Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2023/01948

 

 

 

 

 

 

 

 

2023 11 08 210/МА2023/01948

 

 

Э.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/02562 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э ийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00840 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1047 дугаар магадлалаар хариуцагч Э.Э , О.О нараас 26,793,735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.А д олгуулахаар шийдвэрлэсэн. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч О.О Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 25 дугаар байр, - тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206025217 дугаарт бүртгэгдсэн, 33.09 м.кв талбай бүхий 1 өрөө оронд сууцанд шинжээч Файн эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Гэтэл шинжээч нь үнэлгээний тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.3, 9.3.8-д заасныг зөрчиж, улмаар тус орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшаас багаар үнэлсэн. Өмчлөгч нарын зүгээс орон сууцны зах зээлийн бодит үнэ ханшийг судалж үзэхэд 170,000,000 төгрөгийн үнэ ханштай байна. Гэтэл үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг бодитой тогтоосон гэх нотолгоо байхгүй, шаардлагатай мэдээлэл, нотлох баримт авагдаагүй, тооцоо судалгаа нь тодорхой бус, хууль эрх зүйн үндэслэл муутай байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 840 дүгээр шийдвэрээр О.О Э.Э нараас 27,085,653 төгрөгийг гаргуулж О.А д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төлбөр төлөгч О.О Э.Э нарт 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эрх, үүргийг танилцуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Дээрх мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байрны - тоот од байрлах, 33.09 м.кв талбай бүхий орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22410132/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22410132/04 дугаар тогтоолоор хураасан. Битүүмжлэн хураасан хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Э.Э О.О нар 150,000,000 төгрөгөөр, төлбөр авагч О.А 100,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнийн санал зөрүүтэй байсан тул 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/309 дүгээр тогтоолоор шинжээч Н.Ц-ийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлээр үнэлүүлэхэд 129,500,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-179/19945 тоот үнэлгээг мэдэгдэж, биечлэн болон баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2023/18783 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Файн эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан үнэлгээний тайланд тусгах ёстой баримт мэдээллийг бүрэн тусгаагүй зах зээлийн үнэ ханшнаас хямд үнэлсэн нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байж чадахгүй байна. Дээр дурдсан байдлаар уг тайланг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллгагаа явуулах нь Э.Э миний хувьд эд хөрөнгөөрөө ихээхэн хохирох байдалд хүрээд байна. Мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Э.Э миний биеийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Уг маргаанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүссэн. 2023 оны 08 дугаар сард шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэгчид өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх үүргийнхээ хүрээнд өмгөөлөгч авах эрхээр хангагдаж байсан. Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна. Зах зээлийн үнийн судалгааг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаж өгсөн учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00840 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1047 дугаар магадлалаар хариуцагч О.О Э.Э нараас 26,793,735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.А д олгож шийдвэрлэжээ. /хх33-36, 37-42/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Хариуцагч Н нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх29-30, 31-32, 55/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч О.О Э.Э нар нь үл хөдлөх эд хөрөнгөд 150,000,000 төгрөгийн, төлбөр авагч О.А нь 100,000,000 төгрөгийн үнийн саналыг тус тус өгчээ.

5. Ийнхүү үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Файн эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан О.О Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандингийн гудамж, 25 дугаар байр, - тоот хаягт байрлах, 33.09 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 129,500,000 төгрөгөөр үнэлж, Н т ирүүлжээ./хх72-81/ Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

6. Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Э.Э т 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-179/19944 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх-5/ тогтоогдож байна.

7. Файн эстимэйт ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Нэхэмжлэгч нь ...Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайланд тусгах ёстой баримт мэдээллийг бүрэн тусгаагүй зах зээлийн үнэ ханшнаас хямд үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан /хх72-80/ байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч няцаах буюу ойролцоо байршилтай орон сууцанд ханшийн судалгаа хийхэд багадаа 170,000,000 үнэ ханштай байна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Э нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэж гомдол гаргажээ. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тэрээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Э.Гомботой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Гэвч нэхэмжлэгч Э.Э нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад ...өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн, нэхэмжлэгч нь өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхтэй байсан боловч уг эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН