Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 233

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 5-5 тоотод оршин суух Булган овогт Рэнцэнгийн Энхбат /РД:АЭ63020991/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга ХХК-д холбогдох

Ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин 2 450 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2015 оны 11-р сараас хойшхи хугацааны нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан хүсэлтийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1-р сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Р.Энхбат намайг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга ХХК-нд слесарийн ажилд эгүүлэн тогтоосон юм. 67 дугаартай шийдвэр нь 2016 оны 2-р сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Би сард 490 000 авдаг байсан.

Иймд Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга ХХК-аас ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин 2 450 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2015 оны 11-р сараас хойшхи хугацааны нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ундарга ХХК-д холбогдуулан 5 сарын цалин 2 450 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2015 оны 11 сараас хойшхи хугацааны нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. 1 740 000 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 147 000 төгрөг, татварт 124 400 төгрөг, гарт 1 198 600 төгрөг олгох тухай хариу тайлбарыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгээс татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ундарга ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Сарын цалин 490 00*3 сар 1 470 000 төгрөг. Үүнээс НДШ 147 000 төгрөг, татварт 124 400 төгрөг. Гарт 1 198 600 төгрөгийг олгохыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхбат нь ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин 2 450 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2015 оны 11-р сараас хойшхи хугацааны нөхөн бичилт хийлгэхээр хариуцагч Архангай аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ундарга ХХК нь Р.Энхбатад 3 сарын цалин 1 470 000 төгрөг олгож, дээрх үнийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлд 147 000 төгрөг, татварт 124 400 төгрөг тус тус суутгаж, Р.Энхбатад 1 198 600 төгрөгийг шууд олгохоор, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар

- хариуцагч Ундарга ХХК нь Р.Энхбатад 3 сарын цалин 1 470 000 төгрөг олгож, дээрх үнийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлд 147 000 төгрөг, татварт 124 400 төгрөг тус тус суутгаж, Р.Энхбатад 1 198 600 төгрөгийг шууд олгохоор, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ундарга ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 19 235 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ