| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/00813/и |
| Дугаар | 1389 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1389
Б.Булганаагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/04126 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Булганаагийн
Хариуцагч Б.Хүрэлтогоод холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 99 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Булганаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Б.Хүрэлтогоо,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Булганаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иргэний хуулийн 189, 281, 282, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Хүрэлтогоод 60 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэй мөн алданги тооцохоор, 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Б.Хүрэлтогоо нь 100-н айлын Харшил судлалын үндэсний төвд эмчээр ажилладаг байсан бөгөөд Б.Булганаа миний бие 2010 оноос хойш хэвтэн эмчлүүлж байхад миний эмчлэгч эмч байсан. Б.Хүрэлтогоо нь миний эмчлэгч эмчийн хувьд байнга мөнгө төгрөг асууж, удаа дараа мөнгө зээлж байсан бөгөөд тухайн үед нь зээлсэн мөнгөө өгдөг, тооцоогүй байсан болохоор харилцан итгээд энэхүү 60 000 000 төгрөгийг өөрийн танил Б.Саранцэцэгээс зээлийн гэрээ байгуулан зээлдэж өгсөн. Харин Б.Хүрэлтогоогийн ярьж байгаа 15 000 000 төгрөгийг надаас авсан байдал нь энэ 60 сая төгрөгөнд огт хамаагүй. Мөн миний бие шүүхэд хандахын тулд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч 2 000 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл болох 60 000 000 төгрөг, 1 сарын 8%-ийн хүү 4 800 000 төгрөг, алданги 32 400 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг нийт 99 200 000 төгрөгийг хариуцагч Б.Хүрэлтогоогоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Хүрэлтогоо шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булганаагаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 60 000 000 төгрөг аваагүй. Уг гэрээ нь дүр эсгэсэн буюу айлган сүрдүүлэх замаар хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь миний бие анх иргэн Б.Булганаагаас 2015 оны 3 дугаар сарын 03-нд 20 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Б.Булганаа нь тухайн үед 2 сарын хүүг урьдчилан авсан хэмээн миний Хаан банк дахь 5023116650 тоот дансанд иргэн Батмөнхөөс Хаан банкны 502931192 тоот данснаас шилжин ирсэн 15 000 000 төгрөг, өөрийнхөө Хаан банкны 5753153078 тоот данснаас шилжин ирсэн 1 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авсан. Уг зээлийг гэрээ байгуулалгүй аман байдлаар тохиролцон 2 сарын хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэй байсан тул 9 510 000 төгрөгийг төлсөн. Б.Булганаа нь уг мөнгийг Батмөнх гэгчээс дамжуулан авч өгсөн. Тухайн хүн зээл төлөхийг шаардан цагдаад өгнө гэж дарамтлаад байгаа тул өөр хүнээс мөнгө авч өгсөн. Тэр мөнгө нь хүү алдангийн хамт 59 400 000 төгрөг болсон тул та энэ гэрээнд гарын үсэг зур гэж дарамтлан 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр МУБИС-ийн урд байрлах нотариатад дагуулан орж баримтанд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би дарамтанд орсон мөн Б.Булганаа миний өмнөөс өрөнд орж давхар дарамттай байгаа гэж айсан тул юунд гарын үсэг зурснаа хараагүй. Гэтэл бэлэн мөнгө хүлээн авсан мэтээр бичсэн байсан. Уг мөнгийг би огт хараагүй, тоолж аваагүй нотариатч үүнийг гэрчилнэ. Б.Булганаагаас авсан 16 000 000 төгрөгийг өөрийн бага хүүг Японд сургуульд явуулахад зарцуулсан. Хүү маань Японд сурахаар шалгалт өгөөд тэнцсэн хариуг 2014 оны 11 дүгээр сард хүлээн авсан ба хичээл нь 2015 оны 4 дүгээр сарын 01-нд эхлэх байсан тул яаралтай мөнгөний хэрэгцээ гарч 2015 оны 3 дугаар сарын 03-нд зээлсэн. Иймд миний бие дансаар авсан 16 000 000 төгрөг, түүнээс буцаан төлсөн 9 510 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 99 200 000 төгрөгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Хүрэлтогоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 60 сая төгрөгийг зээлсэн мэтээр харагдуулж зээлийн гэрээ байгуулж, намайг айлган сүрдүүлж 60 сая төгрөгийг хүлээж авсан гэж бич гээд дарамталж гарын үсэг зуруулсан. Над руу өдөр шөнөгүй өглөөнөөс эхлээд шөнийн 12 цаг хүртэл мөнгөө өг гэж байнга утсаар ярьж дарамталдаг. Байнгын харааж зүхэж, гэрээр байнга янз бүрийн хүн явуулж, дарамтлуулж, би таны өмнөөс цагдаад дуудагдаж байна. Намайг одоо авч яваад хорино гэж байна гэх мэтээр ярьдаг байсан болохоор би айсандаа болж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний хувьд дараа нь ийм асуудал болно гэдгийг тухайн үед ойлгох чадваргүй, даралт ихсэж нүд бүрэлзээд байсан бөгөөд Б.Булганаа зүгээр л гарын үсэг зурчих гэхээр нь би очоод гарын үсэг зураад мөнгө хүлээн авсан гээд биччихсэн. Бодит байдал дээр би Б.Булганаагаас 60 сая төгрөг зээлээгүй, бэлнээр тоолж аваагүй, харин 16 000 000 төгрөг зээл авсан болох нь миний дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Булганаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг түүнийг дарамталсан, хуурч мэхэлсэн үйлдлийг хийгээгүй. Харин Б.Хүрэлтогоод тус болохын тулд бусдаас зээл авч өгсөн байдаг. Мөн зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойж, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, мөнгийг Б.Хүрэлтогоод бэлнээр өгч энэ тухай баримт үйлдсэн байгаа. Хариуцагч нь нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгч Б.Булганаад түүнээс 60 сая төгрөгийн зээл авсан талаар, уг мөнгийг байраа зараад төлж өгөх талаар бичиж өгсөн байдаг. Түүнчлэн Б.Булганаа нь Б.Хүрэлтогоод өөрийн дансаар мөнгө шилжүүлж, удаа дараа мөнгө зээлж байсан нь дансны хуулгаар харагдана. Иймд хариуцагч Б.Хүрэлтогоо нь 60 сая төгрөгийг аваагүй гэж тайлбарлан шүүхийг төөрөгдүүлж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Хүрэлтогоогоос 7 490 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Булганаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 91 710 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Б.Булганаа, Б.Хүрэлтогоо нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Булганаагаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 653 950 төгрөг, хариуцагч Б.Хүрэлтогоогоос сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 228 975 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хүрэлтогоогоос 134 790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Булганаад, нэхэмжлэгч Б.Булганаагаас 228 975 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хүрэлтогоод тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Булганаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Б.Хүрэлтогоод 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 60 сая төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр зээлдүүлсэн боловч өдийг хүртэл нэг ч төгрөг барагдуулаагүйгээр барахгүй нэхэмжлэл гаргасан Гэтэл 101/ШШ2016/04126 тоот шийдвэрт "нэхэмжлэгч Б.Булганаа нь маргаан бүхий 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 60 000 000 төгрөгийг хариуцагч Б.Хүрэлтогоод дансаар бус бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, харин ч жижиг зээлийг дансаар байнга шилжүүлдэг байсан мөртлөө их хэмжээний мөнгийг яагаад өөрийн дансаар шилжүүлээгүй болох нь эргэлзээтэй байх тул шүүх хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан тайлбараас илүүтэйгээр бодит үнэн гэж үзсэн болно. Иймд хариуцагч Б.Хүрэлтогоо нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Булганаагаас 60 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн аваагүй, зээлийн гэрээ бодит байдлаар байгуулагдаагүй болох нь тогтоогдсон боловч хариуцагч Б.Хүрэлтогоо нь нэхэмжлэгч Б.Булганаагаас 16 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээс 9 510 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 6 490 000 төгрөгийг төлнө гэж тайлбарлав.
Харин нэхэмжлэгч тал дээрх 16 000 000 төгрөгийн асуудал тусдаа, уг 60 000 000 төгрөгийн зээлийн харилцаанд хамааралгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Б.Хүрэлтогоогийн Хаан банкны дансны хуулгаар түүнд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Батмөнх гэгчээс 15 000 000 төгрөг, мөн өдөр нэхэмжлэгч Б.Булганаагаас 1 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг орж ирсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд 16 000 000 төгрөгийн зээлийн асуудал байсныг нэхэмжлэгч Б.Булганаа хэрхэн яаж 60 000 000 төгрөг болгон зээлийн гэрээ байгуулсан болох нь хариуцагч Б.Хүрэлтогоогийн гаргасан Батмөнхөөс надаас 15 000 000 төгрөгийг зээлж өгсөн, тэгээд Батмөнх надаас зээлийн мөнгөө нэхээд байна. Таны төлөх ёстой дүн чинь 59 600 000 төгрөг болсон, зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж хэлсэн учир гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбараас харагдлаа. Зээлийн гэрээг бичгийн болон аман дахь хэлбэрээр байгуулж болох тул нэхэмжлэгч Б.Булганаа хариуцагч Б.Хүрэлтогоо нарын хооронд үүссэн зээлийн төлбөрийг 16 000 000 төгрөг гэж тооцон, үүнээс Хаан банкны орлогын баримтуудаар тогтоогдсон хариуцагч Б.Булганаагийн төлсөн 9 510 000 төгрөгийг хасаж үлдэх 6 490 000 төгрөгийг Б.Хүрэлтогоо төлөхийг зөвшөөрсөн тул тэрээр уг төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй байна гэж үзэв" гэсэн нь нэхэмжлэгч миний шүүхэд гаргаж өгсөн 16 000 000 төгрөгийн тухай хариу тайлбарт дурдсанаар болон Б.Хүрэлтогоогийн Хаан банкны хуулгаар Батмөнх гэдэг хүнээс шилжсэн нь харагдаж байгаа бөгөөд Б.Булганаа миний данснаас шилжээгүй, мөн энэ 60 000 000 төгрөгийн зээлийн асуудалд огт хамаагүй болох нь тодорхой харагдаж байгааг шүүгч Т.Энхтуяа нь олж хараагүй, харахыг хүсээгүйгээр барахгүй шууд 60 000 000 төгрөгийн зээлд хамааруулж байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
Мөн уг хариу тайлбарт Б.Хүрэлтогоод дансаар болон бэлнээр ажил дээр нь мөнгө аваачиж өгдөг миний ажил дээр ирж мөнгө бэлэн авдаг байсан тухай бичсэн байтал шүүгч Т.Энхтуяа огт дурдаагүй харин ч дандаа дансаар мөнгө өгдөг байсан мэтээр дурджээ. Мөн үг зээлийн гэрээг гэрчилсэн нотариатч Д.Отгонжаргалын "Зээлийн гэрээг нотариатаар баталсан нь үнэн, гэхдээ эдгээр хүмүүс над дээр орж ирэхээс өмнө мөнгөө өгч, авалцсан гэж хэлсэн учир би мөнгөө өгч, авалцсан гэж ойлгон зээлийн гэрээний ард баримт үйлдүүлж бичүүлсэн түүнээс биш миний хажууд мөнгө тоолж өгөлцөж авалцсан зүйл байхгүй, ер нь гэрээг батлахдаа мөнгө шилжүүлсэн баримтыг шалгадаг гэх тайлбараар давхар нотлогдож байна гэж дүгнэв" гэсэн нотариатч П.Отгонжаргал нь эдгээр хүмүүс /Хүрэлтогоо бид 2, нотариатын өрөөнд хамт орсон/ мөнгөө өгч авалцаад орж ирж зээлийн гэрээ хийсэн болон талуудаас мөнгөө хүлээлцсэн эсэх талаар асууж лавлан баримтжуулж бичүүлж байж зээлийн гэрээг баталдаг талаараа маш тодорхой тайлбар хийсэн. Гэтэл шүүгч Т.Энхтуяа яагаад “... гэх тайлбараар давхар нотлогдож байна гэж дүгнэв” гэж эсрэгээр тайлбарлаж байгааг миний бие огт ойлгохгүй байгаа юм. Хариуцагч Б.Хүрэлтогоо нь удаа дараа надад итгэл төрүүлж "Би мөнгийг чинь найдартай өгнө, чи битгий санаа зов" гэх мэтээр уран гоё үг хэлж тэр ч байтугай "Бүр болохгүй бол эгч нь байраа зараад чамд мөнгийг чинь өгнө" гэж хэлээд баталгаа болгож, 2-3 удаа надад бичгээр бичиж өгсөн /өөрийн гараар/. Энэ бүх баримтуудыг би шүүхэд албан ёсоор нотлох баримт болгон гаргаж өгч байхад шүүгч Т.Энхтуяа энэ бүх баримтуудыг өөрийн гаргасан шийдвэртээ огт тусгаагүй байгаад би үнэхээр их гайхаж байна. Тиймээс шүүгч Т.Энхтуяад иргэн миний бие маш их гомдолтой байна. Шүүгч Т.Энхтуяа нь энэ мэтээр хэт нэг талд үйлчилсэн буюу хариуцагч Б.Хүрэлтогоод ашигтайгаар шийдэж, миний 99 200 000 төгрөг нэхэмжилснийг үгүйсгэж ердөө 7 490 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Б.Хүрэлтогоогийн “Би шүүгч Энхтуяаг таньдаг” гэснийг баталж байна. Иймээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/04126 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Булганаа нь хариуцагч Б.Хүрэлтогоод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 32 400 000 төгрөг, хохиролд 2 000 000 нийт 99 200 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Б.Булганаа нь зээлдэгч Б.Хүрэлтогоод 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 60 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор /хх-5/ харилцан тохиролцсон тухай баримт байх боловч тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь 60 000 000 төгрөгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Булганаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар 60 000 000 төгрөгийг хариуцагч Б.Хүрэлтогоод шилжүүлэн өгсөн гэх өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт тус тус нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хариуцагч Б.Хүрэлтогоо нь дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгч өгөөгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, гэрээг мөн хуулийн 56-60 дугаар зүйлд зааснаар шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байхаас гадна уг нөхцөл байдал нь хариуцагч Б.Хүрэлтогоогоос нэхэмжлэгч Б.Булганаагийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэслэл болохоос бие даасан шаардах эрх байх үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байхад энэ ажиллагааг хийгээгүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Булганаагаас 16 000 000 төгрөг зээлсэнээс 9 510 000 төгрөгийг төлж, 6 490 000 төгрөгийг төлөөгүй байгаа гэх тайлбарыг хариуцагч гаргасан ба анхан шатны шүүхээс зохигчдын хооронд 16 000 000 төгрөгийн зээлийн асуудал байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсэн нь зөв болжээ.
Учир нь хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн Б.Булганаа, Ш.Батмөнх, Б.Хүрэлтогоо нарын хооронд иргэд хоорондын 60 000 000 төгрөгний зээлийн гэрээ /хх-105/ гэсэн баримт хуулбараар авагдсан бөгөөд энэхүү бичгийн баримтад Ш.Батмөнхийн нэрийг оруулсан байгаа нь хариуцагчийн тайлбартай нийцэж байна.
Хариуцагч Б.Хүрэлтогоо нь “нэхэмжлэгч Б.Булганаагаас 16 000 000 төгрөг зээлсэн” гэсэн тайлбар гаргасан, улмаар түүний ХААН банк дахь харилцах дансанд 2015 оны 3 дугаар сарын 3-нд Ш.Батмөнхөөс 15 000 000 төгрөг, Б.Булганаагаас 1 000 000 төгрөгийн орлого орсон, дээрх нотариатаас ирүүлсэн бичгийн баримт дахь 60 000 000 төгрөгийн зээлийн харилцаанд Ш.Батмөнхийн нэр орсон байгаа зэргээс үзэхэд талуудын хооронд 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх дэх хэсэгт тус тус нийцжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан “нотлох баримтуудыг шийдвэртээ тусгаагүй, хэт нэг талд үйлчилсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч Б.Хүрэлтогоогоос нэхэмжлэгч Б.Булганаагаас бодитоор шилжүүлэн авсан 16 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 6 490 000 төгрөгөөс гадна өмгөөлөгчийн зардалд 1 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/04126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/22851 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Булганаа нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА