Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 149

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт Б-ийн Х-т холбогдох эрүүгийн ……….. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19 дүгээр гудамжны 274 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хорих ялаар тогтоосон,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б-н овогт Б-ийн Х- /РД:ХМ64071219/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн Цагдаагийн  хоёрдугаар хэлтсийн түр саатуулах байранд биед нь үзлэг хийх үед хууль сахиулагч, цагдаагийн ахмад Ж.А-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, дүрэмт хувцасыг нь урж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дэслэгч цагдаа намайг согтуу байхад миний шүд рүү цохиж шүд хугалсан. Манай хүүгийн гэр Нисэхэд байдаг тул хүүгийнхээ гэр рүү явж байх замдаа ийм гэмт хэрэг гаргасан гэв.

          

Хавтаст хэргээс:

           Хохирогч Ж.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч С.Н-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 19 цаг 20 минутын үед “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702 дугаар байрны 29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж Б-ийн Х-ыг цагдаагийн хэлтсийн байранд түр саатуулахаар авчирсан. Түр саатуулах байр руу оруулаад Х-ын биед нь үзлэг хийх үед гарт нь бөгж байсан. “Та бөгжөө тайлж өгөөрэй” гэхэд “та нар муу сайн пизданууд муу хар хэрээнүүд, та нар бол намайг амжихгүй, би олон жил шоронгоор явсан, чам шиг юмыг мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Би үзлэг хийсэн тэмдэглэлээ хөтөлж байтал миний цээж, гар орчимд гараараа хэд хэдэн удаа цохихоор нь гараараа хаасан. Түүнд “та одоо наад үйлдлээ боль, настай хүн байна, дээрээс нь согтуу байна, зөрчил гаргасан учраас л таныг авчирсан. Түүнээс таныг гэртээ зүгээр байхад чинь авчраагүй биз дээ” гэхэд миний нүүр рүү цохих гээд дайрахаар мөрнөөс нь бариад автал миний фудволкны энгэр хэсгийг урсан. Дахин дайрч хүзүү, цээж орчимд 2 удаа маажсан. Миний биед нилээн өвдөлт мэдрэгдсэн боловч би тухайн хүнд нэг ч удаа гар хүрээгүй. Хэрэг болох үед саатуулах байрны цагдаа, ахлах ахлагч Э- хажууд байсан. Бид хоёр Х-ын хоёр талаас нь барьж арай гэж зогсоосон. Х-ыг өчөөд гавлаад суулгаж болох байсан боловч гар, хөл нь их нарийнхан чангахан барьчих юм бол бараг хугарчих гээд байгаа юм шиг их эмзэг биетэй хүн байсан болохоор хамаагүй хүч хэрэглэж болохгүй байсан. …Би цээжиндээ сорвины тос түрхэж байгаа. Цээжинд нилээн гүн маажсан, мөн цээж, гар хэсэгт хэд хэдэн удаа цохисны улмаас толгой хөндүүртэй болсон тул бариулж байгаа. Сорвины тос 50.000 төгрөгөөр авсан, бариач дээр 5 удаа очсон ба нэг удаа бариулахад 10.000 төгрөг, нийт 50.000 төгрөг болно. Замдаа ирж очихын 10.000 төгрөгний бензин хийж, нийт 5 өдөр явж 50.000 төгрөгний бензин хийсэн. Бодит учирсан хохирол 150.000 төгрөг дээр албаны хангалтын фудволк авахад 6.000 төгрөг /“Дамно” ХХК-ны үнэлгээгээр гарсан/, мөн компьютер томографийн зураг авахуулахад 230.000 төгрөг болно гэсэн. Х-аас нийт 386.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 11-13-р хуудас/,

 

Гэрч С.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд хэв журмын офицер ахмад Ж.А-ийн хамт Хан-Уул дүүргийн 10, 16, 19 дүгээр хороонуудад эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 21-22 цагийн үед Эрхэс-10 жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702-29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна, одоо дэлгүүр гарсан, удахгүй ороод ирнэ” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход агсам тавьсан гэх хүн /Х-/ гэртээ байсан. Би Х-т дагаж явах шаардлагатай талаар хэлэхэд ямар нэгэн эсэргүүцсэн зүйлгүй дагаад явсан. Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд ирээд ахмад Ж.А- биед нь үзлэг хийж саатуулах байранд хүлээлгэн өгөхөөр орсон. Хэсэг хугацааны дараа ахмад А- гарч ирээд “сая оруулсан Х- гэх залуу намайг цохиж, фудволк урж, цээж маажлаа” гэж хэлсэн…гэжээ. /хх-ийн 19-р хуудас/,

 

Гэрч Н.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-120 буюу цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн орой 21-22 цагийн үед Эрхэс-112 авто эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ж.А- гэртээ агсам тавьсан гэх 50 орчим настай нилээн өндөр согтолттой хүн /Х-/ дагуулж орж ирээд биед нь үзлэг хийх явцад нөгөө хүн ахмадын мөр орчимд гараараа зөөлхөн цохиод байсан. Ахмад А- “та зүгээр бай л даа” гэхэд Х- хэд хэдэн удаа мөр орчимд гараараа цохихоор нь ахмад А- нөгөө хүнийг /Х-/ бариад авсан. Х- ахмад А-ийн цагдаагийн хангалтын хар цэнхэр өнгөтэй фудволкийн энгэр хэсэгнээс нь татаж ураад цээж нь ил гартал цээж хэсгийг нь гараараа хэд хэдэн удаа маажаад цус гаргасан. Бид хоёр Х-ын хоёр талаас барьж арай хийж болиулсан. Х-ыг хүчээр гарыг нь барьж болиулаагүй бол цагдаагийн алба хаагчийн нүүр орчим гараараа цохих гээд дайраад байсан…гэжээ. /хх-ийн 20-р хуудас/,

 

Гэрч Э.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн холбоо мэдээлэл, хяналтын камер, дотоод сүлжээ зэрэг асуудлуудыг хариуцдаг. Хэлтсийн түр саатуулах байрны хяналтын камер 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хяналтын дэлгэц рүү дүрс нь орж ирэхгүй, камер хянаж болохгүй байсан болохоор Мэдээлэл шуурхай удирдлагын төв рүү дуудлага өгч техникийн сааталын талаар мэдэгдсэн. Шуурхай удирдлагын төвөөс инженер ирж бичлэг хадгалах төхөөрөмжийг салгаад засахаар авч явсан. Дээрх төхөөрөмж нь цаашид дахин ашиглах боломжгүй болсон тул удирдлагын төвөөс акт тавьж, шинэ төхөөрөмж тавина гэж хэлсэн. Манай саатуулах байрны хяналтын камер одоог хүртэл ажиллахгүй байгаа…гэжээ. /хх-ийн 21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7061 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.А-ийн биед цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Х- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Манай эхнэр Саранцэцэг хагалгаанд ороод гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Тухайн өдөр гэртээ ганцаараа архи уусан. Гэтэл эхнэр намайг чанга дуугаар ярьлаа гэж уурлаад цагдаа дуудчихсан. Би гэрээсээ гараад дахиад 1 шил архи аваад иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Намайг “та хамт явах шаардлагатай байна” гэхээр нь хамт яваад Цагдаагийн хэлтсийн байранд ирсэн. Ахмад цолтой цагдаа /А-/ “надад бөгжөө тайлаад өг” гэхээр нь “чадахгүй” гэж хэлсэн. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байна. Би эхнэрээ цохиж зодоогүй, ганцаараа архи уугаад согтоод, чангахан ярьтал эхнэр “бие муу байхад чанга ярьлаа” гээд надтай муудалцаад цагдаа дуудсан. Би цагдаагийн хувцсыг урснаа санахгүй байна…гэжээ. /хх-ийн 31-32-р хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 39-40-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 41-42-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 43-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-46-р хуудас/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.

 

            Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн  хоёрдугаар хэлтсийн түр саатуулах байранд хууль сахиулагч, цагдаагийн ахмад хохирогч Ж.А-ийг биед нь үзлэг хийх үед албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, дүрэмт хувцсыг нь урж, маажиж “цээжинд нь зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.А-ийн …Орой 19 цаг 20 минутын үед “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702 дугаар байрны 29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж Б-ийн Х-ыг цагдаагийн хэлтсийн байранд түр саатуулахаар авчирсан. Түр саатуулах байр руу оруулаад Х-ын биед нь үзлэг хийх үед гарт нь бөгж байсан. “Та бөгжөө тайлж өгөөрэй” гэхэд “та нар муу сайн пизданууд муу хар хэрээнүүд, та нар бол намайг амжихгүй, би олон жил шоронгоор явсан, чам шиг юмыг мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Би үзлэг хийсэн тэмдэглэлээ хөтөлж байтал миний цээж, гар орчимд гараараа хэд хэдэн удаа цохихоор нь гараараа хаасан. Түүнд “та одоо наад үйлдлээ боль, настай хүн байна, дээрээс нь согтуу байна, зөрчил гаргасан учраас л таныг авчирсан. Түүнээс таныг гэртээ зүгээр байхад чинь авчраагүй биз дээ” гэхэд миний нүүр рүү цохих гээд дайрахаар мөрнөөс нь бариад автал миний фудволкны энгэр хэсгийг урсан. Дахин дайрч хүзүү, цээж орчимд 2 удаа маажсан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

 

Гэрч С.Н-ын …Орой 21-22 цагийн үед Эрхэс-10 жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702-29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна, одоо дэлгүүр гарсан, удахгүй ороод ирнэ” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход агсам тавьсан гэх хүн /Х-/ гэртээ байсан. Би Х-т дагаж явах шаардлагатай талаар хэлэхэд ямар нэгэн эсэргүүцсэн зүйлгүй дагаад явсан. …Хэсэг хугацааны дараа ахмад А- гарч ирээд “сая оруулсан Х- гэх залуу намайг цохиж, фудволк урж, цээж маажлаа” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Гэрч Н.Э-ын …Орой 21-22 цагийн үед Эрхэс-112 авто эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ж.А- гэртээ агсам тавьсан гэх 50 орчим настай нилээн өндөр согтолттой хүн /Х-/ дагуулж орж ирээд биед нь үзлэг хийх явцад нөгөө хүн ахмадын мөр орчимд гараараа зөөлхөн цохиод байсан. Ахмад А- “та зүгээр бай л даа” гэхэд Х- хэд хэдэн удаа мөр орчимд гараараа цохихоор нь ахмад А- нөгөө хүнийг /Х-/ бариад авсан. Х- ахмад А-ийн цагдаагийн хангалтын хар цэнхэр өнгөтэй фудволкийн энгэр хэсэгнээс нь татаж ураад цээж нь ил гартал цээж хэсгийг нь гараараа хэд хэдэн удаа маажаад цус гаргасан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7061 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.А-ийн биед цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

 

 Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Х- нь хохирогч Ж.А-ийг хууль сахиулагчийн хувьд албан үүргээ биелүүлж биед нь үзлэг хийсэнтэй холбогдуулан хохирогчийн дүрэмт хувцсыг нь урж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хохирогч Ж.А-ийг маажиж биед нь “цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Х- болон түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

         “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь сорвины тос 50.000 төгрөг, толгойгоо бариулсан 50.000 төгрөг, унааны зардалд 50.000 төгрөг, фудволкны үнэ 6.000 төгрөг болон цаашид  толгойны компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд гарах зардалд 230.000 төгрөг, нийт 386.000 төгрөг нэхэмжилжээ.

          Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд: хохирогч Ж.А-ийн өмсөж явсан гэх фудволк “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 6.000 төгрөгөөр /хх-ийн 26-27-р хуудас/ үнэлэгдсэн өөр баримтгүй тул шүүгдэгч Б.Хшигбаяраас 6.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.А-ид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Ж.А- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Х-ыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 352 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт шилжүүлэн 44 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 09 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 10 сар 14 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан ба           

            шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягаас “гэм буруугийн талаар маргахгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, 55 настай, эмчийн хяналтанд байдаг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр буюу 06 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.         

           

Шүүгдэгч Б.Х-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт тооцон шилжүүлж, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 09 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Х-ын биечлэн эдлэх ялыг 10 сарын хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл /хх-ийн 85, 115-119-р хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс /хх-ийн 157-158-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 44 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.