| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0027/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 26
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч, шүүгдэгч: Б.Н , Х.Б ,
Шүүгдэгч: Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овгийн Б.Н , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төвдөн овгийн Х.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овгийн Н.Х нарт холбогдох 182800910179 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжилтэй, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Баяндалай сум 1 дүгээр баг ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Адуучин овгийн Б.Н , регистрийн дугаар ..................,
Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын байцаагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баяндалай сумын 13-р цэцэрлэгт үйлчлэгч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Баяндалай сум 1 дүгээр баг ........................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Төвдөн овгийн Х.Б , регистрийн дугаар ..................,
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Баяндалай сум 1 дүгээр баг ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Зуутраг овгийн Н.Х , регистрийн дугаар .....................,
Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай суманд эхнэр Х.Б ыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд гэр бүлийн маргааны улмаас нөхөр Б.Н г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд Х.Б ыг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би орой 9 цаг өнгөрөөгөөд 10 цагийн үед ажлаасаа гараад гэр рүүгээ явж байсан. Тэгэхэд Н.Х утсаар яриад танай эхнэр манай нөхөртэй айлын гадаа үнсэлцэж байна гэж хэлсэн. Төд удалгүй эхнэр хашаанд орж ирсэн. Тэгээд бид 2 маргалдаж, ноцолдож байгаад нэг мэдэхэд манай эхнэр миний дээр сууж байсан. Тэр хооронд юу болсныг сайн санахгүй байгаа. Х.Б ыг маргааш нь Х-ынд очоод алгадаж зодсон нь үнэн. Х ын гэрийн гадаа хэдэн удаа алгадсан. Би машинтайгаа сум явах гээд хөдлөхөд Х.Б гэрээс гараад алхаж байсан. Тэгэхээр нь авах гээд давхиж очоод тулаад зогссон. Тэгээд Х.Б ыг хойшоо суухаар нь баашилж байна гэж бодоод өшиглөсөн.
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой суман дээр соёл хүмүүжлийн хаалтын үйл ажиллагаа болж тэр үйл ажиллагаанаас тарж манай багийнхан сургууль дээр очиж нийлсэн. Тэгэхэд манай малчин Лх над руу яриад намайг гэрт хүргээд өг гэхээр нь бид нар бүгд малчин Лх хүргэж өгөөд гэрт нь ууж тоглож байгаад Н.Х аагийн нөхөр бид 2 гадаа зогсож байхад Н.Х аа гэнэт гарч ирээд бид 2-руу уурласан. Би чи буруугаар ойлгож байна гэж хэлчихээд А.О багштай хамт 2 хүүхдээ аваад гэртээ харьсан. Тэгэхэд манай нөхөр Б.Н уурлаад бид 2 маргалдсан. Тэгээд А.О багшийнд 2 охиноо авч хоночихоод өглөө харихад мөн Б.Н уурлаад байсан тэгэхээр нь би Н.Х руу утсаар яриад гэрт нь очсон. Н.Х гэрээсээ гарч ирээд “Б.Э энэ 2 учиртай үнсэлцэж байсан” гэж хэлээд Б.Н дахиад уурлаад намайг алгадаж, чулуу шидээд уурласан. Н.Х сумын төв дээр муудалцаад хэрэггүй гээд урагшаа малчин Лх-ийнд 4-үүлээ очсон. Н.Х ы хүүхэд уйлаад байна гээд Н.Х ы нөхөр Э гэр рүүгээ сум буцаад явсан манай нөхөр Б.Н машинаа унаад баруун тийшээ хөдлөөд явсан. Би зүүн тийшээ бие засах гээд явж байтал баруун талаас Б.Н хурдтай ирж байгаа харагдсан тэгтэл ирээд яг тулаад зогсоход миний зүүн хөлийг шүргэж би ойчсон. Намайг ойчоод босоод ирэхэд чи баашилж байна гээд өшиглөөд байсан. Малчин Лх ирж намайг гэртээ оруулсан. Тэгээд 1 шил 0,5 граммтай архи уусан би түүнээс уугаагүй. Удалгүй Н.Х надтай хамт архи уумаар байна гээд архи уусан. Би эхний 3 хундага архийг уугаад 4 дэх хундага архийг уугаагүй асгачихсан. Түүнээс болж Н.Х намайг хэд хэдэн удаа цохиж алгадаж, өшиглөсөн. Тэр үед малчин Лх-гийн нөхөр ирэхээр нь би гуйж гэртээ хүргүүлсэн. Маргааш өглөө нь бие өвдөөд сумын эмнэлэгт үзүүлж хэл ам гаргаж байхаар аймгийн эмнэлэгт үзүүлье гээд аймгийн эмнэлэгт үзүүлж эмнэлэгт хэвтсэн.
Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Х.Б гэх хүнтэй би 2, 3 жил дотно найзалж нөхөрлөж байна. Манай нөхөртэй холбоотой гэхээсээ илүү би энэ хүнтэй найз байсан. 2, 3 жил нөхөрлөх хугацаанд янз бүрийн асуудал байгаагүй. Сүүлийн 2, 3 сар нэг биш байгааг анзаарч хар авсан. Тэр өдөр соёл хүмүүжлийн ажил дуусаад баг багаараа хаалтын үйл ажиллагаа хийж ууцгаасан. 1 багт олон хүмүүс байсан учир 2 шил архи хувааж уугаад тарсан учир би согтоогүй гэртээ харьсан. Тэр үед манай нөхөр байхгүй өвөлжөөн дээр хороо бууц янзалж байсан. Манай нөхөр, Х.Б 2, 2-уулаа утсаа авахгүй байсан тэгэхээр нь би явган бууц руугаа алхаад очсон. Манай бууц сумаас 1 километр орчим зайтай байдаг. Алхаад очиход Х.Б ын машин байсан. Хүмүүс шуугилдаж, ууж идээд, тоглоод байсан тэгэхээр нь би жижиг хороон дотор 20 орчим минут сонсоод суусан. Удалгүй тарах болж бүгд машиндаа суусан тэгэхэд манай нөхөр машин дээр очоод Х.Б ыг буулгаад 2-уулаа гэрийн ар луу явж байх явцдаа Х.Б “ Б.Н , Н.Х 2-н баг аль хэдийн тарсан бид 2-г энд байгааг мэдвэл бөөн юм болно” гэж яриад яваад байсан. Тэгээд гэрийн ард очоод тэврэлдээд үнсэлцсэн. Би цоо эрүүл байсан. Би өөрийн нүдээр харсан. Тэр үед Х.Б манай нөхөр 2 согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Би тэр байдлыг хараад тэсэлгүй гарч ирээд уурлаж, маргалдахад Х.Б машиндаа суугаад явчихсан. Тэгээд би малчин Х ыг гуйгаад Б.Н д очиж ”Чиний эхнэр хатан ухаантай, миний нөхөр ноён нуруутай байж чадсангүй” гэж хэлчихээд явсан. Маргааш өглөө нь Х.Б ыг би дуудаж 2-уулаа манайд ярилцсан. Тэгтэл Б.Н хэрүүл маргаан үүсгээд манайд ирсэн тэгэхээр нь хэдүүлээ суман дээр хэрүүл маргаан хийгээд хэрэггүй байх гээд бүгдээрээ урагшаа малчин Х-ынд очсон. Бид бүгдэд гэр бүл үнэтэй болохоос архи гэдэг зүйл юу ч биш.
Хохирогч Х.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө эмнэлэгт хэвтэхэд миний нүүр хавтгай, битүү хавдар, хөхрөлттэй, гарын ором гарсан, нүд жижиг зураас төдий байсан. Мөн толгойн доргилт ихтэй байсан учир 2, 3 хоног хөдлөхгүй хэвтүүлсэн. Толгойн доргилтыг Н.Х нь надад үүсгэсэн байх гэж бодож байна. Үсдэж байгаад унагаад гэдсэн дээр гарч суугаад 2 хацар руу ээлжилж алгадсан, хэвтэж байхад 2, 3 удаа боосон. Би та 2, 2-уулаа намайг ээлжилж зодоод байхаар би үхээд өгье гээд босох гэтэл гар дараад зууханд гарын ар түлэгдсэн. Гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл огт байхгүй.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн үед Н.Х над руу утсаар яриад танай эхнэр Х.Б манай нөхөр Б.Э тай Х ын гадаа үнсэлцэж байгаад намайг хараад зугтаад явчихлаа гэсэн. Удалгүй манай эхнэр Х.Б машинтай гэрийн хашаанд орж ирсэн. Тэгээд би уурлаад хэрүүл болоод Х.Б миний нүүрийг самардсан. Нэг мэдсэн Х.Б миний дээр суучихсан газар мөргүүлж байсан. А.О багш миний гараас барьж байсан. Удалгүй манай эхнэр Х.Б хүүхдүүдээ аваад А.О тэй хамт яваад өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 66-67-р хуудас/
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой Баяндалай сумын төвд соёл хүмүүжлийн арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа тараад багийн хүмүүстэйгээ хамт сургууль дээр байж байгаад манай малчин Л.Лг гэрт хүргэж өгөх гээд А.О , М, Ү нарын хамт 21:30 минутад явсан. Нөгөө машинд сууж явсан хүмүүс дэлгүүр ороод гараад ирсэн. Бид нар 2 машинтай Л.Лгийн гэрт очиход гэрийнх нь хүн болон Х, Б.Э нар байсан. Бид нар авч очсон 0.5 граммын Соёрхол нэртэй архи, 6 ширхэг лаазтай пиво байсныг уучихаад Х-ын гэрээс гараад миний машинд А.О , М, миний 2 охин машинд суугаад хөдлөх гэж байхад манай охин машинаас хүн дуудаад байна гэхээр нь харахад Б.Э байсан. Намайг машинаас буугаад очиход гэрийн баруун талд Б.Э зогсож байснаа юм хэлэлгүй татаж аваад үнссэн. Гэнэт хорооны баруун талаас Н.Х гарч ирээд над руу юм шидэх шиг болохоор нь би “надад иймээ, тиймээ асуудал байхгүй шүү, та 2 учраа олоорой” гэж хэлээд би машиндаа ороод суухад М машинаас буугаад явсан байсан. А.О , манай 2 охиныг аваад явсан. Намайг гэртээ ирэхэд манай нөхөр Б.Н гэрийн гадаа хүнтэй утсаар яриад зогсож байснаа над руу хүрч ирээд миний 2 талын мөрний хэсэгт цохиод авсан. Намайг зодох гээд дайраад надтай ноцолдоод байж байхад нь А.О , Б.Н г “чи эмэгтэй хүн зодох гэлээ” гэхэд Б.Н болихгүй дайраад байсан. Би Б.Н д “чи хүний утсаар ярьсан үгэнд итгэж байхдаа яадаг юм” гэхэд Б.Н тайвширсан. Удалгүй Н.Х , Х нар мотоцикльтой ирээд “энэ Х.Б манай нөхөртэй үнсэлцээд зогсож байсан” гэж хэлчихээд яваад өгсөн. Манай нөхөр Б.Н архи уусан байсан болохоор бас уурлаад намайг зодох гээд дайраад байхаар нь би Б.Н г газар унагаж дарж байгаад А.О бид 2 миний 2 хүүхдийг дагуулаад зугтаагаад А.О ийн гэрт нь ирээд унтсан. Өглөө нь Н.Х утасдаад байхаар нь “надад хийсэн зүйл байхгүй” гэсэн чинь уурлаад хаана байгаа газраас чинь олж уулзана гэхээр нь гарч очоод Соёлын төвийн үүдэнд байдаг сандал дээр суугаад ярилцаж байгаад Н.Х аагийн гэрт очиж Н.Х аа Б.Э хоёртой ярилцаад хэл амаа олоод ойлголцоод Б.Э ын гэрээс гараад А.О ийнд очиж 2 хүүхдээ аваад гэртээ очиход манай нөхөр гэртээ байхгүй байсан. Удалгүй манай нөхөр Б.Н ирээд уурлаад над руу чулуу авч шидээд миний толгойны ард хагалаад цус гарахаар нь цусыг нь тогтоочихоод байж байхад Б.Н “Б.Э ын гэрт очиж учраа олно” гээд намайг гэрт ороод гал аваад ир гэхээр нь гэр рүү ороод Н.Х аад “одоо Б.Н бид 2 очлоо. Б.Н д зөвөөр тайлбарлаж өгөөрэй” гэж утсаар хэлчихээд Б.Н бид 2 машинаар яваад Б.Э ынд очиход Н.Х Б.Н д “өчигдөр ярьдаг шиг юм болсон байна” гэсэн. Манай нөхөр уурлаад намайг алгадаад, өшиглөөд зодоод байсан. Н.Х энд хэрэлдээд яахуу Х ын гэрт очиж учраа олно гээд манай машинаар Н.Х , Б.Э , Б.Н нар яваад Х ын гэрийн гадаа очоод зогсоход Б.Н машинаас буугаад гэрийн гадаа байсан хүрз аваад машины цонхоор намайг цохих гээд байхад Б.Э бууж очоод Б.Н г барьж аваад хүрзийг нь тавиулсан. Бид нар гэрт оролгүй байж байхад 2 мотоцикльтой 4 хүн ирсэн. Би бие засах гээд гэрээс зүүн тийш явж байхад Б.Н машинтай баруун талаас гараад ирсэн. Намайг эргэж хараад зогсож байхад миний хажууд ирээд зогсох гэж байгаад миний зүүн талын хөлийг зөөлөн шүргээд намайг унагасан. Тэгээд Б.Э , Л.Л, Н.Х нар ирээд намайг босгоод гэртээ аваачсан. Би гэрт нь ороод гэрийн баруун талаар хэвтэж байгаад жаахан унтсан байсан. Тэр хойгуур 0,5 грамм ерөөл архийг Б.Н , Н.Х нар ууж сууж байгаад надад хийж өгсөн. Би архинаас нь уугаагүй. Тэр архийг хувааж ууж дуусгаад Б.Н машинд ороод унтаад өгсөн. Н.Х дахиад архи уумаар байна гээд хүн рүү яриад 0,75 граммын ерөөл архи, 3 бэлэн хоол нэг ундаа захьсан. Удалгүй нөгөө юм захьсан хүн ирлээ гээд Н.Х гарч яваад 0,75 граммын ерөөл архи, 3 бэлэн хоол нэг ундаа аваад ороод ирсэн. Н.Х надтай хамт нөгөө архиа уумаар байна гээд надад 3 удаа архи хийж өгснийг нь би уусан. Н.Х бас өөрөө тэр архинаас уусан. Н.Х надад 4 дэх хундагатай архийг өгөхөд би уумааргүй байна гэхэд чи уу гээд байхаар нь гэрийн хаяа руу асгасан чинь Н.Х мэдээд миний 2 хацар руу алгадаад, намайг сууж байхад түлхэж унагаад гэдсэн дээр гарч суугаад 2 хацар руу гараараа алгадаад байсан. Миний хамраас цус гарсан. Тэр айлын хүн Х гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Удалгүй Б.Э , Б.Н 2 орж ирсэн. Б.Э эхнэр Н.Х ааг аваад гараад явсан. Би Х ыг гуйгаад “одоо надад зодуулж байх тэнхээ алга, намайг гэрт хүргэж өгөөд хамт хоноё” гээд Б.Н , Х бид нар гэртээ ирээд хоносон. Миний нүүр хавдсан байсан. Бүх бие өвдөж байсан. Би эм уучихаад гэрт унтсан. Өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 09:00 цагт Л.Л хүрч ирээд чи эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй болсон байна гэхээр нь би аймгийн эмнэлэгт үзүүлмээр байна. Х , Л.Л та 2 аймаг руу хүргээд өг гээд тэр хоёроор хүргүүлж аймгийн эмнэлэгт ирээд хэвтсэн. Аймгийн эмнэлэгт хэвтэж байхад Сэлэнгэ аймгаас манай эгч Цэнд-Аюуш ирээд намайг Сэлэнгэ аймгийн Мандал сум руу авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Манай нөхөр Б.Н миний толгой руу чулуу шидэж толгойны ар хэсэгт жаахан цус гарсан байсан. Мөн зүүн талын гуя руу машинаар шүргэж хөх болгосон байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би нөхөр Б.Н тэйгээ эвлэрч ойлголцсон. Намайг буруугаар ойлгож ийм асуудал болсон. Би Н.Х д ямар нэгэн гомдол байхгүй. Энэ хоёроос би нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 69-71-р хуудас/
Гэрч А.А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 10-р сарын 27-ны орой Баяндалай сумын төвд “Багаар хөгжих Баяндалайчууд" урлагийн тоглолтонд орчихоод хамт тоглосон хүмүүстэйгээ Б.Н н малчных гэх сумаас урагш 1 км орчим байх нэг айлд очоод бүгдээрээ хоол идээд 2 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архийг 7-8 хүн хувааж уусан. ...Орой 22.00 цагийн үед би Х.Б ын машинд суугаад явах гэж байхад Н.Х гэж хүн хорооны араас гарч ирээд Х.Б ыг нөхөртэйгөө хардаад энэ 2 гэрийн ард үнсэлцээд зогсож байна гээд хэрэлдээд байсан. Х.Б машинаа асаагаад сум руу ороод би гэртээ буучих уу гэхэд манайд хамт очъё гээд гэрийнхээ гадаа очиход өөдөөс Х.Б ын нөхөр нэлээд согтуу утсаар яриад гарч ирээд машины гэрэл хараад урдаас утсаа шидэхээр нь зогсоод юу болов оо гэхэд Б.Н эхнэр Х.Б тайгаа хэрэлдээд машины урд хаалга онгойлгоод зогсоод байхаар нь би надтай хамт явсан 2 хүүхэдтэй нь хамт бууж очоод Б.Н г дагуулаад хашаа руу нь авч явсан. Х.Б машинаа асаагаад гэрийнхээ хашаанд орж зогссон. Машинаас Х.Б ыг буугаад ирэхэд Б.Н гүйж очоод эхнэрээ алгадаж аваад хөл рүү нь өшиглөөд, үсдэж аваад газар унагаагаад үснээс нь тавихгүй байгаар нь би очоод Б.Н г арагш татаж салгасан. Тэгээд Х.Б босож ирээд хэрэлдээд зогсож байхад хашаанд мотоцикльтой 2 хүн орж ирсэн. ...Тэр Н.Х аа гэж хүн нь Х.Б руу дайраад чи муу манай нөхөртэй гэрийн араар орсон гээд хэрэлдэж байгаад нөгөө малчин залуу нь Н.Х ааг аваад явсан. Тэгсэн Б.Н бүүр уур нь хүрээд эхнэрийгээ барьж аваад хэд хэдэн удаа гараараа нүүр рүү нь цохиж авсан. Би Б.Н г салгах гээд гараас нь татахад намайг хойш нь түлхээд унагасан. Х.Б чи хүүхдийнхээ багшийг унагачихлаа гэхэд чи ичихгүй бол би ичихгүй гээд эхнэрээ түлхэж унагаад дээр нь суугаад толгой руу нь гараараа цохиод байсан. Би босож ирээд салгах гээд Б.Н гийн цамцнаас гараараа хойш нь татахад Б.Н арагшаа хэвтээд өгөхөөр нь би 2 гарыг нь нийлүүлээд дараад авсан. Хөлөөрөө намайг тийрээд байсан чинь 2 охин нь хөлийг нь дараад суусан. Х.Б босож ирээд Б.Н гийн дээр нь суугаад чи ямар их Н.Х аагийн үгэнд итгэдэг юм. 2 хүүхэд төрүүлсэн ханийхаа үгэнд итгэхгүй байгаа юм уу? гээд Х.Б Б.Н гийн толгойруу нь 2-3 удаа гараараа цохьсон. Б.Н миний гарыг тавь гээд байхаар би гарыг нь тавиад зугтаад хашаанаас гартал 2 хүүхэд нь араас гараад ирсэн. Удалгүй Х.Б гараад ирсэн. Том охин нь ээжтэйгээ хамт үлдээд бага охин нь надтай хамт манайд ирээд байж байхад удалгүй Х.Б том охинтойгоо араас ирж манайд хоносон. Б.Н гийн малчин гээд байсан айлд 2 шил 0.75 граммын архинаас Х.Б уусан байсан байх. Гэхдээ их согтоогүй байсан. Би архи уугаагүй байсан /хх-ийн 77-80-р хуудас/
Гэрч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Гэнэт нэг хүн “одоо алнаа” гээд хашгирахаар нь би гараад очсон чинь Н.Х аа “Б.Э Х.Б нар үнсэлцээд зогсож байна” гээд уурлаад байсан. Удалгүй Х.Б машинаа асаагаад яваад өгсөн. Араас нь манай нөхөр Х Н.Х ааг гэрт нь хүргэж өгнө гээд мотоцикльтой сундалж яваад удалгүй эргээд ирсэн. Маргааш нь буюу 2018 оны 10-р сарын 28-ны өглөө 08:00 цагийн үед Х.Б 2 хүүхэдтэйгээ ирж цүнхээ аваад явахдаа би гэртээ хоноогүй айлд хоночихоод ирлээ гэж байсан. Удалгүй 10:00 цагийн үед Б.Н , Х.Б , Н.Х аа, Б.Э нар машинтай хүрч ирээд Б.Н гэрийн гадаа машинаас буугаад манай гадаа байсан хүрзийг аваад Х.Б ыг цохих гээд байсан. Тэгэхэд Б.Э хүрзийг нь булаагаад авсан. Б.Н гадаа машиндаа байж байгаад машинаа асаагаад яваад өгсөн. Удалгүй Х.Б мөн гараад явсан. Намайг араас нь гараад харахад гэрээс зүүн хойд тал руу алхаж байсан. Би араас нь дуудсан чинь цаашаа яваад байсан. Гэнэт машин дуугарсан чинь баруун талаас нь Б.Н машинтайгаа Х.Б дээр очоод Х.Б ыг эргээд харахад нь зүүн талын хөл рүү нь машинаараа шүргээд Х.Б ыг унагасан. Би сандраад гэрт байсан хүмүүст хэлчихээд гүйгээд очиход Х.Б дээшээ харчихсан хэвтэж байсан. Би очоод босгох гэхэд Б.Н машинаас бууж ирээд энэ муу баашлаад байна гээд 2, 3 удаа гуя руу нь өшиглөсөн. Тэгээд гэрт байсан Н.Х , Б.Э нар ирээд Х.Б ыг Б.Н н машинд суулгаад гэрт очоод хэвтүүлсэн. Б.Н сум руу яваад нэг шил 0,5 грамм Ерөөл нэртэй архи авчирсан. Бид нар тэр архийг хувааж уучихаад Б.Н гараад машиндаа ороод унтсан. ...Н.Х Х.Б т архи аягалаад өгөхөд тэрээр би ууж чадахгүй нь гэхэд Б.Н чи муу заваараад явахаараа уудаг л биз дээ гээд архитай шилээрээ баруун талын дух руу нь цохьсон. Х.Б ын духнаас нь цус жаахан гарч байгаад тогтсон. Н.Х хүн рүү яриад архи захьсан. Удалгүй нэг цагаан машинтай хүн ирээд Н.Х д нэг шил 0,75 грамм Ерөөл архи, нэг кола ундаа 2ш бэлэн хоолтой авчирч гадаа өгчихөөд явсан. Н.Х Х.Б тай энэ архийг хоёулаа хуваагаад уучих уу гээд уугаад сууж байсан. Надад архи аягалаад өгөхөөр нь би уугаагүй. Н.Х нөгөө үлдсэн тал архиа уучих уу гээд Х.Б ыг татаж босгоод архи өгсөн. Х.Б ууж чадахгүй нь гээд хажууд нь байсан цамц руу архиа асгасан чинь Н.Х уурлаад Х.Б ыг хацар руу нь алгадаад, үснээс нь чирээд, дээр нь суугаад 2 хацар руу нь алгадаад багалзуурыг нь боогоод байсан. Би болиулах гэсэн чинь над руу уурлаад байсан. Удалгүй манай нөхөр ирээд боль гээд болиулсан. Тэгээд удалгүй Б.Э ирсэн. Б.Н машиндаа байж байгаад гаднаас Х.Б ыг хамт гэртээ харья гээд дуудсан. Би Х.Б ыг машинд нь суулгатал Б.Н машинаа хөдөлгөөд шарил ойрхон байна гэж хэлсэн чинь Х.Б хөдөлж байсан машинаас хаалга онгойлгоод машинаас бөгсөөрөө гулгаад буусан. Тэгээд Х.Б намайг дагаад гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхэд Н.Х Б.Э хоёр яваад өгсөн байсан. Удалгүй Б.Н араас орж ирээд Х.Б ыг явъя гээд бөгс рүү нь 2 өшиглөөд үснээс нь татаж унагаад хувцаснаас нь чирч гаргаад нүд рүү нь 1 өшиглөсөн. Манай нөхөр гарч ирээд тэр хоёрыг салгахаар нь би нөхөр Х таа энэ хоёрыг харж хонохгүй бол болохгүй нь гэхэд манай нөхөр Б.Н , Х.Б хоёртой хамт гэрт нь очиж хоносон. 2018 оны 10-р сарын 28-ны өглөө 10 цагийн үед Х.Б ирэхдээ толгойны ард талд нь хагарч цус гарсан, зүүн талын гараараа биеэ дараад ёолоод хөндүүртэй байна гэж ирсэн. Мөн зүүн талын нүдний доод тал хөх болсон байсан. Б.Н машинаар гуя руу нь мөргөж унагасан нь зүүн талын гуя нь хөх болсон байсан. 2 гарын мөрний дагуу хөх болсон байсан. Н.Х цээжин дээр нь гараад суучихсан 2 хацар руу нь алгадаад байсан. Сүүлд нь хоёр хацар нь бага зэрэг хавдсан хацрын 2 талд нь эмэгтэй хүний хурууны мөр гарч хөхөрсөн байсан. Б.Н н нүүр нь энд тэнд шалбарсан, нэлэнхүйдээ урагдсан байсан. Б.Н өөрөө хэлэхдээ намайг Х.Б нүүрээр газар чирсэн гээд уурлаад байсан. Б.Н өөрөө хэлэхдээ Х.Б нэг багштай нийлээд намайг зодсон гэж ярьж байсан. Х.Б 28-ны өглөө ирэхдээ надад би Б.Н г зодоод хаясан гэхдээ эв зүйгээ олсон гэж байсан /хх-ийн 82-84-р хуудас/
Гэрч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Би хоол хийгээд сууж байхад Х.Б Н.Х ы доороос босох гэж тийчилж байгаад халуун зууханд гараа хүргээд зүүн талын гарын дунд хуруу билүү ядам хуруу аль нэгийг зууханд жаахан хайрсан байсан. Х.Б ын 2 талын хацар, шанаа нь хавдсан байсан. Манайд ирэхдээ баруун талын нүд нь хөх болсон ирсэн. Орой Б.Н Х.Б ын нүүр рүү хөлөөрөө өшиглөөд нөгөө талын нүд нь бас хөх болсон байсан /хх-ийн 109-р хуудас/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манай эхнэр Н.Х , Х.Б ыг дагуулж ирээд бид гурав юм ярьж сууж байгаад манай эхнэрээс Х.Б би эхлүүлсэн юм. Миний буруу гэж уучлал гуйчихаад яваад өгсөн. Удалгүй 10 цагийн үед намайг гадаа байж байхад Б.Н , Х.Б хоёр гэрт орж манай эхнэртэй уулзчихаад хамт гарч ирээд Б.Н нь над руу чи эхлүүлсэн юм биш үү гэж хэлэхэд чи буруугаар ойлгоод байна. Эхнэр чинь мэдэж байгаа шүү дээ гэхэд Б.Н машиндаа орж суугаад Х.Б ыг нүүр рүү нь цохиод авсан. Х.Б машинаас гэр рүү гүйхэд араас нь Б.Н ороход Х.Б зугтаад гараад ирсэн. Б.Н чулуу аваад Х.Б ын араас нь чулуу шидээд байсан. Нэг чулуу нь Х.Б ын толгойн хэсэгт онож бага зэрэг цус гарсан. Б.Н Х.Б ыг унагаад өшиглөөд байхаар нь би хүүхдээ тэврээд байж байсан болохоор эхнэр Н.Х ыг очоод салга гэсэн. Манай эхнэр Н.Х очоод тэр хоёрыг боль гээд “сумын төвд хашаанд муухай байна. Дөрвүүлээ Х ынд очиж учраа олъё” гээд эхнэр бид 2 Б.Н н машинд суугаад Х ын гадаа очоод гэрийн зүүн талд нь зогсоход Б.Н машинаас буугаад гэрийн зүүн талд портер машины тэвшин дээрээс хүрз аваад Х.Б ыг машинд сууж байхад нь хүрзээр цохих гээд байхаар нь би машинаас бууж очоод Б.Н н хүрзийг нь аваад одоо боль гээд гэр рүү хамт орсон. Л.Л бид нарт цай хийж өгсөн. Б.Н цай уугаагүй гэрээс гараад машинаа асаагаад гэрээс баруун тийш хөдлөөд явсан. Удалгүй Х.Б гэрээс зүүн хойш 100 орчим метр явган алхаад явж байсан. Гэрийн урдуур Б.Н машинтайгаа Х.Б ын араас хүчтэй явахаар нь Л.Л бид хоёр гараад харсан. Б.Н машинаар Х.Б ын араас очоод Х.Б ыг эргээд харахад нь мөргөөд унагаж байгаа харагдахаар нь Н.Х , Л.Л бид 3 гүйгээд очиж явахад Б.Н машинаасаа бууж ирээд Х.Б ыг өшиглөөд байгаа харагдсан. Бид 3 очоод Х.Б ыг босгоод эмч дуудах уу гэхэд Б.Н энэ муу баашлаад байгаа юм гээд хорих завдалгүй цээж рүү нь хэд хэд өшиглөөд авсан. Тэгээд Б.Н машиндаа суугаад машинаа асаахаар нь би түлхүүрийг нь булааж аваад Х.Б ыг түшиж машинд суулгаад буцаад Х ынд очиход 11:00 цаг өнгөрч байсан байх. Намайг харж байхад өөр хүн Б.Н , Х.Б нарын биед халдаагүй /хх-ийн 87-90-р хуудас/
Гэрч Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... ...Н.Х аа уурлаад энэ 2 үнсэлцээд байж байна гээд уурлаад байсан. Х.Б машинаа асааж унаад яваад өгсөн. Н.Х надад намайг гэрт хүргээд өг гэхээр нь би мотоциклио унаад Н.Х ааг сундлаад гэрийнх нь гадаа очтол Н.Х би хэрүүл хийхгүй Б.Н нд хамт очъё гэхээр нь яваад Б.Н н хашааны гадаа очиход Б.Н , Х.Б 2 зодолдсон байдалтай хэрэлдээд зогсож байсан. Хажууд нь багш гэж танилцуулж байсан нэг хүүхэн, Б.Н н хүүхдүүд мөн байж байсан. Б.Н н нүүр нь цус болсон байхаар нь би гайгүй юу гэж асуухад Б.Н зүгээр ээ гэсэн. Тэгээд би Н.Х ыг хөтлөөд гараад явсан Х.Б араас хашгираад үлдсэн. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед намайг ус авах гээд Б.Э ынд ирэхэд Б.Н , Х.Б нар ирчихсэн машиндаа сууж байхаар нь очиж мэндэлчихээд усан сан руу очиж ус аваад гэртээ 10 цагийн үед очиход Б.Э , Н.Х , Х.Б Б.Н нар ирсэн байсан. Б.Н машинтайгаа гэрээс баруун орой дээр гараад зогссон байсан. Эхнэр нь гэрээс зүүн хойшоо алхаж байсан. Ирсэн улсууд гэрийн гаднаас хөдөлж байхад Б.Н Х.Б ын араас нь машинтай явж байгаа харагдсан. Удалгүй манай эхнэр нөгөө Б.Н чинь Х.Б ыг мөргөчихлөө гэхээр нь би гүйгээд очсон. Араас Б.Э , Н.Х , Л.Л нар гүйгээд ирсэн. Намайг очиход Х.Б машины урд хэвтэж байсан. Б.Н хажууд нь зогсож байснаа энэ муу баашилж байгаа юм гээд нуруу руу нь өшиглөөд авахаар нь би Б.Н г бариад хойш нь болгочихоод Х.Б ыг өндийлгөөд хувцасны шороог нь цэвэрлээд сууж байхад Б.Н бас Х.Б ын цээж рүү нь нэг өшиглөсөн. ...Б.Н эхнэрээ татаад босохгүй болохоор нь гараараа Х.Б ын нүүр рүү нь нэг цохиод авахаар нь би боль гээд дундуур нь ороод салгасан. Х.Б намайг битгий зодуул гээд надад наалдаад гарч байхад Б.Н “чи гэртээ хоно, энэ муу ингэж баашилж байдаг юм” гээд гэнэт Х.Б ын зүүн талын нүд рүү нь өшиглөсөн. Х.Б ын нүд нь хавдсан байсан. Тэгээд Б.Н машинаа унаад Х.Б бид 2 ард нь суугаад Б.Н н гэрт очиж хоносон. Х.Б ын биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Б.Н н нүүр нь энд тэнд шалбарсан зарим газар нь цустай байсан. Б.Н Х.Б нар хоорондоо зодолдсон байдалтай гэрийнхээ гадаа хашаан дотроо Б.Н н нүүр нь урагдсан байдалтай байсан /хх-ийн 90-94-р хуудас/
Гэрч Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Н.Х Х.Б ын гэдсэн дээр нь суугаад Х.Б ын 2 гарыг дарсан, Х.Б Н.Х ы доор байхаар нь бид орж ирээд тэр хоёрыг салгасан... /хх-ийн 111-р хуудас/
Гэрч Х.Оюун-Ундарга мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... Х.Б өөрийн нөхөр Б.Н тэй маргаж зодоон хийсэн гэж хэлж байсан. Бид нарыг сууж байхад Б.Н түлхүүр сураад орж ирсэн. Тэгэхэд Б.Н н нүүр урагдсан байсан /хх-ийн 95-96-р хуудас/
Гэрч Т.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Х.Б , Б.Э нар түрүүлээд гарсан. Бид нар араас нь гараад очиход Н.Х аа ирсэн. Х.Б , Б.Э хоёрыг үнсэлцээд зогсож байна. Би харлаа гээд Н.Х аа уурлаад байсан. Б.Н н нүүр нь цус болсон, шалбарч урагдсан байсан. /хх-ийн 100-102-р хуудас/
Шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 11 дүгээр сарын 20, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Х.Б ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор дүгнэлт гаргасан. Х.Б ын цээж рүү хөлөөр өшиглөхөд өвчүүний ясны хугарал гэмтэл үүсэх боломжтой. Харин гэдэс орчимд суухад өвчүүний ясны хугарал гэмтэл үүсэх боломжгүй. Х.Б ын өвчүүний ясны хугарал гэмтлээс бусад гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдах гэмтлүүд юм. Хоёр хацрыг нь 2-3 удаа хүчтэй алгадахад тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой бөгөөд энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдах гэмтэлд хамаарагдана. /хх-ийн 180-181-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Б ын биед өвчүү болон хамрын ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алим, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, толгойн ар дагз хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, анхны Өмнөговь аймгийн БОЭТ-н гэмтлийн тасгийн өвчний түүхтэй танилцаж дүгнэлтэнд тусгах шаардлагатай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 119-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Б ын биед өвчүү болон хамрын ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2018 оны 10 сарын 27, 28-ны өдрүүдэд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зүүн хэсгийн арьсан дор цус хуралт баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 113-114-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Н н биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн хацар, баруун хөмсөг орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 116-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12-р хуудас/
Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 31-34-р хуудас/
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 35-48-р хуудас/
Өвчний түүх /хх-ийн 51-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай суманд эхнэр Х.Б ыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд гэр бүлийн маргааны улмаас нөхөр Б.Н г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Н.Х 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд Х.Б ыг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Б ын биед өвчүү болон хамрын ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, нүдний алим, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, толгойн ар дагз хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, анхны Өмнөговь аймгийн БОЭТ-н гэмтлийн тасгийн өвчний түүхтэй танилцаж дүгнэлтэнд тусгах шаардлагатай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 119-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч Б.Н г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд гэр бүлийн маргааны улмаас нөхөр Б.Н г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Н н биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, дух, зүүн хацар, баруун хөмсөг орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 116-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх тул шүүгдэгч Х.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Х нь хохирогч Х.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 113-114-р хуудас/, шинжээчийн мэдүүлэг /ХХ-ийн 180-181-р хуудас/ зэргээр тогтоогдож байна гэх дүгнэлтийг улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх боловч дээрх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт : ...шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана гэж заасан. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 113-114-р хуудас/, шинжээчийн мэдүүлэг /ХХ-ийн 180-181-р хуудас/ зэргийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл нь:
Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь шүүхийн шинжилгээний хэсгийн гаргасан дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн дугаар 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 180-181-р хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 113-114-р хуудас/ зэрэг баримтууд нь хуулбар хувиараа хэрэгт авагдсан байх бөгөөд уг хуулбарыг хуульд заасан журмын дагуу тухайн байгууллага өөрөө хуулбар үнэн дарж баталгаажуулахаар заасныг зөрчиж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн дүгнэлтийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар хуулбар үнэн тэмдэг дарсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно... гэснийг хангахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэж заасан ба дээрх 13 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь уг заалтыг зөрчиж ирүүлсэн нотлох баримт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасныг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд хохирогч Х.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тогтоохдоо шүүгдэгчийн: “...би хацарт нь олон удаа алгадсан. Миний алгадсаны улмаас гарын мөр гарч хөхөрсөн байсан...мөн үүний улмаас тархи доргих гэмтлийг би учруулсан...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолж буй хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх тул шүүгдэгч Н.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Х.Б , гэрч Д.Б.Э нарын зүй бус үйлдэлтэй холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Н , Н.Х нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, Н.Х д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Б.Н д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Б т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч Б.Н , Н.Х , Х.Б нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА