| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0042/э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Ч.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т холбогдох эрүүгийн 1711010301146 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч.Т, 1976 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 дугаар гудамж 130 тоотод оршин суух,
2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,
2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацааны өмнө буюу 01 жил 4 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдаж байсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холидэй гэх нэртэй ресторанаас хохирогч Н.М-ийн дунд гарын халтар манан хөөргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Т нь манай эгчийн хүргэний ахынх нь хүүхэд байгаа юм. Тэр үед согтуу байсан би ширээнээс босоод явж байгаад ирэхэд хөөрөг алга болсон байсан. Тухайн үед Т-ийг авсан гэдгийг мэдээд цагдаад мэдэгдсэн. Шүүгдэгч хохирол нөхөн төлсөн. Гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бичиг гаргаж өгсөн байгаа…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн эгчийн охин болох Болормаагийн хурим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холидей гэх нэртэй ресторанд болсон. Би тухайн үед өөрийнхөө хөөргийг даалингаас нь гаргаад ширээн дээр тавьсан байсан. Тухайн үед өөрийн төрсөн ах Баянголын хамтаар ширээн дээр сууж байсан. Би хөөргөө ширээн дээр 21 цагийн үед гаргаж тавьсан байж байгаад 22:15 цагийн үед авах гэтэл алга болсон байсан. Тухайн үед манай ширээн дээр Баянгол ахтай хамт Түвшинтөгс архи уугаад сууж байсан...” гэжээ /хх-16-17/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-35/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /44/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-42-43/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холидей гэх нэртэй ресторанаас хохирогч Н.М-ийн дунд гарын халтар манан хөөргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Мөнхсүрэнгийн “...Би хөөргөө ширээн дээр 21 цагийн үед гаргаж тавьсан байж байгаад 22:15 цагийн үед авах гэтэл алга болсон байсан. Тухайн үед манай ширээн дээр Баянгол ахтай хамт Түвшинтөгс архи уугаад сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.М нь “...Ч.Т-ийн ах дүү нар нь уулзаж хохирол төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.Т-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага тооцох буюу хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Ч.Түвшинтөгст 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт нийт 22 хоног цагдан хоригдсоныг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Ч.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт нийт 22 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Т нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН