Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2023/00120

 

 

 

 

                                     

 

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00501 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар /дарга Б.М/-т холбогдох,

 

“2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг нийт 45,227,029 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Тухайн гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 30,151,353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна.

1.2. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон болно.

1.3. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 16,432,487.38 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 15,075,676.5 төгрөг болж байна.

1.4. Хариуцагч хариу тайлбартаа 2019, 2020, 2021, 2022 онуудад батлагдсан төсвийн дагуу халаалтын төлбөрөө шилжүүлж байгаа гэсэн төсвийн дагуу халаалтын төлбөрөө шилжүүлж байгаа гэх агуулгаар тайлбарлажээ. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны шийдвэрээр 2022 онд 170,373,632 төгрөгийн төсөв батлагдах ёстой байхад 154,885,000 төгрөгийн төсөв батлагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Мөн 2023 оны төсөвт 210,161,200 төгрөг батлагдсан гэх зэргээр тайлбар ирүүлсэн байна.

1.5. Уг тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоолын хуулбар авагдсан байгаа. Түлш эрчим хүчний сайдын 2021 оны тушаал авагдсан байгаа. Эдгээр нь захиргааны хэм хэмжээний акт юм. Захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн дараа хүчин чадлаараа хоёрдугаарт ордог байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор дулааны эрчим хүч нийлүүлэх тариф баталж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэмжээнд нь өөрчлөлт орж төсөвт байгууллагын хувьд тариф нь 1,600 төгрөг болсон байдаг. Эрчим хүчний сайдын тушаалаар халаалтын улирал хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болохыг зохицуулж өгсөн байдаг.

1.6. Баян-Өлгий аймгийн хувьд 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу нийт 8 сарын хугацаанд халаалтын хугацааг тогтоосон байдаг. Манай компанийн зүгээс энэ хоёр захиргааны хэм хэмжээ акт болон Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийг баримталж хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсан байдаг. Бидний зүгээс захиргааны хэм хэмжээний акт болон тарифын хэмжээ, халаалтын улирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. Дулааны эрчим хүчний тарифыг эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоолоор тариф өөрчлөгдсөн байгаа гэдгийг албан ёсоор мэдэгддэг.

1.7. Үүнийг хариуцагч тал хариу тайлбар ирүүлэхдээ үгүйсгээгүй юм байна. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх төлбөр нь 225,372,370 төгрөг болж байгаа. Харин шинэ тариф мөрдөгдөж эхэлснээс хойш 10 сарын төлбөр нь 191,670,336 төгрөг болж байгаа. Нийт 22 сарын хугацаанд 417,042,706 төгрөгийн халаалтыг хариуцагч тал худалдаж авч, үүнээс 386,891,353 төгрөгийг төлсөн, дутуу төлбөр 30,151,353 төгрөг болж байгаа. Уг төлбөрийг нэхэмжилж байгаа тул төлүүлэх зүйтэй.

1.8. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас дулааны хүчний үндсэн төлбөр болох 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг, нийт 45,227,029 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэж баталдаг бөгөөд 2022 онд 154.885.0 төгрөг, 2023 онд 210.161.2 сая төгрөгийг баталж, халаалтын нэг сарын зардлыг 2022 онд 19.360.6 төгрөг, 2023 онд 26.270.1 төгрөгөөр тус тус хуваарилан баталж ирсэн.Батлагдсан төсвийн хүрээнд халаалтын зардлыг “Э” ХХК-нд хуваарийн дагуу сар бүр шилжүүлж байсан.

2.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс “Э” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай гэрээ байгуулж ажилласан ба түүнээс хойш ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй болно.

2.3. Мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3-02/327 дугаар албан бичгээр батлагдсан төсвийн хүрээнд гэрээ байгуулах талаар саналаа хүргүүлсэн боловч тухайн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Хариуцагч тал тухайн жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан төсвийг хуваарийн дагуу цаг тухайд нь төлж барагдуулж байсан тул нэхэмжлэгч талын 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэлх өр гэж нэхэмжилж буй 30,151,353 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 15,075,676.5 төгрөг нийт 45,227,029 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа ба нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нь 2020 онд гэрээ байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа. 2020 онд байгуулсан гэрээ нь 8 сарын хугацаатай байгуулагдсан байдаг. Үүний дараа 2021 онд гэрээг шинэчлэн байгуулах тухай саналаа хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй.

2.5. Иймд “Э” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00501 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 (гучин сая нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 15,075,676 (арван таван сая далан таван мянга зургаан зуун далан зургаан) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,086 (гурван зуун наян дөрвөн мянга наян зургаан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 308,707 (гурван зуун найман мянга долоон зуун долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-нд олгож шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00501 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан бөгөөд 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 30,151,353 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон.

4.3. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон юм.

4.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00501 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ нь:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан  “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг нийт 45,227,029 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            6. Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг нийт 45,227,029 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 30,151,353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч “Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс “Э” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай гэрээ байгуулж ажилласан ба түүнээс хойш ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй болно. Мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3-02/327 дугаар албан бичгээр батлагдсан төсвийн хүрээнд гэрээ байгуулах талаар саналаа хүргүүлсэн боловч тухайн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Хариуцагч тал тухайн жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан төсвийг хуваарийн дагуу цаг тухайд нь төлж барагдуулж байсан тул нэхэмжлэгч талын 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэлх өр гэж нэхэмжилж буй 30,151,353 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 15,075,676.5 төгрөг нийт 45,227,029 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

 

            8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад “Э” ХК болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хороонд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 03 дугаар гэрээний Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт, хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 12,100.4, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,552.10, нэг сард төлөх 18,781,030.84 төгрөг, халаах хугацаа 8 сар, халаалтын хөлс жилд 150,248,246.72 төгрөг байхаар тус тус тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.        

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээх атал хариуцагч тал нэхэмжлэгч “Э” ХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөрт 30,151,353 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж “...Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор Баян-Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулснаас хойш хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч (хэрэглэгч) төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч (хангагч) алданги шаардах эрхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй... гэж заасан байна” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь  хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүч түгээх, хэрэглэхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,  Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, мөн хуулийн 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж, нэхэмжилсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд (1) дулааны эрчим хүчээр хангагч байгууллага нь удаа дараа гэрээний санал, шинэчлэн байгуулах төсөл зэргийг хүргүүлэхэд эрэглэгч байгууллагаас хариу өгөөгүй, (2) Эрчим хүчний тухай хуулиар хангагч болон хэрэглэгч байгууллагын хооронд бичгээр гэрээ хийсэн эсэхээс үл хамаарч хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол түүнд хангагч байгууллагаас алданги ногдуулахаар хуульчилсан байх тул дулааны эрчим хүч нийлүүлэх харилцааны хувьд хэрэглэгч болон хангагчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсанаас үл хамаарч үүргийн зөрчил үүссэн тохиолдолд талуудад зохих хариуцлага хүлээлгэхийг хууль тогтоогч нарийвчлан хуульчилжээ.

 

12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас дулааны эрчим хүч худалдан авсан төлбөрт 30,151,353 төгрөг, алдангид 15,075,676 төгрөг, нийт 45,227,029 төгрөг гаргуулж шийдвэрлэхээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00501 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас дулааны эрчим хүчний төлбөрт 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг, нийт 45,227,029 /дөчин таван сая хоёр зуун хорин долоон мянга хорин ёс/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “308,707 төгрөг гэснийг 384,086 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,329 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК