Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 05

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, 

            Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж, дарга Д.Тэгшээ, гуравдагч этгээд Б.Баттулга, түүний өмгөөлөгч Ө.Батболд, гэрч И.Ариунболд, З.Зоригтбаатар, Н.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч, Б.Билгүүн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор сумын Засаг даргад Б.Баттулгын нэрийг дэвшүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

             Хуралдаанд нийт 21 төлөөлөгч оролцож санал өгөхөөс 10 төлөөлөгч Б.Баттулгын төлөө санал өгсөн ба 10 төлөөлөгч хуралдаанд зориудаар оролцоогүй, төлөөлөгч Г.Ганцогт /бие даагч/ нь хуралдааныг орхин гарч санал хураалтад оролцоогүй болно. Сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Баттулгын төлөө 10 төлөөлөгч санал өгсөн, эсрэг саналтай 11 төлөөлөгч байсан ба төлөөлөгчдийн олонхи түүнийг дэмжээгүй.

            Иймд Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч, Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Тэгшээ, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Билгүүний гаргасан Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д заасныг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дашбалбар сумын ИТХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд 21 төлөөлөгч оролцохоос МАН-ын төлөөлөгч Ц.Тунгалаг нь анхдугаар хуралдааны дараа албан ёсны чөлөө авч БНСУ-руу явсан. Харин Т.Баясгалан нь чөлөө авч татварын тайлан тушаахаар аймгийн төв рүү явсан байсан. МАН-ын дарга, бүлгийн дарга Ёндонжамц тэргүүтэй МАН-ын 4 төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасныг зөрчиж уг хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Мөн нэхэмжлэл гаргагчийн төрсөн эцэг Б.Балжиндондогийн төрсөн дүү Батхуягийн Базар, хуучин хурлын дарга З.Зоригтбаатар /АН-ын төлөөлөгч/, бие даагч Н.Жаргалсайхан нар уг шалтгаанаар хуралд оролцоогүй. Б.Батбаяр нь хурлын товыг мэдсэн боловч машин нь саатаж хуралдаанд оролцож чадаагүй юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “…сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсний дагуу сумын Засаг даргад 90.9 хувийн санал авсан Б.Баттулгыг сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

             Гуравдагч этгээд Б.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баттулга миний бие сумын ИТХ-ын 2017 оны 03 дугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшиж Аймгийн Засаг даргын Б/09 тоот захирамжаар сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын дагуу явагдсан бөгөөд ямар нэг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд судалж, шинжилж, дүгнэж үзэн томилох шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанд гэрч З.Зоригтбаатар мэдүүлэхдээ: Одоогоор Дашбалбар сумын Ардчилсан намын дарга Билгүүнийг гэж үзэж байна. Манай сумын Ардчилсан намын бүлэг байгуулагдаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны хурлын өмнө хурлын дарга Тэгшээд манай намын бүлэг хуралдаж, Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг ярих ёстой намын бүлэг асуудал дэвшүүлэх ёстой гэхэд намын бүлэг хуралдахгүй гэж байсан гэв.

            Шүүх хуралдаанд гэрч Н.Намжилмаа мэдүүлэхдээ: Манай Дашбалбар сумын Ардчилсан намын албан ёсны тамга тэмдэгтэй дарга нь Билгүүн мөн гэв.

            Шүүх хуралдаанд гэрч И.Ариунболд мэдүүлэхдээ: Миний бие Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол ардын намын бүлгийн дарга юм. Манай намын бүлгийн зүгээс хуралд оролцохгүй, Засаг даргад нэр дэвшсэн хүнийг дэмжихгүй гэж хурлын ажлын албанд албан ёсоор бол бичгээр мэдэгдэж хэлээгүй. Миний хувьд Дашбалбар сумын Ардчилсан намын дотоод асуудлыг мэдэхгүй гэв.

                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч, Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намаас “Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн  шаардлагаа тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

             Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэхээр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны ээлжит 3 дугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутанд хуралдуулахаар шийдвэр гаргажээ.     

            Дээрхи шийдвэрийн дагуу Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчдөд хурлын тов, мэдэгдлийг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан  Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд 2017 оны 3 дугаар хуралдааны мэдэгдэл хүргүүлсэн жагсаалтаар нотлогдож байна.[1]

            Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн Сонгуулийн 2017 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд тус хуралд 21 төлөөлөгч оролцохоос 11 төлөөлөгч оролцож хурлын ирц 52.4 хувьтай эхэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан ирцийн бүртгэл, 03 дугаар хуралдааны тэмдэглэл, гэрч Б.Ганцогтын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.[2]

            Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдаанаас сумын Засаг даргад Ардчилсан намаас Баяртогтохын Баттулга нэр дэвшиж хуралдаанд оролцсон 11 төлөөлөгчөөс 10 төлөөлөгчийн санал авсан бөгөөд 1 төлөөлөгч хурлыг орхин гарсан нь тооллогын комиссын 02 дугаар тогтоол, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.[3]

            Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 90.9 хувийн буюу олонхийн санал авсан Баяртогтохын Баттулгыг сумын Засаг даргаар томилуулах саналыг Дорнод аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

            Уг шийдвэрийг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар Баяртогтохын Баттулгыг Дашбалбар сумын Засаг даргаар томилсугай гэсэн шийдвэрийг гаргасан. 

            Дээрхи үйл баримт, хурлын процесс нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын ... хуралдаанд 21 төлөөлөгч оролцож санал өгөхөөс 10 төлөөлөгч Б.Баттулгын төлөө санал өгсөн ба 10 төлөөлөгч хуралдаанд зориудаар оролцоогүй, бие даагч Г.Ганцогт хуралдааныг орхин гарсан ... эсрэг саналтай 11 төлөөлөгч байсан ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх заалтыг зөрчсөн... Дашбалбар сумын Ардчилсан намын бүлэг байгуулагдаагүй зэргээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал:

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.”, 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.” гэж тус тус хуульчилсан байна. 

           Тухайлбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд тус хуралд 21 төлөөлөгч оролцохоос 11 төлөөлөгч оролцож хурлын ирц 52.4 хувийн ирцтэй хуралдсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар тухайн хурал хүчинтэй байна. /Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно./

            Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар Хурал эхлээд явж байхад хурлын төлөөлөгч бие даагч Г.Ганцогт хурлыг орхиж гарсан бөгөөд түүнийг байхгүйд санал хураалт явуулж түүнийг эсрэг санал өгсөнд тооцож санал хураалтыг явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх заалтыг зөрчөөгүй байна.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэх заалтын дагуу Дашбалбар сумын Ардчилсан намын бүлгийг төлөөлж, хурлын төлөөлөгч Б.Батсайхан тус сумын Засаг даргад Б.Баттулгыг нэр дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 90.9 хувийн буюу олонхийн санал авсан тул тус сумын Засаг даргаар томилуулахаар Дорнод аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын дарга хэн эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд энэ нь тухайн намын дотоод асуудал бөгөөд маргаан бүхий захиргааны акттай холбоогүй асуудал юм.

            Иймд Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын “Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.9, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Дашбалбар сумын Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дашбалбар сумын Ардчилсан намын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 


[1] Хэргийн 23-р хуудас

[2] Хэргийн 24, 26, 47-р хуудас

[3] Хэргийн 26, 31-р хуудас