Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, ажилгүй, Архангай аймгийн Ихтамир сумын Хужиртын 7-3 тоотод оршин суух Боржгон овгийн Барбаатарын Оюунчимэгийн /РД:АГ86060506/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, ажилгүй, 3 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн сумын Эрдэнэбулган сумын 7-р баг, Эрчмийн 12-06 тоотод оршин суух Боржигон овгийн Шаравын Батсүхэд /РД:АБ84040919/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюунчимэг, хариуцагч Ш.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шаравын Батсүх бид хоёр 2004 онд танилцаж гэр бүл болсон. Бид хамт амьдарснаас хойш Ш.Батсүх нь зодож дарамталж байсны улмаас бид тусдаа амьдарсан. 2009 оноос хойш Ш.Батсүх бид нар уулзаагүй. Одоо Ш.Батсүх нь өөр хүнтэй амьдарч байгаа, би 3 хүүхдийн хамт дүүгийндээ амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Батбаярт тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. /хх-1х/

Хариуцагч Ш.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Батсүх би Б.Оюунчимэгтэй 2004 оны 10 сарын 17-нд анх гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 03 сарын 25-ны өдөр хүү Батбаяр төрсөн. Бид хамт амьдарч байх үед Б.Оюунчимэг нь дандаа танай, манай, миний чиний гэж байнга хэрүүл шуугиан хийдэг байсан учраас би гар хүрч зоддог байсан нь үнэн болно. Гэхдээ би бэртээж, гэмтээж байгаагүй. Ш.Батсүх би 2009 оны 01 сарын 19-ний өдрөөс 2009 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл 145-ын 2-р зүйлд зааснаар шийтгэгдэж байсан. Намайг хоригдож байх хугацаанд Б.Оюунчимэг нь хамт амьдарч байсан гэрийн минь эд хогшлийг хөндийлөн аваад Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн иргэн Бодоо гэдэг хүнтэй амьдраад явсан байсан. Б.Оюунчимэг нь тэгж явах үедээ хүүг маань өөрийн аав Барбаатар, ээж Байгальмаа нар дээрээ үлдээгээд явсан байсан. Тэр үед хүү маань 4 настай байсан. Ш.Батсүх би хоригдож дуусаад өөрийн хүү Батбаярыг Б.Оюунчимэгийн аав, ээжээс 2009 оны 06 сард очиж авсан. Түүнээс хойш 2013 оны 05 сар хүртэл би хүүгээ өөрөө харж байсан. Б.Оюунчимэг нь 2013 оны 05 сард хүүгийн хичээл амрахад би хүүгээ аваад хэд хоног цуг байж байгаад буцаагаад явуулъя гэж хэлээд аваад явсан боловч буцааж надад авчирч өгөөгүй. Би хүүгээ авах гэж 2014 оны 08 сард очсон боловч Б.Оюунчимэг нь хүүгийн маань овгийг өөрийн аав Барбаатараар өөрчилөн сольж Барбаатарын Батбаяр болгосон байсан. Тухайн үед надад хүүгийн овгийг солих гэж байгаа тухай юу ч хэлээгүй. Тэгээд би Ихтамир сумын иргэний бүртгэлийн газар очин өөрөө хөөцөлдөж байж хүүгээ буцааж өөрийн нэр дээр овоглож авсан. Түүнээс хойш хүүг маань надад өгөөгүйгээс гадна бүр уулзуулахаа хүртэл больсон. Одоо хүртэл надтай уулзуулдаггүй. Тийм учраас би хүүгээ өөр дээрээ авмаар байна. Тэгээд Б.Оюунчимэг нь Бодоо гэх хүнээсээ салаад Мөөгий гэх хүнтэй суучихсан хотод байх үедээ ажил хийж байгаад ажлын ослоор ажиллуулж байсан машиндаа баруун гарын 3 хурууг тастсан байсан. Үүнээс болон би Б.Оюунчимэгийг хүүгээ асран халамжлан авч явж чадахгүй гэж бодож байна. Би өөрөө бол эрүүл ажил хөдөлмөр эрхлэх чадвартай учир хүүгээ эрүүл,  саруул, эрдэм боловсролтой хүн болгон өсгөн хүмүүжүүлж чадна. Тэгээд ч хүү маань хөл, гар муутай учраас би хүүгээ өөрийн дэргэд байлгаж асран халамжилмаар байна. Ийм учраас эрхэм шүүгч та бүхэн бид хоёрын үнэн зөвийг олж ялгаж, салгаж өгнө үү. Би хүү Батбаярыгаа өөрөө авмаар байна. Гэр бүл салгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.       /хх-18х/

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Батсүхтэй 2004 онд гэр бүл болж, 2009 он хүртэл хамт амьдарсан. Тэрнээс хойш тусдаа амьдарч байгаа. Би одоо өөр гэр бүлтэй болчихсон байгаа. Одоо гурван хүүхэдтэй. Би Ш.Батсүхээс гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулна. Ш.Батсүх өөрөө 2 хүүхэдтэй, одоо 3 дахь хүүхэд нь гарах гэж байгаа. Би Ш.Батсүхэд хүүхдээ өгөхгүй гэв.

Хариуцагч Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Оюунчимэгтэй 2004 онд гэр бүл болж, 2009 он хүртэл хамт амьдарсан нь үнэн. Одоо надад хамтран амьдарч байгаа хүн байгаа. Би хүүдээ тэтгэлэг төлнө. Мөн гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Намайг 2009 онд 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэгдээд явчихсан байхад Б.Оюунчимэг нь өөр хүнтэй болоод явчихсан байсан. Би өмнө нь Б.Оюунчимэгт гар хүрдэг байсан. Учир нь гэр бүлийн тогтворгүй харилцаанаас болоод Б.Оюунчимэгийг зоддог байсан. Б.Оюунчимэг гурван хүүхэдтэй учраас би хүүгээ өөрөө л авмаар байна. Би хүүтэйгээ 2009 оноос хойш 2013 оны 05 сарын 20-д хүртэл хамт амьдарсан. Хөвсгөл аймагт манай хүүхэд байдаг, одоо манай найз бүсгүй жирэмсэн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн хариуцагч Ш.Батсүхэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Б.Оюунчимэг, Ш.Батсүх нар нь 2004 оны 10 сарын 16-ны өдөр гэр бүл болсон нь        Г-28 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-3х/, гэрлэгчдийн дундаас Батсүхийн Батбаяр 2005 оны 3 сарын 25-нд төрсөн нь 11 тоот төрсний гэрчилгээний хуулбараар         /хх-4х/ тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Ш.Батсүх нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, талууд тус тусдаа гэр бүлтэй болсон учир эвлэрч амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх бөгөөд тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Оюунчимэг, Ш.Батсүх нарын  гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Хүүхдэд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхэд эх Б.Оюунчимэгийн асрамжинд өсөж байгаа зэрэг байдлыг харгалзан 2005 оны 3 сарын 25-нд төрсөн Б.Батбаярыг эх Б.Оюунчимэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Батбаярыг эцэг Ш.Батсүхээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

          Хариуцагч Ш.Батсүхээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 47.052 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

          Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Гэр бүл тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овгийн Шаравын Батсүх, Боржгон овгийн Барбаатарын Оюунчимэг нарын гэрлэлтийг цуцласугай.

 

          2. Гэр бүл тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 3 сарын 25-нд төрсөн Б.Батбаярыг эх Б.Оюунчимэгийн асрамжинд үлдээсүгэй. 

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Б.Батбаярыг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Батсүхээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

          4. Эцэг эх  нь гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нь хэвээр байхыг Ш.Батсүх, Б.Оюунчимэг нарт тайлбарласугай.

 

          5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ш.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжинд 117.252 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

          7. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА