| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0175/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч С.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мэргэд овогт Содонбаярын Манлайбаатарт холбогдох эрүүгийн 1811033940139 дугаартай хэргийг 2019 оны 2 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Их мэргэд овогт С.М, Монгол Улсын иргэн, 1975 оны 10 сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, Дархан 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 11 дүгээр байр, 33 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: Хөвсгөл аймгийн шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 жил, 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар тус тус хорьж хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж 9 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ..................................................
Шүүгдэгч С.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны 45 тоотод Ц.Үржинзаяатай хамт архи ууж байгаад гэрээс нь 700.000 төгрөгийн үнэ бүхий Цагаан дарь эх, Аюурзана нэртэй 2 ширхэг бурханыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Отгон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Өглөө манай хүүхэд Үржинзаяа 9 цаг өнгөрч байхад гэртээ нэг үл таних хүн дагуулж орж ирсэн ...18 цаг өнгөрч байхад тараад гэртээ ирсэн чинь манай хүү том өрөөнд унтаж байсан ба би жижиг өрөөнд байх шүтээнийхээ өмнө очиж зул өргөөд шүтээндээ мөргөхөөр харсан чинь Манзушир, Цагаан дарь эх нэртэй шармал өнгийн 2 ширхэг бурхан алга болчихсон айсан ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Ц.Үржинзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...үл таних нэг эрэгтэй хүн ирээд шараа тайлах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд Чимэг төвийн дэлгүүрээс 33 граммтай Хараа архи авсан. Тэгээд архиа би гадаа ууя гэхэд дулаан газар ууя гэж Манлайбаатар хэлсэн. Тэгээд бид 2 манай гэрт очсон ...бид хоёр гэртээ үлдээд 500 грамм бууз жигнэж идээд нэг шил архиа хувааж уусан. Тэгээд би гэртээ унтсан. Намайг унтахад тэр хүн хажууд хэвтэж байсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Унтаж байхад манай ээж гаднаас ирээд намайг сэрээгээд хөөе Заяа 2 бурхан алга болсон байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 06/746 тоот дүгнэлтэд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4/а, б, в, г/ гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. 4б дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь МN005410002224 дугаараар бүртгэгдсэн Цэрэнсамбуу овогтой Үржинзаяа баруун гарын дунд хурууны хээний дардасаар, 4в дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь 516 дугаараар бүртгэгдсэн Содонбаяр овогтой Манлайбаатар зүүн гарын дунд хурууны хээний дардасаар тус тус үүсгэгдсэн байна.
3. Цэрэнсамбуу овогтой Үржинзаяа нь урьд нь 2003 онд 2621560 дугаараар, 2009 онд МN000510005415 дугаараар тайлбар:Захиргааны хариуцлагын тухай хууль 21, 2010 онд МN005410002224 дугаараар тайлбар:архи ууж танхайрсан, 2012 онд МN000510012114 дугаараар тайлбар: Захиргааны хариуцлагын тухай хууль-32, Содонбаяр овогтой Манлайбаатар нь урьд нь 1997 онд 516 дугаараар тайлбар: Эрүүгийн хуулийн 86.89-1-р 3 жил хорих ял, 2012 онд МN000310013752 дугаараар тайлбар: эрүүлжүүлэгдсэн, 2013 онд МN004010004197 дугаараар тус тус бүртгэгдсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-26-27х/,
Яллагдагч С.М мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кинотеатрын орчим Үржинзаяа гэх залуутай танилцсан. Тэр залуу архи байна уу гээд хамт архи уухаар болж Үржинзаяатай гэр лүү нь очсон ...Бид 2 нилээн согтсон учраас унтчихсан. Хэдэн цагийн дараа сэрэхэд ээж нь ирээгүй байсан ба Үржинзаяад явлаа шүү гэж хэлээд сэрээхэд сэрэхгүй байхаар нь жижиг өрөөнөөс нь гарахдаа 2 бурханыг нь аваад гарчихсан ...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.М нь 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны 45 тоотод Ц.Үржинзаяатай хамт архи ууж байгаад гэрээс нь 700.000 төгрөгийн үнэ бүхий Цагаан дарь эх, Аюурзана нэртэй 2 ширхэг бурханыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Мыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн бөгөөд түүний цагдан хоригдсон 26 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (26x8=208) тооцож, (240-208=32) нийт 32 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.