Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 156

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би “Талст трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/563 дугаар захирамжийн “Хүнсний бирж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Талст трейд” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан бүрэн эрхийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Талст трейд” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/563 дугаар захирамжийн “Хүнсний бирж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Талст трейд” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Талст трейд” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/563 дугаар захирамжийн “Хүнсний бирж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                 Н.ДОЛГОРСҮРЭН