| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0029/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 28
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Б д холбогдох 1928000000015 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ............................. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Б.Б , регистрийн дугаар ...........................
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б овогтой Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ...................тоот гэртээ эхнэр Тогтох овогтой Т.Б ыг алгадаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш манай эхнэр малын гүзээ цэвэрлээд сууж байсан. Тэр үед Ханбогд суманд ажилд орохоор явсан манай бага хүү залгаад ажилд ороход эмчийн үзлэгийн мөнгө хэрэгтэй бэлдэж байгаарай гэхэд эхнэр уурлаад түүнээс болж маргалдаж тийм зүйл болсон.
Хохирогч Т.Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ нөхөртэйгөө хамт салат хийх малын гүзээ цэвэрлээд сууж байтал Б.Ба гаднаас нэг шил архи авчирсан. Түүнийг нь хувааж ууцгаасан. Би их уугаагүй 1 удаа л балгасан байсан. Тэгээд манай нөхөр дахин нэг 0.33 граммын архи авч Б.Ба тай хувааж уусан. Тэгж байсан чинь манай бага хүү Ханбогд сумаас утсаар нөхөртэй яриад мөнгө хэрэгтэй байна. Маргааш эмчийн үзлэгт орно, ажилд орох гэж байна гэж хэллээ гэж нөхөр хэлсэн. Тэгэхээр нь уурлаад дандаа л бид нараас авч байна гэж хэлсэн чинь хүүхдүүдээсээ мөнгө харамлаад яах юм бэ гэж хэлээд Б.Б намайг нэг удаа алгадчихаад чи ер нь арчаагүй харамч амьтан. Мал шиг байх юм гэх мэтээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд гүзээ хусаад зуухны урд талд сууж байснаа барьж байсан хутгаараа өөрийнхөө гэдсийг хальт зүсэх гэсэн чинь хутга нэвтрээд цус гарсан. Тэгсэн чинь Б.Б гэрийн хойд талд цай ууж сууж байгаад босч ирээд битгий хөдлөөрэй цус гараад байна гээд миний шархан дээр дарсан. Тэгээд би цаашаа юу болсныг нь мэдэхгүй байгаа. Сэргэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Түр хугацаанд ухаан алдсан. Манай нөхөр Б.Б миний нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Өөрөөр зодсон зүйл байхгүй, гэмтээгээд байсан зүйл байхгүй. Сүүлд нь эмнэлэгт хэвтсэний маргааш нь миний нүд хөхөрсөн байсан. Тухайн үед би хүүхдэд мөнгө өгөхгүй гэсэн ярианаас болж уурласан юм. Манай хүүхэд нэг хоногийн өмнө бас мөнгө авсан байсан болохоор нь би мөнгө нэхлээ гэж уурласан. Б.Б урьд нь намайг цохиж зодож байгаагүй. Ер нь их дөлгөөхөн, даруухан хүн байгаа юм. Би жаахан уурлахаараа зүрхний савлагаатай уурладаг юм. Манай нөхөр Б.Б намайг алгадахдаа баруун хацар руу хүчтэй алгадсанаас болж хацар бас нүдэнд гарын хуруунууд нь хүрсэн юм. Өөр хүн намайг зодож цохиогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудал надаас болсон болохоор миний л буруу байсан, би нөхөртөө ял шийтгэл оногдуулмааргүй л байна /хх-ийн 13-р хуудас/
Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би 17 цагийн үед Их-Уулын 18-4 тоотод байрлах Б.Б гийнд очиж уулзсан. Тэгэхэд Б.Б , эхнэр Т.Б тай хамт малын гүзээ цэвэрлээд сууж байсан. Би тэднийд 1 шил 0.75 граммын архи авч очсон байснаа тэр хоёртой хувааж уусан. Тэгээд Б.Б шил 0.33 граммын архи авч бас хувааж уусан. Тэгж байгаад Б.Б , Т.Б нар хоорондоо жаахан маргалдах аятай байгаад байсан. Би гадаа гарч тамхи татчихаад эргээд орж ирэхэд Т.Б ын гэдэснээс цус гарчихсан байхаар нь яаж байна гэсэн чинь Б.Б энэ харин өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу айл руу нь орох гэтэл цоожтой байхаар нь утсаараа түргэн дуудчихаад гэр рүүгээ явчихсан /хх-ийн 16-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Т.Б ын биед хэвлийн дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, хутгалагдсан шарх, 2 нүдний зовхи баруун хацар, хэвлийн ханын цус хуралт гэмтэл үүсчээ. Хэвлийн хутгалагдсан шарх, цус хуралт гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр 2 нүдний зовхи баруун хацрын цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 22-р хуудас/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ эхнэртэйгээ хамт байж байтал манай найз Б.Ба гэх хүн нэг шил архи авчирч бид нар хувааж ууцгаасан. Тэгэхэд эхнэр бид хоёр малын гүзээ хусаж арилгаж байсан. Тэгж байтал манай бага хүү утсаар яриад маргааш нөгөөдөр очно. Маргааш эмчийн үзлэгт орох мөнгө бэлдэж бай гэхээр нь эхнэрт хэлсэн чинь эхнэр cap шинэ болох гэж байхад дандаа мөнгө нэхэж байдаг гэж уурлаад байсан. Тэгээд бид хоёр жаахан маргалдаад би эхнэрийн нүүр рүү нэг удаа алгадаж авсан. Тэгж байхад Б.Ба гараад явчихсан. Эхнэр над руу уурлаж загнаж байгаад гүзээ хусч байсан хутга аваад өөрийнхөө гэдэс рүү хутгалчих шиг болсон. Тэгэхээр нь би гэрийн хойно сууж байгаад сандраад босоод очсон чинь гэдэснээс нь цус гарч байсан Тэгээд би хөдөлгөөнгүй хэвтээрэй гэж хэлээд зуухны хажууд хэвтүүлсэн. Тэгсэн чинь гаднаас Б.Ба ороод ирсэн. Тэгэхээр нь эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирээд аваад явсан. Эхнэр намайг хүүхэддээ дандаа мөнгө өглөө гэж загнахаар нь би хүүхэддээ өгөхгүй өөр хэнд өгөх вэ гэж хэлснээс болоод маргалдсан. Тэгээд би нэг алгадсан. Надад уурласандаа тэгсэн байх. Сүүлд нь надад ярихдаа намайг жаахан айлгах гэсэн гэж хэлж байсан. Эхнэрийнхээ нүүрэнд гараараа цохисноос болж манай эхнэр Т.Б ын нүд хөхөрсөн гэмтэл учирсан. Би тухайн үед уурласандаа болоод Т.Б ыг баруун хацар руу нь алгадсан. Дараа нь нүдний зовхи нь хөхөрчихсөн байсан. Миний алгадснаас болж л хөхөрсөн гэж бодож байна. Намайг алгадахаас өмнө бол Т.Б ын биед гэмтэл байгаагүй юм. /хх-ийн 27-28-р, 51-52-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /03-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-10-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Батсүх овогтой Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ..................... тоот гэртээ эхнэр Тогтох овогтой Т.Б ын нүүрэн тус газар алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Т.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Т.Б ын биед хэвлийн дунд хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, хутгалагдсан шарх, 2 нүдний зовхи баруун хацар, хэвлийн ханын цус хуралт гэмтэл үүсчээ. Хэвлийн хутгалагдсан шарх, цус хуралт гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр 2 нүдний зовхи баруун хацрын цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б гийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА