээч томилох болоход хариуцагч талаас энэ сайдын гарын үсэг бишээ бид дардас дараад явуулсан гэж тайлбарласан. 

“Б” ХХК нь Ховд аймгийн Улаангом хотод байрлаж  нийтдээ 2500 хэрэглэгчтэй, 152 аж ахуйн нэгжийг хангадаг байгууллагаас байсан. Гэтэл 1000 гаруй айл өрх, хэрэглэгч, 40 гаруй аж ахуйн нэгж нийт хэрэглэгчийн 60 гаруй хувийг шилжүүлж авсан байгаа. Дахиад гидравлик тооцооны дагуу Ховд их сургууль, ерөнхий боловсролын сургууль зэрэг өндөр хэрэглээтэй зөвхөн ашигтай байж болохоор хэрэглэгчдийг шилжүүлж авахаар тооцоолж байна. Үүнээс болж “Б” ХХК цааш ямар нэгэн байдлаар ажиллах ямар ч боломжгүй болж байна. Зөвхөн 1420 айлтай үлдэнэ. 1420 айлаас сардаа 16 сая төгрөг хурааж авна. 16 сая төгрөгөөр өдөрт 120 тонн нүүрс шатаадаг том станц ажиллах ямар ч боломжгүй. Монгол Улсын Эрчим хүчний сайдын шийдвэрээр м.куб-аар тооцдог том байгууллагыг авч шинэ станцад холбох үйл ажиллагааны схем зураг гараад эхнээсээ ажил нь явагдаж байгаа. Гидравлик тооцооны дагуу энэ 9 сараас эхлээд ажиллах боломжгүй болж байгаа. Үлдсэн 1420 айл ерөөсөө хөлдөх нөхцөл байдал хүлээж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Л-ийн гаргасан “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээд “У” ХХК-ийн гаргасан “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актын хавсралтын “У” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 2003 онд аймгийн хэмжээнд хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх байгууллага объектийн жагсаалтыг баталж, Төрийн өмчийн хорооны 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Увс аймгийн 2003 онд хувьчлах аж ахуйн нэгж, үйл хөдлөх хөрөнгийн тухай” 183 дугаар тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын “Дулааны станц” ОНӨҮГ-ыг уралдаан шалгаруулалтын аргаар хувьчлах тогтоол гарч, 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улаангомын дулааны станцыг Увс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдэд хаалттай уралдаанд шалгаруулалтын журмыг баталсан байна.

Дээрх шалгаруулалтаар “Х” ХХК шалгарч, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар тогтоолоор 2003-2004 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө, нэг жилийн хугацаатай гэрээ бүрэн хэрэгжсэн тул Дулааны станцын өмчлөгчийн эрхийг “Х” ХК-ийн мэдэлд шилжүүлж, Худалдах, худалдан авах гэрээг байгуулан Увс аймгийн Дулааны станцын хөрөнгийг хүлээлцсэн байна. 

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Тендерийн ажлын хэсэг томилох тухай” 77 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийн халаалтын зуухыг шинэчлэх хөрөнгө оруулагчдын дунд зарласан уралдаант шалгаруулалтанд ирсэн тендерийг үнэлэх ажлыг хэсгийг байгуулсан байна. 

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн хувьчлах тендерийн ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтийг батласан “Х” ХК нь тендерийн ялагчаар шалгарсан байна. Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, СЭЗБЗХ-ийн дарга Н.Б, СЭЗБЗХ-ийн өмч хариуцсан мэргэжилтэн М.Б нар 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХХК-ийн халаалтын зуухны техникийг шинэчлэх хөрөнгө оруулагчдын дунд зарласан нээлттэй уралдаанд шалгаруулалтаар хувьчлан авсан “Х” ХК-ийн ерөнхий захирал Д.С-тай худалдах худалдан авах гэрээг байгуулж 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар протоколоор “Б” ХХК-ийн эд хөрөнгийг шинэ өмчлөгч Д.С-т хүлээлгэн өгсөн байна.

Нэхэмжлэгч С.Л-ээс “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Дулааны станцын 50х30, конторын барилгын 20х10, пүүний 6х12 хэмжээтэй, 261,782,095 төгрөгийн үнэтэй үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу өмчилж авсан шугам сүлжээг маргаан бүхий акт, хавсралт гидравлик тооцооллоор өмчлөгчид мэдэгдэлгүйгээр тасалж уг шугамаар хангагдаж байсан хэрэглэгчдийг шинэ станцад шилжүүлэн өгснөөр иргэний өмчлөх эрх болон ашиг орлогоороо хохирч тухайн дулааны станцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон” гэж, гуравдагч этгээд “У” ХХК, “Б” ХХК-ийн захирал Д.С-аас “Акт гаргахдаа мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт болон эрх бүхий байгууллагын дүгнэлт байгаагүй, Монгол Улсын Эрчим хүчний сайдын энэ албан бичгийг надад гардуулаагүй, надад гардуулсан гэх баримт байхгүй” гэж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ уг албан бичиг нь захиргааны акт биш, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, шугам сүлжээг хувьчлан авсан гэх баримт байхгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Нэхэмжлэгч С.Л-ийн гаргасан “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

С.Л нь “Увс дулааны станцын 50х30, конторын барилгын 20х10, пүүний 6х12 хэмжээтэй үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж”-ийг  2000 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520000379 дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, улсын бүртгэлийн 008108056 дугаартай гэрчилгээ авсан болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны 1/55, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/498 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгээр 2014-2015 оны халаалтын улиралд Увс болон Ховд аймгуудад зэрэгцээ ажиллах дулааны станцуудын хэрэглэгчдийг хуваарилсан нь байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрх нээгдэх нөхцлийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол “хөндөгдсөн” гэдгээр бус “хөндөгдсөн байж болзошгүй” гэдэг шалгуураар хүлээн авч шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч С.Л-г, өөрөөр хэлбэл Увс дулааны станцын барилгын өмчлөгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. 

Харин маргаан бүхий захиргааны актын хавсралтаар аймаг тус бүрээр хувааж шийдвэрлэсэн гидравлик горим тооцох, техникийн шугамыг хавсаргасан бөгөөд үндсэн захиргааны акт болон А/3353 дугаар албан бичгийн агуулга нь аймаг тус бүрээр ялган дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны А/3353 дугаар албан бичиг болон түүний /11-14 дүгээр хуудас/ хавсралт болох Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч С.Л-д заавал хүргүүлэх үүрэггүй, эдгээр захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэлээ.

Монгол шуудан ТӨХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/113 дугаар албан бичгээр “..маргаан бүхий захиргааны актыг С.Л-д манай байгуллагаар хүргүүлээгүй...” гэсэн лавлагаа болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж буй тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны А/3353 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй, гардуулан өгөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...уг актыг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олж мэдлээ...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч С.Л-ээс “...актын хавсралт гидравлик тооцооллоор шугамыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр тасалж уг шугамаар хангагдаж байсан хэрэглэгчдийг шинэ станцад шилжүүлэн өгснөөр иргэний өмчлөх эрх болон ашиг орлогоороо хохирч тухайн дулааны станцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон” гэж маргаж байгаа боловч анх нэхэмжлэгч С.Лхамсүрэнгийн өмчилж авсан станцын, конторын болон пүүний барилгад нэхэмжлэгчийн маргаж буй шугам сүлжээ хамаарахгүй гэдэг нь 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Увс аймгийн Дулааны станцын үндсэн хөрөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байна. 

Уг актын барилга байгууламж хэсэгт нэхэмжлэгчийн өмчилж байгаа станцын, конторын болон пүүний барилга байгууламжаас тусдаа гадна шугам сүлжээ, дулааны төв шугам зэрэг нь бүртгэгдсэнээс үзэхэд маргаан бүхий актаар Увс дулааны станцын дулааны хэрэглээ, түүнээс үүсэх үр дагаврын асуудлыг шийдсэн нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндөөгүй байх тул дээрх үндэслэлээр “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг “У” ХХК, “Б” ХХК-уудын захирал Д.С-т хаяглан “Монгол шуудан” ХК-аар хүргүүлснийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 20 минутад, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 20 минутад тус тус Г.Байгальмаа гэх хүн гардуулсан нь Шуудангийн бичиг хүргэгчийн дэвтэрээр тогтоогдож байх хэдий ч “У” ХХК-д Г.Байгальмаа гэх хүн 2015 оны 09 дүгээр сард ажлаасаа гарсан болох нь  Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байх тул “У” ХХК маргаан бүхий актыг гардуулсан гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. 

“У” ХХК нь хувьчлагдсанаас хойш онуудад дангаар ажиллаж байх үедээ Увс аймгийн Улаангом сумын хэрэглэгчдийг найдвартай дулаанаар бүрэн хангаж чадахгүй, үйл ажиллагааны доголдолд орж, өвлийн ачааллын үед аваар, осол гарч байсан нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрчим хүчний салбарын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 295 дугаар тогтоолын 3 дах хэсэгт “У” ХХК, Ховд аймгийн “Б” ХХК-уудын өвөлжилтийн бэлтгэлд шаардагдах 3 дугаар хавсралтад заасан засварын зардлыг тооцоог нь хянасны үндсэн дээр төсвийн зээл олгох, төрийн болон хувийн өмч хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт олгох зэрэг арга замаар шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.З, Сангийн сайд С.Б, Увс аймгийн Засаг дарга Э.Ц, Ховд аймгийн Засаг дарга Г.Н, Төрийн өмчийн хороо (Д.С) нарт даалгасугай”, 3 дугаар хавсралтаар хийгдэх ажилд тус бүр 300,0 сая төгрөг гэсэн бичиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Увс аймгийн Улаангомын дулааны станцыг хэвийн ажиллагаанд оруулах зорилгоор тус станцын зуухны ул ширэм солих зориулалтаар 35 сая, мэргэжилтэн томилолтоор ажиллах зориулалтаар 5 сая, нийт 40 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах” тухай 28 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Увс аймгийн Улаангомын дулааны станцад гарсан аваарын улмаас учирсан хохирлыг арилгахтай холбогдсон зардалд 370 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах” тухай 45 дугаар тогтоол, “У” ХХК-иас 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад туслалцаа хүсэх тухай”  албан бичиг,  “Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн системд горим тогтоож, тохируулга хийсэн ажлын тайлан”, 2009 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06/177/03 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, Увс аймаг Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягаас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаар албан бичгээр “...Тус сумын ЗДТГ нь 11 дүгээр багт байрладаг, урьд нь хуучин дулааны станцаас дулаанаар хангагддаг байсан бөгөөд энэ үедээ байрны халаалалтын хувьд ерөнхийдөө жиндүүхэн, бохир цэвэр усны шугам тогтмол хөлдөж байсан бөгөөд дулааны 2 дугаар станц ашиглалтанд шинээр орсонтой холбогдуулан тухайн байгууллага байршлынхаа дагуу тус байгууллагаас төвлөрсөн дулаан хангамжаар хангагдах болсноор дээрх доголдол дутагдал бүрэн арилж, хэвийн ажиллаж байгаа” гэх албан бичиг, Увс аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр Дулааны 2-р станц дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-т “...Манай байгууллага нь 2014 оноос дулааны II дугаар станцад холбогдсон Үүнээс урьд жилүүдэд хуучин дулааны станц хангалттай халаалт өгч чаддаггүй, хөлдөлт үүсч бүх паараа шинэчилж байсан учир Дулааны II дугаар станцад холбогдох хүсэлт гаргасан” гэх албан бичиг, Увс аймаг Улаангом сумын 2 дугаар цогболбор сургуулиас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаар албан бичгээр “Манай сургууль хичээлийн 1, олимпиад, дотуур байр, бага сургууль цэцэрлэгийн гэсэн 3 байртай. 2013 оноос өмнө хичээлийн 1 дүгээр байрны жигүүр бүрт хөлдөлттэй мөн дотуур байр, олимдиадын байрны тасалгааны дотно темпаратур 100 С, коридор ба задгай талбайд 70с-80с байсан. Иймд 2013 оноос 3 дугаар байранд насос тавьж ажиллуулж эхэлсэн. Хөлдөлтийн улмаас байнгын ус алдалттай, гадна шугам сүлжээ муу учраас даралт даахгүйгээр хагарч траншей ухах зэрэг байнгын засвартай байсан. Бага сургууль, цэцэрлэгийн байранд урлаг заал хөлдөлтөөс болж хаалттай ажиллахгүй, 242 номерийн анги үргэлж хүйтэн пар нь хөлдөх зэргээр байнга доголдолтой байсан тул хөлдөлтөөс сэргийлж өвлийн улиралд сантехникчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байсан бөгөөд байнгын доголдолтой учир хөлдөлт гарч ямар ч нөхцөлд хэрэгцээ хангасан дулаан ирдэггүй байсан. 2014 оны 9 дүгээр сараас шинэ дулааны 2 дугаар станцад холбогдсноос хойш халаалт хэвийн болж урьдынхаас сайжирч дотор халаалтын системийн доголдол арилснаар сургуулийн хүүхдүүд сэтгэл хангалуун дулаан орчинд сурч хүмүүжиж байна” гэх албан бичиг, Увс аймаг Улаангом сумын 3 дугаар багийн 1-60 дугаар байр, 2-60 дугаар байр, 2-36 дугаар байр, 1- 16, 20, 24, 30, 48 айлын орон сууц, 3-р баг БНБ 5 дугаар байр, хангамжийн 15 айлын орон сууцны оршин суугчдаас 2014 оноос өмнө байрны халаалт хангалтгүй байсан, 2014 оноос хойш халаалт маш сайн байгаа гэх санал асуулгуудаар тус тус тогтоогдож байна. 

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байх ба 6.1.2, 6.1.12-т “...эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, ... эрчим хүчний эх үүсвэр,... барих талаар төрийн бодлогыг боловсруулах,... шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах”-аар зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд шинэ дулааны станц барих, улмаар уг станцын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эрчим хүчний нөөцийг хуваарилах эрх хариуцагч захиргааны байгууллагад дээрх хуулиар олгогдсон байх тул Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны А/3353 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “...хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх” гэж заасны дагуу Эрчим хүчний яамнаас болон Монгол Улсын Эрчим хүчний сайдаас гаргах аливаа шийдвэрийг гуравдагч этгээд “У” ХХК дагаж мөрдөх үүрэгтэй байна. 

Гэвч хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд тухайн этгээд болох Увс дулааны станцад урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа маргаан бүхий актын хувьд хийгдээгүй, түүнчлэн захиргааны байгууллагын зүгээс энэ ажиллагааг хийхэд гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүйгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд актыг хавсралтын хамт хүчингүй болгуулах үндэслэлээ “... бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд цаашид мэдэгдэхгүйгээр нэмээд хэрэглэгч тасалж авахыг зогсоохын тулд хүчингүй болгуулах шаардлагатай байна...” гэсэн зэргийг харгалзан маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны А/3353 дугаар албан бичгийн хавсралт гидравлик тооцооллын Увс дулааны станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг /хавсралтын 1-10 дугаар хуудас/ захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Увс дулааны станц анх хэдэн хэрэглэгчтэй байсан, шинэ станцад түүнээс хэдэн хэрэглэгч хуваарилах, дулааны шугамын хэрэглээг хэрхэн хуваарилах зэргийг шүүхийн зүгээс тогтоох боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны А/3353 дугаар албан бичгийн /11-14 дүгээр хуудас/ хавсралт болох Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гуравдагч этгээд “У” ХХК-д хамааралгүй байх тул маргаан бүхий актын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Л-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Эрчим хүчний сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагын “У” ХХК-д холбогдох хэсгийг, гуравдагч этгээд “У” ХХК-иас “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “У” ХХК-иас гаргасан “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн “Хавсралт /1-10 дугаар хуудас/ гидравлик тооцооллын Увс дулааны станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл”-ийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Л-ийн “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичиг болон түүний /11-14 дүгээр хуудас/ хавсралт болох Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “У” ХХК-иас гаргасан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн /11-14 дүгээр хуудас/ хавсралт болох Ховд аймгийн Жаргалант сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Монгол Улсын Эрчим хүчний сайд шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн хавсралт /1-10/ гидравлик тооцооллын Увс дулааны станцад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдэл хүчингүй болохыг мэдэгдсүгэй

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 50 дугаар зүйлийн 50.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Л, гуравдагч этгээд “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  тус тус төлсөн 70200 төгрөгөөс тус бүр 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч С.Л, гуравдагч этгээд “У” ХХК-д буцаан олгож, үлдэх 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ОДМАА

            ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

              ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА