Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 160

 

                                                         Я.Б, П.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1893 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/63 дугаар магадлалтай, Я.Б, П.О нарт холбогдох 2006023871594 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Я.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн байгаль орчинд байгаль хамгаалагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, овогт Я.Б,

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, П.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Я.Б, П.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд шүүгдэгч П.О нь сар тус бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн, шүүгдэгч Я.Б нь 150,000, 150,000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.О, Я.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Я.Б-аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 120,000 төгрөг гаргуулан хохирогч А.Д-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Я.Б гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд өөрийн хүүхдийн утсанд бичигдсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаарх бичлэгийг Сиди-нд буулган эд мөрийн баримтаар тооцуулан тухайн Сиди-нд үзлэг хийлгэх, нотлох баримтаар хавсаргуулж, хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулж хэрэг маргааныг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэхийг хүссэн боловч тухайн Сиди нь хэргийн материалд авагдалүй өдийг хүрч хохирогч А.Д, шүүгдэгч П.О нарын мэдүүлгээр намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зуйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 500,000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна.

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ амарч байсан. Тухайн үед манайд худгийн зөвшөөрөл авах гээд У.Э, Э.Д, Ч.Ц, Н.Ч, Б.Х нар ирсэн байсан. Энэ үед хохирогч болох А.Д нь гэрт минь орж ирээд хэрүүл маргаан өдөн намайг заамдан авч, хоолойг минь боох зэргээр миний амгалан тайван байдлыг алдагдуулснаас гадна хэд хэдэн удаа толгой болон нүүр лүү минь цохисон. Энэ үед би өөрийгөө хамгаалах зорилгоор А.Д-ын гарыг мушгихад нөхөр болох П.О эхнэртэйгээ нийлж миний нүүр лүү автомашины түлхүүрээр цохисон. Энэ үед миний хөмсөг сэтэрч нүүр маань тэр чигтээ цус болсон. Ингээд хүүхдүүд минь айсан тул гэрийнхээ гадаа гартал хохирогч А.Д нь дахин дахин миний цамцнаас зууран намайг хэл амаар доромжилж надтай зууралдаж эхэлсэн. Би эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш, олон удаа одоо боль гэж хэлсэн боловч хүлээн аваагүй, би арай гэж авто машиных нь түлхүүрийг аван гэртээ орж, гэрээ цоожлон цагдаад дуудлага өгсөн.

Хохирогч А.Д болон шүүгдэгч П.О нарын маргах болсон уг үхэр нь өөрсдийнх нь үхрийн тугал биш гэдгийг миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн бүх шатанд мэдүүлж, жинхэнэ эзэн болох хүнээс тайлбар мэдүүлэг авхуулах мөн манай гэрт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг амаар гаргасан боловч энэ талаар хавтаст хэрэгт хавсаргалгүй хохирогч, шүүгдэгч хоёрын тайлбар, мэдүүлгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Учир нь тухайн болсон үйл явдлыг миний хүүхэд өөрийн утсан дээр бичлэг хийн авсан байсан, энэхүү бичлэгээ мөрдөгчид болон прокурорт өгсөн хэдий ч дээрхи эд мөрийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүйд гомдолтой байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж тухайн хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэл журмын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Я.Б-ын өмгөөлөгч Н.Золжаргал хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2377 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан хэдий ч прокурор эсэргүүцэл бичсэнээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хэргийг шийдэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Я.Б нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдол бүхий сиди, зургийг гаргаж өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч авч хэлэлцэхгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хохирогч А.Д, шүүгдэгч П.О нарын өгсөн мэдүүлгүүдээр шийдвэрлэсэн. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар Я.Б-ын үйлдэл санаатай эсхүл болгоомжгүй эсэхийг тогтоох бүрэн боломжтой” гэв.

Хяналтын прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.О, Я.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай бүрэн нотлогдсон тул шүүгдэгч Я.Б-аас өгсөн гэх гар утсаар хийсэн бичлэгийг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцон авах, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Я.Б, П.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Я.Б нь иргэн А.Д-тай маргалдан улмаар түүнийг зодож тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, шүүгдэгч П.О нь иргэн Я.Б-тай эхнэр А.Д-ыг алгадаж, цохисон хэмээн маргалдаж түүнийг зодож духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Хохирогч, гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцох ёстой.

Тухайн хэрэгт хувийн сонирхолтой шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал хэдий ч тэдгээрийг хэргийн үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Я.Б А.Д-д, шүүгдэгч П.О Я.Б-т тодорхой шалтаг, шалтгааны улмаас хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тэдний болон хохирогч А.Д-ын мэдүүлгүүдээс гадна шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Я.Б нь “...мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд өөрийн хүүхдийн утсанд бичигдсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаарх бичлэгийг CD-нд буулган эд мөрийн баримтаар тооцуулан тухайн CD-нд үзлэг хийлгэх, нотлох баримтаар хавсаргуулж, хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулж хэрэг маргааныг үнэн зөв шудрагаар шийдвэрлүүлэхийг хүссэн боловч тухайн CD нь хэргийн материалд авагдалгүй өдийг хүрч хохирогч А.Д, шүүгдэгч П.О нарын мэдүүлгээр намайг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна...” гэх гомдлыг гаргажээ.

Дээрх гомдол нь шүүгдэгч Я.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгатай утга нэг байх ба давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд уг дүгнэлтийг өөрчлөх, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1893 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т

зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                               Б.АМАРБАЯСГАЛАН

                    ШҮҮГЧ                                       С.БАТДЭЛГЭР

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Б.ЦОГТ