Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00312/И/ |
Дугаар | 308 |
Огноо | 2016-05-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цагаан сүм гэх газар оршин суух Цагаан сүм овгийн Гүрсэдийн Сарангэрэлийн /РД:УК66052001/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Сарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1980 оны 1 сараас 1990 оны 12 сарын 25-ныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Архивын лавлагаа, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 01 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Сарангэрэл нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос ажиллаж эхэлсэнээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1980 онд Сарангэрэл нь 14 настай байсан учраас ажил хийх боломжгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэж өөрчилж байна. Г.Сарангэрэл 8-р анги төгссөн. Г.Сарангэрэлийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй байгаа учраас нийгмийн даатгалаас ажилласан жилээ тогтоолго гэсэн шаардлага тавьсан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Сарангэрэл нь 1980 оны 01 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг нь Г.Сарангэрэлийг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг өөрчилсөн тайлбарыг гаргаж байна. 2016 оны 05 сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлд хүсэлт гаргагч Г.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийг М.Алтанчимэгт олгожээ.
Хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1. Сүүнийхээ төлөвлөгөөг биелүүлсэн 47 саальчинг тус бүр 25 төгрөгний үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсугай. Хавсралтанд: Бүрд бригад Г.Сарангэрэл гэсэн “Саальчдыг шагнах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 2 сарын 23-ны өдрийн 6 тоот тогтоол,
1.2. 1985 оны 4 дүгээр сараас 12 дугаар саруудад өвчний бус шалтгаанаар хорогдсон малын тодорхойлолт хэлэлцсэн протокольд: Алтан-Овоо хонь 1110 хорогдуулснаас: ... Г.Сарангэрэл тугал I нь уураг ангирсан хасах, ... гэжээ.
1.3. 1988 оны бог малын төл бойжилтоор нэгдлийн зөвлөлөөс зарласан уралдааны болзлыг биелүүлсэн 55 төлчнийг 14257 төгрөгөөр ... зарлага болгосугай. Хавсралтанд: Сарангэрэл, үнээ-15, гарсан төл-15, бойжиж буй төл-15, бойжилтын хувь-100, нэгжид олгох-10, жинхэнэ олгох -150 гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7 сарын 07-ны өдрийн 52 тоот тогтоол,
2. Гүрсэд овогтой Сарангэрэлийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар 1984, 1987 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 84 тоот цалингийн тодорхойлолт,
3. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн гишүүн Гүрсэд овогтой Сарангэрэлийн хувийн хэрэгт:
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн даргын 1982 оны 7 сарын 16-ны өдрийн 74 тоот тушаалаар Бүрд бригадад саальчнаар ажиллуулав, 15 үнээ хариуцуулав,
- Хувийн хэрэгт баяжилт хийсэн тухай тэмдэглэлд-1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989 онд баяжилт хийж бригадын дарга гарын үсэг зуржээ,
- Жилийн үр дүн ба хувийн хариуцлага гэсэн хэсэгт 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989 онуудад Г.Сарангэрэлийг хариуцсан 15 үнээгээ төлийн хамт мэнд оруулж, даалгаврыг амжилттай биелүүлсэн талаар тэмдэглэжээ,
4. Нэгдлийн даргын 1982 оны 7 сарын 16-ны өдрийн 74 тоот тогтоолоор Бүрд бригадад саальчнаар томилон ажиллуулав гэсэн бичилт бүхий Г.Сарангэрэлийн хөдөлмөрийн дэвтэр,
5. Гэрч Д.Оюуны: “Би Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл саальчнаар тасралтгүй ажилласан. Намайг 1980 онд Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байхад Г.Сарангэрэл нь ээжийгээ дагаж үнээ саадаг жаахан, насанд хүрээгүй хүүхэд байсан. Тэр үеэс би Г.Сарангэрэлтэй Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт саальчнаар ажилласан. Би Цэнхэр сумын Орхон багт, харин Г.Сарангэрэл Бүрд багт ажилладаг. Энэ 2 баг давааны наана цаана байдаг газар нутагтай. Мөн төв рүү саальчны хурал, семинарт хамт явдаг байсан. Г.Сарангэрэл намайг Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд ажилд орсноос хойш 1981, 1982 оны үед саальчин болсон гэж бодож байна. Г.Сарангэрэл анх Бүрд бригадад саальчин байсан. Аав, ээж нь Бүрд бригадад малчин байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч С.Баасангийн: “Би Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1970 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл жолоочооор ажилласан. Намайг Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байх хугацаанд Г.Сарангэрэл нь тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Би Цэнхэр сумын мал эмнэлэгийн машин барьдаг жолооч байсан учраас малын эмч нартай хамт байнга л малчдад дээр очдог. Би Г.Сарангэрэлийг Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй 1980-д оны үед Г.Сарангэрэл нь саальчнаар ажиллаж эхэлсэн байх. Бага хүүхэд л ээж, аавын хамт сааль сааж, мал малладаг байсан. Тэр үеэс эхлэн Г.Сарангэрэл нь саальчнаар Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийг хувьчлагдтал ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэгийн хүсэлтээр хүсэлт гаргагч Г.Сарангэрэлтэй хамт ажиллаж байсан Д.Оюун, С.Баасан нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, хэрэгт эх хувиараа авагдсан цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Г.Сарангэрэлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7 сарын 07-ны өдрийн 52 тоот тогтоол, 1985 оны 4 дүгээр сараас 12 дугаар саруудад өвчний бус шалтгаанаар хорогдсон малын тодорхойлолт хэлэлцсэн протоколь, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 84 тоот цалингийн тодорхойлолт, Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн гишүүн Гүрсэд овогтой Сарангэрэлийн хувийн хэрэг, гэрч Д.Оюун, С.Баасан нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 07 сарын 16-ны өдөр ажилд орсон нь түүний хөдөлмөрийн дэвтэр болон хувийн хэрэгт хийсэн бичилт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрчүүд хүсэлт гаргагч Г.Сарангэрэлийг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд хэзээ ажилд орсон болон гарсныг тодорхой мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй тул хүсэлт гаргагчийн “Би 1990 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажилласан” гэх хүсэлтийг үндэслэн Г.Сарангэрэлийг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1990 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Г.Сарангэрэлийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Г.Сарангэрэлийг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980, 1981 онуудад ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаагүй тул хэрэгт авагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 2 сарын 23-ны өдрийн 6 тоот тогтоолыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан сүм овгийн Гүрсэдийн Сарангэрэлийг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА