Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00315/И/ |
Дугаар | 331 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 331
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 25-10 тоотод оршин суух Боржигон овгийн Жамъянсүрэнгийн Бадамгаравын /РД:АЮ79030801/ нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох 394.149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн 43.357 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Бадамгарав миний бие аймгийн Биеийн тамир спортын газарт шүүхийн шийдвэрээр 2016 оны 01 сарын 02-ны өдрөөс нягтлан бодогчийн ажилд орох хүсэлт өгсөн боловч 2016 оны 01 сарын 13-ны өдөр тушаал гарган томилсон. Энэ хугацаанд миний бие цалин хөлс, нийгмийн даатгалаараа хохирсон. Иймд энэ 9 хоногийн цалин болох 252.381 төгрөг, нэмэгдэл 96.768 төгрөг, хоолны 45.000 төгрөг, нийт 394.149 төгрөгийг Биеийн тамир спортын газраас гаргуулж мөн нийгмийн даатгалын 43.357 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Ж.Бадамгарав миний бие нь Биеийн тамир спортын газраас 9 хоногийн үндсэн цалин, нэмэгдэл цалин, хоолны мөнгөнд 394.149 төгрөг гаргуулахаар, нийгмийн даатгалын шимтгэлд 43.357 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 хоногийн нийт цалин 310.355 төгрөг (үндсэн болон нэмэгдэл цалин), нийгмийн даатгалын шимтгэлд 34.139 төгрөгийг Биеийн тамир спортын газрын ажилчдын 2016 оны 06-р сарын цалин авах үед гаргуулахаар тохиролцов. Хоолны мөнгө 45.000 төгрөгийг гаргуулахгүй. Биеийн тамир спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар миний бие Ж.Бадамгаравын 8 хоногийн цалинд 310.355 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 34.139 төгрөгийг 2016 оны 6 сарын цалин буухад олгохоор нэхэмжлэгчтэй тохиролцов гэжээ.
Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бадамгарав нь хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан 394.149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Бадамгарав нь 9 хоногийн цалин 252.381 төгрөг, нэмэгдэл 96.768 төгрөг, хоолны мөнгө 45.000 төгрөг, нийт 394.149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн 43.357 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8 хоногийн цалин (үндсэн болон нэмэгдэл цалин) 310.355 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн 34.139 төгрөгийг ажилчдын 2016 оны 06 сарын цалин авах үед гаргуулах, хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь 8 хоногийн цалин (үндсэн болон нэмэгдэл цалин) 310.355 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн 34.139 төгрөгийг дээрх хугацаанд нөхөн төлөхийг зөвшөөрч талууд нэхэмжлэлийн үнийн дүн болон үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь 8 хоногийн цалин (үндсэн болон нэмэгдэл цалин) 310.355 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн 34.139 төгрөгийг ажилчдын 2016 оны 06 сарын цалин буух үед төлөхөөр нэхэмжлэгч Ж.Бадамгаравтай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газраас улсын тэмдэгтийн хураамжид 5493 төгрөг, нэхэмжлэгч Ж.Бадамгараваас 2.790 төгрөг тус тус гаргуулж орон нутгийн орлогод олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Зохигч энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА