Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1402

 

 

Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04444 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Номтын ам” ХХК-д холбогдох,

 

            Ажил гүйцэтгэх гэрээний алдангид 20 653 920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Н.Рэнцэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Рэнцэндорж миний бие “Номтын ам” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр NA 13-51/109 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар байрны А орцны 3 давхрын 109 тоот 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Дээрх орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд заасны дагуу миний бие 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийт төлбөрийн 20 хувь болох 13 660 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 15 хувь болох 10 245 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрийн 55 хувь буюу 37 565 000 төгрөгийн тус тус төлж, орон сууцны нийт төлбөрийн 90 хувь буюу 61 470 000 төгрөг төлсөн болно. Захиалагч миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч “Номтын ам” ХХК буюу гүйцэтгэгч тал болох А тал нь гэрээний 3.1-д заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл орон сууцыг надад хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд орон сууцыг нэгэнт хугацаандаа хүлээлгэн өгөхгүй нь тодорхой болсон. Миний бие гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой хугацаанаас нь тооцсон алдангийг тооцон /2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны/ 17 887 770 төгрөгөөс орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох НӨАТ-ын 10 хувь нэмэгдсэн 13 660 000 төгрөгийг суутгаж, 4 227 770 төгрөгийг олгохыг хүссэн өргөдлөө тус компанид 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн боловч одоог болтол хариу өгөөгүй атлаа надаас НӨАТ-ын 10 хувийг шаардаж, хэрэв төлөхгүй бол гэрээг цуцлана, эсхүл орон сууцны м.кв-ын үнийг нэмэгдүүлнэ гэх зэргээр захиалагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 336 хоног болж байгаа бөгөөд гэрээний 4.1-д заасны дагуу төлөгдсөн үнийн дүн болох 61 470 000 төгрөгийн 0.1 хувь буюу хоногт 61 470 төгрөгийг, нийт 336 хоногоор тооцвол нийт 20 653 920 төгрөг болж байна. Иймд “Номтын ам” ХХК-иас тус компанитай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн NA 13-51/109 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээнд заасны дагуу алданги 20 653 920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани дүүрэгтэй хамтарсан гэрээтэй байсан. Дүүргээс ажлын хөлсний 90 хувийг хийх ёстой байсан боловч хийхгүй байсаар хугацаа хэтэрсэн. Энэ байр 2016 оны 3 дугаар сард ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан. Одоо уг тоотод айл орсон бөгөөд нэхэмжлэгч Н.Рэнцэндоржийг орсон байх гэж бодож байна. Хэтрүүлсэн талаар маргахгүй боловч энэ асуудал нь дан ганц манай зүгээс шалтгаалаагүй, дүүрэг хамтарсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Номтын ам” ХХК-иас 20 653 920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Рэнцэндоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 261 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллага 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Шинэхүүд 201 тоот итгэмжлэл олгохдоо түүнд шүүх хуралдаанд оролцох бүрэн эрх олгоогүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Ажил гүйцэтгэх гэрээнд гэрээний нэг тал болох нэхэмжлэгч гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлээгүй гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байхад энэхүү байдалд шүүх анхаарал хандуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй түүнчлэн хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Рэнцэндорж нь хариуцагч “Номтын ам” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээнд заасны дагуу алданги 20 653 920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “Номтын ам” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Оюуныг томилж, түүнд итгэмжлэл олгосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Шинэхүүг томилжээ.                             /хх-15, 22 дугаар тал/

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэхүүд 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эрх үүрэг тайлбарлаж, хэргийн материал танилцуулж, мөн өдөр шүүх хуралдааныг хийсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.                                     

/хх-13,20, 23-26 дугаар тал/

 

Мөн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон атал 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон шийдвэр гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг зөрчснөөр шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.                                                            

/хх-23-26, 28-30 дугаар тал

 

Түүнчлэн хэргийн гол нотлох баримт болох Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд нэхэмжлэгч Н.Рэнцэндорж гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй байхад энэ талаар дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ