Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч З.С /шүүгдэгч өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овгийн З С-д холбогдох эрүүгийн 1811031691167 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овгийн З.С, 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 10, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-235 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч З.С нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Л.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр гэртээ таньдаг ах болох Б болон хөгжмийн зохиолч гэх Эрдэнэ нартай 2 шил 0.75 литрийн савлагаатай архи хувааж уучхаад урд гудамжинд байдаг Б эгчийнд очиж зээлсэн мөнгө авахаар 21.22 цагийн үед очсон. Гэрт ороод Б эгчтэй дөнгөж уулзаж байтал араас манай урд гудамжинд амьдардаг зүс таних 3 залуу орж ирсэн. Түүнээс хойш сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь хамраас цус гарсан Б эгчийн хашаанд ганцаараа сууж байсан. Уг асуудал болсноос хойш 6-7 хоногийн дараа Б эгчтэй уулзахад зүс таних 3 залуугийн нэг С гэгч намайг тохойгоороо цохисон гэж Б эгч надад хэлсэн. Бямбаа эгчтэй уулзаж байхад хажууд Ж байсан. Тэр надад С чамайг цохисон, тэр үед би та хоёрыг салгаж, С-г аваад яв гэж байсан гэж хэлсэн...” гэжээ /хх-20-21/.

Гэрч Ч. мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны орой Б эгчийн гэр рүү ороход Б орон дээр унтчихсан, зүс нэр мэдэх Г, С хоёр бие биеэ энгэрээс нь зуурчихсан зогсож байсан. Би тэр хоёрыг салгах гээд хүч хүрэхгүй байж байтал гаднаас У орж ирээд бид хоёр Г,  С нарыг салгаж гэр лүү нь явуулчхаад Б эгчийн гэрээс гарах гэж байхад Б эгч сэрээд гэрийнхээ хаалгыг түгжээд хоцорсон... Тухайн үед Г-ын хамраас л цус гарсан харагдаж байсан өөр анзаарсан зүйл байхгүй. Бие биеэ цохихыг нь хараагүй хувцаснаасаа л зууралдсан байсан. Тэр хоёр хоёулаа архи уучихсан халамцуу байсан ...” гэжээ /хх-29-30/.

Гэрч П.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 19-20 цагийн орчим манай гэрт Ганбат надаас авах ёстой байсан мөнгөө авах гэж ирсэн. Бид хоёр манай гэрт байсан архинаас хувааж ууж  байгаад би Ганбатад 10000 төгрөг өгчхөөд унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь 23 цаг болчихсон би гэртээ ганцаараа унтаж байсан. Сэрээд гал тогооны өрөөнд орсон чинь шалан дээр жаахан цус болчихсон байхаар нь санаанд оролгүй цэврэлчхээд буцаад унтсан. Ганбат манайд орж ирэхэд нүүр ам нь зүгээр байсан. Харин 7-8 хоногийн дараа манай ажил дээр орж ирэхэд хамар нь хавдартай нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” гэжээ /хх-31-32/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №13040 дугаар дүгнэлтэд: 

“1. Л.Ганбатын биед хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй ” гэжээ /хх-35/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43-44/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

З.С нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Г-ын “...Гэрт ороод Б эгчтэй дөнгөж уулзаж байтал араас манай урд гудамжинд амьдардаг зүс таних 3 залуу орж ирсэн. Түүнээс хойш сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь хамраас цус гарсан Б эгчийн хашаанд ганцаараа сууж байсан. Уг асуудал болсноос хойш 6-7 хоногийн дараа Б эгчтэй уулзахад зүс таних 3 залуугийн нэг С гэгч намайг тохойгоороо цохисон гэж Бямбаа эгч надад хэлсэн. Б эгчтэй уулзаж байхад хажууд Жагаа байсан. Тэр надад С чамайг цохисон, тэр үед би та хоёрыг салгаж, С аваад яв гэж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №13040 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч З.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.  

Мөн шүүгдэгч З.С-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын  яллагчийн гаргасан буюу З.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал зэргийг харгалзав.

Хохирогч Л.Г нь “...Би З.С-тэй эвлэрсэн, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч З.С бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч З.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн З.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч З.С нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН