Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0156

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр               

Дугаар 221/МА2019/0156

                                Улаанбаатар хот

 

 

О.Б  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч  Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч О.Б , түүнийн өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.Б-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

    “1.Анхан шатны шүүх нь О.Б худалдаа үйлчилгээний зориулалтаар 165 м2 газар эзэмшүүлэх тухайн захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэрийг гаргасан ба энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа боловч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2014  оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2012 оны хуучин хуулийн холбогдох заалтыг баримтлан хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

    Энэхүү актуудад маргаан үүсгэсэн үеийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг хэрэглэж шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

    Учир нь Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/467 тоот захирамжаар О.Б эрх ашгийг зөрчиж , хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээрх барилгыг албадан буулгаснаас үүдэн хэрэг маргаан үүссэн ба хэргийг шийдвэрлэх явцад дээрх маргааныг үүсгэх үндэслэл болсон дээрх актууд гарч эрх ашгийг нь хөндсөн болохыг мэдэж, тухайн актыг илтэд хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан ба актуудад маргааныг үүсгэх үед 2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдрөөс мөрдөгдөх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хууль зөрчиж, хүчингүй болсон хуулийн хэрэглэсэн байна гэж үзэж байна.

    2.Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдах үндэслэл байгаагүй учир нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа тайлбарласан ба энэ байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Хавтас хэргийн 169 хх -174 хх Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот Бодлого батлах тухай хуралдаан хавсралтад Кувейтийн гудамжинд буюу маргаан бүхий 1400 мкв газарт төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, худалдааны зориулалтаар газар эзэмших эрхийг олгох талаар огт шийдвэрлээгүй байхад дээрх захирамжийг Орхон аймгийн Засаг дарга гаргасан, тухайн газарт сонгон шалгаруулалтыг зарлах захирамж гаргах үед уг газар нь хууль ёсны дагуу бусдын эзэмшилд /О.Б эзэмшилд/ байсан нь 33 дугаар зүйлийн 33.1.1 ,39 дүгээр зүйлийн 39.1-д заалт , 42 дугаар зүйл, 43 дугаар зүйл заалтыг зөрчиж, бусдын эрхэд халдах үндэслэл байхгүй байхад эрх ашгийг нь хөндсөн захирамж гарсан болох нь баримтаар нотлогдсон.

    Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 тоот захирамж нь газрыг эзэмших төсөл сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж бусдад эзэмших эрх олгосон захирамж гарах үед О.Бнь тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө өмчлөн зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсныг буулгаж, газрыг албадан чөлөөлөх 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 497 тоот захирамж гарч, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 дугаар сарын 03 дугаар  сарын 02-ны өдрийн 147 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн танхимын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 175 тоот тогтоолоор /27хх,37хх/ нотлогдсон. 

    Түүнчлэн уг захирамж нь Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамжийн дагуу гарсан бөгөөд хууль ёсны дагуу О.Б газар эзэмших гэрээний дагуу газрыг эзэмшиж байсныг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 ,39 дүгээр зүйлийн 39.1 заалт , 42 дугаар зүйл, 43 дугаар зүйл заалтыг зөрчиж түүний эрхэд халдах үндэслэл байхгүй байхад энэхүү захирамж гарсан нь хэрэгт нотлогдсон. 

    Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 заалтад актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг тодорхойлохдоо 14.1-4 дэх хугацаа үл хамаарна гэх тул Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот шийдвэрийн 2 дахь заалт дахь Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын  16-ны өдрийн А/280 тоот захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Иргэн О.Б нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тоггоолгох тухай тус тус нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хариуцагч Орхон аймгийн Засаг даргын төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт "...нэхэмжлэгч О.Б худалдаа үйлчилгээний зориулалтаар 165м.кв газар эзэмшүүлэх тухай захиргааны акг гаргахыг Орхон аймгийн Засаг дарга /Д.Б /-д даалгасугай” хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн.

    Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "...нэхэмжлэгч О.Б худалдаа үйлчилгээний зориулалтаар 165 м.кв газар эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг дарга /Д.Б /-д даалгасугай хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Бнь Орхон аймгийн Засаг дарга /Д.Б /-д холбогдуулан Хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газарт баригдаж буй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай акт гаргахыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Анхан шатны шүүх  нэхэмжлэгч О.Быг шүүх хуралдааны явцад “Хууль ёсоор эзэмшиж байсан нийт 165 м2 газрыг иргэн О.Б эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, улмаар дээрх шаардлагаа дэмжсэн гэж үзээд хэргийг шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай ямар нэгэн бичмэл баримт авагдаагүйн дээр шүүх хуралдааны тэмдэглэлд ч энэ талаар тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хийсэн “нэхэмжлэлийн шаардлагаа Хууль ёсоор эзэмшиж байсан нийт 165 м2 газрыг иргэн О.Б эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах хэмээн тодруулсан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг нотлох баримт үгүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтэрч хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2002 оны хуучин хуулийн холбогдох заалтыг баримтлан хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Энэхүү актуудад маргаан үүсгэсэн үеийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг хэрэглэж шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2016 оны хуулийн зохицуулалт 2 хугацааны хувьд харилцан адилгүй өөр зохицуулалт агуулж байгаа. 

Илт хууль бус захиргааны актын тухайд 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 30 хоногоор хязгаарладаг байсан бол 2016 оны хуулиар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болсон. Иймд /шүүхээр маргаан нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй, хянагдаагүй/ энэхүү Орхон аймгийн Засаг даргын гаргасан захиргааны актын тухайд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах боломжтой гэж үзнэ.

Нэгэнт анхан шатны шүүх Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 тоот захирамжууд илт хууль бус болох эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамж, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын  22-ны өдрийн А/502 тоот захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж хэрвээ нэхэмжлэлийн аль нэг шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчлөх, ихэсгэх аль ч тохиолдолд бичгээр авч талуудад гардуулж холбогдох тайлбар, нотлох баримт гаргах эрхийг нь хангах нь зүйтэй.  Харин нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, татгалзах тохиолдолд мөн адил бичгээр авч холбогдох шийдвэрийг шүүх шийдвэртээ тусгах буюу эсхүл хэргийг тусгаарлаж татгалзлыг нь баталж байх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

              

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                    Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР