Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 03

 

А.Соёлмаад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Ж.Очирбат

            Ялтан А.Соёлмаа

            Ялтны  өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан А.Соёлмаа, ялтны өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гомдлоор А.Соёлмаад холбогдох 201512000251 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1969 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 5-р хороо, Нарийн 29-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтангэрэлийн Соёлмаа /регистрийн дугаар НЕ:69033169/

 

А.Соёлмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Дэлгэр-Очирын гэрт А.Батжаргалын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас А.Соёлмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

           Анхан шатны  шүүх:

           Шүүгдэгч  Боржигон  овогт  Алтангэрэлийн  Соёлмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар А.Соёлмаад 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Соёлмаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан А.Соёлмаагаас 4.247.106 /дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогч Их-Угтаал овогт Арилдийн Батжаргалд олгож, 54200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 23.394.194 /хорин гурван сая гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн дөрвөн/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч А.Соёлмаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй ба хохирогчид 304500 төгрөг өгсөн гэж хохирогч А.Батжаргал мэдүүлсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч А.Батжаргал нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар А.Соёлмаагаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн данхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа  тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй  орхигдуулсан, мөрдөн байцаалтыг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий хүмүүсийг байцаагаагүй, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй,  хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг,  эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд А.Соёлмаа 2015 оны 11 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Дэлгэр-Очирын гэрт хохирогч А.Батжаргал нь өөрийн эхнэр болон гэрт байсан Дэлгэр-Очир нарт агсан тавьж улмаар ална гэж А.Соёлмаагийн өөдөөс нь хүрч очиж гарыг нь мушгихад өвдөлтөндөө болоод гараа тавиулахын тулд ширээн дээр байсан зүйлийг /данх гэдгийг маргааш нь мэдсэн/ авч шидсэнээс А.Батжаргалын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрдөг. Тэрээр би энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй. Өөрөөр хэлбэл нүдийг нь сохлох санаа зорилго надад огт байгаагүй гэж мэдүүлдэг.

          Хохирогч Батжаргалын эмчилгээний үр дүнгийн талаар өмгөөлөгчийн хувьд судлахад Батжаргал хараагүй болоогүй, түүний нүдний цөцгий ч гоожоогүй, харин цөцгийд цус хуралт үүссэн бөгөөд уг цус хуралтыг мэс заслын аргаар соруулаад бүрэн эдгэдэг технологи Монголд нэвтэрч дээрх эмнэлэгт уг мэс ажилбарыг хийлгэсэн байх бүрэн боломжтой байна. А.Батжаргалын нүдэнд болор суулгасан нь түүний “Инфинита” эмнэлгийн историд бичээстэй байх бөгөөд уг бичгийн баримтыг шаардан гаргуулж хавтаст хэрэгт хавсаргах, цаашлаад шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

            Мөн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулахад хохирогч Батжаргалын амбулаторийн картыг хэрэгт хавсаргаж өгөх, цаашлаад түүний биеийг шинжээчийн дүгнэлт гаргуулахад оролцуулж үзүүлэх хүсэлтэй байна.

           Эмч Н.Нарангэрэл болон мэс засал хийсэн эмч Мөнхзаяа нарыг гэрчээр оролцуулан хохирогчийн эмчилгээний үр дүн болон түүний нүд хараатай болон хараагүй эсэх, цаашид эмчлэх боломжтой, эсхүл боломжгүй талаар зайлшгүй байцаах шаардлагатай гэж  үзэж байна.

            Энэ бүхнийг шалгуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосны эцэст А.Соёлмаад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх үүднээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна гэжээ.

 

            Ялтан А.Соёлмаа давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ :  А.Соёлмаа миний бие 2015 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Дэлгэр-Очирын гэрт хохирогч А.Батжаргал нь эхнэр болон гэрт байгаа айлын хүмүүст агсан тавьж улмаар ална гэж гэнэт өөдөөс хүрч ирж гарыг минь мушгихад нь өвдөлтөндөө болоод гараа тавиулахын тулд ширээн дээр байсан зүйлийг авч шидсэнээс түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй. Өөрөөр хэлбэл нүдийг нь сохлох санаа зорилго надад огт байгаагүй. Гэхдээ эцсийн эцэст санаатай ч бай санамсаргүй ч бай энэ бүхэн миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

            А.Батжаргалын нүдэнд болор суулгасан нь түүний “Инфинита” эмнэлгийн историд бичээстэй байх бөгөөд нотлох баримтаар уг исторыг хавтаст хэрэгт хавсаргах, цаашлаад нарийн мэргэжлийн нүдний эмч нарыг оролцуулсан  бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна.

            Хараагүй болсон хүнд болор суулгах боломжгүй гэдгийг анх түүнийг үзэж байсан эмч Н.Нарангэрэл, мэс засал хийсэн эмч Мөнхзаяа нар ярьж байсан. Иймд эдгээр эмч нарыг гэрчээр байцаалгах шаардлагатай гэж би үзэж байна. 

            Энэ бүхнийг шалгуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосны эцэст миний  хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

     

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Д.Дарьсүрэн: А.Соёлмаа болон түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын давж заалдах  гомдлыг дэмжиж байна. Хохирогч хараагүй болсон эсэх нь  эргэлзээтэй байх тул шинжээчийн дүгнэлт хангалттай гараагүй гэж үзэж байна. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, эмч нарыг байцаах ажиллагаа хийлгэх гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.      

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            А.Соёлмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төв Баяндалайн 6-7 тоотод оршин суух иргэн Г.Дэлгэр-Очирын гэрт  хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Батжаргалын нүүрэн тус газарт цайны данхаар цохиж түүний баруун нүдийг хараагүй  болгож, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Батжаргалын мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Дэлгэр-Очир, Н.Нармандах, С.Хөгжилмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдсон байна.

 

Хэргийн мөрдөн байцаалт бүрэн хийгдсэн бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилж, хэргийн   байдалд зөв дүгнэлт хийсэн  байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай гарсан, хохирогч А.Батжаргалын хараагүй болсон гэдэг нь эргэлзээтэй, хараагүй болсон хүнд болор суулгах боломжгүй, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Говь-Угтаал сумын төвд 2015 оны 11 дүгээр сарын 3-ны шөнө иргэн Г.Дэлгэр-Очирын гэрт А.Батжаргал, С.Хөгжилмаа, А.Соёлмаа, Н.Нармандах нар архидан согтуурсан бөгөөд  мөнгөн аяганы үнийн асуудлаас  болж  А.Соёлмаа хохирогч А.Батжаргалтай маргалдан түүний  нүүрэн тус газар цайны данхаар цохисон, цохисны дараа цус гарсан, тэр айлдаа бүгдээрээ хоносон,  өглөө босоод А.Батжаргал нүд юм харахгүй байна гэснээр  А.Соёлмаа, түүний нөхөр  Нямдорж болон Хөгжилмаа нартай шууд хот явж 1-р эмнэлэгт үзүүлсэн талаар маргаагүй байна.

 

           Хохирогч Батжаргалын баруун нүд хараагүй болсон болох нь Улсын 1-р төв эмнэлгийн өвчний түүх, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон бөгөөд тухайн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги  алдагдуулж, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.

             Шинжээчийн дүгнэлтийн талаар ялтан, түүний өмгөөлөгч нар гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн байна. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий  бичиг баримт болох Улсын 1-р төв эмнэлгийн 17927 тоот өвчний түүхийг үндэслэн,  Шүүх эмнэлгийн үзлэгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын 1-р төв эмнэлгийн нүдний тасагт  хохирогч А.Батжаргалын биед хийж, улмаар Батжаргалын биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүл, шиллэг биеийн хавчуулалт, торлогийн хуурал, цус хуралт, баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний хараагүйдэл, баруун дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт   гаргажээ.  /хх-ийн 52 хуу/  Энэхүү шинжээчийн дүгнэлтийг ялтны өмгөөлөгч С.Төмөрбаатар эргэлзээтэй гэж үзэж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт  гаргаснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Энхбаяр, М.Золжаргал, Б.Долгормаа нар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч эмч Г.Энхбаатарын 16021 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн  дүгнэлтийг  гаргасан байна.  /хх-147, 148, 52-р хуу/

           Мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилсон тогтоолуудыг тухай бүр нь яллагдагч, хохирогчид танилцуулан тэднийг санал хүсэлт гаргах эрхээр хангаж байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг  танилцуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийж байсан байна.

        Иймд ялтан ,түүний өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна  гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Ялтан А.Соёлмаа болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.А.Соёлмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд ялтан , хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                           Т.БЯМБАЖАВ

                                        ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ