| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0017/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н холбогдох эрүүгийн 181103931159 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1981 оны 3 дугаар сарын 24-ний Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, Жайка төсөлд орчуулагч ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, эмээ, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 62 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 13-47 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центр төвийн баруун талд авто зам дээр хохирогч Т.Д-тай замын түгжрэлтэй холбоотойгоор маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун мөрөнд цус хуралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энэ үед олон машин түгжрээд зогссон манай хүргэн ах хаалга онгойлгоод ухар зайтай байна гэж хэлэхэд тэр машины эмэгтэй жолооч ухрах гээд буруу тийш нь рулээ дарж ухраад гарч чадахгүй байсан. Тэгэхээр нь би бууж очоод цонхоор нь урд чинь зай байна дараад гараад явчих гэхэд хажуу талд машин харагдахгүй байна гээд уурлаад цонхоо хаасан тэгэхээр нь би жолооч талын хаалгыг нээхэд яах гээд байгаа юм гэхээр нь хурдан дараад ухар гэхэд харагдахгүй байна гэж хэрэлдээд байхаар нь хардаггүй юм бол яах гэж жолоо бариад байгаа юм гээд хаалгыг нь хаагаад цаашаа явсан чинь жолооч эмэгтэй машины хаалга онгойлгож эд хөрөнгөд халдаж намайг зоддог хэн бэ гэж хашхирч ирээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод миний шил газар унаж хагарсан, малгай газар унасан, миний хацраас цус гарахаар нь чи яагаад ингэж байгаа юм бэ гээд би тэр эмэгтэйг цааш түлхэж хөлөөрөө тийрч холдуулсан чинь тэр эмэгтэй дахиж ирээд намайг өшиглөх үед хүргэн ах хүрч ирээд салгасан...” гэжээ. /хх11-12/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13433 дугаар дүгнэлтэд:
“1. Т.Д-ын биед духанд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун мөрөнд цус хуралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-20/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-33-34/, хохирогч Т.Д-аас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Т.Дашдулам өөрт учирсан 163.000 төгрөгийг гаргуулан авсан. Иймд одоо гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-51/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центр төвийн баруун талд авто зам дээр хохирогч Т.Д-тай замын түгжрэлтэй холбоотойгоор маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун мөрөнд цус хуралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Д-ын “...жолооч эмэгтэй машины хаалга онгойлгож эд хөрөнгөд халдаж намайг зоддог хэн бэ гэж хашхирч ирээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод миний шил газар унаж хагарсан, малгай газар унасан, миний хацраас цус гарахаар нь чи яагаад ингэж байгаа юм бэ гээд би тэр эмэгтэйг цааш түлхэж хөлөөрөө тийрч холдуулсан чинь тэр эмэгтэй дахиж ирээд намайг өшиглөх үед хүргэн ах хүрч ирээд салгасан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13433 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Б.Н-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Т.Д нь “...Т.Д өөрт учирсан 163.000 төгрөгийг гаргуулан авсан. Иймд одоо гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон буюу гэмт хэргийг улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН