Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 159

 

 

     Г.О, Б.Н нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа, Г.Должинсүрэн, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20ы өдрийн 04 дүгээр магадлалтай, Г.О, Б.Н нарт холбогдох 1912003650076 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.О, түүнийн өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй,  Г.О,

2.Монгол Улсын иргэн 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Г.О, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Г.О, Б.Н нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-рыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Н-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.О-аас 3,600,000 төгрөг, шүүгдэгч Б.Н-аас 8,600,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Г.Гандөш, П.Адьяасүрэн, шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Г.О-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хангалттай байхгүй ба мөрдөн шалгах ажиллагаа нь урьдаас төлөвлөгдсөн, чиглүүлэх өнгө аястай хийгдсэн нь Г.О уг гэмт хэргийг үйлдсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. 4 тооны үхэр хулгайлагдсан гэх шөнө Г.О-ын утас руу төрсөн ах Г.А нь шөнийн 02 цагийн үед залгаад “Ж эгчийн чинь бие муу байна амьсгал нь тасалдаад байна” гэж ярьсан байдаг. Энэ үед Г.О түргэн тусламж дуудах гээд утас мэдэхгүй болохоор Д.Г-ийн эхнэр эмнэлэгт тогооч хийдэг болохоор утсыг нь асуух зорилогоор Д.Г-ийн утас руу олон дахин залгасан байдаг. Тэгээд ч шаардлагатай утсыг нь авч түргэн тусламж дуудаж, түргэн тусламж 03 цаг өнгөрөөгөөд ирсэн талаар Г.А-ийн мэдүүлэг, түргэн тусламжийн дуудлагын лавлагаа зэргээр нотлогддог. Гэтэл ямар заваараа Г.О 30-40 км зайтай Хархорин сумын Орхон баг, Баянзүрх уул Балхын хоолой гэдэг газарт байгаа 4 үхрийг хулгайлан авчирч, Б.Н-тай хамтран Д.Г-ийн портерт ачсан нь эргэлээтэй байгаа юм.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нар гэрчүүдээс байцаалт авахдаа “хэлэх ярих зүйлийг нь урьдаас зааж огч мэдүүлэг авснаар барахгүй Хархорин сумын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч Д.Б гэгч нь гэрч Б.П-оос мэдүүлэг авахдаа өөрийн дураар бичиж уншуулан танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулснаас гадна уг гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхдээ тэмдэглэлийг уншуулан танилцуулалгүйгээр гарын үсгээ зурчихаад зайл пизда минь” гэх зэргээр бүдүүлэг авир гарган хуулийг ноцтой байдлаар зөрчсөн байдаг. Гэрч Б.П шүүх хуралдаанд оролцож мөрдөн шалгах ажиллагааны хууль зөрчсөн талаар хэлсээр байхад шүүх уг асуудалд ач холбогдол өгөлгүй Г.О-ыг ялласан. Г.О-ын аав Ж.Г өөрийн 2 тооны үхрийг өгч заруулсан ба энэ талаар Ж.Г Г.О-т өгсөн 2 тооны үхэрний нас, хүйс, өнгө зүсний талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсаар байхад Ж.Г-ийн үхэр сүрэгт чухам уг дурдагдаад байгаа үхэр байсан эсэх талаар холбогдох шалгалт хийж нягтлалгүй орхигдуулсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хархорин сумын Орхон баг, Баянзүрх Уул, Балхын хоолой гэх газраас 4 үхэр алдагдаж, Хотонт сумын 4 дүгээр баг, Улаан чулуу цагаан эрэг гэдэг газарт Г.О-ын гаднаас Д.Г-ийн портер машинд ачигдсан байдаг. Гэтэл уг хоёр газрын хоорондын зай хэдэн км, газрын бартаа зэрэг хаврын хүч чадал муутай 4 тооны үхэр 2-3 цагийн дотор уг газрыг туулж чадах эсэх нь эргэлзээтэй. Хохирогч болон Г.О, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдээс Хархорин сумын Орхон баг, Баянзүрх Уул, Балхын хоолой гэдэг газраас Хотонт сумын 4 дүгээр баг, Улаан чулуу цагаан эрэг гэдэг газрын хоорондын зайг асуухад ойролцоогоор 30-40 км зайтай гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах явцдаа дээрээс авсан зурагнаас харахад явсан гэх маршрутын чиглэлийг балаар зурж тэмдэглэсэн байснаас өөр хөндлөнгийн гэрч оролцуулаад хууль зүйн шаардлага хангасан мөрдөн шалгах ажиллагааны туршилт хэлбэрээр бэхжүүлж газар орны хоорондын зайг яг таг тогтоох явдал маш чухал байсан.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх, тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлж, шалгахдаа хууль зөрчсөн, мөн гэрч, хохирогч нар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад энэ мэдүүлгүүдийг гэм бурууг нотолж байгаа гол нотлох баримтуудаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосонд гомдолтой байна. Хохирогч Ц.Б-ийн хүү Б.Ц гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...үхрээ бүртгэж үзэхэд манай ах Б.Ц-ын 10 тооны үхэр дутсан байсан...”, гэрч Б.Ц “...тухайн үед дансаар бүртгэхэд 10 тооны үхэр дутсан, одоогоор зүсээр нь 7 тооны үхрийг зүсэлж мэдэж байна, далий эвэртэй ягаан гуна мориор бол хонгор зүстэй, эрлийздүү улаан гуна, хүрэн эрээн гуна, урагшаа хумбагар эвэртэй жижгэвтэр ягаан гуна, хөмсөг цагаан эрээн гуна, өрөөсөн эвэр нь хугархай хүрэн эрээн гуна, далибар том эвэртэй хүрэн эрээн гуна, жижгэвтэр биетэй улаан гуна...” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт хар гуна, хар халтар гунаны талаар Б.Ц огт мэдүүлээгүй. Мөн үхэрний эзэн малчин хүн байж нас гүйцсэн эр үхрүүдээ зүсэлж чадаагүй. Б.Ц мэдүүлэгтээ нийт монгол үхэр нь 136 толгой, хохирогч Ц.Б-ийн хэрэгт нотлох баримтаар авагдсан малын А данс дээр 2018 онд нийт үхэр 240, үүнээс эр үхэр 25 гэсэн байсан. 25 эр үхэрний тал нь сарлаг гэхээр 13 эр үхэр, 13 эр үхэрнээс тал нь аав Ц.Б-ийнх гэхээр Б.Ц өөрийнхөө үхрээ танихгүй байх хэмжээний олон эр үхэртэй байх боломжгүй. 10 нас гүйцсэн эр үхэртэй байх магадлал ч тун бага байна.

Эвэр нь хугархай үхэрний талаар Б.Ц өрөөсөн эвэр нь хугархай хүрэн эрээн гуна гэж мэдүүлсэн. Мөн уг зүсэлж байгаа 8 үхрийнхээ содон шинж тэмдгийг мэдүүлэхдээ оодон сүүлтэй үхрийн талаар огт мэдүүлээгүй. Харин гэрч Б.Ц хоёр дахь удаагаа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...эвэр нь хугархай хүрэн эрээн гуна...” гэж өмнөх мэдүүлэгтээ өгсөн үхэрний зүсийг ам цагаан халтар гуна гэж өөрчилж мэдүүлсэн. Энэ нь гэрч М.Б, Д.Г-ийн өөрчлөгдсөн 3 дахь удаагийн гэрчийн мэдүүлгээс үүдэлтэй юм. Учир нь гэрч М.Б 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...би сүүлийн хоёр үхрийг ачихад Д.Г надаас гуйгаад хамт ачсан. Тэгэхэд хар гуна, халтар гуна хоёр байсан...” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь Б.Ц-ын анх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй. Харин М.Б-ийн мэдүүлэг, Г.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.Н-ын гэрчээр өгсөн мэдүүлэгтэй таарсан.

Б.Ц-ын анх өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх ёстой бөгөөд Б.Ц-ын алдсан эр үхрүүдийн өнгө зүс содон шинж тэмдэг Г.О-ын зарсан гэх 4 үхрийн өнгө зүстэй тохирохгүй байх тул Г.О-ын зарсан 4 үхэр Б.Ц-ын алдсан үхэр биш байна.  Б.Ц өрөөсөн эвэр хугархай үхэрний талаар хүрэн эрээн, ам цагаан халтар гэж хоёр янзаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, анх мэдүүлэг өгөхдөө сүүл нь хугархай үхрийн талаар мэдүүлээгүй, хар эр үхрийн талаар мэдүүлээгүй, цагдаагийн газарт анх 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргахдаа үхрээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө алдсан гэж Г.О-ыг үхэр зарснаас хойш 1 хоногийн дараа үхэр алдсан талаар гомдол гаргасан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй учраас Б.Ц, Д.Г нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.

Гэрч Ц.Б анхнаасаа өөрийнх нь үхэр биш хүү Б.Ц-ын үхэрнүүд алга болсон болохоор үхэрний зүсний талаар Б.Ц-тай ижил 8 тооны үхрийг зүсэлж 2 үхрийг нь зүсэлж чадаагүй талаар хүү Б.Ц нь шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд гэрч М.Б-ийн амыг дагуулаад эвэр нь хугархай үхэрний талаар халтар үхэр гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралд Г.О, Б.Н нарын зарсан үхрүүдтэй ижил өнгө зүстэй үхэр алдсан талаар тэдний амыг дагуулж мэдүүлдэг. Ц.Б анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...манай алдсан гэх 4 үхэр нь Б.Н, Г. нарын зарсан гээд байгаа мухар улаан гуна, оодон сүүлтэй эрлийз гуна, хугархай эвэртэй шар амтай халтар гуна, хар гунатай зүсний хувьд яг тохирч байна...” гэжээ. Мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа үхэрний эзэн Б.Ц, бусад гэрчүүдийн мэдүүлгээс будаа идэж мэдүүлэг өгч байгаа анх алдсан үхрээ зүсэлж чадахгүй байсан гэрч тул мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мэдүүлгийнх нь эх сурвалж болсон бусад гэрчүүдийн мэдүүлэг өмнө нь өөрчдөгдсөн тул хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх хуулийн шаардлага хангахгүй байна.

Гэрч С.Б-ийн мэдүүлэг Г.О-ыг үхэр хулгайлсан гэдгийг нотлохгүй. Эмнэлгийн жолооч С.Б-г гэрчээр асуусан юм бол тухайн өдөр Г.А-ийнд очсон бүх хүмүүсийг гэрчээр асуух нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Дуудлагаар очсон 3 эмчийг, Г.А-ийнд байсан найз н.С, түүний эхнэр, Г.О эхнэртэйгээ, Г.А ахынхаа эхнэрийн хувцасыг өмсүүлж суудлын машинд суулгасан гэдэг. Тэгэхэд энэ талаар гэрч С.Б огт мэдүүлээгүй. Харин бусад гэрчүүд ялангуяа дуудлагаар очсон эмч нар үүнийг н.Санги эхнэртэйгээ Г.А-ийг тухайн үед гэртээ байсан эсэхийг гэрчлэх боломжтой байсан. Гэрч С.Г-ны мэдүүлэгт “...улаан үхэр нь эрлийз гэмээр том биетэй мухар богино оодон сүүлтэй үхэр байсан. Халтар үхрийн нэг талын эвэр нь богино байсан тухайн үед би хугарсан юм байх гэж бодож байсан. Би зүсний талаар сайн санаж байна, учир нь том биетэй нас гүйцсэн эр үхрүүд байсан. Тэр болгон манай суманд уг 4 үхэр шиг эр үхрүүд бойнд ороод байдаггүй учир санаж байна...” гэж мэдүүлжээ. Гэрчийн мэдүүлгээс гэрчид урьдчилан хэлж, сануулж, нөлөөлж мэдүүлэг авсан байх магадлал харагдаж байна. Гэрч эврийг нь ч асуугаагүй байхад эвэр нь хугархай халтар үхэр, эрлийз гэмээр том биетэй мухар богино сүүлтэй үхэр гээд хэргийн материалд хохирогчийн хэлсэн үхэрний талаарх шинж тэмдгийг үгүйсгээгүй дуурайн шууд хариулсан байна. Мөрдөн байцаагчийн хүсэж байсан хариултыг шууд хэлжээ. Гэрч Д.Г үхрээ мал нядалдаг газар болох бой дээр биш өөрийнхөө хашаанд нядалсан талаар мэдүүлсэн. Гэрч Ж.Ж мэдүүлэгтээ “...Б.Ц-ын өвөлжөөний гадаа ээж нь хүү Б.Ц халтар зүсмийн цагаан амтай үхрийн эвэр нь хугарчихсан байна, барилцаад өгөөч гэхээр нь барилцаж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг.

Ц.Б, Г.О хоёрынд баруун эвэр нь хугарсан ижилхэн халтар эр үхэр байх боломжгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Олон үхэртэй хүмүүст магадлалтай зүйл гэж бодож байна. Тэгээд ч Г.О, /халтар үхрийг ачсан/ Б.Н /халтар үхрийг ачсан/, М.Б /халтар үхрийг ачсан/, Ш.Ц, гэрч С.Г /халтар үхрийг нядалсан/, гэрч Т.М /халтар үхрийг нядалсан/ энэ гэрчүүд эвэр нь хугархай халтар үхэр цагаан амтай байсан гэж нэг нь ч мэдүүлээгүй. Гэрч Б.П-ийн мэдүүлэг юуг ч нотлохгүй. Улсын яллагч гэрч Д.Г-ийн мэдүүлэг, Г.О- 2019 оны 05 сарын 20-21-ний шөнө Д.Г-той ярьсан утасны дуудлага хийсэн түүх дээр нь үхэрний өнгө зүс таарч байгаа, мөн нас гүйцсэн үхрүүдийг 900,000 төгрөгөөр зах зээлийн ханшнаас хямд зарсан учраас Г.О, Б.Н нарын үхэр хулгайлсан үйлдэл нотлогдож байна гэж давж заалдах шүүх хурал дээр дүгнэлт хэлсэн. Миний хувьд бол хэргийн нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь Ц.Б-ийн 10 тооны нас гүйцсэн 7-8 настай эр үхрийг 136 үхэр дотроос хаврын харанхуй шөнө хэрхэн ялгаж салгаж туусан, хэр хугацаа зарцуулах эсэх, Г.О, Б.Н хоёрын хэн нь тэр 10 үхрийг туусан, юу ашигласан эсэх, 10 үхэр алдагдсан байхад 6 үхэр нь хаачсан, анх үхэр алдсан даруйдаа цагдаад ч мэдэгдээгүй байхдаа хохирогч Г.О, Б.Н нарыг сэжиглэсэн хэрнээ тэр үедээ яагаад Г.О, Б.Н хоёрыг шалгаагүй нь эргэлзээтэй байна. Ц.Б нь үхэр алга болсон талаараа цагдаад ч мэдэгдээгүй байхдаа Г.О-ыг чи манайхаас авах юмаа авсан биз дээ гэж хэлсэн талаар мэдүүлэгт нь байдаг. Магадгүй тухайн үед нь Г.О, Б.Н нарыг шалгасан бол зарсан 4 үхрийнх нь толгой шийр гээд эд мөрийн баримтууд олдох магадлал өндөр байсан. Эндээс улбаалж Г.О-ын зарсан 4 үхрийг нас гүйцсэн үхэр байсан эсэхийг олж болох байсан. Г.О нь 4 үхрээ нийт 3,600,000 төгрөгөөр зарсан. Д.Г ченж үхэр авахдаа 700,000 төгрөг өгч, дараа нь 4 үхрийг зарчихаад Г.О-т 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,900,000 төгрөгийг өөрийн данснаас Г.О-ын данс руу шилжүүлсэн байдаг. Тэгэхээр махны ченж Д.Г- нь Г.О-аас авсан уг 4 үхэрний махыг хаана хэнд, хэдэн төгрөгөөр зарсныг Д.Г-ийн дансны хуулгаас хөөн шалгаж бичгийн нотлох баримт олох, 4 үхэрнээс хэдэн кг мах гарсан гэдгээр үхэрний насыг тогтоох боломжтой байсан. Гэтэл үүнийг шалгаагүй. Гэрчийн мэдүүлгүүдээс ч илүү үнэн зөвийг нотлох эдгээр бичгийн нотлох баримт олдвол хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.О-т холбогдох үйлдлийг нотлогдоогүй, эргэлзээтэй учир гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг Г.О-тай бүлэглэн хулгайлж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт нотлох баримтаар нотлогдоогүй. Хулгайлсан гэх 4 тооны үхрийг худалдан авсан гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт Б.Н-ай үхэр худалдан авах хэлцэл хийсэн, үнийг төлсөн эсэх талаар ямар ч нотлох баримт байхгүй. Шүүгдэгч Б.Н-ыг үхэр ачилцаж өгсөн гэх тухай шүүгдэгч Г.О, гэрч Д.Г нарын мэдүүлэг байгаа нь дангаараа Б.Н-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт болохгүй. Малчин хүн гэрийнхээ гадаа буюу хотонд байгаа малыг хаших ажилд бие биедээ туслах нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ байхад Б.Н-ыг “мал хашилцсан” гэх үйлдлийг бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэж байгаа нь эх сурвалжаараа нотлогдохгүй байна. Хохирогчийн алдсан гэх 4 тооны үхэр гэрч Д.Г-ийн Г.О-аас авсан гэх 4 тооны үхэртэй нас, зүсээр эрс зөрүүтэй байхад шат шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд хохирогч Ц.Б 10 тооны үхэр хулгайд алдсан гэх мэдүүлгүүд эргэлзээтэй байна. Хэрэв хохирогч Ц.Б 10 тооны үхрээ хулгайд алдсан бол бусад 6 үхэр хаана үлдсэн, түүнийг олсон эсэх, ямар зүсмийн 10 тооны үхэр байсан эсэх, нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч нарт ял оногдуулсан шүүхийн шийдвэр эргэлзээтэй байна. Энэхүү хулгайн гэмт хэргийн гэрч Б.Ц, Б.П, Ж.Ж, Н.Х нарын мэдүүлгүүд, хохирогч Ц.Б-ийн монгол үхэрт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Б.П-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт, “...миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд худлаа... Д.Б гэх цагдаа өрөөндөө оруулаад намайг зодсон...” гэх мэдүүлэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Хэргийн гэрч гэх Б.П, Д.Г нарыг цагдаагийн ажилтнууд дайчлан баривчилж, айлган сүрдүүлж эрх чөлөөнд нь халдаж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-т заасныг ноцтой зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж үзэлгүй шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан байна. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэхэд дүгнэлт хийх ёстой.

Шүүгдэгч Б.Н-ыг бусдын хоёр тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг нотолж буй баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д заасныг ноцтой зөрчиж байгаа тул нотлох баримт болохгүй. Хохирогч Ц.Б-д “наадмаар гангардаг” гэх жороо зээрд морь байсан тухай ямарч баримт хэрэгт байхгүй. Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Н-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх баримтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасныг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч Б.Н-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтууд урьдаас бодож төлөвлөсөн зохиомол байна. Ингэж дүгнэж буй үндэслэл нь энэ хэргийн хохирогч Ц.Б алдсан гэх үхрийнхээ зүсийг бүрэн мэдэхгүй, алдсан гэх хоёр адууны ширийг өөрсдөө авчирч шүүгдэгч Б.Н-ын хашаанд хийчихээд дараа нь ирж зураг авсан гэж дүгнэх хангалттай үндэслэл байна. Хэрэв шүүгдэгч Б.Н тэр ширийг нуусан бол манай хашаа саравчийг үз гэж хэлэх үү. Шир нь байсан бол бусад ялгадас, хоёроос бусад ширнүүд хаана байсан болж байна гэх мэт олон асуулт хариултгүй үлдэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолын тэмдэглэх хэсэгт “өвсөн доороос хээр адууны шир гарч ирсэн араас нь хоёр шир гарч ирсэн” гэх мэдүүлэг нь шүүгдэгч Б.Н-ын хашаан дээрх өвснөөс адууны гурван шир гарсан мэт ойлголт төрүүлж байна. Шүүхийн тогтоолд ойлгомжгүй үг, өгүүлбэр байж огт болохгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ийм нотлох баримтаар Б.Н-т ял шийтгэл оногдуулж байгаа нь бусдын захиалгаар нэг талын нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт ямар арга хэлбэрээр авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатныш шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд Г.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Учир нь гэмт хэргийн нотолбол зохих байдлуудыг бүхэлд нь тогтоогоогүй. Тухайлбал гэмт хэрэг гарсан цаг, хугацаа, хэн, хаана үйлдсэн, ямар хохирол учирсан болохыг бүрэн тогтоогоогүй. 2019 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө малаа алдсан гэж 10 хоногийн дараа гомдол гаргасан бөгөөд явцдаа  2019 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө болж хувирсан. Г.О нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 4 үхэр зарсан үйлдэл нь Ц.Б 2019 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 10 тооны үхэр алдсан үйл баримттай давхардсан болохоор шүүх таамаглалд үндэслэж Г.О-т ял оногдуулсан нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад үнэлээгүй нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоол, магадлалд тусгаагүй.

Хэрэв Г.О, Б.Н нар нь бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол Д.Г-оос өмнө очих ёстой бөгөөд Д.Г-ийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй. Анх 10 үхэр алдагдсан гэх гомдол хэрэг үүсгэж, 4 үхэр хулгайлсан үйлдэлд Г.О, Б.Н нарыг яллагдагчаар татсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай тусгаарлах тогтоолоор 6 үхэр алдагдсан хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3, 7-д заасныг зөрчсөн. Мөн энэ хэргийн хохирогч болон шүүгдэгчийн хоорондын харилцаа, хувийн байдлыг огт тогтоогоогүй. Хохирогч Ц.Б-ийн хүү Б.Ц, Б.Ц нар нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Г.О, Б.Н нар гэрчийн мэдүүлэг өгсөн үйл баримт бий. Ц.Б-ийн 4 үхэрийг Г.О, Б.Н нар хулгайлсан гэх нотлох баримт, харсан гэрч байхгүй учир Г.О-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

  Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч И.Чимэдбадам хэлсэн саналдаа: “Хохирогч 2019 оны 05 дугаар сард үхрээ алдсан болох нь гар утасны жагсаалт, банкны тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Үхрийн зүс, им тамга, содон тэмдгийн талаарх зөрүүг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Шүүгдэгч нар нь зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг, аймаг дамжсан бүлэглэл болохыг хэлмээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлгүй, нотлогдоогүй байхад гэм буруутай гэж хүнийг хилс хэрэгт гүтгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Би 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4 үхэр зарахаасаа 2 хоногийн өмнө Архангай аймгийн Хотонт сум орж үхэр зарна гээд махны ченжүүдтэй уулзаж, махны ченж Д.Г-т 4 үхрээ зарахаар болсон. Онд арай тарган орсон үхрээ малчид мах үнэтэй байдаг учраас хавар зардаг учраас би өөрийнхөө 2 эр үхрийг зарсан. Мөн би аав Ж.Г-ээ үхрийг малладаг бөгөөд аавын зараарай гэсэн 2 үхрийг мөн Д.Г-т зарсан. Аав Ж.Г-ийнх 2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр махны ченж Харуул Ж, түүний эхнэр н.Оюунаа нарт өөрийнхөө улаан халзан үнээ, ягаан халзан үнээ хоёрыг зарсан ба тэр хоёр авсан үнээгээ тарган байна гэж хэлсэн. Энэ хоёр үнээг зарах үед аавын хар, хар халтар хоёр эр үхрийг бас зарна гээд Харуул Жаргаа түүний эхнэр н.О нарт үзүүлж байсан. Харуул Ж, н.О нар нь Хархоринд мах хямд байна, хоёр эр үхрийг чинь авахаараа хот оруулж зарна гэж аавд хэлсэн байсан. Аав надад н.Ж утсаа авахгүй байна чи үхэр зараад үнэ тохирвол миний хоёр гуныг хамт зарчихаарай гэж хэлсэн. Махны ченж нар малчдын үхрийг малаа муухан мэддэг малчдаас илүү нүдэлсэн байдаг. Хэнийх ямар эр үхэртэй гэдгийг махны ченж нар маш сайн мэднэ. Д.Г-т зарсан аавын хоёр эр үхэр нь тугал байхаасаа манайд байсан, хар эр үхэр нь соёолон эр үхэр, халтар эр үхэр нь хязаалан байсан. Би 2017 оны зуднаар Архангай аймгийн Цэнхэр сум руу отроор адуу, үхрээ аваад явсан. Тэр үед маш их хүйтрээд зөндөө үхрийн эвэр хөлдсөн. Цэнхэр сумын малчидаас асуусан ч болно. Тэгэхэд халтар эр үхэр бяруу байсан бөгөөд эвэр нь тэр хүйтнээр хөлдөж унасан юм. Энэ халтар эр үхрийн ээж халтар үнээ байсан. Өнгөрсөн жил аавынх идшинд идээд одоо шир нь манай контейнэрт байгаа.

Бас энэ хэргийг хянасан Н.Өнөрбаяр прокурорт маш их гомдолтой байна. Хэрэгт шалгагдаж байхад намайг өрөөндөө дуудаж оруулаад “...чи 4 хүүхэдтэй юм байна. 10 үхэрнээс 6-г нь хасчихаад байхад 4 үхэрний хэргээ хүлээгээд хохирлыг нь төлчихөөч...” гэж удаа дараа надад хэлсэн. Би аваагүй юм чинь яаж төлөх вэ, 2 нь минийх, 2 үхэр нь миний аавынх, өөрийнхөө юмаа зарсан гэж хэлсэн чинь аав чинь яаж үхрээ таньдаг юм гэсэн. Би үүнд маш их гомдолтой байна. Миний аав одоо 87 настай, үнэн зүйлийг үнэнээр нь хэлсэн, хэлсэн үгээ хэлээгүй болгож худлаа ярьдаг хүн биш. Цагдаа, прокурор, шүүх миний үхэр зарсан хугацаа, Ц.Б-ийн үхэр алдсан хугацаа таарч байгаа болохоор намайг үхэр хулгай хийсэн гэж яллаж байна. Ц.Б-ийн хүүхдүүд Б.Ц, Б.Ц нар манайхтай ойрхон нутагладаг, шөнө унтдаггүй, намайг гэрч болсны төлөө хийгээгүй хэргийг нь хийсэн болгож тохно гэж заналхийлж байсан хүмүүс намайг хэзээ үхэр зарах нь уу гээд судлаад отож байгаад өдрийг нь тааруулж цагдаад гомдол гаргасан гэж би таамаглаж байгаа. 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө бэлчдэггүй үхэр нь бэлчээд, явдаггүй газар руугаа хол явчихаад хайж олоход нас гүйцсэн 7-8 настай 10 шар нь байхгүй байхад бүтэн 10 хоногийн дараа 05 дугаар сарын 31-ний өдөр цагдаад мэдэгдэнэ гэж байх уу, нас гүйцсэн 10 шар чинь бараг 20 орчим сая төгрөг шүү дээ. Би байсан бол тэр дор нь цагдаад мэдэгдэх байсан. Малчин хүн нас гүйцсэн бүтэн 7-8 жил малласан эр үхэрнүүдээ зүсэлж чадахгүй байна гэж байхгүй. Би 240 үхэртэй аавын 40 үхэр нийт 280 үхрийг эхтэй нь, төлтэй ч, түүхтэй нь хэлдэг. Яагаад гэхээр өдөр бүр харж хариулдаг, хотлуулдаг, тэжээдэг. Тэр тусмаа нас гүйцсэн том үхрүүдээ малчид маш сайн мэддэг. Тугал 100,000 төгрөг, бяруу 350,000 төгрөг, шүдлэн 700,000 гээд мөнгөөр үнэлэхэд л мал бөөн мөнгө. Малчин хүний амьдралаа залгуулдаг ганц амжиргаа нь мал шүү дээ. Бас Ц.Б-д би бараг 6 жилийн өмнө цагаан портер машин 7,000,000 төгрөгөөр зээлээр зарж байсан юм. Гэтэл Ц.Б одоог хүртэл энэ машины үнэ 7,000,000 төгрөгийг өгөөгүй. Ц.Б-ийн үхэр алга болдогоос хэд хоногийн өмнө би Ц.Б-ээс машины үнийг нэхээд ...авсан юмаа өгч чадахгүй байж хүнээс битгий юм зээлж бай... гээд хэл ам болж байсан ба удаа ч үгүй л үхэр алга болсон, чи манайхаас авах юмаа авсан гэж шууд намайг гүтгэсэн. Цагдаа нь Ц.Б-ийн үгэнд орж Б.Н-ыг манай үхэрнээс ачилцаж өгсөн гэдгээр бас нэмээд хулгайлсан болгосон. Ерөөсөө анхнаасаа намайг ямар ч хамаагүй аргаар хэрэгтэн болгох гэж шалгасан гэж боддог. Махны ченж Д.Г, хохирогч Ц.Б нар нь нэг оны цэрэг, хадлангаа хамт авч байсан, Хотонт суманд хамт архидаж байсан гэж хүмүүс бас хэлсэн. Таньдаг учраас намайг хэнд, хэдэн мал, хэзээ зарсан гэдгийг ганц утсаар яриад мэдэх бүрэн боломжтой. Эсвэл шөнө унтдаггүй хүмүүс чинь гэрийн ойролцоо ирээд модон дотор хараад сууж байхыг үгүйсгэхгүй.

Бас Ц.Б-ийн хүүхэд Б.Ц надад чиний хадгаламжийн дансанд 50,000,000 төгрөг байдаг юм билээ гээд миний хадгаламжийн мөнгийг мэдээд тоог нь хэлээд байсан. Би гайхаад Хаан банк ороод та нар хүний дансанд байгаа мөнгийг хэн хамаагүй хүнд хэлээд байдаг юмуу гэхэд банкны ажилчид нь тийм юм байхгүй, ямар сонин юм гээд өнгөрч байсан. Тэгэхээр 10 шарын мөнгө нэхээд хэрэгт унагахад Г.О мөнгөтэй юм чинь хэрэгт орохгүйн тулд төлнө гэж тооцоолсон байх гэж боддог. Би Д.Г-оос эхнэр нь эмнэлэгт ажилладаг, бас ах нь суманд дарга, ахынх нь эхнэр Хотонт сумын эмнэлгийн их эмч болохоор нэгт дуудлага өгч хоёрт түргэний машиныг хурдан явуулах байх гэсэн талаасаа Д.Г руу ярьсан ба Д.Г-той ярихдаа урьд нь 4 үхэр зарна гээд ярьсан байсан болохоор үхэр бэлчихээс өмнө эртхэн ирж үхрээ аваарай гэдгийг хэлж байсан. 05 дугаар сарын 20-нд хаврын улирал шувтарч зуны эхэн сар ойртож, дулаарсан шинэ ногоо гарсан, эрт гэгээ орж мал эрт бэлчдэг болсон үе юм. Малчид бид хаврын өдий үед өглөө үүрээр 4-5 цагийн үед босч малын ажил эхэлсэн байдаг. Хохирогч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн газар гомдол гаргахдаа 2019 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө үхрээ алдсан гэж гомдол гаргасан байсан. Миний үхэр зарсан өдөр 2019 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө буюу 21-ний өглөө байсан. Яахаараа үхэр алдсан өдөр нь миний үхэр зарсан өдрөөс 1 хоногийн хойно байхад миний үхэр зарсан өдөртэй хугацааг албаар тааруулаад байгааг ойлгохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэрэгт мөрдөн байцаалтын хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Шүүгдэгч нар хохирогчийн үхэр, адууг хулгайлаагүй гэж мэдүүлдэг боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Б.Ц, Б.Ц, Б.П, Д.Г, С.Г, Т.М, Б.Б, Б.Д нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байна.

Хохирогчийн алдагдсан 4 үхрийн зүс гэрч Д.Г-ийн худалдаж авсан үхэрнүүдийн зүстэй, уг үхрийг нядалсан үхэрнүүдийн зүстэй таарсан нь энэ талаар гэрчилсэн гэрч С.Г, Т.М нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Мөн хохирогчийн алдагдсан 2 адууны тамга шүүгдэгч Б.Н-ын гэрийн саравчинд байсан өвснөөс олдож, шинжээчийн дүгнэлтээр тамга нь таарсан байна. Иймд шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2 бод малыг олон тооны мал гэж тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах, мөн шүүх шүүгдэгч Б.Н-ын 2 үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.О, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.   

Г.О, Б.Н нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэрт “Баянзүрх Уул” гэх газарт байрлах хохирогч Ц.Б-ийн гэрийн гадна байсан 4 тооны үхрийг бүлэглэн хулгайлж, 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Н нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын **** багийн нутагт оршин суух хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан аливаа баримт мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байх нь чухал бөгөөд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцдоггүй.

Улмаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдох боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Харин хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлүүдийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох буюу өөрчилдөг болно.

Түүнчлэн шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Хохирогч, гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцох ёстой.

Дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал гэж үзэх хэдий ч хэргийн үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч А.Ганбатын “...Г.О-ыг уг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй ба мөрдөн шалгах ажиллагаа урьдаас төлөвлөгдсөн, чиглүүлэх өнгө аястай хийгдсэнээс харахад Г.О уг гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байна...”, өмгөөлөгч Б.Хандмаагийн “...анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлж, шалгахдаа хууль зөрчсөн, мөн гэрч, хохирогч нар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад энэ мэдүүлгүүдийг гэм бурууг нотолж байгаа гол нотлох баримтуудаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосонд гомдолтой байна...”, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “...шүүгдэгч Б.Н-ыг үхэр ачилцаж өгсөн тухай шүүгдэгч Г.О, гэрч Д.Г нарын мэдүүлэг нь дангаараа Б.Н-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт болохгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт ямар арга хэлбэрээр авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлгүй...” гэх агуулга бүхий гомдлууд нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудад харьцуулан дүгнэлт хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч А.Ганбат “...прокурор Н.Өнөрбаяртай Г.О өрөөнд нь уулзахад 4 хүүхдээ бодоод 4 үхрийг хулгайлсан гээд хүлээчих гэж ятгах аястай ярилцлага хийсэн байдаг...”, шүүгдэгч Г.О “...Д.Г хохирогч Ц.Б нар нь нэг оны цэрэг, хадлангаа хамт авч байсан, Хотонт суманд хамт архидаж байсан гэж хүмүүс бас хэлсэн. Таньдаг учраас намайг хэнд, хэдэн мал, хэзээ зарсан гэдгийг ганц утсаар яриад мэдэх бүрэн боломжтой...” гэж тус тус хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурджээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1-д дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй” гэж тодорхой заасан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг өөрөөр дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнд үндэслэн Г.О-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахтай холбоотой хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа гомдлын хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, түүнийн өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20ы өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, түүнийн өмгөөлөгч А.Ганбат, Б.Хандмаа, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                         Б.ЦОГТ