Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1397

 

     Н.Нанжидын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/02712 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Нанжидын

Хариуцагч Ж.Гэрэлмаад холбогдох

 

7 686 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Нанжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Гэрэлмаа миний хүү Ц.Сэр-Одыг Солонгос улсаас ирэхэд нь гэр бүл болно гээд 10 000 ам.долларыг надаас болон миний хүүгээс цувуулан авсан. Гэтэл миний хүүг Солонгос улсаас ирсэн үед тэд сэтгэл санаа нь таарч нийлээгүй тул гэр бүл болоогүй бөгөөд  Ж.Гэрэлмаа нь зээлж авсан мөнгөө цувуулж буцааж өгч байгаад үлдэгдэл  болох 3 942 ам.доллар буюу 7 686 900 төгрөгийг төлөөгүй. Миний хүү Солонгос улсад ажиллаж олсон дээрх мөнгийг өгсөн ба би хамтран данс эзэмшигчийн хувьд уг мөнгийг банкнаас гаргаж өгч байсан. Иймд Ж.Гэрэлмаагаас 7 686 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Гэрэлмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Авсан мөнгийг зарцуулах зүйлд нь зарцуулаад үлдсэн мөнгийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Тухайн үед авсан ам.долларыг яг тэр үед нь Монгол мөнгө болгоод өөрсдийнх нь зааврын дагуу зарцуулсан байгаа. Миний бие Ц.Сэр-Одтой сар гаруй хугацаанд болж бүтнэ гэж амьдарсан. Ямар ч байсан өгсөн мөнгөөр нь би өөрсдийнх нь хүслийн дагуу газар авч, байшин барьсан. Түүнийг өгсөн, одоо өр төлбөргүй гэж бодож байна. 8 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүнээс миний бие хохирч байна гэжээ.

 

  • Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Ж.Гэрэлмаагаас 7 686 900 төгрөгийг гаргуулах тухай Н.Нанжидийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 156 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлгүйгээр буруу үнэлж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хэт нэг талыг барьж ташаа тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх дүгнэхдээ: ... Н.Нанжид нь нэхэмжлэх эрхгүй этгээд байна гэж үзсэн. Гэтэл Н.Нанжид нь Ж.Гэрэлмаад өөрөөсөө 2007 оны 8 дугаар сарын 18-нд 6 500 долларыг шилжүүлж өгсөн байдаг. Мөн Ж.Гэрэлмаа нь 10 000 долларыг Н.Нанжидад өгнө гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч Н.Нанжидтай хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Иймд Н.Нанжид нь Ж.Гэрэлмаагаас төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд мөн бөгөөд түүнийг нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүх "... Ц.Сэр-Од нь анх Ц.Гэрэлмаад мөнгө шилжүүлэхдээ буцаан авах нөхцөлтэйгээр буюу зээлсэн болох нь нотлогдохгүй байх тул тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй байна" гэж дүгнэсэн. Ингэж зөвхөн зээлийн гэрээний харилцаа үүссэн тохиолдолд буцаан шаардах эрхтэй мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Монгол улсын иргэн хүн өөрийнхөө өмч хөрөнгийг бусдын хууль бус өмчлөл, эзэмшлээс шаардан авах эрх нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Иргэний хуулиар баталгаажсан үндсэн эрх юм. Гэтэл зээлийн гэрээний харилцаа үүсээгүй л бол буцаан шаардах эрхгүй гэж ташаа тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн Ц.Сэр-Од, Ж.Гэрэлмаа нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй учир гэр бүл болох зорилгоор бий болгосон эд хөрөнгө нь хуваарьт хөрөнгөнд тооцогдох бөгөөд хуваарьт хөрөнгөө бусдаас шаардах эрх нь хууль ёсны эрх юм. Мөн хариуцагч Ж.Гэрэлмаа нь анх Ц.Сэр-Одыг гадаад улсад хараар ажиллан хүний боол хийж хөлс хүчээ шавхан олсон хэдэн төгрөгийг нь түүнтэй сууна гэж худал хэлэн авч өөртөө байр, машин, газар гэх мэт бүх асуудлаа шийдчихээд эцэст нь ямар ч шалтгаангүйгээр чамтай суухгүй гэж хөөж явуулсан байдаг юм. Энэ нь хүн чанар, шударга ёсны хувьд ч байж боломгүй асуудал юм. Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Ж.Гэрэлмаад холбогдуулан гэр бүл болоход нь зориулж өгсөн зээлийн гэрээний үүрэгт 3 942 ам.доллар буюу 7 686 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Н.Нанжид гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Нанжид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өөрийн хүү Ц.Сэр-Од, Ж.Гэрэлмаа нарыг гэр бүл болоход нь зориулж 10 000 ам.долларыг өгсөн, харин Ц.Сэр-Од, Ж.Гэрэлмаа нар нь гэр бүл болоогүй бөгөөд хариуцагч нь зээлж авсан мөнгөө цувуулж өгч үлдэгдэл 3 942 ам.доллар буюу 7 686 900 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй” гэж тайлбарлажээ. /хх- 57/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу .. эд хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

 

Талуудын тайлбар болон хариуцагч Ж.Гэрэлмаагийн бичсэн “Баталгаа” гэх баримтаас үзэхэд Ц.Сэр-Од нь БНСУлсад ажилладаг бөгөөд өөрөө болон нэхэмжлэгч Н.Нанжидаар дамжуулан хариуцагч Ж.Гэрэлмаад 10 000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч Ц.Сэр-Од нь Ж.Гэрэлмаад мөнгө шилжүүлэхдээ хугацаа тохирч, буцаан авах нөхцөлтэйгээр зээлсэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хх- 28/

Нэхэмжлэгч Н.Нанжид, хариуцагч Ж.Гэрэлмаа нарын хооронд мөн зээлийн гэрээний болон бусад үүргийн харилцаа үүсээгүй, мөн Ц.Сэр-Одоос Н.Нанжидад өөрийн нэрийн өмнөөс Ж.Гэрэлмаад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгосон гэх баримт байхгүй байх тул Н.Нанжидыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагчаас мөнгө гаргуулах боломжгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/02712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нанжидаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                          Д.БАЙГАЛМАА