Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2023/01912

 

 

 

 

 

 

 

 

2023 11 01 210/МА2023/01912

 

 

Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/03566 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ийн хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан 20,241,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Э миний бие Э ХХК -тай 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талд байрлах, 16 давхар барилгын 9-12 давхрын 0 м.кв талбайд арматурын ажил хийхээр тохирсон. Уг ажлыг 1 м.кв-ыг нь 12,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсний үлдэгдэл 7,641,000 төгрөгийг өгөөгүй.

2020 оны 09 дүгээр сарын эхээр аман гэрээ хэлцлээр Хан-Уул дүүргийн нисэхийн тойргийн Миний захын ард байрлах орон сууцны суурийг 400 м.кв арматурын ажлыг 100 хувь гүйцэтгэсэн боловч ажлын хөлс 10,000,000 төгрөгийг өгөөгүй.

Мөн 2020 оны 09 дүгээр сарын сүүлчээр дүүргийн нутаг дэвсгэр 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв арматурын ажлын хөлс 10,000,000 төгрөгөөс 400,000 төгрөг өгч, 9,600,000 төгрөг өгөөгүй. Иймд дээрх 3 удаагийн ажлын хөлс нийт 27,241,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өдий хүрсэн.

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 35-86УБЧ улсын дугаартай, мицубиши кольт машиныг 7,500,000 төгрөгт тооцон авч үүнд 2022 оны 04 дүгээр сард Мишээл экспо дээр хийсэн ажлын үлдэгдэл мөнгө 3,500,000 төгрөгийг болон 2020 оны 04 дүгээр сарын ажлын хөлснөөс 4,000,000 төгрөгийг хасч ажлын хөлсөнд тооцож өгсөн.

2022 оны цагаан сарын дараа Э ХХК -ийн захирал Ж.Энхбаяр яриад бэлдэц, арматурын ажил байна, хийгээч гэсэн ба бид хоёр миний өмнө нь хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг төлөх талаар ярилцсан. Ингээд Мишээл экспо дээр 22 давхар барилгын 4, 5 давхарт босоо хийцлэлд боолт, бэлдэц хийсэн ба арматур бэлдсэн. Энэ ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг авах байсан.

Ж.Энхбаяр захирал нийт 27,241,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд өгнө гэсээр өдий хүрсэн ба энэ мөнгөнөөс 7,500,000 төгрөгт тооцож 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн дээр дурдсан автомашины үнээс 4,000,000 төгрөгийг хасч 23,241,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ж.Энхбаяр захирал Хаан банк дахь өөрийн 5070287041 тоот данснаасаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасч 20,241,000 төгрөгийг хариуцагч Э ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э ХХК нь Э тэй 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талд байрлах, 16 давхар барилгын 9-12 давхрын 0 м.кв талбайд арматурын ажил хийлгэхээр тохирсон. Э нь 9-11 давхрын ажлыг хийсэн. 12 давхрын ажлыг хийгээгүй гэж үзэж байгаа. 7,641,000 төгрөгөөс хоолны мөнгө хасагдах ёстой. Тус компанийн захирал Ж.Энхбаяртай 2020 оны 09 дүгээр сарын эхээр тохирч Хан-Уул дүүргийн нисэхийн тойрог, Миний зах дэлгүүрийн ард байрлах орон сууцны суурийн 400 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн ажлын хөлстэй арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн. 2020 оны 09 сарын сүүлчээр дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд арматурын ажлыг хийсэн үнэн. 2020 оны 09 сарын ажлын тухайд гэвэл манай компанийн хувьцаа эзэмшигчид хоорондоо маргалдаад Г.Алтанцэцэг захирал хамаг бичиг баримтаа аваад явсан тул тооцоо нийлсэн баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК -аас 20,241,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК -аас 259,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 89 дүгээр зүйлийн 89.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх Э ийн нэхэмжлэлтэй Э ХХК -д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 20,241,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э өөс түүний Хаан банк дахь 5405436666 дугаар дансны 2020 оноос хойш 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулгыг нотлох баримтаар гаргуулсан. Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалахад Э ХХК -ийн Хаан банкны 5037758386 данснаас, захирал Ж.Энхбаярын Хаан банкны 5070287041 данс, нягтлан Г.Алтанцэцэгийн Хаан банк 5007377496 данс, инженер П.Ганзоригийн Хаан банкны 5019067038 данснаас нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5405436666 дугаар дансанд нийт 31,185,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Мөн эд хөрөнгөөр 35-86УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг харилцан тохиролцож 7,500,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгч авах ёстой авлагаас 4,000,000 төгрөгийг хасуулах тухай хэлцэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч компани нэхэмжлэгчид мөнгө болон эд хөрөнгөөр бүгд 38,685,000 төгрөг төлсөн байхад 20,241,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хавтас хэрэгт байгаа дансны хуулга, мөн авто машиныг гэрээний төлбөрт 7,500,000 төгрөгт бодож өгсөн хэлцэл зэргийг хэрэгт ач холбогдолтой эсэх талаас нь үнэлээгүй, хэрэг маргааны тал бүрээс нь судлан бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримт байсаар байхад үнэлээгүй зэрэг нь хэргийг хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Миний бие 30,000,000 төгрөг авсан нь үнэн. 20,241,000 төгрөг нь үлдэх мөнгө юм. Өөрөөр хэлбэл, 58,000,000 төгрөг авах байснаас үлдэх 20,241,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 12 давхарт ажил хийж гүйцэтгэсэн ба бусад гэрээний дагуу ажлыг хийж хүлээлгэж өгсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан 20,241,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,000,000 төгрөгийг авсан байна гэж тайлбарлан нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, хариуцагчаас ажлын хөлсөнд 20,241,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

4. Нэхэмжлэгч Э нь ...Э ХХК -тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэн хийсэн ажлын хөлс болох 20,241,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь ...Э нь эхний байршил буюу дүүргийн нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын хойд талд байрлах, 16 давхар барилгын 9-11 дүгээр давхрын ажил, 2 дахь байршил буюу 400 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн арматурын ажил, 3 дахь байршил буюу 650 м.кв талбайд арматурын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн нь үнэн боловч компанийн хувьцаа эзэмшигчдын хоорондох маргааны улмаас тооцоо нийлсэн баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргажээ. /1хх-1, 2хх144/

4.1. Дээрх тайлбараас үзвэл талуудын хооронд тодорхой хэмжээний ажил хийсэн байдал тогтоогдсон боловч тэдгээр нь ажил хүлээлцсэн эсэх, хэдий хэмжээний ажлыг ямар хэмжээнд хийж гүйцэтгэсэн байдлууд тодорхой бус байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхой бус, маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Хариуцагч Э ХХК -ийн эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр /1хх79-250, 2хх1-98/-ийг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ямар ажлын гүйцэтгэлд тооцож төлсөн болохыг тодруулсанаар талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх, маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ...ажлын хөлсөнд нийт 58,000,000 төгрөг авах байснаас дансаар 30,000,000 төгрөг, төлбөрт тооцон 35-86УБЧ улсын дугаартай, мицубиши кольт маркийн автомашиныг тус тус хүлээн авсан. Үлдэгдэл 20,241,000 төгрөгийн ажлын хөлсийг гаргуулна гэж тайлбарлаж байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын цар хэмжээ, хариуцагчийн хүлээх үүрэг зэрэг нөхцөл байдлууд тодорхой болохоор байна.

7. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/03566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 259,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН