Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 365

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1906 00529 0421 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хамгаалагч ажилтай, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ганбаатар, М.Гантулга нарыг зодож, улмаар тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-7, 13/, хохирогч Г.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хх-14-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1307, 1306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24, 25/, шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ганбаатар, М.Гантулга нарыг зодож, улмаар тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гантулгын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр найз Г.Ганбаатарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Жулиа” баар, караокед 22 цагийн үед орж үйлчлүүлж байгаад архиа барьж аягалах гэж байгаад унагаж хагалаад маргаан гарсан. Тэгээд бид 2 уучлалт гуйгаад гараад Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр такси бариад харих гээд байж байхад уг баарны хамаалагч гэх залуучууд араас ирээд манай найз Г.Ганбаатар бид хоёрыг бүлэглэж зодсон. Намайг хэдэн хүн хаана зодсоныг би мэдэхг/й байна. Би “Жулия” төвийн бааранд орж байснаа санаж байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болсон асуудлыг санахгүй байна.” /хх-7, 13/ гэх мэдүүлэг,

        Мөн түүний дахин хохирогчоор өгсөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан: ...”Миний бие эмчилгээний зардалд 600.000 төгрөг, гар утасны зардалд 500.000 төгрөгийг авсан. Надад цаашид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” /хх-38/ гэх хүсэлт,   

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганбаатарын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед “Жулия” караокед найз Цогтсэргэлэн, М.Гантулга нарын хамт орсон. Булан тойроод тэр 2 хамгаалагчийн өндөр нь М.Гантулга руу дайраад давшлаад байхаар нь би “болиоч” гээд дундуур нь ороход хэн нь мэдэгдэхгүй миний нүүрэн тус газар намайг нэг нь цохьчихсон.” /хх-14-16/ гэх мэдүүлэг,

         Мөн түүний дахин хохирогчоор өгсөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан: ...”Миний бие эмчилгээний зардал болох 95.000 төгрөгийг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй болно.” /хх-37/ гэх хүсэлт,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1307 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Ганбаатарын биед баруун зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

         3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-24/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1306 дугаартай дүгнэлтэд:

1. М.Гантулгын биед зүүн хөмсөгт шарх, чих, зовхи, уруулын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт. уруулын дээд хэсэгт зулгаралт, дотор салстын язрал, зүүн дээд 4 дүгээр шүдний эмтрэл. баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-25/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг гэмтлүүдийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-39-40/,  

 

Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ганбаатар, М.Гантулга нарыг зодож, улмаар тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Ганбаатар, М.Гантулга нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Б цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт

 битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Баярбилэгийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС