Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/17

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М овгийн Ж-ийн Ж-д холбогдох эрүүгийн 1827001640001 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

                          Шүүгдэгч биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ............ гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй М овгийн Ж-ийн Ж /РД:........./

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ж.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 23 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн ........ тоотод гэр бүлийн хамраал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Б-ыг цээжин тус газарт нь өшиглөж, зодсоны улмаас баруун гарын бугалга, баруун хөх хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ж нь мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны орой хөдөө гэртээ байж байгаад шөнийн 23 цагийн үед хадмынд ирсэн. Намайг шөнө 23 цагийн үед гэрт орж ирэхэд манай эхнэрийн хадам аав болох Б гэж хүн манай гэрт согтуу байж байсан. Би Б-д хандан та харанхуй шөнө айлд юу хийж байгаа юм бэ гэхэд миний урдаас Б хэлэхдээ плетика янзлуулах гэж явна гэж хэлсэн. Би өмнөөс нь манайх харанхуй шөнө болж байхад плетика янзлахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл миний өмнөөс би плетика янзлуулахаа өөрөө мэдчихий гэж хэлсэн. Тэр Б гэж хүн намайг анх Б гэж айлд хүргэн орж байхад их дургүй байсан. Яагаад гэвэл тухайн Б гэж хүн нь миний хамтран амьдрагч Б.Б-ы өмнөх нөхрийнх нь аав нь юм. Б гэж хүн нь тухайн үед надтай жаахан маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Бид хоёр зодоон цохион хийгээгүй. Би Б гэж хүний гараад явахаар нь Б.Б-д хандан чи яахаараа харанхуй шөнө болж байхад согтуу хүнд хаалгаа онгойлгож өгдөг юм гэж хэлтэл миний өмнөөс чамд ямар хамаатай юм. Би өөрөө мэдэж байна гээд байсан. Би тухайн үед хувцсаа тайлаад орондоо орсон нүцгэн байсан. Гэнэт миний уур хүрээд босож ирээд Б.Б-ы цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Гарнаас нь татсан. Өөр зүйл бол болоогүй ...” гэв.

Хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Өвөрхангай аймгийн ........... тоотод оршин байдаг юм. Би одоогоор аав Б, ээж М болон хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Миний аав ажил хийгээд гэр орондоо тэр болгон ирээд байдаггүй. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу Хархорин сумын наадам болсон эхний өдөр надтай цуг амьдарч байсан Ж согтуу архи ууж хэрэглэсэн байдалтай гэрт орж ирээд миний хадам аав Б-гээс хэрүүл нэхээд байсан. Тэгтэл манай хадам аав гэрээс гараад явсан. Тэрний дараа намайг хадам аавтай хардаж миний хэвлий хэсэг рүү өшиглөж зодсон. Миний бие өдөр хоног өнгөрөх тусам өөрийнхөө аясаар эдгэрсэн. Одоо бол өвдөж зовиурлаж байгаа ямар нэгэн зүйл байхгүй. Надал гомдол санал нэхэмжлэх зүйл...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний ганц охины найз залуу байгаа юм. Ж.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 00 минутын орчим манай охин Б-ыг зодсон сурагтай байхаар нь бид нар Цагдаагийн байгууллагад хандсан юм. Би маргаан болдог өдөр хөдөө ажлаар явсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “1. Б.Б-ы биед баруун зүүн гарын бугалга, баруун хөх хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой

5. дээрх гэмтэл нь цус хуралт, гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 23 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Б-ыг цээжин тус газарт нь өшиглөж, зодсоны улмаас баруун гарын бугалга, баруун хөх хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд “...Тэрний дараа намайг хадам аавтай хардаж миний хэвлий хэсэг рүү өшиглөж зодсон. Миний бие өдөр хоног өнгөрөх тусам өөрийнхөө аясаар эдгэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас, гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд “...Манай охин Б-ыг зодсон сурагтай байхаар нь бид нар Цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 29-33, 37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт... 5. дээрх гэмтэл нь цус хуралт, гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой

6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх-ийн 45 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Ж-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ж нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Ж-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:                                                                     

1. Шүүгдэгч М овгийн Ж-ийн Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн Ж-д 260 /хоёр зуун жаран/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Ж-ийн Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.   М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж-ийн Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА