Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 25

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч М.Очбадрах,

  шүүгдэгч А.А /шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А холбогдох эрүүгийн 1811027261165 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А, 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, хоол үйлдвэр, үйлчилгээний технологич мэргэжилтэй, ШУТИС-д тогооч ажилтай гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж ХД-86 байрны 101 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.А нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элеганс караокены гадна хохирогч Ц.П-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.П нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би эмчилгээний төлбөрөө барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би А.А-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Баруун хөмсөг, баруун тохой, гуя, баруун сарвууны долоовор, дунд, чигчий хурууны зулгаралт гэмтлийг бол би хашаа давж баруун талаар унах үед үүссэн гэж бодож байна. Харин үүдэн доод 1-р шүд унасан, зүүн үүдэн 2-р шүдний ганхалт, дээд уруулд шарх гэмтлийг бол А миний ам руу цохих үедээ учруулсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд унасаны дараа хэн цохиж байгаа нь мэдэгдээгүй. Ямар ч байсан намайг өшиглөсөн. Тэгээд намайг цохисон А-тэй уулзаад болсон асуудлыг ярьсан чинь бусад найз нар нь зодоонд оролцоогүй юм байна лээ. А намайг цохиж биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулсан юм...” гэжээ /хх-18/.

Гэрч Ж.Мөнхзаяа мэдүүлэхдээ: “...А хохирогчийн уруул хэсэгт гараараа нэг цохихыг би яг харсан. ..Баасансүрэн болохоор салгах гээд л дундуур ороод байсан...” гэжээ /хх-27/.

Гэрч В.Лхамсүрэн мэдүүлэхдээ: “...Намайг очиход А хохирогч П нар заамдалдчихсан байсан бөгөөд Алтантүлхүүр Пүрэвсүрэнгийн нүүр, толгой орчимд гараараа цохиж байсан. Тэгээд би тавь гэж хэлэхэд бие биеэ заамдаад байсан бөгөөд энэ үед бол хохирогч П-ийн амнаас цус гараагүй байсан. ...хохирогч эрэгтэй хашаа даваад уначихсан...” гэжээ /хх-37-38/.   

Гэрч Э.Энхнаран мэдүүлэхдээ: “...Ямар нэгэн эд зүйлээр бол цохиогүй, намайг гарч ирэхэд 6-7 хүн зодож байсан зүйл байгаагүй бөгөөд тойроод зогсчихсон, П газар уначихсан харагдаж байсан. Ямар ч байсан намайг гарч ирэхэд үсээ дээрээ боочихсон, одоо нэрийг нь мэдэх болсон А гэж эрэгтэй П-ийн нүүр хавьд нь нэг хөлөөрөө цохиж байсан. Тэгээд би А гэж эрэгтэйг зугтаах гэхээр нь араас нь хөөсөн юм. ...Тэгээд очиход П-ийн амнаас цус гарч, нэг шүд унасан байсан...” гэжээ /хх-39-40/.

Шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ: “...Ц.П-ийн биед үүссэн  баруун тохой, гуя, баруун сарвууны долоовор, дунд, чигчий хурууны зулгаралт гэмтлүүд нь хашаа давж баруун талаараа унах үед үүсэх боломжтой бөгөөд үүдэн доод баруун 1-р шүдний унасан, зүүн үүдэн 2-р шүдний ганхалт, дээд уруулд шарх, цох, баруун хөмсөгний зулгаралт гэмтлүүд хашаа давж унах үед үүсэх боломжгүй. Цохилтоос үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэжээ /хх54-55/.  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №11342 дугаар дүгнэлтэд: 

“1. Ц.Пүрэвсүрэнд үүдэн доод баруун 1-р шүдний унасан, зүүн үүдэн 2-р шүдний ганхалт, дээд уруулд шарх, цох, баруун хөмсөг, баруун тохой, гуя, баруун сарвууны долоовор, дунд, чигчий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй ” гэжээ /хх-50/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-61-62/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элеганс караокены гадна хохирогч Ц.П-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.П-ийн “...Баруун хөмсөг, баруун тохой, гуя, баруун сарвууны долоовор, дунд, чигчий хурууны зулгаралт гэмтлийг бол би хашаа давж баруун талаар унах үед үүссэн гэж бодож байна. Харин үүдэн доод 1-р шүд унасан, зүүн үүдэн 2-р шүдний ганхалт, дээд уруулд шарх гэмтлийг бол А миний ам руу цохих үедээ учруулсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд унсаны дараа хэн цохиж байгаа нь мэдэгдээгүй. Ямар ч байсан намайг өшиглөсөн. Тэгээд намайг цохисон А-тэй уулзаад болсон асуудлыг ярьсан чинь бусад найз нар нь зодоонд оролцоогүй юм байна лээ. А намайг цохиж биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №11342 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч А.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.  

Мөн шүүгдэгч А.А-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын  яллагчийн гаргасан буюу А.А-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал зэргийг харгалзав.

Хохирогч Ц.П нь “...Би эмчилгээний төлбөрөө барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би А.А-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН