| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/00380/И |
| Дугаар | 212/МА2023/00123 |
| Огноо | 2023-11-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2023/00123
“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00502 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театр /захирал Ж.С/-т холбогдох,
“2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө, алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нийтдээ 208,109,167 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.
1.2.Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухай сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсэнээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 138, 739,444.90 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.
1.3.Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.
1.4.Мөн гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
1.5.2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 75,612,997.47 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 69,369,788.45 төгрөг болж байна.
1.6.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театраас 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө, алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нийтдээ 208,109,167 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1.Манай байгууллага улсын төсөвт байгууллага бөгөөд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч дулааны эрчим хүчний төлбөр 138,739,444 төгрөг, алданги 69,369,722 төгрөг нийтдээ 208,109,167 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдан авсан гэж тусгажээ. Манай байгууллагын хувьд Э ХК-тай гэрээ байгуулаагүй болно.
2.3.Манай байгууллага нэгдсэн халаалтад холбогдсон тул дулааны эрчим хүчний үйлчилгээг авдаг бөгөөд төсвийн байгууллагын хувьд батлагдсан төсвийн хүрээнд сар бүр түлш халаалтын мөнгийг шилжүүлдэг юм.
2.4.Манай байгууллага нь 2012 оноос хойш он дамжсан халаалтын өртэй бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад бичгээр хандаж байсан бөгөөд төсөв баталж өгөхдөө халаалт түлшний зардалд нэмж хөрөнгө мөнгө баталж өгөөгүй асуудлыг шийдэж өгөөгүй юм.
2.5.Төсвийн байгууллагын хувьд манай байгууллага хувиасаа энэхүү асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Энэхүү халаалтын зардлыг аймаг, орон нутгийн захиргаанаас шийдвэрлэж, байгууллагын төсөвт нэмж баталж өгч асуудлыг шийдвэрлэж өгвөл манайх бүрэн төлөх боломжтой болохоос биш жил бүрийн халаалт түлшний зардлыг батлагдсан төсвийн хэмжээнд зохих журмын дагуу зарцуулж, шилжүүлж байгаа.
2.6.Харин нэхэмжлэгч гэрээний дагуу алданги төлөх ёстой гэсэн үндэслэлээр 69,369,722 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа ба үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00502 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444.90 (нэг зуун гучин найман сая долоон зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг ерэн мөнгө)-ийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 69,369,722.22 (жаран есөн сая зургаан зуун жаран есөн мянга долоон зуун хорин хоёр мянга хорин хоёр мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,198,496 (нэг сая нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун ерэн зургаан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас улсын тэмдэгтийн хураамж 851,647 (найман зуун тавин нэгэн мянга зургаан зуун дөчин долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00502 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
5.2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан бөгөөд 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 138,739,444.90 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон.
5.3. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон юм.
5.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.
5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00502 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
6. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа гэрээ, хэлцэл хийхдээ 2 тал хүлээн зөвшөөрснөөр гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно. Э ХК-ийн зүгээс гэрээний саналаа хүргүүлсэн нь 2 тал тохиролцож дулааны эрчим хүч худалдах худалдан гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.
6.2. Дулааны эрчим хүчний өртэй байгаа нь үнэн. Цаг тухайд нь арга хэмжээ авч байгаа. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын захирлаар 2021 оны 4 дүгээр сард томилогдсон. Тухайн жилд дотоод нөөц бололцоогоор 30,000,000 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрөө төлсөн.
6.3. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүжилтийг баталж өгдөг. Манай байгууллагад санхүүжилт орсон үед шууд дулааны эрчим хүчний төлбөрөө төлж байгаа. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон бусад холбогдох байгууллагад хандаж байсан. Энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн болно. Э ХК-д манай байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл халаалт өгөх хугацааг өөрчилж болох уу гэж санал хэлж байсан.
ХЯНАВАЛ нь:
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан гаргасан “2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө, алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нийтдээ 208,109,167 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсэнээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 138, 739,444.90 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан” гэж тайлбарлажээ.
9. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Дутуу байгаа халаалтын зардлыг аймаг, орон нутгийн захиргаанаас шийдвэрлэж, байгууллагын төсөвт нэмж баталж өгч асуудлыг шийдвэрлэж өгвөл манайх бүрэн төлөх боломжтой болохоос биш жил бүрийн халаалт түлшний зардлыг батлагдсан төсвийн хэмжээнд зохих журмын дагуу зарцуулж, шилжүүлж байгаа. Харин нэхэмжлэгч гэрээний дагуу алданги төлөх ёстой гэсэн үндэслэлээр 69,369,722 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
10. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад “Э” ХК болон Баян-Өлгий Хөгжимт драмын театрын хороонд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан 17 дугаар гэрээний Хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт, хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 31,198, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,552.10, нэг сард төлөх 48,422,415.8 төгрөг, халаах хугацаа 7.5 сар, халаалтын хөлс жилд 363,168,118.5 төгрөг байхаар тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээх атал хариуцагч тал нэхэмжлэгч “Э” ХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөрт 138,739,444.90 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр нь нэхэмжлэгч “Э” ХК-д 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 138,739,444.90 төгрөгийн өртэй болохыг талууд харилцан зөвшөөрсөн болох нь тогтоогджээ.
Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444.90 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж “...талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч (хэрэглэгч) төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч (хангагч) алданги шаардах эрхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Э ХК нь 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөрт алданги тооцож хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна..” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүч түгээх, хэрэглэхтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ.
13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, мөн хуулийн 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги нэхэмжилсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцсэн байна.
Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд (1) дулааны эрчим хүчээр хангагч байгууллага нь удаа дараа гэрээний санал, шинэчлэн байгуулах төсөл зэргийг хүргүүлэхэд дулаан хэрэглэгч байгууллагаас хариу өгөөгүй, (2) Эрчим хүчний тухай хуулиар хангагч болон хэрэглэгч байгууллагын хооронд бичгээр гэрээ хийсэн эсэхээс үл хамаарч хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол түүнд хангагч байгууллагаас алданги ногдуулахаар хуульчилсан байх тул дулааны эрчим хүч нийлүүлэх харилцааны хувьд хэрэглэгч болон хангагчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсанаас үл хамаарч үүргийн зөрчил үүссэн тохиолдолд талуудад зохих хариуцлага хүлээлгэхийг хууль тогтоогч нарийвчлан хуульчилж өгсөн байна.
14. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас дулааны эрчим хүч худалдан авсан төлбөрт 138,739,444.90 төгрөг, алдангид 69,369,722.22 төгрөг, нийт 208,109,167.12 төгрөг гаргуулж шийдвэрлэхээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2023/00502 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас дулааны эрчим хүчний төлбөрт 138,739,444.90 төгрөг, алданги 69,369,722.22 төгрөг, нийт 208,109,167.12 /хоёр зуун найман сая нэг зуун есөн мянга нэг зуун жаран долоон мянга төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “851,647 төгрөг” гэснийг “1,198,496 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,799 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ