Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/16

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Н.А

Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Н.Б-д холбогдох 1827002270106 дугаарт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                  

                          Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй М овгийн Н.Б-д /РД:...........

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-ийг 2018 оны 08, 09 дүгээр саруудад 1 удаа 10 дугаар сарын дундуур 1 удаа, мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн .........тоот өөрийн гэртээ үснээс нь зулгаан, өшиглөж, гараараа болон гурилын мод, сандал зэрэг зүйлээр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

Шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, би өөрийн энэ үйлдэл болон урдах үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхэд гомдол саналгүй, би өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийж дахин энэ төрлийн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно. Би гэмшиж байна...” гэжээ.

Хохирогч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн алдад над руу утсаар ярьсан. Би ажил дээрээ байна гэсэн чинь хардаад байгаа юм шиг байсан. Тэгээд би ажлынхаа хүмүүсээс санаа зовоод утсаа салгачихсан. Ажлаа тараад харьсан чинь 2 хүүхэд аав байхгүй байна гээд байж байсан. Том хүүхдээ чи хичээлдээ яваагүй юм уу гэсэн чинь аав хичээлд хүргэж өгөөгүй гэсэн. Дүүгээ хэн авсан юм бэ? гэсэн чинь манай том хүүхэд би авсан гэж байсан. Аав чинь хааччихсан юм бэ? гэхэд мэдэхгүй гэсэн. 2 хүүхэд маань худгийн нэг хүүхэдтэй байсан. Би тэгээд та 2 гэрээ яаж онгойлгосон юм бэ гэсэн чинь энэ ахаар хөшүүлээд онгойлгочихсон юм гэсэн. Тэгээд аав чинь та хоёрт хаашаа явахаа хэлээгүй юм уу гэхэд. Аав хаашаа явахаа хэлээгүй. Би дээшээ цэцэрлэг орж тоглосон тэр хойгуур гараад явчихсан байсан гэсэн. Тэгээд би утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Орой 19 цагийн үед дахиад залгасан чинь холбогдож байсан. Тэгэхээр нь чи хаана байгаа юм бэ гэсэн чинь миний хаана байх чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ чи 7 хоног архи уулаа одоо гэртээ ирээч гэсэн чинь миний хаана байх чамд ерөөсөө хамаагүй пизда минь гээд хараагаад байхаар нь би утсаа салгачихсан. Жаахан байж байгаад залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд хоол ундаа хийчихээд дахиад залгахад ирж байна гэсэн. Би айгаад гэрээ түгжчихсэн юм. Гэтэл ирээд хаалга нүдээд байсан. Хаалгаа онгойлговол бөөн хэрүүл болох байх гэж бодоод хаалга онгойлгож өгөхгүй байсан чинь гараад явах гэж байсан. Тэгэхээр нь дахиад архи уучих юм болов уу гээд оруулсан. Гэтэл намайг гичий минь чи хаагуур яваад байгаа юм гэхээр нь би хаагуур явдаг юм ажил дээрээ байж байгаад ирлээ гэсэн чинь үснээс зуураад хамар руу цохиод зодсон. Намайг гурил элдээд байж байсан чинь хамар руу цохиод хамарнаас цус гарсан. Өрөөнд нил цус болчихсон байхаар нь хүүхдүүдээ айлгачих байх гэж бодоод нөгөө өрөө рүү орсон. Гэтэл буцааж чирч гаргаж ирээд хойноос сандалаар цохисон. Тэгэхээр нь би чи ямар сонин юм бэ? гээд сандалаа хойш нь тавьчихаад цаашаа эргэсэн чинь гурилын мод аваад над руу шидсэн. Гэтэл яг цээжинд цохьсон. Тэгээд намайг цохиж аваад үснээс чирээд гэрээс гарах гэхээр нь эргэж зүтгэсээр байгаад буцаж ороод утсаа аваад зугтаад гартал утасны цэнэг дуусчихсан байсан. Тэгээд хажуу талын айлын хаалгыг нүдсэн чинь онгойлгож өгөөгүй. 2 хүүхдээ үлдээчихсэн байсан болохоор бас зодчих юм болов уу гэж бодоод буцаад орсон чинь орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь 2 утас байхаар нь нэгийг нь авч гараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гартал миний араас гүйж ирээд зодоод, үстээд чирээд байсан. Тэгээд намайг яв зайл гээд хөөсөн. Би угаасаа явна за гэж хэлсэн...” гэв.

Гэрч Б.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Охиныхоо нүдийг хөхөрсөн байхыг 2-3 удаа харсан, хүүхдээс асуухаар хүүхэд тоглож байгаад мөргөчихсөн гэх мэтчилэн худал хэлдэг байсан. Тэр жаахан хүүхдүүд мөргөөд хөхрүүлнэ гэдэг жаахан өрөөсгөл, манай охин хүргэн хоёр тусдаа амьдралтай учир тэр болгоныг мэдэх боломжгүй байх юм. Би хүүхдээ 2 удаа очиж гэрээс нь авсан нэг нь энэ сүүлийнх, эхнийх нь энэ хэрэг явдал болохоос өмнө юм бас манай охиныг нөхөр нь зодсон байсан. Гуя, баруун, зүүн шанаа нь хөхөрсөн байсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч С.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Батжаргал эхнэр Алтансүхтэйгээ ер нь түр тар хийгээд хоорондоо муудалцах явдал их байдаг хааяа зүгээр харддаг юм шиг байна лээ. Хүүгийнхээ биеийг төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлсэн биш юу бодож сэтгээд юунаас болоод байдаг нарийн учрыг нь сайн тунгааж мэдэхгүй байна. Манайд байхдаа хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиж авч байгаа харагддаг байсан. Тэр үедээ ч нэг нэгэндээ гэмтэл бэртэл учруулж янз бүр болж байсан удааг санахгүй байна. Манай хүүхэд Батжаргал нь жаахан түргэн ууртай цайлган зантай хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “1. Үзүүлэгч Н.А-ийн биед тархи доргилт, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 3 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-ийг 2018 оны 08, 09 дүгээр саруудад 1 удаа 10 дугаар сарын дундуур 1 удаа, мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ........тоот өөрийн гэртээ үснээс нь зулгаан, өшиглөж, гараараа болон гурилын мод, сандал зэрэг зүйлээр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан болох нь хохирогч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас, гэрч Б.Н-, С.Ц- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 42-43, 46-47 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын мод 1 ширхэг, цэнхэр өнгийн сурагч сандалыг 1 ширхэг зэргийг устгаж, 400 000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар  сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Н.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             ТОГТООХ НЬ :                                                                     

1. Шүүгдэгч М овгийн Н.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н. Б-ыг 350 /гурван зуун тавин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Н.Б-ын эзэмшлийн Цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын мод 1 ширхэг, цэнхэр өнгийн сураг сандал 1 ширхэг зэргийг шүүгдэгч Н.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

6. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА