| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0049/э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-т холбогдох 1821006520017 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ........ дугаар баг, ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар нь хянан харгалзсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, овогт Ч.Э. /РД: ............/
Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Бат-Уулын 2-07 тоотод оршин суух хаягтай, Л.Дэнсмаагийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр гэрт нь нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 инчийн зурагт хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр айл руу ороод 21 инчийн телевизор хулгайлаад хажуу айлын хүнд нь баригдсан. Тэгээд хулгайлсан телевизороо буцааж өгөөд явсан...” гэв.
Хохирогч Л.Дэнсмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд өндөр настны тэтгэврээ авахаар гэрээсээ гарсан юм. Тэгээд тэтгэврээ аваад Хэрлэн сумын 6 дугаар багт байх “Шүр” зах дээр явж байхад манай хөрш Энхбаяр гэх залуу над руу утсаар залгаад “Та гэртээ ирэх болж байна уу сая танай гэрээс нэг залуу зурагтыг чинь аваад гарч байгаад надтай таарлаа, би зурагтыг чинь аваад гэр рүүгээ оруулаад тавилаа нөгөө залуу алга болчихлоо” гэж хэлсэн. Ингээд би гэртээ ирэхэд Энхбаяр зурагтыг маань гэртээ оруулаад тавьсан байсан. Тэгээд би бусад эд зүйлээ бүртгэхэд бүрэн байсан. ...би тэр залууг танихгүй манай хөрш залуу Энхбаяр хэлэхдээ ерлаш гэх нэртэй 2 дугаар багийн Хан-Уул бага сургуулийн ойролцоо гэр нь байдаг гэсэн. ...гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд гараад явсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 15-17 тал/
Гэрч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай төрсөн ээжийн гэр Дэнсмаагийн хашааны хажуу талд байдаг бөгөөд тухайн өдөр ээжийнхээсээ гараад явж байхад Дэнсмаагийн хашаанаас нэг залуу зурагт барьсан байдалтай гарч ирэхээр нь хулгай хийж байна гэж бодоод “чи яагаад хулгай хийж байгаа юм, хэн аваад ир гэсэн юм” гэж хэлээд зурагтыг нь аваад цагдаа дуудна гэсэн чинь цаашаа гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь Дэнсмаа эгч рүү залгаад болсон асуудлын талаар хэлсэн. ...35-40 орчим насны зүс мэддэг ерлаш буюу Э гэх залуу байсан...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 тал/
- Ч.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Бат-Уулын 2-07 тоотод оршин суух хохирогч Л.Дэнсмаагийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр гэрт нь нууцаар, хууль бусаар нэвтэрч “Howai” маркийн 21 инчийн зурагт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Л.Дэнсмаа, гэрч Б.Энхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Ч.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Э-н үйлдлийн улмаас хохирогч Л.Дэнсмаад 180.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Э-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ