Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00384/И |
Дугаар | 381 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1955 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багт оршин суух Халиун морьт овгийн Жигживийн Пүрэвсүрэнгийн /РД:АР55052311/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1977-1991 он хүртэл барилгачин, ангаахай маллагч, тэжээлийн цехэд сахиул, хүлэмжийн сахиул зэргээр тасралтгүй ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтэрт энэ байдлыг бичээгүй тул ажилласан жил тодорхойгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1977-1991 онуудад тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1955 онд төрсөн. 1971 онд илтээлтийн эзэн болж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд ажиллаж эхэлсэн. Би 1973 онд цэрэгт явж 1976 оны 07 сард халагдаж ирээд Хөдөлмөрч нэгдэлд янз бүрийн ажил хийж 1977 оны 01 сараас 1981 оны 5 сар хүртэл нэгдлийн барилгад барилгачнаар ажилласан. 1981 онд хүнд гэмтэл авсан учир хөнгөн ажилд шилжүүлж үтрэмд тахиа, ангаахай маллагч болгосон. Сүүлд нь ногооны хүлэмжинд ногоочин, сахиул хийж байсан. Эдгээр ажлыг 1991 он хүртэл хийсэн. Гэмтэл аваад 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Нэг ажлаас нөгөө ажилд шууд үргэлжлүүлээд ажилладаг байсан. 1991 оны 1 сараас хэдэн сар барилгад ажилласан. Нэгдлийн барилгад нэг хэсэг барилгын материалыг нь зөөж буулгадаг ажил хийж байгаад нэгдэл тарахад ажлаасаа гарсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, би бүх баримт бичгээ үрэгдүүлсэн. Иймд намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1977 оны 1 сараас 1981 оны 6 сар хүртэл барилгачнаар, 1981 оны 6 сараас 1986 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл тахиа маллагчаар, 1986 оны 4 сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн ажилчнаар, 1989 оны 5 сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл хүлэмжийн сахиул, ногоочноор, 1990 оны 6 сараас 1991 оны 10 сар хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1977 оны 1 сараас 1981 оны 6 сар хүртэл барилгачнаар, 1981 оны 6 сараас 1986 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл тахиа маллагчаар, 1986 оны 4 сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн ажилчнаар, 1989 оны 5 сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл хүлэмжийн сахиул, ногоочноор, 1990 оны 6 сараас 1991 оны 10 сар хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1. Нэгдлийн барилгад 1 жил хүртэл ажилласан хүмүүсийн амралтыг хавсралт №2-оор тус тус бодож олгосугай. Хавсралт №2-т: 1977 онд барилгад шинээр орж ажилласан ажилчдыг ажилласан хугацаанд 1977 оны ээлжийн амралт олгох жагсаалтанд- Пүрэвсүрэн, ажилласан сар-8, амрах хоног ажлын өдрөөр-5, сарын дундаж цалин төгрөг-256, нэг өдөрт оногдох дундаж-9,60, бүгд авах төгрөг-48 гэсэн “Барилгачидад ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1977 оны 1 сарын 16-ны өдрийн №5 тоот тушаал,
1.2.Нэгдлийн барилгын бригадын ажилчид нэр бүхий 19 хүнд 1979 оны ээлжийн амралтыг 1979 оны 11-р сарын 15-наас эхлэн үндсэн амралт 15, нэмэгдэл 7 бүгд ажлын 22 өдрөөр бодож олгосугай. Хавсралтанд: Ж.Пүрэвсүрэн гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1979 оны 11 сарын 12-ны өдрийн №86 тоот тушаал,
1.3. Барилгачин Ж.Пүрэвсүрэнгийн 1981 оны ээлжийн амралтыг VII сарын 27-ноос эхлэн ажлын 22 өдрөөр бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1981 оны 7 сарын 26-ны өдрийн №55 тоот тушаал,
1.4. ..., Пүрэвсүрэн, ... ахлагчтай суурийн тахианаас 124-өөс дээшгүйг нядалж хүнсний хэрэгцээнд хэрэглэсүгэй гэсэн “Тахианд зоо-мал эмнэлэгийн үзлэг хийсэн тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 10 сарын 29-ний өдрийн №52 тоот тогтоол,
1.5. Хоршооллын авчирсан 1000 ангайхайг маллагч малчнаар курст суралцаж ирсэн Ж.Пүрэвсүрэн, ... нарыг 1985 оны 5 сарын 30-наас эхлэн томилон ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1985 оны 6 сарын 22-ны өдрийн №55 тоот тушаал,
1.6. Нэгдлийн тэжээлийн цехийн ажилчдын ажилд орсон тушаал нь гараагүй орхигдсон байх тул хавсралтанд дурьдсан өдрөөс эхлэн нэр бүхий 10 хүнийг цехийн ажилчнаар томилон ажиллуулсугай. Хавсралтанд: Жигжив Пүрэвсүрэн гэсэн “Ажилд нөхөн томилох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1987 оны 1 сарын 15-ны өдрийн №5 тоот тушаал,
1.7. Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан тарианы сахиулаар ... Ж.Пүрэвсүрэн нарыг ... тус тус ажиллуулсугай гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1989 оны 5 сарын 29-ний өдрийн №40 тоот тушаал,
1.8. Шинээр нэгдлийн ногооны хүлэмж баригдаж байгаа тул Жигжив овогтой Пүрэвсүрэнг 1990 оны 5-р сарын 15-наас эхлэн хүлэмжийн сахиул, ногоочноор авч ажилуулсугай гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1990 оны 5 сарын 14-ний өдрийн №33 тоот тушаал,
1.9. Нэр бүхий 12 хүний 1991 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурьдсанаар бодож тус тус олгосугай. Хавсралтанд: барилгачин Пүрэвсүрэн, амрах хоног үндсэн-21, нэмэгдэл-=, бүгд амрах хоног-21, амарч эхлэх сар өдөр-VIII/25 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1991 оны 9 сарын 26-ны өдрийн №62 тоот тушаал,
2. Гэрч О.Санжмятавын “Ж.Пүрэвсүрэн бид хоёр 1973 онд цэрэгт хамт татагдаж Ж.Пүрэвсүрэн Дундговь аймгийн Сулинхээрийн цэргийн ангид, би Улаанбаатарын хотын авто засварын 011 дүгээр ангид цэргийн алба хааж 1976 онд цэргээс халагдсан. Бид хоёр цэргээс халагдаж ирээд би 1976 оноос Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд сантехникчээр, Ж.Пүрэвсүрэн 1977 оноос тус нэгдлийн барилгад барилгачнаар ажилласан. Би 1976 оноос 1980 он хүртэл Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд сантехникчээр ажиллаад 1980 оноос тус нэгдлийн барилгад өрлөгчнөөр ажилд орж, уг ажлаа Хөдөлмөрч нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Ж.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд барилгачнаар ажиллаж байхдаа 1985 онд самосват машины кузовт цохиулж бэртэл аваад барилгаас гарч Хөдөлмөрч нэгдлийн хүлэмжинд манаачаар мөн тахиа маллах зэрэг хөнгөн ажлуудыг хийж нэгдлийг хувьчлагдтал ажилласан. Ж.Пүрэвсүрэн нь Хөдөлмөрч нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Би ч мөн 1976 оноос хувьчлал хүртэл Хөдөлмөрч нэгдэлд ажилласан” гэх мэдүүлэг,
3. Гэрч Д.Адъяасүрэнгийн “Би 1973 онд цэрэгт явж 1976 онд цэргээс халагдаж ирээд 1976 оноос Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн барилгад гагнуурчнаар ажилд орж тус нэгдлийг хувьчлагдах хүртэл уг ажлаа хийсэн. Намайг Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн барилгад гагнуурчнаар ажилладаг байхад Ж.Пүрэвсүрэн нь тус нэгдлийн барилгад 1977 онд барилгачнаар ажилд орж 1985 он хүртэл ажилласан. 1985 онд самосват машины кузовт цохиулж гэмтэл аваад Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн барилгаас гарч тус нэгдэлд тахиа маллаж, мөн хүлэмжинд ажилладаг байсан. Ж.Пүрэвсүрэн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийг хувьчлагдтал тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
4. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч нэгдэл”-ийн 1976, 1978, 1980, 1983, 1986, 1988 онуудын баримтыг шүүж үзэхэд ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул Жигживын Пүрэвсүрэнд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 сарын 13-ны өдрийн 312 тоот тодорхойлолт зэрэг болно.
Шүүх Ж.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан О.Санжмятав, Д.Адъяасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Ж.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэл барилгачин, тахиа маллагч, тэжээлийн цехийн ажилчин, хүлэмжийн сахиул, ногоочноор тус тус ажиллаж байсан нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1977 оны 1 сарын 16-ны өдрийн №5 тоот, 1979 оны 11 сарын 12-ны өдрийн №86 тоот, 1981 оны 7 сарын 26-ны өдрийн №55 тоот, 1985 оны 6 сарын 22-ны өдрийн №55 тоот, 1987 оны 1 сарын 15-ны өдрийн №5 тоот, 1989 оны 5 сарын 29-ний өдрийн №40 тоот, 1990 оны 5 сарын 14-ний өдрийн №33 тоот, 1991 оны 9 сарын 26-ны өдрийн №62 тоот тушаал, тус нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 10 сарын 29-ний өдрийн №52 тоот тогтоол, гэрч О.Санжмятав, Д.Адъяасүрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн Ж.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1977 оны 1 сараас 1981 оны 6 сар хүртэл барилгачнаар, 1981 оны 6 сараас 1986 оны 4 сарын 15-ны өдөр хүртэл тахиа маллагчаар, 1986 оны 4 сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн ажилчнаар, 1989 оны 5 сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл хүлэмжийн сахиул, ногоочноор, 1990 оны 6 сараас 1991 оны 10 сар хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиун морьт овгийн Жигживийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА