Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01923

 

 

 

 

    2023         11          03                                         210/МА2023/01923

 

 

“Г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/03410 дугаар шийдвэртэй,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,563,758.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Д.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Г” ХХК-тай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 42 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсэний 2 хувь, хугацаа хэтэрүүлсэний 1 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, зээлийг 2 жилийн хугацаатай авсан.

1.2. Зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчсөн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,099,169.60 төгрөг, хүү 3,662,470.77 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2,290,955.44 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,476,162.59 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 9,563,758.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Би 2,000,000 төгрөгийн зээл авсан байхад 9,563,758 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие зээлийн картыг өөрөө ашиглаагүй тул ашигласан хүнээс нь зээлийг гаргуулах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,088,211.77 төгрөг, бэлэн, бэлэн бус гүйлгээний хүү 49,528.10 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 38,563.20 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 40,215.12 төгрөг, нийт 4,216,518.19 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 5,347,240.21 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,970.14 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 82,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу талууд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу “...зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төдөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд зээл, зээлийн хүүг төлнө...” гэж заасан бөгөөд банк нь хариуцагчаас бүрэн шаардах эрхтэй. Шүүхийн шийдвэрт “хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 4,216,518.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,347,240.21 төгрөг хэрэгсэхгүй болгосугай...” гэж заасан нь хуулийг зөрчсөн.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “...2019 оны 06 дугаар сарын 24-ний 101/ШЗ2019/10261 тоот захирамжаар тогтоогдсон гэдэг нь гэрээг дуусгавар болсон гэсэн үг биш тус захирамж агуулга нь өөр утгатай болно. Иймд анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Манай зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Учир нь “Г” ХХК-ийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгосон. Мөн тухайн зээлийн гэрээг дуусгавар болгосноос хойш 2019 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр буцсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Г-ыг эрэн сурвалжилж, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Москва хорооллын 8-11 тоот хаягт оршин суудаг болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүгээс “Г” ХХК болон шүүхэд мэдэгдсэн. Тухайн үеэс хойш “Г” ХХК нь зээлийг төлүүлэх талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Харин 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс дахин хаяг тодруулсан баримт байдаг. Уг баримтад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Москва хорооллын 8-11 тоот хаягт оршин суудаг гэж дахин хаягийг нь тодруулсан. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс мөн тухайн хаягт Д.Г- нь тасралтгүй 10 жил амьдарсан. Г” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн зүгээс зээл төлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээг аваагүй. Д.Г нь зээлийн картыг бусдад хэрэглүүлэхээр өгсөн байдаг. Бусдад хэрэглүүлж 2019 онд эрэн сурвалжлах үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж, өөрийн хаягаа тодруулан хэлж, “Г” ХХК-тай уулзаж, тухайн хүнтэй нь холбогдуулж өгсөн байдаг. Тухайн хүн нь 200,000 төгрөгийн төлөлт хийж, удахгүй төлнө гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсээс дуудах хүртэл “Г” ХХК-ийн зүгээс хаягаар нь мэдэгдэх хуудас явуулах эсхүл нэхэмжлэл гаргах зэрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч нь уг хугацаанд ямар үндэслэлээр харилцагчийнхаа зээлийг төлүүлэхгүйгээр явж байсан бөгөөд үндэслэлгүйгээр 5,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Д.Г-ад холбогдуулан үндсэн зээлд 2,099,169.60 төгрөг, зээлийн хүүнд 3,662,470.77 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 2,290,955.44 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 1,476,126.59 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 9,563,758.40 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.Г нь 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн гүйлгээний жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь тооцож нэхэмжлэгч “Г” ХХК-д төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 5/

 

3.1. Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээл болон зээлийн хүүгийн талаарх тохиролцоо нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан кредит картын тооцоололын хүснэгтээс үзвэл хариуцагч зээлийн гэрээний хугацаанд 2,856, 092 төгрөг зээлдэн авснаас 756,922 төгрөгийг, зээлийн хүүд 3,766,721 төгрөг төлөхөөс 124,250 төгрөг тус тус буцаан төлсөн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан, үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугцаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Г-аас шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч нь үндсэн зээлд 2,099,169 төгрөг, зээлийн хүүд 3,662,470 төгрөг,  шимтгэлд 35,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

4.1. Талуудын байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 3.5-д зээлийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэж, 3.6-д төлбөр эргэн төлөгдөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно гэж тус тус заажээ.

 

Гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцээгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу  хэрэглэж, банк нь эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тогтооно гэж дүгнэсэн нь алдаатай буруу байгааг дараах байдлаар залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.2. Иймд эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,290,955 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,476,162 төгрөг, нийт 3,767,117 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 452 дугаар зйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.3. Харин хариуцагч нь үндсэн зээлд 2,099,169 төгрөг, хүү 3,662,470 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 5,796,639 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд энэ дүнгээс хариуцагчийн зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 203,526 төгрөгийг хасч тооцсон болно. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.   

/2,099,169+3,662,470+35,000=5,796,639-203,526=5,593,113/

 

5. Анхан шатны шүүх “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 4,193,411 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2019/10261 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн нь зөв байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй .

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Г-аас 5,593,113 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,970,645 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/03410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “4,216,518.19” гэснийг “5,593,113” гэж, “5,347,240.21” гэснийг “3,970,645” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “82,414” гэснийг “104,440” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Г” ХХК-аас төлсөн 100,505 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ