Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ишданзан овогт Оюунцэцэгийн Лхайзалд холбогдох эрүүгийн “1811021850953” дугаартай, 186/2018/0830/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 3 дугаар гудамж 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ишданзан овогт Оюунцэцэгийн Лхайзал /РД:ХН87013171/,

            Холбогдсон хэргийн талаар:

О.Л нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Мөнхсүхэд Бүгд Найрамдах Хятад ард улсаас мотоциклийн сэлбэг захиалж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “8690006598” дугаартай дансаар 800.000 төгрөг шилжүүлэн авч бусдыг  залилах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..хохирогч Б.Мөнхсүх гэх залуу надаас жилийн өмнө мотоциклын сэлбэг захиалга хийлгэж байсан ба би захиалж өгсөн. Ингээд нэг жилийн дараа эвдэрсэн дахин захиалж өгөх талаар надаас гуйсан ба би интернетээс хайж олж өгсөн. Нийт хоёр мотоциклын баг болоод 3500 юань болж байна чи өөрөө төлбөрийг шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд 3500 юань шилжүүлсэн ба захиалсан бараа нь 12 хоногийн дараа үйлдвэрээс гарна гэж хэлсэн. Ингээд 12 хоногийн дараа захиалсан бараа үйлдвэрээс гарсан. Тээврийн зардлыг өөрөө төлөх талаар хэлэхэд мотоциклын үлдэгдэл болох гэрэл, дохио, базуур гэх мэт нийт зардал 800.000 төгрөг болсон. Би өөрт нь шилжүүлэх талаар хэлсэн боловч би амжихгүй учраас чи шилжүүлчих гээд миний данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Тухайн үед миний хүүхэд өвчтэй байсан учраас хүүхдийнхээ эмчилгээний зардалд дансанд байсан мөнгийг зарцуулсан. Тухайн 3500 юанийн ачаа, бараа үйлдвэртээ байгаа ба би ажилтай байсан учраас очиж аваагүй байгаа гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхсүхийн:..Сүүлд өөрийн найзынхаа мотоциклыг нь эвдэлчихээд баг болон сэлбэгийг захиалах гэж найз Ариунбаяраас асуутал Лхайзал гэх нэртэй найзтайгаа фэйсбүүкээр холбож өгсөн. Би найздаа итгээд тэр хүнтэй холбогдоход асуудалгүй Хятад улсаас захиалахаар болоод Лхайзалын хэлсэн Хятад дансанд мөнгө гуйвуулгын газар очоод шилжүүлсэн. Дараа нь эвдэрсэн сэлбэгүүдийг нь 800,000 төгрөгөөр захиалахаар болоод Лхайзалын 5690006598 гэсэн дансанд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Тэгээд 14 хоногийн хугацаанд миний захиалсан сэлбэг ирэх ёстой байтал 1 cap гаран болж байхад ирээгүй байна гэсэн. Одоо бүр фэйсбүүк орохгүй зугтаагаад байна гэх мэдүүлэг /хх 14-16/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Дамдиндоржийн:.. 2018 оны 10 сарын 26-ны өдөр Лхайзал манай гэрт ирж надтай уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй, харин 10 дугаар сарын 28-ны өдөр Лхайзал надруу 91290611 дугаарын утсаар ярьсан. Лхайзал хашаа байшингаа зарах гээд, ээж ирэхгүй байна гэж ярьсан. Лхайзал Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо усны 3-12 тоот хашаа байшингаа зарсан. Би цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсныг нь мэдэж байсан болохоор зарсан мөнгөө надад хадгалуулаад би тэр мөнгийг нь цагдаагийн байгууллагад хохирлын мөнгийг нь өгье гэж хэлж байсан. Тэгтэл 10 дугаар сарын 29-ний өдөр хашаа байшингаа зараад мөнгөө аваад алга болчихсон. Дахиж холбогдоогүй, утсаар ч яриагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хашаа байшингаа 3.500.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-23/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   гэрч А.Ариунбаярын:...би Лхайзалыг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Лхайзал өөрөө Хятад руу маш өндөр мэдлэгтэй, ярих чадвар сайтай. Өмнө нь Лхайзалаар Хятад руу бараа захиад асуудалгүй авч л байсан. Манай найз Мөнхсүх ч гэсэн Лхайзалыг таньдаг, бас л адилхан Хятадаас бараа захиалаад авч байсан. 2018 оны 05 дугаар сард би найз Мөнхсүхийн дөнгөж Монголд ирсэн мотоциклийг унаж яваад сэвтүүлээд эвдэлчихсэн. Тэгээд Мөнхсүх өөрийнхөө мотоциклд сэлбэг авах гээд Лхайзалтай холбогдсон. Би Мөнхсүхийг хэзээ, хэдэн төгрөгийг Лхайзалд өгсөн гэдгийг сайн мэдэхгүй байна. Дараа нь Мөнхсүх надтай уулзаад өөрөөсөө мөнгө гаргаад хүнд алдчихлаа гээд надад уурласан. Лхайзал уг нь өмнө нь намайг юм захихад ямар ч асуудалгүй захиалга хийгээд Монголд ирчихдэг байсан. Мөнгө төгрөг аваад дутааж байгаагүй. Тэгтэл Мөнхсүхийн мөнгийг авчихсан байсан. Би Лхайзалыг мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд мөнгө өгч тусалж байсан. Миний хувьд өөр зүйл мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-24/,

             Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 14-16 дугаар хуудас хохирогч Б.Мөнхсүхийн мэдүүлэг, 35 дугаар хуудас депозит дансны хуулга, 27 дугаар хуудас яллагдагч О.Лын мэдүүлэг зэрэг  нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 31 дүгээр хуудас О.Лын ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Л нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Мөнхсүхэд Бүгд Найрамдах Хятад ард улсаас мотоциклийн сэлбэг захиалж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “8690006598” дугаартай дансаар 800.000 төгрөг шилжүүлэн авч бусдыг  залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Мөнхсүхийн:..сүүлд өөрийн найзынхаа мотоциклыг нь эвдэлчихээд баг болон сэлбэгийг захиалах гэж найз Ариунбаяраас асуутал Лхайзал гэх нэртэй найзтайгаа фэйсбүүкээр холбож өгсөн. Би найздаа итгээд тэр хүнтэй холбогдоход асуудалгүй Хятад улсаас захиалахаар болоод Лхайзалын хэлсэн Хятад дансанд мөнгө гуйвуулгын газар очоод шилжүүлсэн. Дараа нь эвдэрсэн сэлбэгүүдийг нь 800,000 төгрөгөөр захиалахаар болоод Лхайзалын 5690006598 гэсэн дансанд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Тэгээд 14 хоногийн хугацаанд миний захиалсан сэлбэг ирэх ёстой байтал 1 cap гаран болж байхад ирээгүй байна гэсэн. Одоо бүр фэйсбүүк орохгүй зугтаагаад байна гэх мэдүүлэг /хх 14-16/,  гэрч О.Дамдиндоржийн:.. 2018 оны 10 сарын 26-ны өдөр Лхайзал манай гэрт ирж надтай уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй, харин 10 дугаар сарын 28-ны өдөр Лхайзал надруу 91290611 дугаарын утсаар ярьсан. Лхайзал хашаа байшингаа зарах гээд, ээж ирэхгүй байна гэж ярьсан. Лхайзал Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо усны 3-12 тоот хашаа байшингаа зарсан. Би цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсныг нь мэдэж байсан болохоор зарсан мөнгөө надад хадгалуулаад би тэр мөнгийг нь цагдаагийн байгууллагад хохирлын мөнгийг нь өгье гэж хэлж байсан. Тэгтэл 10 дугаар сарын 29-ний өдөр хашаа байшингаа зараад мөнгөө аваад алга болчихсон. Дахиж холбогдоогүй, утсаар ч яриагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хашаа байшингаа 3.500.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-23/,  гэрч А.Ариунбаярын:...би Лхайзалыг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Лхайзал өөрөө Хятад руу маш өндөр мэдлэгтэй, ярих чадвар сайтай. Өмнө нь Лхайзалаар Хятад руу бараа захиад асуудалгүй авч л байсан. Манай найз Мөнхсүх ч гэсэн Лхайзалыг таньдаг, бас л адилхан Хятадаас бараа захиалаад авч байсан. 2018 оны 05 дугаар сард би найз Мөнхсүхийн дөнгөж Монголд ирсэн мотоциклийг унаж яваад сэвтүүлээд эвдэлчихсэн. Тэгээд Мөнхсүх өөрийнхөө мотоциклд сэлбэг авах гээд Лхайзалтай холбогдсон. Би Мөнхсүхийг хэзээ, хэдэн төгрөгийг Лхайзалд өгсөн гэдгийг сайн мэдэхгүй байна. Дараа нь Мөнхсүх надтай уулзаад өөрөөсөө мөнгө гаргаад хүнд алдчихлаа гээд надад уурласан. Лхайзал уг нь өмнө нь намайг юм захихад ямар ч асуудалгүй захиалга хийгээд Монголд ирчихдэг байсан. Мөнгө төгрөг аваад дутааж байгаагүй. Тэгтэл Мөнхсүхийн мөнгийг авчихсан байсан. Би Лхайзалыг мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд мөнгө өгч тусалж байсан. Миний хувьд өөр зүйл мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-24/ болон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39/, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Лыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.Мөнхсүх нь 800.000 төгрөгийн  хохирлыг нэхэмжилж байгааг шүүгдэгч О.Л нь хүлээн зөвшөөрч  хохирогчид  учруулсан  хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг  дурьдаж  шүүгдэгчээс 800.000 төгрөгийг гаргуулж хохирогчид  олгох нь  зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

              Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч О.Лын цагдан хоригдсон 20 хоногийг түүний  эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.         

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ишданзан овогт Оюунцэцэгийн Лхайзалыг  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Лыг  720 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 20 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын нэг хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 160 цагийн ялыг эдэлсэнд тооцон үлдэх 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн элдүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Лд оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 3 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн  баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  шүүгдэгч О.Лаас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхсүхэд олгосугай.

 

8. Шүүгдэгч О.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн  өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ