Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

   2019        03          04                                    349   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Ш, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э, Х.Ш нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00034 0165 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Э.Э.

Х.Ш.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ш, Э.Э нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Санжаажамцын өмсөж явсан пүүз, гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн авч 1.467.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ш, Э.Э нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Э.Э, Х.Ш нар нь бүлэглэн хохирогч Б.Санжаажамцын эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Санжаажамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 12 дугаар сарын 11-ний орой ...Рич гэх пабд ганцаараа сууж байгаад 300 гр архи уусан. ...Би тамхи татах гээд гарсан чинь 25-30 насны 2 залуу миний араас хүзүүгээр боож унагаахаар нь би тэр 2 залууд болиоч гэж хэлсэн. Тэр 2 миний баруун гарын ядам хуруунд байсан шар шигтгээтэй том монетан бөгжийг маань аваад, куртикны энгэрийн халаасан дотор байсан Самсунг эс 7 эдж маркийн гар утас мөн хөлдөө өмссөн байсан улаан өнгийн гахай пүүзийг маань дээрэмдээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…манай Голден сейф нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Энх-Амгалангийн Э.Э гэж хүн улаан өнгийн 41 размерийн пүүзийг 120.000 төгрөгөөр барьцаад тавьсан юм. Гэвч уг пүүзийг дээрэмдэж авсан гэж цагдаагийн албан хаагч хурааж аваад явсан болно. Иймд миний хохирол болох 132.000 төргөрийг Э.Э гэж хүнээс гаргуулан өгөхийг хүсэж байна /хх-ийн 75/

 

Гэрч Т.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 11 сарын 12-ны өдөр Монтел төвөөс 300.000 төгрөгөөр гар утас, 2018 оны 12 дугаар сард бөгжийг 936.000 төгрөгөөр Нарантуул захаас, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны үед пүүзийг Сандэй худалдааны төвөөс 270.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Тухайн өдөр манай нөхөр хар куртик, хар малгайтай цамц, хар өмд, улаан пүүзтэй явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

Дамно ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн БЗ2-19-024 дугаартай:

Самсунг эс-7 маркийн гар утас 310.000 төгрөг, 11.5  граммын менотен бөгж 989.000 төгрөг, найк брендийн фоампосайте пүүз 168.000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-53/

 

-Голден сейф ломбардны баримт /хх-ний 24/

-Т.Анхтуяагийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 35-50/

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4, 6/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/

-Хохирогч Б.Санжаажамцын “Э.Э, Х.Ш нараас тус бүр 650.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хохиролын мөнгө хүлээн авсан баримт,

-иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын эзэмшлийн дансанд хохирол төлсөн талаарх баримт

 

Шүүгдэгч Х.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.Эн болон өөрийн найз охин н.Цэрэндулам, түүний найз н.Минжингийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рич" караокед орсон юм. Улмаар караокед сууж байхад караокены эзэн эмэгтэй Э.Э бид хоёрыг агсам тавиад байгаа хүнийг гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг өрөөнөөс гарахад хаалганы хажуу талын ширээн дээр нэг согтуу хүн байсан ба уг хүнийг бид хоёр өргөөд караокеноос гаргаад үүдэн дээр үлдээчихээд буцаад орсон. Ингээд хэсэг байж байгаад Э.Э бид 2 тамхи татах гээд rapахад нөгөө гаргасан ах нилээн согтсон байдалтай замын эсрэг талд унаж босоод явж байсан. Тэр ах дээр манай найз Э.Э түрүүлж очсон. Ардаас нь би очоод өндөр дуугаар найз яагаад байгаа юм бэ? гэж нөгөө ахад хандаж хэлээд нүүрлүү нь гараараа түлхсэн юм. Тэгсэн чинь тэр ахыг манай найз Э.Э ардаас нь тэврээд унагаасан. Уг ахыг унасаны дараа бид 2 пүүзийг нь тайлж авсан. Тэгээд гүйгээд замын хажуу талын автомашин доогуур нуусан. Үүнийхээ дараа Э.Э явчихсан байсан ба би ардаас нь такси бариад Э.Эн байсан дарь эхийн хуучин эцэс дээр пүүзийг нь аваачиж өгсөн. Тэгээд буцаад караокед байгаа хүмүүс дээрээ очиж байж байгаад харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 62/

 

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Х.Шын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рич” нэртэй паб болон караокед орсон юм. Х.Шын найз охин н.Цээгий болон түүний найзтай хамт орсон. Тэнд дуулаад байж байсан чинь зөөгч эгч орж ирээд та нараас 2 нь надад тус болоод нэг залууг гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.Ш бид 2 гараад уг караокены коридорт агсам тавиад байсан нэг залууг сугдаад караокеноос гаргачихаад буцаад орсон. Тамхи татах гээд Х.Ш бид 2 гараад тамхи татаад зогсож байсан чинь бид хоёрын гаргасан эрэгтэй замын эсрэг талд унаад, өнхөрөөд яваад байсан. Тэгэхээр нь бид 2 тэр хүний ардаас очсон. Би эхэлж очоод өргөж босгоод таксинд суулгах гэж байсан чинь нэг такси зогссоноо авч явахгүй гээд явчихсан юм. Үүний дараа би дахиад гараа өргөөд зогсож байхад Х.Ш ардаас хүрч ирсэнээ тэр ахыг хөөе чи яасан бэ? гэж хэлээд нүүр лүү нь түлхсэн ба тэр хүн хойшоо унах гэхэд нь би тосож авсан ба тэр үед гутал нь сугарсан чинь Х.Ш гутлыг нь аваад гүйчихсэн. Харин би болохоор ардаас нь шууд гүйгээд явчихсан. Тэр хүнээс өөр зүйл огт аваагүй. Х.Ш такси бариад ирсэн ба би тэрэнд нь суугаад гэрлүүгээ явсан. Харин Х.Ш буцаад караоке луу орсон. Өөр зүйл болоогүй. Уг хүнийг караокеноос гаргаж байхад Х.Ш надаас уг хүний пүүзийг ориг юм уу гэж асуусан ба би ориг гэж тухайн үед хэлж байсан. Ингээд тамхи татах гээд гарсан чинь тэр хүн согтуу гудамжинд өнхөрч байхаар нь бид 2 гутлыг нь авах уу гэж ярилцаж байгаад хамт очоод авчихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Х.Ш, Э.Э нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны засаг даргын тодорхойлолт, боловсролын болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 25-34/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Э, Х.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э, Х.Ш нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч  нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Э, Х.Ш нарын хохирогч Б.Санжаажамцын эд зүйлийг хүч хэрэглэж авахаар довтолон дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь эд зүйл болон хохиролоо буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа илэрхийлсэн, шүүх хуралдааныг хохирол нөхөн төлөхөөр завсарлуулсан хугацаанд иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролыг нөхөн төлсөн байх ба энэ тухай баримт хэрэгт байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э, Х.Ш нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Х.Ш нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Э нь удаа дараалан тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, тэнссэн хугацаа дууссан дариу дахин гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохиролыг нөхөн төлсөн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүх хуралдааны оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг ялгамжтай оногдуулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Ш, Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Э, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Х.Ш нарыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хадгалалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш, Э.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2019 оны 03 сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ