Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-т холбогдох 1921000070033 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.А. /РД: .................../

 

Шүүгдэгч Т.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 5-03 тоотод оршин суух Г.Жүгдэрнамжилийг гэртээ унтаж байхад нь куртикных нь энгэрийн халааснаас нь 960.000 төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр Жүгдэрнамжилийг унтаж байхаар нь халааснаас нь мөнгө аваад үрсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Г.Жүгдэрнамжил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад байсан 1000.000 төгрөг бүгд нэг боодол 10000 төгрөгийн дэвсгэрт байсан. ...би 10000 дэвсгэртээ задлаад А ахад 20000 төгрөгийг хонь нядалсаны хөлс гэж өгсөн. Ингээд дэлгүүр явж 20000 төгрөгт багтааж 0,75 граммын архи авч тэр архиа Азаа ах, Баянжаргал бас нэг танихгүй залуу мөн Оогий гэх залуу А ах нартай уусан. Ингээд нэмж уугаагүй хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд орой 17-18 цагийн орчим сэрээд өмсөж байсан савхин куртикны энгэрийн халаасанд байсан 960000 төгрөгөө үзэхэд бүгд байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Ингээд 2 хоногийн дараа А ахтай уулзаад мөнгө хаана байгаа талаар асуухад А ах “би мөнгийг чинь хадгалуулсан байгаа” гэж хэлэхэд нь “хэнд хадгалуулсан юм бэ” гэхэд “Баянжаргал мэдэж байгаа утсыг нь тэмдэглэж авсан” гэж хэлсэн. ...би савхин куртикээ өмсөөд хэвтэж байхад авчихсан байсан. Би авах үед нь огт мэдээгүй нам унтчихсан байсан. ...Би мөнгөө олж авмаар байна, мөнгөө авчихвал гомдол санал байхгүй. ...Би А-с алдсан мөнгөнийхөө оронд 1 тооны даага авахаар болсон. Одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-13 тал/

 

Гэрч Б.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар хонь ажилласан мөнгөөрөө нэг шил архи аваад Баянжаргал, Азжаргал, Жүгдэрнамжилийн ах гэх хүн бид нар хувааж уусан. Тэгээд Азжаргал бид хоёр тасраад унтсан байсан. Орой 17 цагийн орчим манай эхнэр ирж намайг сэрээсэн ба миний халаасанд байсан 5000 төгрөг байхгүй байсан. Манай дүү Наранхүү “Баянжаргал ах таны халааснаас 5000 төгрөг аваад гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жүгдэрнамжилийн гэрт очиход мөнгө нь алга болсон байсан. ...бид нар Жүгдэрнамжилд боодолтой мөнгө байгааг харсан...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

Гэрч Ц.Баянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нүүрс хагалж өгөөд харих гэж байтал Ариука ах “хамт урагшаа явъя” гэж хэлсэн. Тэгээд би хамт явж байтал А ах буцаад Жүүгий гэх айлдаа очиход Жүүгий согтуу унтаж байсан бас нэг танихгүй залуу унтаж байсан. Тэгэхэд А ах Жүүгий гэх залуугийн энгэрийн дотор талын халааснаас боодолтой 10000-тын дэвсгэрттэй мөнгийг бүгдийг нь авсан. Тэгээд А ахаа явъя гээд намайг дагуулж гараад гэрийнх нь урд талд байх тойрог эргэдэг зам дээрээс цагаан өнгийн 16-62 дугаартай жижиг тэргэнд гар өргөж суусан. Тэгэхэд нь би “та хүний их мөнгийг авчихлаа та хаячихвал яах юм” гэхэд “би мэдэж байна энэ манай дүүгийн мөнгө” гэж хэлсэн. Тэгээд А ах “Баян” буудал орно гэж хэлээд замаараа 24 дүгээр байрны дэлгүүр орж 2 шил “Их монгол” нэртэй 0,5 граммын архи аваад шууд буудалд орж архи ууж хоносон...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/

- Т.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Т.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 5-03 тоотод оршин суух хохирогч Г.Жүгдэрнамжилийг гэртээ унтаж байхад нь куртикных нь энгэрийн халааснаас 960.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Г.Жүгдэрнамжил, гэрч Б.Амгаланбаатар, Ц.Баянжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Т.А-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгэт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Т.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хохирогч Г.Жүгдэрнамжил нь шүүгдэгч Т.А-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.А-ын ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.А-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.А-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.А-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ