Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00295/И/ |
Дугаар | 249 |
Огноо | 2016-05-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 249
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Засаг даргын тамгын газрын 1 давхарт байрлах “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 28 дугаар байрны 29 тоотод оршин суух Гал овгийн Эрдэнэ-Очирын Цог-Эрдэнэд холбогдох 132.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэ-Очир овогтой Цог-Эрдэнэ нь “Өрнөх” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 5-р сарын 21-ний өдрийн тогтоолын 4-р заалт, Монгол Улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 1-р заалт, 148-р зүйлийн 3-р заалт, 2003 оны 06-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж “Өрнөх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох сарын 6000 төгрөгийн хураамжийг 2014 онд 07 сар төлөөгүйгээс 42.000 төгрөг, 2015 онд 12 сар төлөөгүйгээс 72.000 төгрөг, 2016 онд 3 сар төлөөгүйгээс 18.000 төгрөг, нийт 132.000 төгрөгийн өртэй байна. Иймд тус мөнгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Цог-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн 3-р баг, 28-р байр 29 тоотод оршин суугч Э.Цог-Эрдэнэ би “Өрнөх” СӨХ-ны надад гаргасан нэхэмжлэл болох нийт төлбөр 132.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр өөрийн биеэр төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны 28-29 тоотод оршин суугч Э.Цог-Эрдэнэ нь СӨХ-ны хураамж 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Э.Цог-Эрдэнээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 132.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Цог-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 132.000 төгрөгийг төлж барагдуулсан нь зохигчийн тайлбар болон “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны орлогын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 28 дугаар байрны 29 тоотод оршин суух Э.Цог-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны 132.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.610 төгрөгөөс 2.305 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2.305 төгрөг, хариуцагч Э.Цог-Эрдэнээс 2.305 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА