Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2023/01939

 

 

 

 

 

 

 

 

2023 11 06 210/МА2023/01939

 

 

Д.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/02937 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н ийн хариуцагч М д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч байгууллагад 2012 оноос хойш хэвчин, хайлагч, механик, мастер зэрэг ажлуудыг хийж байгаад, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажилласан. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн Төмөр бетон эдлэхүүний цех-д үзлэг шалгалтаар 37 нэр төрлийн зөрчил илэрсэн боловч ноцтой зөрчил байгаагүй ба зөрчлийг хугацаанд нь бүрэн арилгаж тайланг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албанд 88/916 тоот албан бичгээр хүргүүлсэн болно. Надад 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй талаар эрх бүхий албан тушаалтнуудад хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дарга ээлжийн амралтаа эдлээгүй байгаа тул ээлжийн амралтыг олгосон. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн замын нэгдүгээр орлогч даргын Б13/27 тушаалаар Д.Н ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. Д.Н би хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг өөрийн хүсэлтээр цуцлуулах хүсэлт гаргаагүй атал миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Энэ талаараа 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр УБТЗ-ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус комисс хуралдсан. Энэ комиссын хуралдаанаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1/27 тушаал үндэслэлгүй тул Д.Н намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 24,505,740 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Н нь Замын даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1/586 дугаар тушаалаар Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байгаад Замын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1/127 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн мэдэлд шилжүүлсэн. Барилга орон сууцны албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар Д.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн үзлэгээр илэрсэн 37 зөрчлийг арилгаагүй, арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, ажлаа хийдэггүй, мэдээ тайлан өгдөггүй гэх үндэслэлээр Д.Н той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсан. Тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Удирдлагын асуудал эрхэлсэн Замын орлогч даргад ... эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн зэрэгт тохирох өөр ажилд томилж өгөх хүсэлтийг гаргасан байх бөгөөд тухайн оны ээлжийн амралтыг эдлээгүй талаар дурдсан байх тул 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн даргын Б-Ш-211 дугаар тушаалаар ээлжийн амралтыг олгосон. Улмаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар хурлаар УБТЗ ХНН нь тухайн иргэнд өөрийн мэргэжлийн дагуу Тоног төхөөрөмжийн механик буюу урьд нь эрхэлж байсан ажлын байрыг санал болгосон боловч тэрээр зөвшөөрөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт дагуу Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байсан. Нэхэмжлэгч нь нэг өдрийн дундаж цалингаа 161,222 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалинг дундаж цалин бодох аргачлалын дагуу бодоход 114,232 төгрөг 88 мөнгө болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н ийг М ын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 17,363,398 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Н ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 314,967 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Барилга орон сууцны албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн үзлэгээр илэрсэн 37 зөрчлийг арилгаагүй, арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, ажлаа хийдэггүй, мэдээ тайлан өгдөггүй гэх зөрчил илэрсэн тул Д.Н той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсан ба энэ шийдвэрийг албажуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байхад хурлын маргааш нь Удирдлагын асуудал эрхэлсэн Замын орлогч дарга Н.Энхцогтод хандан өөр ажлын байраар хангаж өгөөч гэсэн өргөдөл гаргасан. Энэ өргөдлийг хянан үзэж, хүсэлтээр нь тушаал гаргах гэтэл нэхэмжлэгч Д.Н нь ээлжийн амралтаа авсан байсан тул Хөдөлмөрийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д "ээлжийн амралттай" байсан тул тушаал гаргах боломжгүй болсон байсан. Гэтэл шүүгч хэргийн үйл баримтын талаар өрөөсгөл үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Хүсэлтийг нь үндэслээд өөр ажлаар хангах болж Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн мэдэлд шилжүүлж байгаад шүүх дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь Замын даргын мэдлийн буюу түүний тушаалаар томилон чөлөөлөгддөг бол бусад албан тушаал нь салбар нэгжийн дарга томилох ба чөлөөлдөг юм. Үүнийг шүүх тодруулаагүй нь буруу. Нэхэмжлэгч нь ажил олгогч талаа хууран мэхлэх үйлдэл гарган улмаар үндэслэлгүй хөрөнгөжих гэж байгааг зөв гэх шударга ёс гэж байж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байтал шүүх нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт ажлын 151 өдөр байх ба уг хугацаанд ногдох цалин хөлстэй тэнцэх олговроо буруу тооцсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Д.Н 37 зөрчил гаргасан эсэх асуудлаар хуралдсан шуурхай хурлаар тухайн гарсан зөрчлийг арилгах төлөвлөгөө гарган, зөрчлийг бүрэн арилгасан талаарх асуудлыг хэлэлцсэн боловч эцэст нь түүнийг хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. Мөн шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэсэн. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл журмыг тодорхой хуульчилсан. Д.Н ажлаас чөлөөлөх шийдвэрт гомдолтой талаар дурдаж, цаашид мэргэжлийн дагуу ажиллах хүсэлтэй талаар хүсэлт гаргасан. Гэвч тухайн өргөдлийн дагуу хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул шүүхэд хандсан. Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.3 дахь хэсгүүдийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргасан. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зохицуулалтыг зөрчсөн. Хүний хөдөлмөр эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно гэж заасан. Иймд урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй. Хариуцагч тал татгалзалтай холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Д.Н нь М ын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан байх ба М ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1/27 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн мэдэлд шилжүүлжээ./хх4, 5-8/

3.1. Барилга орон сууцны албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар тус ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Д.Н той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. /хх51-55/

3.2. Нэхэмжлэгч Д.Н нь дээрх шийдвэр гарсны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж, ...тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, ... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргахдаа Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төлөөлөл оролцуулагүй, эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн зэрэгт тохирох өөр ажилд томилж өгнө үү гэх өргөдлийг гаргажээ.

3.3. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар Д.Н нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох агуулга бүхий хүсэл зоригоо илэрхийлсэн, ажилтан өөрийн санаачилгаараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3.4. Барилга орон сууцны албаны ажилтны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын шийдвэрийг ажил олгогчийн шийдвэртэй адилтган үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийг өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэл зорилгоо илэрхийлсэн баримт гэж дүгнэх боломжгүй байх тул ажил олгогчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1/27 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

4. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.2, 14.6-д заасныг зөрчсөн байхаас гадна уг тушаал нь замын даргын тушаалаар албажаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилга гаргаагүй гэж дүгнэсэн зөв байна.

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, түүнийг М ын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

6. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийн үр дагавар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор юм. Нэхэмжлэлийн цалин хөлстэй холбогдох шаардлагын тухайд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 17,363,398 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

7. Мөн хариуцагч М д Д.Н ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлоо ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх агуулгаар гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарч байх тул шүүх гомдлыг харьяалан шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч талын гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/02937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,767 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН