Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт оршин суух Сүмбэрт боржигон овгийн Алтайн Бямбасүрэнгийн /РД:АД59072911/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 1978 онд төрсөн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт оршин суух Шавь овгийн Надмидцэдэнгийн Шинэхүүд /РД:АД78092510/ холбогдох

            Гэм хорын хохирол 1.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Бямбасүрэн, хариуцагч Н.Шинэхүү, иргэдийн төлөөлөгч Ц.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Шинэхүү нь 2015 оны 09 сарын 17-ны өдөр бид хоёрыг хоёулаа малд явсан хойгуур эзэнгүй гэрт хаалга, цонх рамыг эвдэн орж гэр доторхи эд зүйлийг бүгдийг эвдэн сүйтгэж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан тул энэ төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр бид 2 малдаа яваад иртэл Н.Шинэхүү манай гэрт ороод хамаг юм сүйтгээд, ухсан байсан. Тэгээд би хүргэн ах болон ар гэрийнхэнийг нь дуудсан. Мөн сумын хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Хэсгийн төлөөлөгч гар хүрч болохгүй гэж хэлээд маргааш нь ирж зураг авч одоо цэвэрлэж болно гэж хэлсэн. Сүүлд нь хэсгийн төлөөлөгч ар гэрийнхэнтэй нь тохироод хохиролгүй болгож өг гэж хэлсэн боловч сураггүй болсон. Хагалсан 3 цонхоо 10 гаруй хонож хийж өгсөн. Хохирол барагдуулж өгөхгүй болохоор нь өргөдөл бичсэн боловч цагдаагийн газар очоогүй дарагдаад байсан учир өөрөө Цагдаагийн газрын орлогч даргатай очиж уулзсан. Цагдаагийн газрын дарга Чулуут сумын хэсгийн төлөөлөгчийг уг хэргийг шалгуулахаар томилсон. Хэсгийн төлөөлөгч хэргийг прокурорт шилжүүлсэн боловч прокурор эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрэх арга хэмжээ ав гэсэн. Эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон учир шүүхэд хандсан. Уг нь Н.Шинэхүүгийн ахад нь дүүгээ сайн харж бай гэж зөндөө хэлсэн боловч хайхрахгүй байсаар байгаад ийм юм болсон. Н.Шинэхүү 24 инчийн телевизор, ачааны портер машины салхины шил, 2 толь, бурханы торх, том жаазтай эвтэй дөрвөн амьтан, 6-н бурхан, цонх, угаалгын машин гэх мэт 1.650.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс гэмтээсэн. Иймээс Н.Шинэхүүгээс 1.650.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Бямбасүрэн нь хариуцагч Н.Шинэхүүд холбогдуулан хохирол 1.650.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 39 тоот тогтоолд “2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаагаар “Н.Шинэхүү нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдол дээр суурилсан бусад хэлбэрийн шизофрени, зан төрхийн өөрчлөлт өвчтэй байна. Н.Шинэхүү нь хэрэг болсон тухайн үеийн болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Шинэхүү нь хэрэг хариуцах чадваргүй байна” гэсэн дүгнэлт зэрэг баримтаар Н.Шинэхүү нь хэрэг хариуцах чадваргүй байдал тогтоогдсон” гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Хариуцагч Н.Шинэхүү нь хэрэг хариуцах чадваргүй нь прокурорын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 39 тоот тогтоолоор тогтоогдож байх тул Н.Шинэхүү нэхэмжлэгч А.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн 1.650.000 төгрөгийг хариуцан төлөх боломжгүй байх бөгөөд хариуцагчийг хуульд зааснаар хэн төлөөлөх талаар бүрэн эрхийг нотолсон баримт бичгийг талууд шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч Н.Шинэхүүгээс хохиролд 1.650.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Шинэхүүгээс хохирол 1.650.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА

                                       ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              Ч.ЖАРГАЛАН