Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00302/И/ |
Дугаар | 332 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 332
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 30 байрны 06 тоотод оршин суух Их халзан овгийн Жигжидсүрэнгийн Батзаяагийн /РД:АЭ82121708/ нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Их тамир суманд оршин суух Бажууд овгийн Бямбасүрэнгийн Амарсайханд /РД:АГ81110800/ холбогдох 700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Батзаяа миний бие 2015 оны 4-5 сард Амараагаар ажил дээр нь бараа тараалгаж цалин дээрээс нь мөнгийг нь хураахаар тохиролцон заруулж байсан бөгөөд тухайн үедээ ажлыхныхаа авсан барааны мөнгийг шилжүүлсэн. Амараа эхлээд 320.000 төгрөгийн бараа өөрөө авсан. Дараа нь 8 сард мөн 320.000 төгрөгийн бараа дараа нь 160.000 төгрөгийн арьсан гутал авсан ба 10 сард 50.000 төгрөг, 1 сард 50.000 төгрөг явуулсан. Үлдсэн мөнгийг одоо болтол өгөхгүй утсаа ч авахгүй байна. Иймд үйлчлэгч Амараагаас миний үндсэн мөнгө болох 700.000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ж.Батзаяа миний бие 700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500.000 төгрөгийг 2016 оны 06 сард багтаан хариуцагч Б.Амарсайханаар төлүүлэхээр, хариуцагч Б.Амарсайхан миний бие 500.000 төгрөгийг 2016 оны 06 сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэгч Ж.Батзаяатай эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батзаяа нь хариуцагч Б.Амарсайханд холбогдуулан 700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500.000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилж, уг 500.000 төгрөгийг 2016 оны 06 сард багтаан төлүүлэх, хариуцагч Б.Амарсайхан нь 500.000 төгрөгийг дээрх хугацаанд төлөхийг зөвшөөрч талууд нэхэмжлэлийн үнийн дүн болон үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Батзаяа нь Б.Амараад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амараагийн нэр Б.Амарсайхан болох нь хариуцагчийн шүүхэд өгсөн биеийн байцаалт болон иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогддог, түүнчлэн Б.Амарсайхан нь өөрийгөө хэргийн хариуцагч биш гэж маргаагүй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Амарсайхан нь 500.000 төгрөгийг 2016 оны 06 сард багтаан төлж дуусгахаар нэхэмжлэгч Ж.Батзаяатай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.350 төгрөгөөс 13.525 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Амарсайханаас 7.825 төгрөг, орон нутгийн орлогоос 7.825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Батзаяад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Зохигч энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА