Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0159

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр                   

Дугаар 221/МА2019/0159

                            Улаанбаатар хот

  

 

“Г.Б.А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн  төлөөлөгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Х.Н нарыг оролцуулан, Өмнөговь дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Г.Б.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г.Б.А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн /ажлын хэсгийн гишүүд/ Г.Ш, Г.Ц нар/-ийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн /ажлын хэсэг /Ш.Н, Д.З, Г.Ш, Г.Ц нар/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн “Г.Б.А” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай “Г.Б.А” ХХК нь Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын захиалгын дагуу Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас гэрээгээр Боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах“ ТЕНДЕРТ шалгарсан тул Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.Агийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийн дагуу 37 102 000 төгрөгийн үнэ бүхий Зөвлөх үйлчилгээний гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулж, бүхий л болзол нөхцөлийг ханган цаг хугацаандаа Зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Гэтэл Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.А нь манай гүйцэтгэсэн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, 98.3 хувийн оноотой А үнэлгээ өгсөн аудитын менежерийн болон ажлын хэсгийн 86 хувийн оноотой А үнэлгээг тус тус хянаж баталгаажуулахгүй, үнэлгээг зориуд бууруулсан 84 хувийн В үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөр огноолон гаргуулж, хянаж баталгаажуулж манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан төдийгүй 2018-2020 онуудад гэрээ сунгах нийт 2 жилийн хугацаанд дээр дурдсан аудитын ажлыг гүйцэтгэн нийт 74.2 сая орчим төгрөгийн орлого олох боломж нөхцөлийг алдагдуулж бидний эрх ашгийг илтэд хохироосон болно.

Манай компани зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газар болон Г.Б.А ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 тоот дугаартай Аудитын ажил гүйцэтгэх гэрээг шууд сунгахыг даалгахыг хүсэж нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлсон юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэлгүй ердийн журмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудит газрын дарга, Тэргүүлэх аудитор П.А гийн зохион байгуулсан Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын хэсгийн гишүүд Г.Ш, Г.Ц нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан 84 хувийн В оноотой Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шударга үнэн зөв шийдвэр болсонд талархаж байна. 

Манай компанийн ажлын үнэлгээг хууль бусаар бууруулсныг шүүх ийнхүү нотлох баримтыг үндэслэн тогтоосон тул манай нэхэмжлэлийн гол үндсэн шаардлага болох Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газартай байгуулсан 2018/01 тоот дугаартай Аудитын ажил гүйцэтгэх гэрээ сунгах үндэслэл болсон 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн /ажлын хэсэг Ш.Н, Д.З, Г.Ш, Г.Ц нар/-ийн 86 хувийн оноотой А үнэлгээг хянаж баталгаажуулах, Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны А- 191 дугаар тушаалаар батлагдсан "Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын 5.4 дэх заалтаар аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээгээр 85 хувиас дээш оноо авсан бол гэрээ сунгах үндэслэл болно гэсэн заалтын дагуу “гэрээг шууд сунгахыг...” гэж заах ёстой байтал анхан шатны шүүх шийдвэртээ “... гэрээг сунгах эсэхийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг" гэж тодорхой бус байдлаар заасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдалд хүргэж байна.

Аудитын ажил гүйцэтгэх гэрээг сунгах эсэх нь хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Агийн эрх хэмжээ, үзэмжийн асуудал мэт ташаа ойлголт төрүүлэхээр шийдвэр гарсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 70 тоот албан бичгээр 2018 оны санхүүгийн тайлан аудит хийх байгууллагын жагсаалт болон хуваарийг Үндэсний аудитын газарт хүргүүлэхдээ Боловсролын багц 67 байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх ажлаас манай компанийг бүрмөсөн хассан байсан учир шүүхийн шийдвэрт зааснаар манай гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ сунгахгүй ч байж болно гэсэн агуулга илэрхийлэгдэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг заавал биелэгдэх байдлаар тодорхойлж өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байгаа болно.

Боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тендер зарлаж Өмнөговь аймгийн Төрийн аудитын газар захиалагч болсон атлаа манай компанийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх аудитын ажил гүйцэтгэх гэрээгээ сунган ажиллах болзол 98 хувиар болон 86 хувиар хоёр удаа хангагдсан А үнэлгээ буюу тайлан гарсан байхад зориуд хясан боогдуулж 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 70 тоот албан бичгээр 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх байгууллагуудын жагсаалт болон хуваарийг Үндэсний аудитын газрын Стратеги удирдлагын газарт явуулахдаа жагсаалтаас манай компанийг бүрмөсөн хасаж, Боловсролын багцын 67 байгууллагын ажлыг Өмнөговь аймгийн Төрийн аудитын газар өөрөө хийж гүйцэтгэх хуваарь гаргасан нь анхан шатны шүүхээр хууль бус гэж тогтоогдсон 84 хувийн оноотой В чанарын үнэлгээний үр дагавар учир хууль бус шийдвэрийн үр дагавар хууль бус байх зарчмын дагуу Боловсролын багц 67 байгууллагын санхүүгийн аудитын ажлыг хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.А өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэх шийдвэр гаргаж гүйцэтгүүлэх нь хууль бус ажиллагаа болох юм.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын өдөр 70 тоот албан бичгээр 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх байгууллагуудын жагсаалт болон хуваарийг анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэр баталгаажуулах журмаар захиргааны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх урьдчилсан шатны шүүх хуралдаан дээр 84 хувийн оноотой В хууль бус үнэлгээний үр дагавар учраас шаардлагагүй гэж тайлбарлан хэрэгсэхгүй болгосон бөгөөд манай компанийн хувьд шүүхийн шийдвэр болон 84 хувийн В үнэлгээ хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Аудитын ажил гүйцэтгэх гэрээ сунгах болзол хангагдаж Захиргааны гэрээг сунгаж байгуулах захиргааны шийдвэрт хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчилнэ гэж найдаж байсан болно.

Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дах хэсэгт “ Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна. Гэрээгээр аудит хийлгэх, аудитын тайланг баталгаажуулах журмыг Монгол Улсын ерөнхий аудитор батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам” нь Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны шийдвэр мөн билээ.

Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газар, Орон нутгийн аудитын газрууд энэ журмыг дагаж мөрдөн 85 хувийн оноотой А үнэлгээ буюу түүнээс дээш оноотой А үнэлгээ авсан аудитын компаниудыг гэрээг шууд сунган шийдвэрлэж, төрийн болон төсвийн байгууллагуудын 2018 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланд хийх санхүүгийн тайлангийн аудитын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байгааг зориуд энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дах хэсэгт зааснаар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр танилцуулан сонсгосноор хүчинтэй болсон бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлд “ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг ... заавал биелүүлэх үүрэгтэй...”гэж, түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага гүйцэтгэнэ.” тус тус заасан байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эдгээр хууль болон журмуудад нийцүүлэн манай “Г.Б.А” ХХК Аудитын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхтэй болсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт “... гэрээ байгуулах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж “ гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан даалгах шийдвэр нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг ногдуулсан байх зарчим болон шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлж чадсангүй, эргэлзээ бүхий өөрөөр хэлбэл хууль буюу журамд нийцүүлэн шийдвэрлэсэн харин гэрээг сунгахгүй ч гэдэг юм уу хариу өгч нэр төдий шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн байх боломжийг хариуцагчид олгож, манай компанийн тендерт шалгаран гүйцэтгэсэн ажлын гэрээгээ сунган цаашид ажиллах боломжгүй байдалд хүргэх, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан шүүхийн шийдвэр гэрээний сунгалт хийхийг даалгах хэсэгтээ биелэгдэх боломжгүй байдалд хүргэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын захиалгатай тус аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайлангийн аудитын ажлыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний Тендерийн ажлыг 2018 онд “Г.Б.А” ХХК-тай байгуулсан.

Аудитын ажил гүйцэтгэх гэрээг сунган гүйцэтгүүлэхийг даалгах тухай манай нэхэмжлэлийн гол үндсэн шаардлагыг Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны А-191 дугаар тушаалаар батлагдсан "Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын 5.4-д аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээгээр 85 хувийн оноотой А үнэлгээнээс дээш оноо авсан бол гэрээ сунгах үндэслэл болно гэсний дагуу тухайн журмын 3.5 -д зааснаар гэрээг сунгахаар шийдвэрлэхийг хариуцагчид тодорхой үүрэг болгон даалгасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч “Г.Б.А” ХХК-тай Иргэний хуулийн дагуу байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээний гүйцэтгэсэн ажлын үнэлгээг хийлгэхээр Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар тушаалаар ажлын хэсгийн ахлагч Ш.Н, гишүүдээр Аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарыг томилсон.

Ажпын хэсгийн ахлагч Ш.Н нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс МУЕА-ын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж ажлын хэсгийн гишүүдээр аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарыг томилсон болно.

“Г.Б.А" ХХК-иас 67 байгууллагын 81 боть баримтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлж ажлын баримт бүрдүүлэлт, хугацаа баримталсан байдал, гүйцэтгэсэн ажпын нийт дүнд оруулсан хувь нэмрийг үнэлж гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээг гаргасан.

Гэрээ байгуулсан аудитын компанийн нэр

Ажлын хэсгийн гишүүн Г.Ш

Ажлын хэсгийн гишүүн Г.Ц

Ажлын хэсгийн Ерөнхий үнэлгээ

 

“Г.Б.А” ХХК

84

84

84

 

Үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажлын хэсэг нэгтгэж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын даргаар баталгаажуулж "Үндэсний аудитын газар” болон “Г.Б.А” ХХК-нд албан ёсоор хүргүүлсэн болно.

Хувь оролцоо буюу хараат бус аудитын хуулийн этгээдийн гүйцэтгэсэн ажлын нийт үр дүнд оруулсан хувь оролцоог зөвлөмж, залруулга, төлбөрийн акт хүлээн зөвшөөрүүлж бүртгэсэн үр өгөөжийг байгууллага тус бүрээр үнэлгээний маягтын дагуу дүгнэсэн.

 Үнэлгээ өгөхөд:

1.    Аудитын дуусгавар болсон ажлын тайлан, санхүүгийн тайлан, зөвлөмж, гэрчилгээнээс бусад үе шатны ажлуудад гүйцэтгэсэн ажлын маягтыг тэргүүлэх аудиторын гарын үсгээр баталгаажуулаагүй, ажлын баримтын бүрдэлд 1-2 оноог хасаж тооцсон.

2.    Аудитын хөтөлбөрийг байгууллага тус бүрээр гаргаагүй, 67 байгууллагад нэг хөтөлбөрөөр ажилласан боловч хугацаандаа аудитын хөтөлбөрөө батлуулж ажиллаагүй тул 1-2 оноо хасч тооцсон.

Хамгийн дээд оноо болох 5 оноог авахад “шаардлагыг бүх талаар бүрэн хангасан байх” шаардлагатай байгаа тул бидний үнэлсэн үнэлгээ бодит хийгдсэн гэдгийг баталж байна.

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээг цаашид сунгах эсэх асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн А/64 “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах заавар, аргачлал"-ын 4.4-т Ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээнээс хамаарч цаашид гаргах шийдвэр нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

Ерөнхий  үнэлгээ

Үнэлгээний тайлбар

Гаргах шийдвэрийн утга

Авсан оноо

  Ангилал

1.

85-100

А

Гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн

Хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой.

2.

55-84

В

Гэрээний үүргээ зарим талаар биелүүлээгүй

Дараагийн тендерт оролцох эрхтэй.

3.

0-54

С

Гэрээний үүргээ биелүүлээгүй 

Хамтран ажиллаж боломжгүй гэж үзэн “хар жагсаалт”-д оруулах

гэж заасан. Журмын энэхүү заалтаас харахад 85-100% үнэлэгдсэн нь гэрээг сунгах боломжтой болно гэж зааснаас бус заавал сунгах үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч компанид төлөх Зөвлөх үйлчилгээний гэрээний үлдэгдэл хөлс болох 4,572,400 төгрөгийн тухайд манай байгууллагаас ямар нэгэн байдлаар төлөхгүй, шилжүүлэхгүй гэх шалгаан хэлээгүй бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед Боловсролын 67 байгууллагын үлдэгдэл төлбөр манай дансанд орж ирээгүйн улмаас төлөгдөөгүй байсан, боловч 2018 оны 12 дугаар сарын 24-нд дээрх төлбөр бүрэн төлөгдөж дууссан болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 120/ШШ2018/0022 тогтоолийн ТОГТООХ нь: хэсгийн 1-д “2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн /ажлын хэсэг /Ш.Н, Д.З, Г.Ш, Г.Ц нарийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл’’-г хянаж баталгаажуулахын" гэсэн тухайд: Ажлаас чөлөөлөгдөхдөө Ш.Нгийн цүнхэндээ хийж аваад явсан /Ш.Н мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг/, Тэргүүлэх аудиторт албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, үзэж, танилцаж байгаагүй үнэлгээг хянан баталгаажуулахыг анхан шатны шүүхээс даалгаж шийдвэрлэсэн нь Тэргүүлэх аудиторын хууль, журмаар олгогдсон эрх хэмжээнд халдсан хэт нөгөө талыг дэмжсэн, хууль бус бөгөөд үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа тул Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Энэхүү захиргааны хэргийн хариуцагч нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар буюу төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Г.Б.А” ХХК, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав. 

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Нэхэмжлэгч “Г.Б.А” ХХК нь “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийн дүнг хянаж баталгаажуулахыг, мөн аймгийн Төрийн аудитын газартай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж, ажлаа үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг, Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4.572.400.00 төгрөгийг гаргуулахыг Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт тус тус даалгах” шаардлага гаргасан бөгөөд шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц, шийдвэр гарахад нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гараагүй бөгөөд талууд хэрэг хянан шийдвэрлэсэн процесс ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга нь нотлох баримтыг буруу үнэлсэн, биелэгдэх боломж багатай шийдвэр гаргасан тул өөрчлөлт оруулах мөн Тэргүүлэх аудиторын хууль, журмаар олгогдсон эрх хэмжээнд халдсан хэт нөгөө талыг дэмжсэн, хууль бус бөгөөд үндэслэлгүй шийдвэр болсон тул шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсжээ.  

Нэхэмжлэгч талын тухайд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд гагцхүү Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Б.А” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг ...Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт тус тус даалгасугай” гэсэн хэсгийг “сунгахыг даалгасугай” гэж өөрчлөлт оруулахыг хүсэж байна. 

Анхан шатны шүүх “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ...мөн “Г.Б.А” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгах эсэхийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг...Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт тус тус даалгасугай” гэж шийдвэрлэжээ. 

“Г.Б.А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг аудитын менежер Д.Алдармөнх хянаж, үнэлээд дүн /98.3 хувийн оноотой, “А” үнэлгээтэй/-г хянуулж баталгаажуулахаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус газрын дарга, тэргүүлэх аудитор П.Ад танилцуулсан боловч “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг /2018.05.01-ний өдрийн/ баталгаажуулаагүй, харин ч 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаартай тушаал гаргаж дээрх хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудит ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах ажлын хэсгийг ахлах аудитор Ш.Н, аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Уг ажлын хэсгийн хянаж үнэлсэн /86.0 хувийн оноотой, “А” үнэлгээтэй/ дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Тэргүүлэх аудиторт танилцуулсныг мөн баталгаажуулаагүй байна. 

Харин Тэргүүлэх аудитор нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаараа дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт /ахлах аудитор Ш.Н ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр ажлын хэсгээс хасаж, ажлын хэсгийн гишүүдээр аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарыг дахин томилж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаар тушаалаа хүчингүй болгосон/ оруулсан байх ба энэ ажлын хэсгийн “Г.Б.А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг дахин хянаж, үнэлсэн дүн /Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл буюу 84.0 хувийн оноотой, “В” үнэлгээтэй/-г 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А хянаж, баталгаажуулсан байна. 

Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн /ажлын хэсгийн гишүүд /Г.Ш, Г.Ц нар/-ийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох/ “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд үнэлсэн /гэрээг сунгахад саад болж байсан/ ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хүчингүй болгосон байна. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ажлын хэсэг /Ш.Н, Д.З, Г.Ш, Г.Ц нар/-ын дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн буюу “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Энэхүү нэгтгэлээр “Г.Б.А” ХХК нь 86.0 хувийн оноотой, “А” үнэлгээтэй үнэлэгдсэн байна. 

Энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А-191 дугаар тушаалаар батлагдсан ”Санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”, мөн Ерөнхий аудиторын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/64 тоот тушаалаар батлагдсан “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх заавар, аргачлал”-г хэрхэн ойлгох вэ гэдэг асуудал чухал байна. 

Журмын 4.4-т “Ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээнээс хамаарч цаашид гаргах шийдвэр нь дараах хэлбэртэй байна. Үүнд: 85-100 оноотой А үнэлбэл, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой” гэж заажээ. Нэхэмжлэгч энэхүү заалтыг үндэслэн маргаж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс “гэрээг сунгах боломжтой болно гэж зааснаас бус заавал сунгах үндэслэл болохгүй юм” гэж тайлбарлаж байна. 

Давж заалдах шатны шүүхээс “А үнэлбэл, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, хэрэгжиж байгаа гэрээг сунгах боломжтой” гэж заасныг “сунгах эсэхийг Тэргүүлэх аудитор шийдвэрлэнэ” гэж ойлгох боломжгүй гэж үзэв. Журамд нэгэнт “сунгах боломжтой” гэж заасан байхад эсрэгээр “сунгах боломжгүй” гэж гэж байгаа бол Тэргүүлэх аудитор үнэхээр “сунгах боломжгүй” ноцтой шалтгаанаа заах, нотлох ёстой ёстой. 

Энэхүү маргааны тухайд Тэргүүлэх аудитор тэрхүү шалтгааныг зааж татгалзаагүй, гагцхүү дахин үнэлгээ хийлгэх замаар 84 гэж үнэлүүлээд, тэрхүү үнэлгээгээ үндэслэн “сунгах боломжгүй” гэж үзжээ. Нэгэнт шүүхээс хариуцагчийн баримталсан гол үндэслэл болох “84 буюу В үнэлэгдсэн” гэсэн үндэслэлийг няцаасан тул гэрээг сунгах боломжтой гэж үзэв.

Нөгөө талаар журмын 4.4 дэх заалт нь өөрөө “цаашид гаргах шийдвэр дараах хэлбэртэй байна, ...А үнэлбэл сунгах боломжтой” гэж заасныг нэгтгэж ойлговол “цаашид гаргах шийдвэр нь ...А үнэлбэл ...сунгах боломжтой гэсэн хэлбэртэй байна...” гэж ойлгогдохоор байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “Тэргүүлэх аудиторын хууль, журмаар олгогдсон эрх хэмжээнд халдсан хэт нөгөө талыг дэмжсэн, хууль бус бөгөөд үндэслэлгүй шийдвэр болсон” гэж үзээд давж заалдах гомдол гаргажээ.

Тэргүүлэх аудиторт албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, үзэж, танилцаж байгаагүй үнэлгээг хянан баталгаажуулахыг анхан шатны шүүхээс даалгаж шийдвэрлэсэн гэж хариуцагч тал гомдолдоо дурджээ. Тэргүүлэх аудиторт ерөнхий үнэлгээг хянан баталгаажуулах эрх олгогдсон байна. Үүнтэй талууд маргаагүй, гагцхүү тэрхүү хууль, журмаар олгогдсон “эрхээ хэрэгжүүлэхдээ” нийтийн захиргааны албан тушаалтан хууль дээдлэх зарчмыг баримталсан эсэх тухайд, гаргасан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй хууль ёсны эсэх талаар маргаж байна. Нөгөө талаар Тэргүүлэх аудитор “ерөнхий үнэлгээг хянан баталгаажуулах эрхтэй” гэдэг нь түүний шийдвэр, үйл ажиллагаа шүүхээр хянагдаж болохгүй, мөнхөд хэвээрээ байх ёстой гэсэн ойлголт биш юм.

84 буюу В гэсэн үнэлгээний тухайд үнэлэлт өгч, зөв дүгнэсэн буруу дүгнэсэн гэхээс өмнө эхлээд, он цагийн тухайд түрүүлж гарсан 86 буюу А үнэлэгдсэн үнэлгээг яагаад хянан баталгаажуулаагүй болох, тэр нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай. Логикийн хувьд хэрвээ 86 буюу А гэсэн үнэлгээ нь үндэслэлтэй бөгөөд зөв болох нь тогтоогдвол дараагийн буюу 84 В гэсэн үнэлгээ хийгдэх ёсгүй болох нь нотлогдох ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн болсон үйл баримтыг он дарааллын хувьд товч дурдвал: “Г.Б.А” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Боловсролын багцын 67 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын гүйцэтгэлийг аудитын менежер Д.Алдармөнх хянаж, үнэлээд дүн /98.3 хувийн оноотой, “А” үнэлгээтэй/-г хянуулж баталгаажуулахаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус газрын дарга, тэргүүлэх аудитор П.Ад танилцуулсан байна. Гэвч тэргүүлэх аудитор П.А “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг /2018.05.01-ний өдрийн/ баталгаажуулаагүй болох нь тогтоогджээ.

Улмаар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаар тушаал гаргаж дээрх хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудит ажлын гүйцэтгэлийг үнэлэх, тайлагнах ажлын хэсгийг ахлах аудитор Ш.Н, аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарын бүрэлдэхүүнтэй байгуулан дахин үнэлгээ хийлгэсэн байна. Уг ажлын хэсгийн хянаж үнэлсэн /86.0 хувийн оноотой, “А” үнэлгээтэй/ дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Тэргүүлэх аудиторт танилцуулсныг мөн баталгаажуулаагүй байна. 

3 дахь удаад Тэргүүлэх аудитор нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаараа дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ахлах аудитор Ш.Н ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр ажлын хэсгээс хасаж, ажлын хэсгийн гишүүдээр аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарыг дахин томилж, энэ ажлын хэсэг 84.0 хувийн оноотой, “В” гэж үнэлжээ. Тэрхүү үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А хянаж баталгаажуулжээ.

Энэхүү үйл баримтаас үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А/08 дугаар тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг /ахлах аудитор Ш.Н, аудитор Д.З, Г.Ш, гэрээт ажилтан Г.Ц нарын бүрэлдэхүүнтэй/ нэгэнт хянаж дууссан байх бөгөөд /86.0 хувийн оноотой, “А” үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан байна. Гэтэл зөвхөн ахлах аудитор Ш.Н ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр дахин ажлын хэсгийг байгуулан, дахин үнэлгээ хийлгэсэн нь буруу юм. Төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөх, халагдах нь түүний өмнө нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа, хийж гүйцэтгэсэн ажил бүхнийг дахин шинээр хийх ёстой гэсэн ойлголт биш юм. 

Дээрхээс дүгнэх үзэхэд Тэргүүлэх аудиторын хувийн үзэмж орсон байх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх “Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газарт даалгах” шаардлагын тухайд буруу дүгнэлт хийжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх...” гэж заажээ. Дээрх зүйлийн урьдах нөхцөл нь нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй мөнгө нь “Захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирол” байх ёстой. 

Энэхүү маргааны тухайд Өмнөговь аймгийн Аудитын байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо “Г.Б.А” ХХК нэхэмжлээгүй, харин гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн төлбөрөө нэхэмжилсэн байна. 

Гэрээний төлбөр, учирсан хохирол гэсэн өөр 2 ойлголтыг ялгаж шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэрээний төлбөр нэхэмжлэж байгаа маргаан нь Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх маргаан бус харин Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх маргаанд хамаарах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг баримтлан үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г.Б.А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий үнэлгээний дүн “Хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэл”-г хянаж баталгаажуулахыг, мөн “Г.Б.А” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 2018/01 дугаартай “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г сунгаж шийдвэрлэхийг Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт тус тус даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аудитын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 4,572,400.00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн  2 дахь заалт нэмсүгэй.

3. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон  тус тус өөрчилсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                        Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                        Э.ЗОРИГТБААТАР