Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 31

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны дахин хэлэлцүүлэхээр буцаасан Охин овгийн Г.А д холбогдох 1828000790072 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Өмнөговь аймаг Цогтцэций сум, ................... тоотод оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нийт 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/07 дугаартай Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 10 сар 2 хоногийн хугацааны өмнө суллагдсан, Охин овгийн Г.А , регистрийн дугаар ......................;

Шүүгдэгч Г.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 5-21 тоотоос иргэн А.Г ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Хохирогч А.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:” 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн үед би эхнэрийн хамтаар өөрийн мотоциклиор явж ирээд, мотоциклио гэрийнхээ үүдэнд, тамбар луу шахаад тавьсан байсан. Өглөө 8 цагийн үед босоод бие засах гээд гарахад өчигдөр орой байсан мотоцикль маань байхгүй болсон байсан. Хашааныхаа гадуур ойр хавиараа мотоциклио эрж хайгаад байхгүй байхаар нь сумын хэсгийн төлөөлөгчид гомдлоо гаргасан. Үүнээс хойш 27-ны өглөө миний мотоциклийг сумын баруун талд байх дутуу баригдсан байшингийн өмнө талд тавьсан байсныг очиж үзээд миний мотоцикль мөн байхаар нь авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх-ийн 18 хуудас/

Шүүгдэгч Г.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:” ...2018 оны 04 сарын 25-ны орой Дундговь аймгийн Луус сумаас 20 цагийн үед мотоцикльтой Өмнөговь аймгийн Цогтцэций сум орох гээд ганцаараа гарсан юм. Дундговь аймгийн Хулд сум өнгөрөөд явж байхад мотоциклийн кроп тосгүй болчихоор нь буцаж Хулд сум орж колонкоос тос авч хийгээд Цогт-Овоо сумруу гарсан. 02 цаг өнгөрч байхад Цогт-Овоо сум орсон. Миний унаж явсан мотоциклийн эзэн Э-ын  88711980 утасруу залгаад мотоцикль чинь эвдэрчихлээ яах вэ гэж асуухад “тэгвэл нэг газар орхиод явчих” гэсэн. Тэгээд мотоцикльтойгоо яваад нэг таньдаг айлдаа хонох гээд очсон боловч хашааны хаалга нь дотроосоо цоожтой, хаалгыг нь нүдээд тайлахгүй болохоор нь яваад өгсөн. Эын хамаатны эгчийнх нь хашаанд мотоциклийг нь оруулаад хашаанаас гарсан. Хонох айл байхгүй болохоор гадуур алхаж байгаад 04 цаг өнгөрч байхад сумын баруун захад баруун тал нь задгай хашаатай, байшинтай айлын үүдэнд улаан, ногоон өнгийн 2 мотоцикль байхаар нь ногоон өнгөтэй мотоциклийг хашаанаас гаргаж баруун хойш зүгт түрээд 200 орчим метр газар явж байгаад кундакторт нь төмрөөр түлхүүр тааруулж асаагаад тэр шөнөдөө мотоцикльтой яваад 07 цагийн үед Таван-толгойн тосгонд байх гэртээ очсон. 2018 оны 04 сарын 27-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ээжээс 50.000 төгрөг аваад мотоцикльд шатахуун хийгээд буцаад Цогт-Овоо сум руу явж, 10 цагийн үед очоод сумын урд талд байх дутуу баригдсан байшингийн ард талд мотоциклийг орхичихоод явсан.  Цогт-Овоо сумаас гараад зам дагаж явган явж байгаад замын машинд гар өргөж суугаад Цогтцэций суманд ирсэн. ...Эзнийг нь танихгүй болохоор мэдэгдээгүй юм. Тухайн үед Цогт-Овоо суманд хонох айл байхгүй, мөн утасны цэнэг дуусаад хүнтэй холбоо барих боломжгүй байсан учраас мотоцикльтой айл таарахаар нь мотоциклийг нь унаж яваад ээжтэйгээ уулзаж мөнгө аваад эргэж ирнэ гэж бодоод аваад явсан юм. Би шар өнгийн дээлтэй, улаан өнгийн бүстэй, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн хагас түрийтэй, арзгар хээтэй, үдээстэй гуталтай явсан. ...Мотоциклио эзэн нь олсон байсан...” /хх-ийн 24 хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн зах зээлийн дундаж үнэлгээ 1.600.000 төгрөг /хх-ийн 30 хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Г.А аас хураан авсан хар өнгийн хагас түрийтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн улны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны хээтэй /хээний ерөнхий дүрслэл, хэмжээ, өсгийний ар болон урд талын захын хэсэгт байх жижиг дугуй хэлбэртэй хээнүүд/-нь ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ ижил төстэй байна /хх-ийн 35 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15 дугаар хуудас/

Гарын дардасны бланк /хх-ийн 57 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 5-21 тоотоос иргэн А.Г ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгч Г.А ы үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А  нь хохирогч А.Г ийн даюун-150 маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:“...Үүнээс хойш 27-ны өглөө миний мотоциклийг сумын баруун талд байх дутуу баригдсан байшингийн өмнө талд тавьсан байсан. Очиж үзээд миний мотоцикль мөн байхаар нь авсан...” /хх-ийн 18 хуудас/, шүүгдэгч Г.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...Эзнийг нь танихгүй болохоор мэдэгдээгүй юм. Тухайн үед Цогт-Овоо суманд хонох айл байхгүй, мөн утасны цэнэг дуусаад хүнтэй холбоо барих боломжгүй байсан учраас мотоцикльтой айл таарахаар нь мотоциклийг нь унаж яваад ээжтэйгээ уулзаж мөнгө аваад эргэж ирнэ гэж бодоод аваад явсан юм...” /хх-ийн 24 хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.А ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А  нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор 5/ тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж /хх-ийн 70-79 хуудас/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/07 дугаартай захирамжаар /хх-ийн 110-111 хуудас/ 1 жил 10 сар 2 хоногийн хугацааны өмнө суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.А  нь шүүхээс хяналт тогтоосон хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээс хяналт тогтоосноос 3 сар 2 хоногийн дараа авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг санаатай үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ...”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.А ы биечлэн эдлэх хорих ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцох талаар хуульчилсан тул шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял 30 хоногийн хорих ялтай дүйцэж байна.

Шүүгдэгч Г.А  нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 152 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанаас нь хасч тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.А ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хохирогч А.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...мотоциклоо буцааж авсан...”/хх-ийн 18 хуудас/” гэснээр шүүгдэгч Г.А  нь хохирогч А.Г т төлөх гэм хорын хохирол төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.А ы 1 хос гутлыг шүүгдэгч шүүх хуралдааны үед буцаан авах хүсэлт гаргасан тул хууль ёсны эзэмшигчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.А д холбогдох хэрэгт холбогдуулан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Охин овгийн Г.А г автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногийн хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ы 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 152 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялаас хасч тооцсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагас түрийтэй, арзгар хээтэй хар өнгөтэй, 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А д буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.А  нь хохирогчид төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА