Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 383

 

 

 

129/2014/0743/и

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл баг, Өлзийт хорооллын 12-07 тоотод оршин суух Боржгон овгийн Лхамхүүгийн Жаргалын /РД:АРГ69081003/  хүсэлттэй     

             Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Хүсэлт гаргагч Л.Жаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би өөрийн нөхөр болох Жимээхүүгийн Барамсайтай 1999 онд гэр бүл болж хамтран амьдрах болсон. 2002 оны 08 сарын 12-нд хүү Барамсайн Дагвадорж төрсөн. Гэтэл миний нөхөр болох Ж.Барамсай 2016 оны 04 сарын 05-ны өдөр гэртээ өвчний улмаас нас барсан. Ж.Барамсай бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Иймд хүү Б.Дагвадоржийн төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтаар намайг Ж.Барамсайтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Л.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Эрдэнмандал суманд 1969 онд төрсөн. Ж.Барамсайтай 1999 онд гэр бүл болж 17 жил хамт амьдраад хүү Б.Дагвадорж 2002 оны 8 сарын 12-ны өдөр төрсөн. Б.Дагвадорж одоо 14 настай.  Би Ж.Барамсайтай 1999 оноос эхлэн 2016  оны 4 сарын 2-ны өдөр хүртэл буюу түүнийг нас барах хүртэл хамт амьдарсан. Бид 2 хуримаа хийсэн. Харин хөдөө байсан болохоор гэрлэлтээ батлуулж чадаагүй. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж олгуулах хэрэгтэй байгаа учир Ж.Барамсайтай 1999 оноос 2016 оны 4 сарын 2-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Л.Жаргал нь Ж.Барамсайтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Жирмээхүү овогтой Барамсайг 2016 оны 04 сарын 2-ны өдөр нас барсныг бүртгэсэн №0000170213 тоот нас баралтын гэрчилгээ,

2. Хүүхдийн эцэг Жимээхүүгийн Барамсай, эх Лхамхүүгийн Жаргал гэсэн Барамсайн Дагвадоржийн төрсний гэрчилгээний хуулбар,

3. Тус багийн иргэн Ж.Барамсай, Л.Жаргал нар нь 1999 онд гэр бүл болсон бөгөөд хүү Б.Дагвадоржийн хамт ам бүл 3-уул амьдарч байгаад 2016 оны 04 сарын 05-ны өдөр нас барсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн засаг даргын 2016 оны 04 сарын 14-ний 5/1922 тоот тодорхойлолт,

4. 2011, 2012, 2013, 2014, 2015 оныг багтаасан хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн өрхийн гишүүдийн үндсэн бүртгэлд: Гал овгийн Жимээхүүгийн Барамсай /РД:АР67061037/, Боржгон овгийн Лхамхүүгийн Жаргал /РД:69081003/, Гал овгийн Барамсайн Дагвадорж /РД:АР02281211/ нарыг нэг гэр бүлд бүртгэжээ.

5. Гэрч Л.Дулмаагийн “Ж.Барамсай, Л.Жаргал нар нь 1999 оноос гэр бүл болж хурим найраа хийж байсан. 2002 онд хүү Дагвадорж нь төрж байсан. Хүүг нь бид нар Дагваа гэж дууддаг. Л.Жаргал гэр бүл болохоосоо өмнө Архангай аймагт байдаг байсан, манайх бас аймагт байсан. Л.Жаргал гэр бүл болоод Эрдэнэмандал сум руу нөхрийгөө дагаад явсан. Тэр үеэс нөхрийгөө нас барах хүртэл буюу 2016 он хүртэл хамт амьдарсан. Би хөдөө явахаараа Ж.Барамсайгийнд очдог байсан” гэх мэдүүлэг,            

6. Гэрч Л.Бямбаагийн “Эгч Л.Жаргал, дүү Л.Гантөгс бид гурав Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хүнүйн голд хамт амьдарч байгаад дүү Л.Гантөгс бид 2 түрүүлээд хүнтэй суусан. Манай эгч Л.Жаргал 1999 онд Барамсайтай гэр бүл болж Сөртийн Дааган жалга гэх газар хамт амьдарч байгаад 2002 онд хүү Дагвадорж нь төрж байсан. Ж.Барамсай, Л.Жаргал нар нь 1999 оноос 2016 он хүртэл буюу нөхөр Ж.Барамсайг нас барах хүртэл хамт амьдарсан. Ж.Барамсай 2016 онд элэгний өвчний улмаас нас барсан” гэх мэдүүлэг,

 7. Гэрч А.Цэрэнбалжирын “Би Ж.Барамсай, Л.Жаргал нарыг хэдэн онд гэр бүл болсныг мэдэхгүй. Намайг Ж.Барамсайн дүү Ж.Баяраатай 2010 онд гэр бүл болоход Ж.Барамсай, Л.Жаргал нар нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багт хамт амьдардаг байсан. Тухайн үед 1,2-р ангийн бандитай байсан. Тэр үеэс эхлэн Ж.Барамсай, Л.Жаргал нарыг 2016 оны 04 сар хүртэл буюу нөхөр Ж.Барамсайг нас барах хүртэл хамт амьдарсныг би мэднэ” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх Л.Жаргалын хүсэлтээр Л.Дулмаа, Л.Бямбаа, А.Цэрэнбалжир нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн 2011, 2012, 2013, 2014, 2015 оныг багтаасан хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Ж.Барамсайн нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээ, Б.Дагвадоржийн төрсний гэрчилгээг тус тус хуулбарлаж нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан эдгээр нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байна.

Л.Жаргал, Ж.Барамсай нарын хамтын амьдралтай байсан нь 2011, 2012, 2013, 2014, 2015 оныг багтаасан хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Ж.Барамсайн нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээний хуулбар, Б.Дагвадоржийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Л.Дулмаа, Л.Бямбаа, А.Цэрэнбалжир нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Л.Жаргал, Ж.Барамсай нарыг 1999 оноос Ж.Барамсайг нас барсан өдөр хүртэл буюу 2016 оны 04 сарын 2-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                  

 

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржгон овгийн Лхамхүүгийн Жаргал /РД:АР69081003/, Гал овгийн Жимээхүүгийн Барамсай /РД:АР67061037/ нарыг 1999 оноос 2016 оны 4 сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Л.Жаргал улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.БАЙГАЛМАА