Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00291/И/ |
Дугаар | 267 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр баг, Бөөрөг гэх газар оршин суух Улаан овгийн Ойдовын Дуламсүрэнгийн /РД:АР62012606/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1979 оны 06 сараас 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд төлчин, малчин, саальчин тасралтгүй хийж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил байхгүй хохироход хүрээд байна. Миний тухайн онуудад ажиллаж байсан архивын лавлагааг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ээс 1990 оны 01 сарын 01-нийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч О.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд 8-р ангиа төгсөөд 17 настайдаа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөрмөрч нэгдэлд Бөөрөг бригадад саальчин болж уг ажлаа 1991 он хүртэл буюу нэгдэл тартал хийсэн. Би Хөдөлмөрч нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Миний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үед ажиллаж байсан багийн дарга аваад буцааж өгөөгүй. Би 4 хүүхэдтэй гээд тэтгэвэрт гарах нас болсон учир намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Дуламсүрэн нь 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1. 1980 онд төлчид малчид, саальчдын дунд зарласан социалист уралдааны болзолуудыг дүгнэхэд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас тогтоох нь: Хавсралтанд: Халуун морьт хэсэг Дуламсүрэн, урилга 1 тө, 2,38 мө гэсэн “Зарим хүмүүсийг шагнах тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 сарын 17-ны өдрийн 28 тоот тогтоол,
1.2. Хэн олон төл бойжуулах вэ? социалист уралдааны болзлыг биелүүлсэн 105 төлчинд болзлын шагналын дагуу тус бүр баярын бичиг, бүгд 126 хургыг олгосугай. Хавсралтанд: О.Дуламсүрэн, бойжуулсан төлийн тоо-150, олгох шагнал хурганы тоо-1 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот тогтоол,
1.3. Төлчдийн I шатны зөвлөлгөөнөөр 87 төлчинд 1700 төгрөг 80 мөнгөний дурсгалын зүйл олгосугай. Хавсралтанд: Дуламсүрэн, үзэг тоо-1, үнэ-12.50, аяга тоо-1, үнэ-2.80, чихэр тоо-0.5, үнэ-4.25 гэсэн “Дурсгалын зүйл олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 02 сарын 23-ны өдрийн 11 тоот тогтоол,
1.4. Малчид, төлчдийн семнарыг 3 өдөр хийж өдөр бүр 1 удаа хоёр төрлийн хоол, цайгаар үйлчилсний үнэ 1371 төгрөг 82 мөнгийг зарлага болгосугай. Хавсралтанд: Хан-Өндөр бригад Дуламсүрэн гэсэн “Хөрөнгийг зарлага болгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 сарын 20-ны өдрийн 20 тоот тогтоол,
1.5. Саальчид, төлчдийн 1986, 1987 онд нярай хүүхдээ асрахад зориулж төрсний дараах 56 хоногийг хасан нийт хүмүүст 124 хоногийн нэмэгдэл чөлөө олгосугай. Хавсралтанд: Саальчин О.Дуламсүрэн, хүүхдийн төрсөн он, сар өдөр-1986-10-7, хүйс-эм, гэрчилгээний номер-31, чөлөө эхлэх он, сар, өдөр-1986-12-3, чөлөө дуусах хугацаа-1987-4-6, хоногийн тоо-124, олгосон тэтгэмж төгрөгөөр-164,92 гэсэн “Нэмэгдэл чөлөө олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 01-ний өдрийн 102 тоот тушаал,
1.6. Нэр бүхий 27 малчны 1988 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурьдсанаар бодож тус тус олгосугай. Хавсралтанд: Тээл хэсэг, саальчин Дуламсүрэн, амрах хоног-XI/10 гэсэн “Малчдад ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 28-ны өдрийн 164 тоот тушаал,
1.7. Нэгдлийн гишүүн нэр бүхий 9 хүнд нярай хүүхдээ асрах чөлөөг хавсралтанд дурьдсанаар бодож тус тус олгосугай. Хавсралтанд: Хэсгийн нэр-Төгөл, саальчин-Ойдовын Дуламсүрэн, хүүхдийн төрсөн он, сар өдөр-1991-5-09, чөлөө эхэлж олгох он, сар, өдөр-1991-7-24, чөлөө дуусах он, сар, өдөр-1993-5-09, материал бүрдүүлж өгсөн он, сар, өдөр-1991-9-24 гэсэн “Хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 61 тоот тушаал,
2. Гэрч Д.Оюуны “Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1973 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл саальчнаар ажилласан. Дараа нь Хөдөлмөрч компани болоход ч мөн адил саальчнаар ажиллаж байсан. О.Дуламсүрэн нь 17 насандаа 1979 онд Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд саальчнаар ирж байсан. Өнчин охин ирж ажиллаж байсан. Тухайн үед фермийн эрхлэгч нь манай гэрийн хүн Цолмон гэдэг хүн байсан. Тэр үеэс эхлэн О.Дуламсүрэн нь Хөдөлмөрч нэгдлийг хувьчлагдах хүртэл мөн Хөдөлмөрч нэгдлийг компани болоход ч бас саальчнаар ажиллаж байсан. Би О.Дуламсүрэнтэй нэг нэгдэлд нэг дор хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна”,
3. Гэрч Д.Эрдэнэцэцэгийн “Би 1977 оноос Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд саальчнаар ажилласан. Намайг Хөдөлмөрч нэгдэлд ажилладаг байхад О.Дуламсүрэн нь 1979 оны үед тус нэгдэлд манай ферм дээр саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн О.Дуламсүрэнтэй 1982 он хүртэл хамт ажиллаад би аймгийн төв рүү шилжин ирж нэгдлээс гарсан. Тэрнээс хойш О.Дуламсүрэнг ажиллаж байгаа эсэхийг эгч Д.Оюунаас асуухад Хөдөлмөрч нэгдэлд, Хөдөлмөрч компани болоход Хөдөлмөрч компанид тус тус саальчнаар ажиллаж байгаа гэдэг байсан” гэх мэдүүлэг,
4. Д.Оюуны ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 сарын 11-ний өдрийн 95 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Шүүх О.Дуламсүрэнгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг, Д.Оюун нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
О.Дуламсүрэнгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 сарын 17-ны өдрийн 28 тоот, 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот, 1983 оны 02 сарын 23-ны өдрийн 11 тоот, 1986 оны 04 сарын 20-ны өдрийн 20 тоот тогтоол, тус аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 01-ний өдрийн 102 тоот, 1988 оны 11 сарын 28-ны өдрийн 164 тоот, 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 61 тоот тушаал, гэрч Д.Эрдэнэцэцэг, Д.Оюун нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэрчүүдийн мэдүүлэгт хүсэлт гаргагч О.Дуламсүрэнг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оны хэдэн сарын хэдний өдөр ажилд орж, хэзээ ажлаас чөлөөлөгдснийг тодорхой мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажиллаж эхэлсэн болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй тул хүсэлт гаргагчийн “Би 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс тус нэгдлийг хувьчлагдтал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд төлчин, малчин, саальчин тасралтгүй хийж байсан” гэх тайлбарыг үндэслэн О.Дуламсүрэнг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлснээр, мөн 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласнаар түүний ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд О.Дуламсүрэнгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улаан овгийн Ойдовын Дуламсүрэнг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА