Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2021/0881/З |
Дугаар | 001/ХТ2022/0062 |
Огноо | 2022-10-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/0062
“М” ТӨХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын харьяа Улсын
төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт,
шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 281 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, гомдол гаргагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, С.П, Н.Г, хариуцагч Э.Б, Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “М” ТӨХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарт холбогдуулан “... улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийг хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгуулах” шаардлага гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал: “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн парк шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13- ны өдрийн 137 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “... АНУ-ын “Боинг” компаниас эхний ээлжинд худалдан авах “Боинг”-767-300ЕR загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114,450,000 ам.долларын санхүүжилтийг АНУ-ын ЕХIМ банкнаас урт хугацаатай зээл авах хүртэл Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Хөгжлийн банкны үнэт цаасанд Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, тогтоолын 2 дахь заалтаар ... Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны дотор буцаан төлөх арга хэмжээ авахыг Зам тээврийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, “М” ТӨХК-д тус тус даалгасан; Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар тогтоолоор дээрх “Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай” 137 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “114,450,000 ам.долларын санхүүжилтийг” гэснийг “122,000,000 ам.долларын санхүүжилтийн 115,000,000 хүртэлх ам.доллартай тэнцэх хэсгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, бүрдүүлсэн хөрөнгөөс” гэж өөрчлөн шийдвэрлэжээ. Үүний дагуу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “М” ТӨХК, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яам, “Ай Эн Жи” банкны Сингапур дахь салбарыг төлөөлж (ING Bank N.V Singapore Branch”) хооронд “Захиалгын гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Эм Эн Жи Лизинг” ХХК (MNG Leasing LLC), Прайвет Экспорт Фандинг Корпорэйшн (Private Export Funding Corporation), Веллс Фарго банк Нортвэст, Нэйшнл Ассосиэйшн (Wells Fargo Bank Northwest, National Association), Америкийн нэгдсэн улсын Экспорт-Импорт Банк (Export Import bank of the United states) хооронд “Баталгаат зээлийн гэрээ”, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Сангийн яам (батлан даагч) болон Веллс Фарго банк Нортвэст, Үндэсний ассоциаци (итгэмжлэгдсэн төлөөлөгч) хооронд байгуулсан “Баталгааны гэрээ”, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, ДБ Трастийз (Хон конг) Лимитед компанийн хооронд “Батлан даалтын гэрээ” тус тус байгуулагдсан бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
2.1. Гомдол гаргагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гомдлын шаардлагын үндэслэлээ “... аливаа татварын суутгал хийхгүйгээр зээлийн гэрээний үүргийг биелүүлнэ гэсэн талуудын тохиролцоогоор “М” ТӨХК болон Монгол Улсын Засгийн газар түүнийг төлөөлж Сангийн яам гэрээ байгуулсан, энэхүү гэрээ байгуулахтай холбоотой хууль зүйн үндэслэлийг Монгол Улсын Хууль зүйн яам гаргаад өгчихсөн байхад өнөөдрийн байдлаар “М” ТӨХК-д зээлдэгч талуудын олж байгаа хүүгийн орлогод татвар суутган тооцоогүй нь зөрчил хэмээн буруутгаж, шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. 2015 онд батлагдсан Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2013 онд гаргасан Засгийн газрын үнэт цаас болон өрийн баталгааны нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчлэх ёстой, ... Өрийн удирдлагын хууль батлагдан гарахаас өмнө санхүүжүүлэгч байгууллагуудад гаргаж өгсөн Сангийн яамны баталгааны гэрээнүүд болон Зээлдэгч нартай байгуулсан 3 талт зээлийн гэрээнүүдэд тусгагдсан зээлийн болон хүүгийн төлбөрийг шилжүүлэхдээ “аливаа татвар суутган тооцохгүй” гэсэн тохиролцоог үгүйсгэх нь хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтыг үгүйсгэж байгаа гэсэн дүгнэлтэд хүргэж байна ...” гэж тодорхойлон маргасан.
2.2. Татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нар “М” ТӨХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “албан татвар дутуу тайлагнасан, хугацаандаа төлөөгүй, хасагдах зардлыг өсгөсөн, НӨАТ-ын борлуулалт дутуу” үндэслэлээр нийт 65,188,423,706.2 төгрөгийн зөрчилд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудасны 1 дэх заалтаар нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 2 дахь заалтаар ногдуулсан шийтгэлийн 2,257,389,485.0 төгрөг, хохирлын 9,756,649,363,3 төгрөг, нийт 12,014,038,848.3 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгажээ.
2.3. Хариуцагч нар маргаан бүхий актын үндэслэлдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4 дэх заалтыг тус тус баримталсан, “... хяналт шалгалтын явцад үндсэн болон баталгааны зээлийн гэрээ гэсэн хоёр асуудал яригдаж байна. Үндсэн зээлийн төлбөр болон хүүг Америк болон Сингапур улсууд руу шилжүүлэхдээ татвар суутган авч төлөөгүй тул хуульд зааснаар торгууль ногдуулсан, ... Зээлдэгч нь зээлээ төлж чадахгүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй учраас баталгааны гэрээний нөхцөлийг хангах үйлдэл хийгдээгүй, ... Хууль зүй, дотоод хэргийн яам нь зөвхөн баталгааны гэрээтэй холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэн болохоос үндсэн зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар дүгнэлт гаргаж, татварын харилцаатай холбоотой асуудлыг шийдээгүй. Энэ нь олон улсын гэрээ биш тул Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулагдах ёстой ...” гэж шүүхэд тайлбар гаргажээ.
3. Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4.2, 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасныг баримтлан “М” ТӨХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын харьяа, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Н.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийг хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ТӨХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ТӨХК-д оногдуулсан захиргааны актын төлбөрийн хэмжээг 5,903,745,487.78 төгрөгөөр багасгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын байцаагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6. Гомдол гаргагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г гомдолдоо: “... Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчил гаргаж, Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээ, Монгол Улсын Хууль зүйн яамны дүгнэлтийн талаар хуулийг буруу хэрэглэж, зөрүүтэй дүгнэлт гарган шийдвэр гаргасан. Тодруулбал, шүүхүүд Засгийн газрын байгуулсан доорх гэрээг олон улсын гэрээ мөн эсэх талаар дүгнэж үзээгүй.
6.1. Монголын иргэний агаарын тээврийн “М” ТӨХК-ийн 2018 онд төлөгдөх 20,000,000 ам.долларын хөвөгч хүүтэй, баталгаат өрийн бичигтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, ДБ Итгэмжлэгдсэн Төлөөлөгчид (Хонг Конг) Лимитед нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Баталгааны баримтыг (Deed of Guarantee) Монгол Улсын Сангийн яам болон ДБ Трастийз (Гонконг) Лимитед хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-нд байгуулсан Guarantee Agreement-ийн 4 дүгээр зүйлд “Баталгаа гаргагч нь Зээлдэгчийн /төлбөр хийсэн газрын/ нутаг дэвсгэрт мөрдөж байгаа болон цаашид мөрдөх Зээлдэгчийн орны хууль тогтоомжийн хүрээнд ногдуулах болон суутгах аливаа төрлийн татвар, хураамжаас чөлөөлнө” гэж заасан байгаагаас харахад “М” ТӨХК-ийн төлж буй өрийн бичгийн үндсэн болон хүүгийн төлбөр нь орлогын татвараас чөлөөлөгдсөн болохыг нотолж байна.
6.2. Хоёр. Анхан шатны шүүх дээрх гэрээгээр “М” ТӨХК нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6, 5.4.2, 7.2 дахь заалтаар албан татвараас чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Засгийн газрын агентлагтай байгуулсан гэрээ нь хуульд нийцээгүй хэмээн дүгнэлт гаргасныг эс зөвшөөрч байна.
6.3. Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл, бонд гаргаж чадах хөрөнгө мөнгөний боломжгүйн улмаас Үндэсний агаарын тээвэрлэгч компанид дэмжлэг үзүүлж, АНУ-аас гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад зээлийн баталгаа гаргадаг АНУ-ын Засгийн газрын агентлаг болох ЕХIМ банкны баталгаа бүхий агаарын хөлгийн санхүүжилтийн зээлийн гэрээнд батлан даагчаар орохдоо хэлэлцээр хийх замаар татварын зохицуулалт хийсэн байхад шүүхүүд дүгнэлт хийгээгүй.
6.4. Гурав. Монгол Улсын Засгийн газар болон Сангийн яам татвар төлөгч биш боловч Үндэсний агаарын тээвэрлэгчийн татварын асуудал дээр үүрэг хүлээж олон улсын гэрээнд оролцсон. Энэхүү гэрээгээр “М” ТӨХК нь гэрээнд заасны дагуу зээлийн хүүгээ төлж байгаа бөгөөд гагцхүү Монгол Улсад үйлчилж буй татварын хуулийн дагуу татвар төлөх үүрэг хүлээгээгүй. Шүүхүүд маргаан бүхий гэрээг хууль бус гэж дүгнэж байгаа тохиолдолд Монгол Улсын Засгийн газрыг хамтран хариуцагчаар хамт татах ёстой.
6.5. Дөрөв. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т ““санхүүгийн байгууллага” гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхойлсон банк, банк бус санхүүгийн, кастодиан, хадгаламж, хөрөнгө оруулалтын болон даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнээс бусад этгээдийг;” хэлнэ хэмээн заасан бөгөөд 18.1.5-д ““хэлэлцээр” гэж Монгол Улсаас бусад улстай байгуулсан татварын зорилгоор мэдээлэл солилцох, түүний дотор автоматаар мэдээлэл солилцох олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг;” хэмээн заасан. Тодруулбал:
6.6. Монгол Улсын Хууль зүйн сайдаас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын Экспорт-Импорт Банк; Веллс Фарго банк Нортвест Нэшнл Ассосиэйшн, Прайвет Экспорт Фандинг Корпорэйшн болон “Ай Эн Жи Капитал” ХХК нарт гаргасан 1/126 тоот Хууль зүйн дүгнэлт. 7-р хэсэг. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, түүний аливаа яам, газар, агентлаг, нэгж хэлтэс болон татварын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын Баталгааны гэрээний нөхцөлүүдийн дагуу баталгаа гаргагчийн төлөх аливаа төлбөрт ногдуулах, эсхүл Монгол Улсын Засгийн газрын Баталгааны гэрээ болон түүнд заасан эсхүл дурдсан өөр бусад баримт бичгийг үйлдэх, хүргүүлэх, биелүүлэх, дагаж мөрдөх эсхүл тэдгээрийг нотлох баримтаар тогтоолгохтой холбоотойгоор ногдуулах орлогын, суутган авах болон бусад албан татвар, шимтгэл, хураамж болон төлбөр одоогийн байдлаар байхгүй.
6.7. Тав. Монгол Улсын Хууль зүйн сайдаас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Ай Эн Жи” Банк Н.В. Сингапур дахь салбар болон ДБ Итгэмжлэгдсэн Төлөөлөгчид (Хонг Конг) Лимитед нарт гаргасан 1/4612 тоот Хууль зүйн дүгнэлт. 9-р хэсэг. Бүртгэлийн танилцуулгын “Татвар” хэсэгт зааснаас бусад тохиолдолд өрийн бичгийн дагуу Үнэт цаас гаргагчийн эсхүл Баталгаа гаргагчийн төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон хүүгээс Монгол Улсын албан татвар суутгахгүй.
6.8. Зургаа. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор “М” ТӨХК-д 122 сая хүртэл ам.долларын Засгийн газрын баталгааг гаргахаар шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэж түүнийг төлөөлж буй Монгол Улсын Сангийн яам нь бие даасан этгээдийн хувиар бус итгэмжлэгдсэн этгээд (“Security Trustee”) - ийн хувиар оролцож буй Веллс Фарго банк Нортвест, Нэшнл Ассосиэйшн (Wells Fargo Bank Northwest, National Association) ДБ Трастийз (Гонконг) Лимитед компанитай “Баталгаа гаргах гэрээ”-г 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзэглэж, Сангийн яам энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Агаарын хөлгийн санхүүжилтийн баталгааны гэрээ байгуулсан. Хууль зүйн яамны дүгнэлтийг анхаарч үзээгүй.
6.9. Долоо. Татварын ерөнхий хуулийн /2008 онд батлагдсан/ 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтын мөрдөнө.” хэмээн заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх АНУ-ын Засгийн газрын агентлаг болох ЕХIМ /Ехроrt-Imроrt Ваnк/ банкны баталгаа, дэмжлэг бүхий PEFCO, ING Capital, Deutsche bank /ING BANK/-аас зээлсэн нийт 121,415,579.36 ам.долларын агаарын хөлгийн санхүүжилтийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж 2013 онд Сангийн яамнаас гаргасан Батлан даалтын болон Баталгааны гэрээнүүд болон түүнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүйн яамнаас дээрх баталгааны гэрээнүүдийг хүчин чадлын хувьд эргэлзээгүй, хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болохыг баталсан дүгнэлтүүд нь Монгол Улсын татварын хууль тогтоомжоор ногдох татварыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэн Татварын ерөнхий хуулийн 18.1.6 дахь заалт “Татвар төлөгч нь бусдад шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөөгүй”, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.2.9 дэх заалтыг “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар” тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь давж заалдах шатны шүүх эдгээр хуулийн заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, Монгол Улс олон улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын гишүүн орны хувьд Үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-аас эх үүсвэртэй санхүүжилтийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан “Баталгаа гаргагч нь Зээлдэгчийн /төлбөр хийсэн газрын/ нутаг дэвсгэрт мөрдөж байгаа болон цаашид мөрдөх Зээлдэгчийн орны хууль тогтоомжийн хүрээнд ногдуулах болон суутгах аливаа төрлийн татвар, хураамжаас чөлөөлнө” хэмээн зээлдэгч байгууллагуудтай харилцан тохиролцсон. “М” ТӨХК-ийн хувьд Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудыг аливаа татвараас чөлөөлсөн зохицуулалт хийсэн учраас зээлийн гэрээнүүдэд энэхүү тохиролцоо үйлчилсэн.
6.10. Гэтэл давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний агуулга хууль зөрчсөн, хууль зөрчиж гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу ”М” ТӨХК нь агаарын хөлгийн санхүүжүүлэгч байгууллага руу шилжүүлсэн хүүгийн орлогод ногдох татварыг суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.
6.11. Найм. АНУ-ын Засгийн газрын агентлаг болох ЕХIМ /Ехроrt-Imроrt Ваnк/ банкны баталгаа, дэмжлэг бүхий PEFCO, ING Capital, Deutsche bank /ING BANK/-аас зээлсэн нийт 121,415,579.36 ам.долларын агаарын хөлгийн санхүүжилтийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүйн яамны хуулийн дүгнэлт бүхий Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамнаас гаргасан Батлан даалтын болон Баталгааны гэрээнүүд нь Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоо буюу олон улсын гэрээ болох тухайд: 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” 18 дугаар тогтоол батлагдан гарсан. Тус тогтоолоор Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн уг бодлогыг хавсралтаар баталсан. Тус хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтаар “Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн паркийг шинэчлэх төслийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төрөөс баталгаа гаргах замаар хэрэгжүүлж, тодорхой хугацаанд татвараас хөнгөлж, чөлөөлөхөөр тогтоож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж ажиллах”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
6.12. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар тогтоолоор 114,450,000 (нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган) ам. долларын санхүүжилтийг АНУ-ын Экспорт-Импорт банкнаас урт хугацаатай зээл авах хүртэл Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайдад тус тус үүрэг болгосон.
6.13. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар тогтоолоор 25.0 (хорин таван) сая хүртэл ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд Чингис бондын эх үүсвэрээс 2013 онд багтаан олгохыг үүрэг болгосон.
6.14. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор 122 (нэг зуун хорин хоёр) сая ам.долларын зээлийн баталгааг “М” ТӨХК-д олгох арга хэмжээ авахыг Сангийн сайдад үүрэг болгосон.
6.15. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Урт хугацааны зээлийн гэрээ байгуулагдсан. “Боинг”-767-300ЕR агаарын хөлгийн гадаад зээлийн санхүүжилтэд зориулан Баталгааны гэрээ буюу Guarantee Agreement, Худалдан авах гэрээ буюу Purchase Agreement, Оролцооны гэрээ буюу Participation Agreement зэрэг зээлийн гэрээнүүд байгуулагдсан.
6.16. Иймд, дээрх үндэслэлээр захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Нэг. Давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийг татвар суутган тооцох үүргээ биелүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна” гээд 5.4.2-т “Энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар[OZ1] ногдоно”, 7.3-т “албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно” гээд 7.3.2-т “хөрөнгийн орлого”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно:” гээд 9.1.4-т “хүүгийн орлого” гэж тус тус зааснаар Монгол Улсад байрладаггүй боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод татвар ногдох бөгөөд хөрөнгийн орлого, үүн дотор хүүгийн орлого нь татвар ногдох орлогод хамаарч байна.
10. “М” ТӨХК нь АНУ-ын Делавер мужид байгуулсан “Эм Эн Жи Лизинг” (MNG Leasing LLC) компаниар дамжуулан Монгол Улсад байрладаггүй хуулийн этгээдүүд болох АНУ-ын ING Capital, Private Export Funding Corporation, Бүгд Найрамдах Сингапур Улсад байрлах Deutsche Bank зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон түрээсийн гэрээний дагуу хүүгийн орлого шилжүүлсэн байх тул уг орлого нь татвар ногдох орлого бөгөөд мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад ““суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ”, 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ... төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу орлого шилжүүлсэн этгээдийн хувьд ногдох татварыг суутган төсөвт шилжүүлэх үүрэгтэй, маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
11. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Засгийн газрыг төлөөлж Сангийн яамнаас байгуулсан баталгаа, батлан даалтын ... зэрэг гэрээг олон улсын гэрээ мөн эсэх талаар дүгнээгүй ...” гэж дурджээ.
12. Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж зааснаар татвар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрх гагцхүү Монгол Улсын Их Хуралд хадгалагдаж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаас бусад тохиолдолд татварын хуулиар зохицуулагдана; харин Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол түүнийг баримтлах учиртай.
13. Олон улсын гэрээний тухай (1993 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ““Олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 2-т “Яам, тусгай газар, тэдгээрийн харьяа байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас бусад улсын ижил төрлийн байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээ энэ хуульд хамаарагдахгүй” гэж тус тус зааснаар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын Засгийн газар буюу төрийн байгууллага, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон тохиролцоог олон улсын гэрээ гэж үзэх бөгөөд яам, төрийн бусад байгууллагаас адил түвшний байгууллага болон иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг энэ хуульд зааснаар “олон улсын гэрээ” гэдэгт хамааруулахгүй.
14. Гомдолд дурдсан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам болон ДБ Трастийз (Гонконг) Лимитед компанийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ”, Монгол Улсын Сангийн яам (батлан даагч) болон Веллс Фарго банк Норфвест, Үндэсний ассоциаци (итгэмжлэгдсэн төлөөлөгч) нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Баталгааны гэрээ”, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баталгаажсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “баталгаат өрийн бичиг” буюу “Захиалгын гэрээ” зэргийг авч үзвэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам баталгаа, батлан даалт гаргасан бөгөөд тухайн харилцаа нь зээлдэгч “М” ТӨХК-иас өмнө тэмдэглэсэн гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тухайн үүргийг хүлээхээр тохирсон олон улсын хувийн эрх зүйн шинжтэй гэрээнд хамаарахаар байна.
15. Тиймээс энэхүү баталгаа, батлан даалтын гэрээг Олон улсын гэрээний тухай хуульд тодорхойлсноор Монгол Улсын Засгийн газраас өөр улсын Засгийн газар, түүний төлөөний байгууллагатай байгуулсан олон улсын (нийтийн) эрх зүйгээр зохицуулагдах буюу Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэрээний шинжийг агуулаагүй байх тул эдгээрийг үндэслэж татвараас чөлөөлөх боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх “... зээлийг цаг тухайд нь төлөхтэй холбогдуулан гаргасан талуудын тохиролцоо болох “Батлан даалтын гэрээ”, “Баталгааны гэрээ”, Захиалгын гэрээ” нь Монгол Улсын татварын хууль тогтоомжоор ногдох татварыг үгүйсгэх үндэслэл болохгүй ...” гэж зөв дүгнэсэн, хяналтын журмаар гаргасан “... Монгол Улсын Засгийн газар болон Сангийн яам татвар төлөгч биш боловч Үндэсний агаарын тээвэрлэгчийн татварын асуудал дээр үүрэг хүлээж олон улсын гэрээнд оролцсон. Энэхүү гэрээгээр “М” ТӨХК нь гэрээнд заасны дагуу зээлийн хүүгээ төлж байгаа бөгөөд гагцхүү Монгол Улсад үйлчилж буй татварын хуулийн дагуу татвар төлөх үүрэг хүлээгээгүй ...” гэх гомдол няцаагдана.
16. Нөгөө талаас, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Олон улсын гэрээний тухай (1993 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй”, мөн зүйлийн 4-т “Монгол Улсын яам, тусгай газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газар, түүний төлөөний байгууллага нь Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй ч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гэрээ байгуулах боломжтой болохыг хууль тогтоогч тусгайлан заасан, өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаас бусад тохиолдолд гагцхүү Монгол Улсын Их Хуралд хадгалагдах “татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөх”-тэй холбогдсон асуудлаар (эрх олгоогүй буюу түүний зөвшөөрөлгүй) гэрээ байгуулах эрхгүй юм.
17. Үүний зэрэгцээ гомдолд дурдсан гэрээнд, тухайлбал, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Баталгааны гэрээ”-ний Хэсэг 6-д “Татвар”, 6.1-д “... Баталгаа гаргагч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу аливаа татвар хураамж төлөх ёстой болбол итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх ёстой дүн ногдуулсан татвар, хураамжийн дүнгээр нэмэгдэх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээгээр тохиролцсон дүнг хүлээн авна ...”, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Захиалгын гэрээний 3-т “... Хэрэв энэхүү төлбөртэй холбогдуулан аливаа нэгэн татварыг суутган тооцох эсхүл суутгахыг хуулиар шаардсан бол хүлээн авах ёстой мөнгөн дүнг бүрэн хэмжээгээр нь авч болохын тулд үнэт цаас гаргагч нь төлөх дүнг нэмэгдүүлэх замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй ...”, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний 4-т “Төлбөр”, 4.1-д “... Ийнхүү татвар хураамж суутгасан тохиолдолд татвар хураамж суутгаагүй байх үед авах байсан дүнтэй ижил байхаар бодож Баталгааны бичиг эзэмшигчийн хүлээн авах цэвэр дүн нь тийнхүү суутгал хасалт хийгээгүй тохиолдолд Гэрээний дагуу хүлээн авбал зохих үнийн дүнтэй тэнцэж байхаар тооцож шаардлагатай нэмэлт төлбөрийг Батлан даагч төлнө ...” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн гэрээгээр татвар ногдуулах асуудлыг шийдвэрлэсэн бус, харин суутгахыг хуулиар шаардсан бол хүү, түрээсийн төлбөрийг хүлээн авагч этгээдэд авбал зохих мөнгөн дүнгийн бүрэн хэмжээгээр шилжүүлж, хэрэв шилжүүлсэн дүнд ногдох аливаа татвар, хураамж бий болвол баталгаа, батлан даагч этгээд уг төлбөрийг хариуцахаар тохиролцсон гэж дүгнэхээр байна.
18. Мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байх тул уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5-д заасан “санхүүгийн байгууллага”, “хэлэлцээр” гэх ойлголтыг түүнээс цаг хугацааны хувьд өмнө буюу 2013 онд байгуулагдсан баталгаа, батлан даалтын болон захиалгын гэрээнд буцаан хэрэглэх боломжгүй байхын зэрэгцээ гомдлын энэ хэсэгт дурдсан Монгол Улсын Хууль зүйн сайдаас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Ай Эн Жи” Банк Н.В. Сингапур дахь салбар болон ДБ Итгэмжлэгдсэн Төлөөлөгчид (Хонг Конг) Лимитед нарт гаргасан 1/4612 тоот хууль зүйн дүгнэлт, мөн сайдаас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын Экспорт-Импорт Банк; Веллс Фарго банк Нортвест Нэшнл Ассосиэйшн, Прайвет Экспорт Фандинг Корпорэйшн болон “Ай Эн Жи Капитал” ХХК нарт гаргасан 1/126 тоот хууль зүйн дүгнэлтийг үндэслэж татвараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хууль зүйн яамны дүгнэлтийг анхаарч үзээгүй. ... Засгийн газраас татварыг төлбөр дээр нэмж шилжүүлээгүй байхад суутгал хийгээгүй “М” ТӨХК-ийн үйлдэл хууль зөрчөөгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
19. Хоёр. Давж заалдах шатны шүүх “татвар суутган тооцох үүргээ биелүүлээгүй” талаар зөв шийдвэрлэсэн боловч шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийн талаар дүгнэлт хийгээгүй, хэвээр үлдээсэн нь буруу болжээ.
20. Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 29.1.5-д “татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;” гэж, 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна” гэж тус тус заажээ.
21. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан “татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгч” гэдэгт суутган тооцогч хамаарахгүй байхын зэрэгцээ татварын улсын байцаагч нь татвар суутган төлөгч этгээд суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзвэл мөн хуулийн 29.1.5-д зааснаар шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төлөгчийн хөрөнгөөс (алдангийн хамт) нөхөн төлүүлэх эрхтэй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээдэд шийтгэлийн хуудсаар торгууль 512,220,877.29 төгрөг ногдуулсан нь үндэслэлгүй (Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоол).
22. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.5, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан “М” ТӨХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0300331 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 512,220,877.29 төгрөгөөр багасгаж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ