Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2023/01938

 

 

 

 

 

 

 

 

2023 11 06 210/МА2023/01938

 

 

М.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02529 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б гийн хариуцагч Н ХХК -д холбогдуулан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэгдсэн нэхэмжлэгчийн зээлийн түүхийг хэвийн болгохыг даалгах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 24,943,342 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч М.Б гадаад улсад сурч амьдарч байхдаа өөрийн нэр дээр зээл авах боломжгүйн улмаас 2019 оны 10 дугаар сард найз А.Н ээр дамжуулан 12,000,000 төгрөгийн зээл авахуулсан. А.Н ийн Хаан банкны дансаар 7 удаагийн зээлийг бүрэн шилжүүлсэн боловч А.Н мөнгийг Н ХХК -д төлөөгүй, хувьдаа завшсан байдаг. Тухайн үедээ сэтгэл санааны хямралд орсон байдлыг далимдуулж хариуцагч байгууллагын ажилтан Д.Ч нь зээлийн болон фидуцийн гэрээнд сүүлд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зуруулж авсан байдаг. Тухайн өдөр зээл бодитоор зээл олгоогүй хэрнээ олгосон мэтээр сүүлд гэрээг нөхөж хийсэн. Түүнчлэн, хариуцагч огт зээл аваагүй нэхэмжлэгчийн нэр дээр зээлийн болон зээлийн хүүгийн авлага үүсгэж, удаа дараа зээлийн төлбөрийг нэхэмжилж, улмаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн зээлийг түүхийг муу ангилалд оруулан бүртгүүлсэн. Фидуцийн гэрээ 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр атлаа тээврийн хэрэгслийн гэрчилгээнд барьцаа хөрөнгө аль хэдийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжиж бүртгэгдсэн байдлаар тогтоогдоно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийг олгосноор зээлийн гэрээ байгуулсанд тооцно. Мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй тул 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний улмаас Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэгдсэн нэхэмжлэгчийн зээлийн түүхийг хэвийн болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М.Б зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ найз А.Н ээр дамжуулан зээл авахуулсан гэж бичсэнээр нотлогдоно. Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу Мost Мoney дансанд мөнгийг нь шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан гэж байна. Энэ талаар мэдэхгүй. Гэхдээ манай программ он, сарыг автоматаар гаргадаг байгаа. Тэгэхээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан өдрөө программаас гардаг. Нэхэмжлэгч өөрөө Н.Н ийн данс руу мөнгө хийсэн. Манай данс руу хийсэн бол зээлээс хасагдаад явах байсан. Иймээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Автомашины тухайд манай компанийн нэр дээр 20 мянга орчим машин бүртгэлтэй байдаг. Тэр машинаас зээлээр зарах тохиолдол бас байдаг. Иймд дахин нэрийг нь шилжүүлнэ гэсэн ойлголт байдаггүй. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд бол зээлийн гэрээ байгуулагдсан, дансанд мөнгө нь орсон байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нэгээс дээш хоног хэтэрвэл зээлийн мэдээллийн санд муу ангилалд ордог байгаа гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч М.Б 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13,452,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр Lexus HS250 маркийн  улсын дугаартай й тээврийн хэрэгслийг барьцаалан зээлж авсан байдаг. Тэрээр зээл авснаас хойш 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч тайлбартаа дамжуулан авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. А.Н зээл авахуулсан, зээлээ А.Н эд төлсөн гэж нэхэмжлэлд дурдсан байгаа. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11,750,022 төгрөг, үндсэн хүү 11,403,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,789,527 төгрөг, нийт 24,943,342 төгрөгийг гаргуулж өгнө үү. Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслээр үүргийг хангуулахаар шаардсан шаардлагаасаа татгалзаж байгаа гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.Б Н ХХК -аас зээл аваагүй. Мөнгө хүлээж аваагүй учраас төлөх үүрэг үүсээгүй. Машин худалдсан этгээдэд мөнгө шилжүүлсэн баримтгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангилалаар бүртгэгдсэн нэхэмжлэгч М.Б гийн зээлийн түүхийг хэвийн болгохыг хариуцагч Н ХХК -д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б гаас 9,929,237 төгрөгийг гаргуулж Н ХХК -д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 15,014,105 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар М.Б д холбогдох фидуцийн гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа Н ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 352,867 /282,667+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 173,817 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бичгээр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг учраас зээлийн гэрээ байгуулдаг. Гэтэл зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлэн аваагүй хариуцагч шилжүүлэн өгсөн гэж харилцан адилгүй тайлбарлаж маргаж байхад, шүүх уг маргааны үйл баримтыг тодруулахаар өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Талууд хооронд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бичгээр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан байх хэдий ч бодитоор Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэхдээ маргаанд хамаарах тээврийн хэрэгсэл дээрх гэрээг байгуулахаас өмнө хариуцагч Н ХХК -ийн нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш бүртгэлтэй байсан. Харин гэрээг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулах цаг хугацаанд хариуцагч өөрөө байжээ гэж үзсэн, ингэж дүгнэх байсан бол шүүх яагаад өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн нэр рүү тухайн тээврийн хэрэгсэл шилжсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Автотээврийн газраас тодруулаагүй шууд шийдсэн нь эргэлзээтэй байна.

Мөн хэрэгт баримтаар ирүүлсэн 405202491 тоот дансны хуулгаас үзвэл гэрээ байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 32 минутад 13,452,000 төгрөгийг зээл олгов утгаар шилжүүлсэн боловч мөн өдрөө 3 минутын дараа буюу 18 цаг 35 минутад буцаан 13,452,00 төгрөгийг Д.Ч өглөг бүртгэв утгаар буцаан төлүүлсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч Д.Ч ыг танихгүй, мэдэхгүй гэдгээ шүүх хуралдсан хэлсэн байдаг, харин шүүгч тухайн байгуулсан зээлийн гэрээний зээлийн ажилтан Д.Ч гэж гарын үсэг зурсан гэж үзээд шууд манай байгууллагын ажилтан тиймээс зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй гэж үзсэн нь мөн учир дутагдалтай байна. Учир манай байгууллага машин худалдагч нартай хамтран ажиллаж машиныг нь зээлээр зарж, борлуулдаг бөгөөд түүний төлбөрийг буцаан зээлдэгчээс шилжүүлэхдээ өглөгт бүртгэв гэсэн утгаар машин худалдагч тал руу шилжүүлэн өгдөг бөгөөд тухайн худалдагч тал өөрийн данснаас гүйлгээ хийж арилжааны банкны данс руу шилжүүлэн авдаг байгаа. Дээрх бүртгэсэн эсэх нөхцөл байдлыг н.Ч хэн болохыг тодруулаагүй байж шууд манай ажилтан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Хариуцагч зээлийн гэрээний харилцаа үүссэн энэ тухай бичгээр гэрээ байгуулсан талаар маргадаг. Нэхэмжлэгч тал мөн нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан талаар тусгасан байхад Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Дээрх дурдсан нөхцөл байдлуудыг тодруулахгүй маргааны зүйлийн талаар эргэлзээгүйгээр дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх зарим үйл баримтыг зөв дүгнэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч М.Б д зээлийн төлбөр бодитоор олгогдоогүй тул зээлийн гэрээ байгуулаагүй гэж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр буюу зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдах үед тээврийн хэрэгсэл хариуцагч байгууллагын эзэмшилд шилжсэн байсан тул фидуцийн гэрээ байгуулах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр тус тус үндэслэлтэй. Харин нотлох баримтыг бүрдүүлээгүй, бүрэн үнэлээгүй гэсэн хариуцагч талын давж заалдах гомдолд санал нийлнэ. Мөн шүүхийн талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй хэдий ч анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н ХХК -д холбогдуулан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэгдсэн нэхэмжлэгчийн зээлийн түүхийг хэвийн болгохыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч Н ХХК -аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 24,943,342 төгрөг, фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагасаа татгалзсан байна.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй тул зээлийн болон фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэсэн зээлийн түүхийг хэвийн болгуулна..., гэж, хариуцагч ...зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн түүхийг хэвийн болох боломжгүй... гэж тус тус тайлбар гаргажээ.

4. Нэхэмжлэгч М.Б нь зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагатай холбоотойгоор зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдаагүй эсхүл уг хэлцлүүд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан эсэх асуудал тодорхой бус байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх учиртай.

5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрөө зээлийн болон фидуцийн гэрээ байгуулаагүй эсхүл уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа эсэхийг тодруулж мэтгэлцүүлснээр талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу ангиллаар бүртгэгдсэн нэхэмжлэгчийн зээлийн түүхийг хэвийн болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр хамтатган шийдвэрлэх боломжтой байна.

5.3. Түүнчлэн, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохигчдын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй ...Н.Н гэгчтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, мөнгөн төлбөрийн үүрэг байгаа эсэх, маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд хэзээ шилжүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн 13,452,000 төгрөгийг Д.Ч ын өглөгт бүртгэгдсэн /хх-78/ нь хэний ямар төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг тодруулсаны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,867 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН